Tuesday, December 10, 2013

ДЭЭЛНИЙ ТҮҮХ

Аливаа улс үндэстэн, ард түмний чухал дурсгал нь үндэсний хувцас мөн бөгөөд хүний нийгмийн түүх олон жилээр тасралтгүй үргэлжлэн хувьсан өөрчлөгдөж, хүний өмссөн хувцас ч хөгжлийнхээ явцад тухайн цаг үеийнхээ нийгэм, соёл шинжлэх ухаан, техникийн хөгжил зэргийн нөлөөнөөс хамааран олон өвөрмөц хэв маяг хэлбэр донжийг бүрдүүлэн бий болгож эцсийн хувилбараа олсон байдаг.
Хүн төрөлхтний соёл иргэншилд Монгол угсаатны оруулсан үнэт зүйлсийн нэг бол монгол хувцасны  соёл мөн билээ.  Энэ соёл монгол угсаатан төв азийн өндөрлөг дээр үүсэн бүрэлдэж эхэлсэн олон мянган жилийн тэртээгээс улбаатай бөгөөд МЭӨ II зуунаас төр улсаа байгуулан хүчирхэгжин мандсан Хүннү гүрний үед Монгол үндэсний хувцасны нийтлэг шинж төрх цэгцэрч бүрэлдсэнийг судалгаа шинжилгээний үр дүн харуулж байгаа билээ. Монгол үндэсний хувцас нь манай орны цаг уурын нөхцөл болон дөрвөн улирлын байдалд зохицсон дөрвөн цагийн гол хувцас болох дээл юм. 


Дээл гэсэн үгний учрыг тайлбарлавал, монгол бичигт “дэбэл”, ойрадын аялгуунд “дэвэл”, буриад аялгуунд“дэгэл, дэглэй”, халх өвөрлөгчийн аялгуунд “дээл”, монгол хэлэнд “диээр” гэж байгаа нь монгол эртний  урт эгшиг үүссэн зүй тогтолтой холбох бөгөөд энэ үгийг язгуур “дэв, дэб” нь ”дэвших, дээгүүр, дээр” гэсэн утга ойролцоо “дээгүүр нөмөрдөг юм” гэсэн агуулгатай.

Монгол дээл хувцасны  хөгжил түүхэн замналаас товч дурьдвал монголчуудын хувцасны  нэн эртний дурсгал нь шинэ чулуун зэвсгийн үе, хүрэл, төмрийн үеийн судлалын олдвороос мэдэгдэх бөгөөд угсаатны өвөрмөц янз маягийг олсон нь манай эриний өмнөх цагийн монгол овогтны өвөг дээдэс болох Хүннү нарын үед хамаарагддаг. Хүннү нарын  хувцас нь монгол орны эрс тэрс уур амьсгалд зохицсон, мал аж ахуй эрхлэж нүүдэллэн аж төрдөг нөхцөлтэй ихэд уялдсан хэлбэр маягтай байжээ. Хүннү нарын хувцасны зүйлс, монгол газар бүхий Хүннүгийн булшнаас биетээр олдсон байдаг.  Тэрхүү сонин дурсгалыг агуулсан  булш нь Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байгаа Ноён уулын булш юм. Эндээс олдсон хувцасны зүйл Хүннү нарын хувцасны байдал төлвийг харуулж байгаа юм. Олдворын дотор  углаж өмсдөг, минжэн эмжээртэй, бачуу ханцуйтай, хоёр мөр болон ар голоор нь ангийн үс хадсан, углаа захны ирмэгийг бөс минжээр эмжсэн хувцас байсан байна.  Дээлний урт нь 1,17 м, өргөн нь ханцуйны хамт 1,94 м болно. Энэ дээлийг бөө удганы юмуу язгууртны өмсдөг хувцас байсан байх гэж судлаачид үздэг.

Монгол дээлний урдуураа битүү зөрдөг энгэр нь өврөөр салхи оруулахгүй, бүсэлж юм өвөртлөхөд зохилдсон байна. Мөн дээлний нударга нь гар хамгаалах болон юм барих жийрэг болдог. 
Хүннү нарын хувцасны дээрх дурсгал болоод эртний  зургийн дүрснээс үзвэл тэдний дээл нь их төлөв урдуураа хагархай дөрвөлжин буюу солгой мөөрөжин (гүдгэр ташуу) энгэртэй байсан бололтой. Энэхүү солгой энгэр нь нийт нүүдэлчин аймгуудад дэлгэрч байгаад хожим монгол угсаатных зөв, түрэг овогтных нь буруу энгэртэй болсон байна.

         Асар уудам газар нутагтай бэлчээрийн мал аж ахуй, ан гөрөө эрхэлдэг нүүдэлчин Монголчууд цөөн хүн амтай орны хөрс газар тариалан эрхлэхэд төдийлөн тохиромжгүй тул хэрэгцээний бөс бараа, торго дурдан, тариа будаагаа зэргэлдээ орших суурин омог аймгуудаас авдаг . Заримдаа худалдааны хэлцэлээр бараа солилцооны маягаар, яриа хэлэлцээрээр бүтэхгүй үед дайрч дээрэмдэн авдаг байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Дайнч, моринд гарамгай монголчуудын хувцас хүний хөдөлгөөнд бүрэн зохицсон, тайван цагт ч, дайн тулааны үед ч өөрчлөгдөхөөргүй хэв загвартай, салхи хаасан битүү энгэртэй, гар даарахгүй нударгатай дээл, морин дээр удаан явахад биед түшигтэй өргөн бүс, урт өмд, өвдөг хүрсэн урт түрийтэй гутал сэлтээс бүтэж байв.

Эртний монгол нийт хүмүүсийн дээл нь зөв энгэртэй, энгэр нь дөрвөлжин мөөрөлжин байсан бөгөөд  дээхэн үедээ бүдүүн цэмбэ, арьсан дээл  өмсдөг байснаа хожим гадны бөс торгомсог, алт хатгамалсан торгомсог дээл өмсдөг болжээ. Дээлний өнгө нь их төлөв улаан, ягаан, гүн улаан, ногоон байхын сацуу голчлон нар, сар, луу, гарьдын дүрс, цэцгэн хээтэй байсан аж. Дээлнийхээ солгой талд оноо хийж, баруун гар талдаа гурав, зүүн гар талдаа нэг товч хаддаг байсан байна.  Ядуу хүмүүс нь өвөл цагт нохой ямааны арьсаар, чадуу нь үнэгний арьсаар дах хийж өмсдөг байсан ба хаад ихэс нь булга хэрмэн дахтай байв. 

XIII-XIV 
 зууны үеийн монголчуудын хувцасны хэв маягийг тэр цагийн Перс, Нангиад европ сурвалжийн зураг сэлт эртний судлалын биет хэрэглэгдэхүүн болон монголоор зорчсон элч жуулчдын тэмдэглэлд “Монголын нууц товчоо”, “Судрын чуулган”, “Юан улсын судар” зэрэг сурвалж зохиолын мэдээ, баримтад дурдсаныг баримжаалан мэдэж болно. Монгол гүрний их хаад Мөнх 1252 онд, Хубилай хаан 1275 онд тайлга ёслолын хувцасны дүрэм хуулийг удаа дараа гарган тогтоосон бөгөөд чингэхдээ хуучин хэлбэрийг хэвээр авч, чимгийг маш их болгосон байна.
XIII-XIV зууны үеийн хувцас (Перс зураачийн бүтээл) 
Тэмүүжин Чингис, Их монгол улсын хаан ширээ

XV-XVII зууны үеийн монголын түүх соёлын биет дурсгал харьцангуй элбэг бишийн дотор тэр цагийн хүмүүсийн хувцас, гоёлын тухай зүйл ч төдийлөн арвингүй юм. Түүх уран зохиолын бичиг зохиол, монголоор зорчигсдын тэмдэглэлд дурьдсан зарим дурсгалд дүрслэгдсэн зүйлээс ургуулан энэ үеийн хувцасны тухай тоймлон өгүүлсэн байдаг. Тэмдэглэлд дээл нь нарийн ханцуйтай, жижигхэн нудрагатай, ханцуй нь нарийн нугалаастайн дээр түүндээ жижиг хажлага гарган, барс, халиу, булга, минж зэрэг амьтны  үсээр эмжсэн байдаг. Мөн үед үсний оронд алтад торго, хээт дурдангаар эмждэг болсон байна.

“Монголын өвөг дээдэс болох дунху, кидан, сяньби нарын хувцасны загварыг манж нар дууриаж, улмаар манж нараар дамжин зүүн өмнөд Азийн орнуудад монгол хэв хийцийн хувцас түгсэн.” Ер нь хүннүгийн хувцасны маяг тэдний төрөл аймгийн дунд дэлгэрээд зогссонгүй, ойр хөрш  хятад газар бас нэвтэрсэн байна.

Дэлхийд хамгийн хүчирхэг улс байгуулж байсан монголчуудын хувцсыг гадныхан олонтаа дууриадаг байсан бол хожим хүч нь мөхөж, Манж-Чин улсын ноёрхолд байсан /1615-1911/ оны үед монголын язгууртан ихэс дээдсийн өмсгөлд манж-хятад хувцсын загвар нөлөөлжээ. 1911 онд Монгол Манжийн эрхшээлээс ангижрахад, ноёд түшмэдийн зэрэг дэв, ямбаны хувцсыг монгол хэв шинжийн болгон өөрчлөх зарлиг гарчээ. “Ёслолын цаазны бичиг”-т төрийн ёслолын үед хэрэглэх хувцасны дэг жаягийг нарийвчлан зааж, эртний энэтхэг хаадын болон төвд лам нарын хувцаснаас санаа авч, монгол хувцасны ерөнхий загварт тулгуурлан Монгол улсын хааны ямбаны хувцсыг цоо шинээр үүсгэн зохиосон түүхтэй.
 Манжийн үеийн Монгол Ван түшмэдийн дээл хувцас
Ламын дээл

Монгол дээлний гол онцлог нь баруун тийш болон дөрвөлжин өвөр, залгамал ханцуйтай хоёр ташаа бүхий биетэй, дотуур гадуур энгэртэй болно. Манж энгэрээс ялгаатай нь манж дээл нь захгүй, дөрвөлжин энгэртэй, бүсэлхийгээрээ хуниастай байдаг бол монгол дээл нь босоо эгц захтай гүдгэр дөрвөлжин энгэртэй байдаг.

Үндэсний хувцас угсаатны зүйн үнэмлэх болж ирснээс гадна зарим үед улс төрийн утга, ёгт санааг агуулдаг байв. Домог өгүүлрүүн: “Монгол ноён Хятадад тулга захиалжээ. Чингэхдээ тотгы нь бадарч буй дөлөөр хийсүгэй гэж. Хятадад тэр хүсэлтийг умартаж, тотгыг дөлөөр бус, хон хэрээний хошуу маягаар хийж ирүүлжээ. Монголын газар шороог хон хэрээний хошуугаар тогшуулах гэсэн санаа агуулсан гэж хаан оноон ухав. Хөрш гүрэнтэйгээ муудаад яахав, санаагий нь мэдсэн сайн боллоо. Хон хэрээ манай газар шороо, гал голомтыг тоншиж зүрхлэхгүй сөрөг ухааныг сийлье гээд албат нартайгаа зөвлөлдөн, үргэлж голомтынхоо захад байдаг галын зэн эхнэр хүний хувцсыг жигүүртний хаан хан гарьдын сүр жавхлант дүрийг дууриалган хийх болсон гэдэг. Халх эхнэрийн хувцас төрсөн учир ийм.”

 
Халх эхнэр хувцас
 
Халх өвлийн хувцас                                        Халх зуны хувцас
Зуны улиралд дан дээл, давхар тэрлэг, хавар намарт хөвөнтэй дээл, хурган дотортой дээл өмсдөг. 
Монгол ардын хувцас гоёл хэдийгээр ястан ястнаа онцлог бүхий боловч монгол туургатны нийтийн нэг хэв маягтай, ижил төслөг загвартай болно. Ялангуяа эрэгтэйчүүдийн хувцас нь өөр хоорондоо ялгарах боловч ерөнхий байдал нь аль ч нутгат адилавтар байдаг.  Харин эмэгтэйчүүдийн хувцас тухайлбал, эхнэр хүний хувцас гоёл нэлээд өвөрмөц болно. Монгол арлын хувцсыг хуучны ар Монгол болох Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаарын байдлаар авч үзвэл дараах үндсэн хэдэн төрөлд хамрагдаж байлаа. Үүнд: Халх маягийн хувцас гоёл, Ойрад маягийн хувцас гоёл, Завсрын маягийн хувцас гоёл  (Богд хаант улсын бүрэлдэхүүнд байсан дархад, цаатан, дарьганга зэрэг ястнууд болно)

Одоо манай оронд нутагладаг хориод ястны дээл нь 400 орчим, гутал нь хориод, бүс нь арав орчим төрөл байдаг. Жишээ нь:  Монголд амьдардаг халх, буриад, дарьганга, ойрд зэрэг олон ястны хувцас дотроо ялгарах бөгөөд эдгээрээс хүүхэд эрэгтэйчүүдийнх хоорондоо төстэй, харин эмэгтэйчүүдийнх нэлээд ялгаатай болно.
- See more at: http://segsgermaa.com/%D0%B4%D1%8D%D1%8D%D0%BB%D0%BD%D0%B8%D0%B9-%D1%82%D2%AF%D2%AF%D1%85/#sthash.fZgRiYCH.dpuf

No comments: