Wednesday, October 30, 2013

§1. ДООД ПАЛЕОЛИТ

§1. ДООД ПАЛЕОЛИТ
Доод палеолитын үед эртний хүмүүс тодорхой хэлбэр дүрстэй хөдөлмөрийн багаж зэвсгийг хийж сурснаас хайрган зэвсэг, гилбэр мэсийг голчлон үйлддэг байжээ. Хайрган зэвсгийн гол төлөөлөгч нь чоппер, чоппинг юм. Хайрган хугадас зэвсэг буюу чоппер, чоппингийг зөвхөн ирэн хэсгийг нь хагалж бэлтгээд бусад хэсгийг нь хагалалж засалгүй үлдээдэг байв. Чопперыг хийхдээ зөвхөн нэг талаас хагалж хурц ирмэг ир гарган хийдэг байсан бол чоппингыг хоѐр хажуугаас нь хагалж хийдэг байжээ. Доод палеолитын ашелийн үеийг
бүрэн толорхойлж чадахуйц зэвсэг нь гилбэр зэвсэг юм. Гилбэр зэвсгийг том хайрга, баргил залтсаар голчлон хийдэг байжээ. Энэ зэвсэг нь гонзгой хэлбэртэй, ирэн талыг нь шовх үзүүрлэн засаж эсрэг талыг нь хүний гарт багтахаар засаж бэлтгэсэн зэвсэг юм. Гилбэр зэвсэг олон төрлийн зориулалттай байв. Тухайлбал, энэ зэвсгээр цохих, хэрчих, яс бутлах, газар ухах, модон жад, гадас мэт багажийг шовхолж үзүүрлэх зэрэг олон төрлийн ажлыг хийж болдог байна. Үндсэндээ доод палеолитын дээр дурдсан чулуун зэвсэг хийх (үйлдвэрлэх) хоѐр арга нь палеолитын дараачийн үеийн чулуун зэвсэг хийх арга барилын үндэс болжээ. Доод палеолитын хүмүүс чулуун зэвсгийг хийхдээ гол төлөв чулууг чулуугаар нь цохиж хагалах аргыг өргөн ашиглаж байжээ. Зэвсэг хийхдээ голын усанд мөлийж элэгдсэн гонзгой хэлбэрийн хайрга чулууг сонгодог байсан байна. Энэ хайрга чулууг гонзгой уртавтар цохиур чулуугаар цохиж хагалж шаардлагатай зэвсгээ хийдэг байжээ. Ингэхдээ хайрган чулууныхаа хамгийн нарийн талаас
нь эхлэн цохиж хагалдаг байв. Эхний энэ хагалалт нь дараа дараагийн цуулалт хагалалтын эхлэл болдог байв. Гол төлөв хоѐр талаас нь ээлжлэн цохиж, хагалж цуулдаг байсан учир хоѐр талт буюу бифас хэмээн нэрлэгдсэн зэвсэг өргөн дэлгэрсэн. Эртний хүмүүс дээрхи аргаар өөрт хэрэгтэй хэлбэр дүрс, хэмжээ, зориулалт бүхий зэвсгээ хийдэг байжээ. Доод палеолитын үед болхи хийцтэй цоолтуур, үзүүр мэс, хянгар, шүдлэг-хүнхэр иртэй зэвсгүүд ч тааралддаг. Тухайн үеийн зэвсгийн хэлбэр нь хайрган чулууны хэмжээнээс бус ямар үйлд зориулагдснаас нь шалтгаалж байжээ. Бүтэн хайрга төдийгүй, хагархайнуудыг нь ч засаж янзлан хөдөлмөрийн багаж зэвсэг болгон ашиглаж байжээ. Чулууг засаж хөдөлмөрийн багаж зэвсэг хийх арга ажиллагаанд доод палеолитын төгсгөл үед тодорхой дэвшилтэт өөрчлөлт гарчээ. Энэ үед үлдэц чулуунаас тэгш зууван хэлбэрийн, уртавтар ялтас цуулж авах арга өргөн дэлгэрсэн байна. Ялтас цуулж авах энэхүү шинэ аргыг Францын Парис хотын ойролцоох энэ төрлийн зэвсэг анх олдсон газрын нэрээр леваллуагийн хэмээн нэрлэджээ. Үлдэцнээс цуулж авсан энэ ялтсыг дахин ирлэх засаж янзлах замаар үзүүр мэс, хянгар, цоолтуур зэрэг зэвсэг хийдэг болжээ. Ашелийн сүүл үед мөн чулууг холтчин түүнээс гарсан жижиг хэсгүүдээр зэвсэг хийх клектоны хэмээх арга бас өргөн дэлгэрсэн байна. Доод палеолитын үеийн хүмүүсийн үлдээсэн чулуун зэвсгийн зүйлс манай орны нутгаас элбэг олддог. Монгол орны палеолитын үеийн хамгийн эртний үед холбогдох олдворууд бүхий бууц суурин Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нарийн гол, Баянлиг сумын Цагаан агуй, Жаргалант сумын Байдрагын гол, Шинэжинст сумын Босго, Өмнөговь аймгийн Булган сумын Цахиуртын хөндий, Хан Богд сумын Оцон Мааньт, Өвөрхангай аймгийн Гучин ус (Гучин ус-4), Ховд аймгийн Манхан сум (Манхан-4), Хойт Цэнхэрийн гол (Хойт Цэнхэрийн гол-2), Баян-Өлгий Аймгийн Алтанцөгц, Олон нуур (Олон нуур-2), Алтай сумын Баралгийн гол, Үенчийн голын сав, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх уул, мөн аймгийн Хулд сумын төвийн дэргэд, Дэлгэрцогт сумын Ёроол говь, Дорноговь аймгийн Сайншандын орчим зэрэг олон газраас олджээ. Дээрхи бууц суурин дархны газруудаас хайрга, зануу, болоржин болон хасын хольцтой шар, хар, цайвар цахиурлаг чулуунаас цуулсан залтас, гурван талт хажуугийн цуулдас, ялтсан хянгар, нэг чулууг нөгөөгөөр цохиж залтас авч байсан үлдэц чулуу, голын хайрган чулууг хөндлөн хагалж хийсэн хугадас зэвсэг, гурвалжин хэлбэрийн гилбэр мэс, хоѐр талаас нь зассан үзүүр мэс зэрэг тэр үеийн хүний ахуй амьдралдаа өдөр тутам хэрэглэж байсан чулуун багаж зэвсэг олдсон байна. Доод палеолитын үед Монгол нутагт оршин амьдарч байсан хүний хөдөлмөрийн гол зэвсэг нь хугадас, гилбэр ба мэсэн зэвсэг байсан бөгөөд тэдгээр нь цохих, цавчих, хэрчих, хусах зэрэг олон үйлд хэрэглэгдэж байжээ. Тэр үеийн хүн эдгээр үндсэн зэвсгээс гадна бүхэл чулуунаас хэлтэлж авсан хурц ирмэгтэй зузаан нимгэн залтас, ялтас, мөн арслан заан, савгат хирс зэрэг аварга том амьтны яс, модон бороохой, шийдэм зэргийг ашиглаж байжээ. Дөрөвдөгч галавын үед хэдийгээр дэлхий нийтээр мөстлөг эхлэж хүйтэрч байсан боловч манай орны, ялангуяа төв, өмнөд, дорнод хэсэг одоогийнхоос харьцангуй их чийглэг, урин дулаан уур амьсгалтай, хаяагүй их бороо орж, олон гол горхи, нуур цөөрөм, өвс ургамал ихтэй тал ба ойт тал байсан бөгөөд байгалийн ийм таатай нөхцөлд амьдарч байсан арслан заан, савгат хирс, зэрлэг үхэр, адуу, буга, тэмээ, янгир зэрэг амьтдыг хүмүүс олуулаа хүч хавсран өндөр эрэг, уулын хавцал, жалга, ганга юмуу тусгай ухсан нүх, намаг зэрэгт шахан унагаах аргаар агнадаг байжээ. Том амьтдаас гадна нуур, ус, хээр талын жижиг амьтдыг мөн хүнс тэжээлдээ хэрэглэж байснаас гадна үр жимс зэрэг ургамлын төрлийн зүйлийг түүх ажил тэр үеийн хүмүүсийн амьдралд багагүй үүрэг гүйцэтгэж байв.
23
Манай орны доод палеолитын үеийн дурсгалуудын хамаарах он цагийн асуудлыг нарийн хэлхээсэнд авч үзэхэд онцгой чухал үүрэг, ач холбогдол бүхий дурсгал нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуйн суурин юм. Уг агуйг Монгол-Зөвлөлтийн түүх, соѐлын хамтарсан экспедицийн Чулуун зэвсгийн дурсгал судлах анги 1987 онд олж илрүүлсэн бөгөөд 1995-2000 онд Монгол-Орос-Америкийн судлаачид малтан шинжилжээ. Цагаан агуй нь шохойн чулуун тогтоцтой Цагаан цахир уулыг зүүн хойноос баруун тийш хөндлөн огтлон гарсан нэгэн хавцлын зүүн этгээдэд байрлах бөгөөд агуйн үүд нь баруун өмнө зүг хандсан агуйн том хонгилын нийт урт нь 38 м, үүд нь өргөнөөрөө 5,3 м, өндрөөрөө 4,6 м. Үүдний талбай нь огцом налуу бөгөөд энэ байдал нь ч агуйн хонгил дотор 7-8 м үргэлжилнэ. Харин агуйн хонгилын төв хэсэгт талбай нь тэгшхэн. Агуйн нь бүтцийн хувьд Гол, Бага, Доод гэсэн гурван хонгилоос бүрддэг. Гол хонгилд хөрсний 13 соѐлт давхаргыг агуулсан дөрвөн том давхарга илэрчээ. Эдгээрээс 6-12-р давхаргуудад хийсэн лабораторийн олон төрлийн шинжилгээгээр доод палеолитийн янз бүрийн шатанд холбогдох нь тогтоогдсон байна. Эдгээр давхаргууд нь бүгд чулуун зэвсгийн дурсгалыг агуулж байгаа бөгөөд, гол төлөв бор шаргалдуу өнгийн хас чулуугаар хийсэн байна. Дээрх давхаргын ургамалын үлдэцний тоосонцорт хийсэн шинжилгээгээр тухайн үед энэ бүс нутагт цаг агаар дулаан чийглэг, навчит, шилмүүст модоор байялаг ой модтой байсан нь тогтоогджээ. 1995 онд агуйн үүдний талбайн 11-р давхаргаас авсан дээжинд хийсэн палеомагнитын шинжилгээгээр 730 мянган жилээс өмнөх үед энэ давхарга бүрэлдсэн нь тогтоогджээ. Монгол орны доод палеолитын өөр нэг томоохон дурсгал бол Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт орших Уран хайрхан уулын орчмын Нарийн голын хөндийн палеолитын суурингууд юм. Эндээс палеолитын доод, дунд, дээд үеүдэд холбогдох 47 бууц, сууринг илрүүлэн олсноос 12 нь доод палеолитын үед холбогдохын зэрэгцээ дөрөв нь дархны газар байжээ. Эдгээрээс хамгийн эртнийх нь Нарийн гол-17 хэмээн тэмдэглэгдсэн дархны газар бөгөөд эндээс ногоон саарал өнгийн хайрган чулуугаар хийсэн ихэд өгөршсөн шинжтэй 212 чулуун эдлэлүүд олдсоны гадарга нь эртний шинжтэй болохыг судлаачид онцлон анхаарч үзсэн байдаг юм. Эдгээр чулуун зэвсгийн дотор цохилтын талбайгаас цохиж хэд хэдэн хажуугаас нь залтас, ялтас цуулдаг үлдэцүүд арай илүү олон тоотойгоор олдсон байна. Иймэрхүү төрлийн үлдэцүүд ховор байдгийн зэрэгцээ леваллуа маягийн үлдэцтэй харьцуулахад завсарын шинжийг агуулж байдаг. Хөндлөн огтлолоороо чон хэлбэрийн гилбир зэвсэг олдсон нь нэн сонирхолтой. Бүхэлдээ энэхүү цуглуулгын доод палеолитын үед хамааруулан үзэж болох эртний шинжтэй хэсгийн онцлог шинж нь чулууг хагалж засах анхдагч үйл ажиллагаатай холбоотой болохыг онцлон тэмдэглэлтэй. Нарийн голын суурин, дархны газрууд нь он цаг тогтооход чухал хэрэглэгдэхүүн болох соѐлт давхаргагүй, газрын өнгөн хөрсөн дээр ил байна. Иймд судлаачид түүний он цагийн хамаарлыг нь тухайн үед нэгэнт шинжлэх ухаанд мэдэгдэж байсан дурсгалуудтай харьцуулан 500.000 жилээр тогтоосон юм. Харин сүүлийн үеийн судалгааны ажлын явцад энэхүү суурингийн чулуун эдлэлүүд нь Хятадын баруун хойд нутагт орших Сихоудоугийн суурингийн чулуун зэвсгийн дурсгалуудтай хийсэн арга барил, төрөл зүйлийн болон хэв шинжийн хувьд ижил төстэй байгаа нь дээр өгүүлсэн он цагийн тодорхойлолтыг эргэн харахад хүргэж байна. Сихоудоугийн сууринтай харьцуулан үзвэл Нарийн гол-17 нь плейстоцений доод үед буюу 800.000 жилийн тэртээд, түүнээс ч өмнөх үед ч хамаарч болох бүрэн боломжтой хэмээн судлаачид үзэж байна. Монгол орны нутгаас олдсон доод палеолитын өөр нэг томоохон дурсгал нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Ярх уулын дэргэдээс олдсон доод палеолитын үеийн суурин юм. Энэ нь одоогоос 300 мянга орчим жилийн өмнөх үед холбогдох чулуун зэвсгийн дархны газар бөгөөд хасын хольцтой шаргал өнгийн цахиурын төрлийн чулуугаар хийсэн олон төрлийн зэвсэг байгаагийн дотор хөндлөн огтлолоор гурвалжин хэлбэрийн хатуу хутган цуулдас, цохилтын нэг ба хоѐр талбайт үлдэц, хянгар, хусуурын төрлийн зүйлс олон байгаагын зэрэгцээ гилбэр ба үзүүр мэсэн зэвсгүүд цөөнгүй тоотой олджээ. Эдгээр зэвсгүүд хийсэн арга барил болон бусад бүхий л шинжээрээ Өмнөд Ази, Европ, Африкын доод палеолитын ашелийн үед өргөн тархсан гилбэр ба үзүүр мэсэн зэвсгүүдтэй ижил байна. Уг гилбэр зэвсгүүд нь нэлээд баргилдуу, хоѐр хажуугийн хавтгай талыг ялтаслан цуулж зассанаас гадна ирэн талыг хоѐр талаас нь ээлжлэн цохиж гаргасан зэрэг нь европын гилбэртэй адил долгио иртэй болжээ. Хоѐр талаас нь зассан үзүүр мэсэн зэвсгүүд нь европын доод палеолитын микок гэгдэх шатны дурсгалуудтай адилавтар бөгөөд гилбэр зэвсгээ бодвол арай нимгэн, хавтгайдуу хэмжээгээр бага болно.
Ярхын дурсгал нь Евразийн доод палеолитын үеийн соѐл анхлан бий болсон тодорхой үүсвэр газар нутгийн тухай тухайн үед тогтсон зарим ойлголтыг хянан үзэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Учир нь 1970-аад оноос өмнө Америкийн эрдэмтэн И.Х. Мовиусын дэвшүүлж, палеолит судлаачдын нэг хэсэг нь баримталж байсан "чулуун зэвсгийн үеийн орон нутгийн хөгжлийн тухай онол"-д "хуучин чулуун зэвсгийн үед өрнө зүгийн орнуудад гилбэр зэвсэг бүхий хүмүүс, Өмнөд ба Зүүн өмнөд Азийн орнуудад мөлгөр хайрган чулууг хөндлөн хугалж зөвхөн нэг талаас нь ирэлж зассан зэвсэгтэй хүмүүс бүхий доод палеолитын соѐлын хоѐр том бүс байсан" гэж үздэг байв. Гэтэл Ярхын дурсгалыг олж
24
судалсны үр дүнд "гилбэр зэвсэг хийж эзэмшигчдийн нутгийн хил хязгаар нэлээд хэмжээгээр тэлэгдэж “сонгодог” гилбэр зэвсэгтэн гэж нэрлэгддэг Африк, Баруун европ, Бага Ази, өмнөд Энэтхэгтэй нэг мужид Төв Азийн нутаг, түүний дотор Монгол орон багтах нь эргэлзээгүй" болсон билээ. Монгол орны палеолитын эхэн үеийн дотоод хөгжлийн зүй тогтлыг харуулж чадахуйц Ярхын дурсгалын нэг онцлог нь гилбэр ба үзүүр мэсэн зэвсэг үйлдэж эзэмшигчид нь өрнө зүгийн доод палеолитын үеийн хүний нэг адил чулууг засаж, түүгээр хоѐр талаас нь янзалж ирлэсэн зэвсэг хийх өөрийн тогтсон арга барилтай байсанд оршино. Монгол ба Европын гилбэр мэсэн зэвсгийн ижил төсөөтэй байдлыг тэртээ алс холын эртний хүнтэй тус орны мөн үеийн хүн ямар нэг гарал төрлийн холбоотой юм уу, эсвэл өөр хоорондоо харилцан нөлөөлөлцөж байснаар биш, зөвхөн гадаад шинжээрээ адил боловч тус тусдаа үүсэж хөгжсөн хоѐр өөр соѐл буюу, өөрөөр хэлбэл хуучин чулуун зэвсгийн үеийн хөгжлийн тодорхой шатанд амьдарч байсан ази, европ хүний аль аль нь чулууг засаж гилбэр зэвсэг хийх нэгэн үзүүр санааг сэдэж олсноор тайлбарлагдаж байна. Үүгээрээ Ярхын хуучин чулуун зэвсгийн үеийн дархны газар нь бичигдээгүй түүхийн хэдэн зууны өмнөх үнэнийг өгүүлсэн томоохон суурин газар юм. Монгол орны нутгаас олдсон ашеллийн үеийн дараагийн томоохон суурин нь Өмнөговь аймгийн хамгийн урд зах, улсын хилийн ойролцоо орших Оцон Мааньтын чулуун зэвсгийн суурин юм. Оцон Мааньтын чулуун зэвсгийн эдлэлүүдийг хар саарал өнгийн чулуугаар хийжээ. Оцон Мааньтаас олдсон дугуйдуу хэлбэрийн үлдэц, гонзгойдуу үлдэцүүд нь их эртний шинжтэй бөгөөд тийм хэлбэрийн үлдэц Европ, Өмнөд Ази, Африкт доод палеолитоос дунд палеолитод шилжих шилжилтийн үед элбэг тохиолддог юм. Гонзгойдуу хэлбэрийн үлдэцнээс маш нямбай зөөлөн цохилтоор товгор артай тэгш ирмэгтэй урт зууван гурвалжин ялтас цуулж авдаг байжээ. Энэ нь тус улсын нутаг дэвсгэрт амьдарч байсан эртний дархчууд бие биетэйгээ харилцан хамааралгүйгээр ашеллийн үед шилжсэн болохыг нь харуулж байна. Монгол орны нутгаас олдсон доод палеолитын үеийн бас нэгэн өвөрмөц томоохон дурсгал нь Өвөрхангай аймгийн Богд, Өмнөговь аймгийн Булган сумдын нутгийн зааг Цахиуртын хөндийн суурин юм. Ойролцоогоор 20 км2 талбай эзлэх энэ суурин нь газрын хөрсөн дээрээ хуучин чулуун зэвсгийн доод шатнаас эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийн эхэн үеийг хамарсан хэдэн зуун мянган чулуун зэвсгийн дурсгалыг агуулдаг. Он цагийн хамаарлын хувьд асар урт хугацааг хамарсан, өргөн уудам талбайг эзлэн оршсон чулуун зэвсгийн ийм суурин Монгол, Төв Ази төдийгүй дэлхийд урьд өмнө тохиолдож байсангүй. Эл сууринг 1995 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан “Монголын чулуун зэвсгийн үе” төслийн хээрийн шинжилгээний ажлын үеэр хийгдсэн хайгуулын явцад анх олж илрүүлсэн юм. Цахиуртын хөндий нь Говийн Алтайн нурууны зүүн-өмнөд төгсгөлийн төв хэсэгт буюу Арц богд, Гурвансайхны нуруудын дундах нам дор газарт орших газар зүйн хувьд элсэн манхан, дов, гүвээ, жалга, гуу, гүн ангал зэрэгцэн оршсон өвөрмөц тогтоцтой нутаг юм. Энэ тогтоцын төв хэсэгт шохойн чулуун хурдас дээр тогтон өндөрлөгдсөн талбай байгаа бөгөөд түүний дээд тал нь цахиурын төрлийн чулуугаар нэлдээ хучигдсан байна. Эдгээр чулууны ихэнх нь хүний хөдөлмөрийн үр дүнд хагалагдаж цуулагджээ. Чулуун зэвсгийн зүйлс нь хийсэн арга барил, хадгалалтын байдлаараа хоорондоо эрс ялгардаг бөгөөд доод палеолитын үед холбогдох зэвсгүүд нь нар, салхи зэрэг байгалийн элдэв хүчин зүйлийн нөлөөгөөр өгөршилд илүү орсон байдалтай байх ажээ. §2.

No comments: