Wednesday, October 30, 2013

§ 1. МЕЗОЛИТЫН ҮЕ

Хуучин чулуун зэвсгийн дараагийн үеийг дундад чулуун зэвсгийн үе буюу мезолит (12.000-7.000 жил) гэж нэрлэдэг ба палеолитоос неолит буюу шинэ чулуун зэвсгийн үед шилжих шилжилтийн үе болно. Мезолит гэдэг нь мезос-дунд, литос-чулуу гэсэн эртний грек үгнээс гаралтай. Палеолит, мезолит хоѐрын зааг ялгаа, чухам яг хэдий үед мезолитод шилжив гэдэг асуудал дээр олон орны судлаачид санал зөрөлдөөнтэй байдаг. Гэвч энэ бол зөвхөн тухайн бүс нутгийн онцлогоос л үндэслэн гарч байгаа асуудал юм. XIX зууны төгсгөл буюу 1887 онд Э.Пьет Францын Маз-д Азиль хэмээх агуйгаас өвөрмөц хэлбэрийн чулуун зэвсгийн дурсгалуудыг олж илрүүлснээс хойш мезолитын асуудал хүчтэй яригдах болжээ.
Мезолитын үе нь бүхий л шинж чанараараа шилжилтийн гэдэг нь харагддаг. Мөстлөгө дуусч, цаг агаар дулаарч, ургамал, амьтны аймагт ч өөрчлөлт орж, ингэснээрээ хүмүүсийн амьдрал ахуйд ч тодорхой ахиц дэвшил гарсан байна. Мезолитын үед газар тариалан, мал аж ахуй үүсэх эхлэл тавигдаж, хүн төрлөхтний зэр зэвсгийн үйлдвэрлэлийн түүхэнд онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн, модны уян хатан шинжийг ашиглаж хийсэн холын тусгалтай зэвсэг болох нум сумыг анх зохион бүтээж бий болгожээ. Энэ үед Умард Ази, Өрнөд ба Дорнод Европод түрж орсон их мөстлөгийн үе нэгэнт дуусаж цаг агаар эрс зөөлөрч Умард Ази (Сибирь) их ойт бүс, Төв Азийн байгал газар зүйн байдал, амьтан ургамлын аймаг орчин үеийн төрхийг олсон байна. Байгаль газар зүйн байдал өөрчлөгдөхийн зэрэгцээ чулуун зэвсэг хийх арга барил цаашид улам сайжирч дээд палеолитын үеийн баргил зэвсгийн хамт ур хийц сайтай бичил чулуун зэвсэг хийх явдал зонхилох болжээ. Бага хэмжээний үлдэцээс нарийн жижиг ялтас цуулан авч хажуу талыг нь зориуд ирлэн мод ясаар хийсэн ишинд түүнийг суулгаж бэхэлсэн зуулга зэвсэг, ялтас ба ялтсан залтсаар хийсэн хусуур, хутган ялтасаар хийсэн үзүүр мэс, сумны ялтсан зэв зэргийг хийж хэрэглэх болсон байна. Мезолитын үед хүний эдийн болон оюуны соѐл, аж ахуйд өмнөх үеэс чанарын шинэ өөрчлөлт гарч энэ үеийн хүн байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг эзэмшихээс гадна газар тариалан, мал аж ахуй буюу үйлдвэрлэх аж ахуйд дэвшин орох эх суурийг тавьсан байна. Тухайлбал, энэ үед гарсан нэг онцлог шинж нь дээр дурдсан зүймэл зэвсгээс гадна нум сумыг анх ухаалан зохиосон явдал болно. Манай орны Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чихэн агуй, Дорнод аймгийн Халх гол сумын Хэрээ уул, Чойбалсан хотын орчим Хэрлэн голын баруун эрэг, Өвөрхангай аймгийн Мойлтын ам (I үе), Хэнтий аймгийн Рашаан хад (II-III үе), Дорноговь аймгийн Дулааны говь, Өмнөговь аймгийн Булган сумын Баруун, Зүүн хайрхан уул болон Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн зарим газраас мезолитын үеийн дурсгалыг илрүүлэн судалжээ. Чихэн агуйн дурсгалыг Монгол-Орос-Америкийн чулуун зэвсэг судлаачид 1997-2000 онд малтан шинжилж чухал үр дүнд хүрсэн юм. Агуй нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс хойш 30 км-т, Баян-Өндөр сумын нутагт оршино. Агуйн ам нь зүүн өмнө зүг хандсан бөгөөд өдрийн ихэнх хугацаанд нарны гэрэл сайн тусах ба үүд рүүгээ налуу. Урт нь 9,5 м, өргөн нь 5 м, өндөр нь 2 м, харьцангуй том биш боловч уулын өвөр наран талд орших, дэргэдээ булагтай, ан амьтан шахаж агнах хадан хавцал ганганд ойр орших хүн амьдрахад туйлын тохиромжтой нөхцөл бүхий агуй юм. Эл агуйг малтан судлах явцад ихээхэн хэмжээний чулуун зэвсгийн зүйл, урт удаан хугацаанд гал түлж байсан ором, амьтны яс болон ургамлын үлдэгдэл бүхий хүний амьдралын ул мөрийг хадгалсан дөрвөн соѐлт давхарга илэрсэн. Эдгээр давхаргаас анхдагч болон хоѐр дахь шатны боловсруулалт хийгдсэн олон төрлийн, хэдэн мянган чулуун зэвсгийн олдвор олдсон юм. Тэдгээр нь өөрийн өвөрмөц онцлог, ангиллын хувьд бичил ялтсан зэвсгийн төрөлд хамаарах бөгөөд ер нь ялтсан зэвсгийн үйлдвэрлэл энэ суурингийн гол цөм байжээ. Цөөн тооны хусууруудыг хийхэд том хэмжээний ялтас болон ялтсан залтсыг ашигласнаас бусад тохиолдолд жижиг ялтсуудаар зэвсгээ хийж байжээ. Мөн энд амьдарч байсан хүмүүс зуулга ир бүхий зэвсэг хийхийг гол зорилгоо болгож, элсэрхэг цахиур чулуу, хас, маныг өргөн ашиглаж байсан аж. Эхний гурван давхаргын он цагийг гал голомтны үлдэгдлээс авсан нүүрсэнд хийсэн радиокарбоны шинжилгээгээр тогтооход нэгдүгээр давхарга нь 8.055155, хоѐрдугаар нь 8.940100, гуравдугаар нь 11.160160 жилийн өмнөх үед холбогдохоор тогтоогдсон нь эрдэм шинжилгээний их ач холбогдолтой юм. Учир нь урьд өмнө Монгол нутгаас олдож байсан Чихэн агуйн эдлэлүүдтэй адил арга технологоор үйлдсэн шаантган үлдэц, ялтсан зуулга иртэй зэвсэг бүхий нээлттэй суурингуудын дурсгалыг он цагийнх нь хувьд неолитын үед хамааруулан үзэж, 6-7 мянган жилээс хэтрүүлэхгүйгээр тогтоож байв. Харин Чихэн агуйд хийсэн малтлага судалгааны дүнд Монгол оронд бичил чулуун зэвсгийн үйлдвэрлэл палеолитын дээд шатны төгсгөлд бий болжээ гэж үзэх бололцоог олгосон билээ.
Монгол орны мезолитын үеийн дурсгал дотор Хэрээ уулын суурин онцгой байр суурь эзэлдэг болно. Хэрээ уулын бууцыг малтахад хүрэн ба цайвар хүрэн цахиураар хийсэн говийн үлдэц, түүнийг хийхэд зориулсан бэлдэц, ялтас ба ялтсан залтасаар хийсэн гөвгөр иртэй дөрвөлжиндүү хусуур,
35
хавтгай хар занарлаг чулуугаар хийж нэг талыг нь ирлэсэн нутгийн өвөрмөц эдлэл болох хутга (хянгар), хутган ялтасаар хийсэн булангийн ба шөвгөн эсгүүр, үлдэц чулууг засах үед хагарсан хажуу ба хотгор цуулдас, захыг нь сэлтлэн ирлэсэн буюу ирлээгүй гурвалжин хэлбэрийн том жижиг хутган ялтас, говийн үлдэцнээс цуулсан бичил ялтас, хугадас маягийн эдлэлүүд олджээ. Эдгээрээс огт өөр арга барилаар хийгдсэн зэвсгийн зүйл Хэрлэн голын IX бууцнаас илэрсэн бөгөөд түүнийг малтахад саарал, цайвар шар, ногоон өнгийн ялтасаар хийсэн нэлээд тооны сумны зэв гарсан байна. Ийм төрлийн сумын ялтсан зэв Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Гүрмийн нуур, Батхаан уул, Дорноговь аймгийн Дулааны говь зэрэг газраас олдсон байна. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 50 км-д Дулааны говь хэмээх элсэн довцгууд, загийн шугуйтай хотгор газар байх бөгөөд эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн энэ газар бол эртний нуурын сав байсан ажээ. Энэхүү дурсгалт газрыг судалсны үр дүнд археологи, палеонтологийн үлдэгдэл олдворыг агуулсан хөрсний 12 соѐлт давхаргыг илрүүлэн олсон байна. Дээрхи давхаргууд янз бүрийн гарал үүслийн хурдас чулуулгийг агуулах ажээ. Дулааны говиос олдсон чулуун зэвсгийг саарал, цайвар шар, ногоон өнгийн ялтасаар хийсэн байгаа бөгөөд тэдгээрийг төрөл зориулалтаар нь авч үзвэл, үлдэц, сумны зэв, чулуун шөвөг, ир бүхий ялтас, хусуур, хянгар, хутга, ооль хэлбэрийн зэвсэг, үзүүр мэс, залтас, тариа цайруулах зориулалтын нүдүүр, нухуур, самбар, чулуу (эдгээр нь Монгол нутагт эрт үеэс газар тариалан тодорхой хэмжээгээр хөгжиж байсны баталгаа болно), хүрэл хутга зэрэг болно. Дулааны говиос олдсон чулуун зэвсгийн дотроос хамгийн олон тоотойгоор олдсон зэвсэг нь сумны зэв билээ. Эндээс нийтдээ сумын 20 ширхэг зэв олдсоныг хэлбэр төрхийх нь хувь ангилвал, ялтсан зууван урт зэв зургаа, навчин хэлбэрийн зэв нэг, гурвалжин хэлбэрийн зэв 13 ширхэг болж байна. Ялтсан зэвүүд нь нэг, хоѐр талсттай нарийн урт хутган ялтасны үзүүр, мөн хоѐр хажуу ирмэгийг ар талаас нь жигд ирлэж зассан бөгөөд хөндлөн огтлол нь гурвалжин ба дөрвөн өнцөгт хэлбэрийг үүсгэж байна. Ийм төрлийн зэвүүдийг үйлдсэн арга хэлбэрийнх нь хувьд мезолитын сүүлч, неолитын түрүү үе (М.Э.Ө V мянган жил)-д холбон үздэг байхад навчин хэлбэрийн зэв нь ялтасны хоѐр талаас засаж хийсэн, хөндлөн огтлол нь ромбо хэлбэртэй. Ийм төрлийн зэвүүд М.Э.Ө III мянган жилийн эхэн үед хамаарах нь нэгэнт тогтоогдоод байгаа билээ. Гурвалжин зэвүүд нь нимгэн ялтасны хоѐр талын хоѐр ирмэгээс нь маш нарийн жигд холтолж зассан,хөндлөн огтлол нь ромбо хэлбэртэй, суурь нь тэгш байна. Энэ төрхийн зэвтэй ижилсэх төрлийн олдвор он цагийн хувьд М.Э.Ө. III мянган жилийн сүүлч, II жилийн эхэн үед хамаарч байна. Манай орны мезолитын үеийн бууц суурингаас олдсон олон төрлийн чулуун зэвсгийн дотроос дээд палеолитын эцэст бий болж, неолитын түрүү үеийг хүртэл хэрэглэгдэж байсан говийн үлдэц нь Монголын мезолитын үеийн үйлдвэрлэлийн өвөрмөц арга барилыг илэрхийлдэг юм. Говийн үлдцийн тархсан газар нутгийг үзэхэд тэр нь баруун зүгт Дорнод Памир, умар зүгт Якут, дорно зүгт Япон хүртэл тархсан байна. Өөрөөр хэлбэл, говийн үлдэц нь тус орны мезолитын өвөрмөц шинж чанартай эсгүүр, Хэрээ уулын хутга, хотгор хажуу цуулдас, бичил ялтас, хугадас маягийн зэвсгийн хамт Сибирь, Якут, Чита муж, Дорнод Тэнгисийн хавь нутаг, Камчатка, Сахалин, Алеутын арлууд, Аляск, Японы дээд палеолит, мезолит, түрүү неолитын үеийн бууц суурингуудад өргөн тархжээ. Ийнхүү Монголын мезолитын соѐлын үндсэн гол элементүүд дурдсан газар нутагт байгаа нь Төв Азийн гүнээс Сибирь, Берингийн хоолойг дамжин Умард Америк болон Японы арлууд хүртэл хүн нүүдэллэсэн буюу угсаатны шилжилт явагдсаны гэрч юм. Монгол нутгаас олдсон мезолитын үеийн чулуун зэвсгүүд Аляскийн Онион суурин болон Орегон, Аризоны нутгаас олдсон чулуун зэвсгүүдтэй ижил төстэй байгаа нь Төв Азиас Умарт Америкт хүн нүүдэллэн очиж нутагласан болохыг харуулж буй баримт болно. Мезолитын үеийн хүн амын тодорхой хэсэг ингэж нутаг сэлгэн ойр хол газар нүүдэллэн суух болсон хийгээд үйлдвэрлэлийн хэрэгсэл болох чулуун зэвсэг хийх арга нь урьд үеийнхээс эрс сайжирсан нь тэр үеийн хүний нийгмийн амьдралд зохих нөлөө үзүүлсэн байна. Шинэ газар нутаг эзэмшихтэй холбогдож хуучин овог задрах, шинэ овог үүсэх зэрэг хүй нэгдлийн овог бүлгийн бүтцэд зарим нэг өөрчлөлт гарснаас гадна зуулга эдлэл тогтонги нэг хэвийн болж, нум сум гарч, модон эдлэл хийх тусгай зориулалттай зэвсэг бий болсон нь агнуурын ажлыг ихэд хөнгөлж хүмүүс палеолитын үеийнхтэй адил бус зэрлэг үр үндэс түүж, ургамлыг гар хадуураар хадаж, ан амьтдыг нум сумаар агнах болжээ. Харин зарим нутагт мезолитын үед ан агнуурын шинэ хэлбэр болох загасчлах ажил илүү хөгжиж сөрөгт жад, сэрээ, дэгээ, амьтны сүүлний үсээр хийсэн тороор загас агнан суурин амьдралд шилжих болсонтой холбогдон хүмүүс дахин олон хүн бүхий овог болон нэгдэх болжээ.
Хэдийгээр ан агнах хөдөлгөөнт амьдралын эрхээр цөөн хүнтэй олон овог бүрдэж буй боловч нийгмийн харилцааны хувьд урьдын адил хамтын хөдөлмөрт үндэслэсэн нийтийн өмч бүхий харилцаа хэвээр зонхилж байв. Хамтын өмчид юуны өмнө үйлдвэрлэлийн гол хэрэгсэл болох ан амьтнаар баялаг тодорхой газар нутаг, загас элбэгтэй гол мөрөн нуур бүхий нутгийг сонгон нутаглаж орон сууц, зэвсэг зэрэг өдөр тутмын хэрэгцээний аливаа зүйлсийг хамт олноороо буюу ганц нэгээрээ олсон зүйлийг цөм адил тэгш хувааж эзэмшдэг зарчимтай байжээ. Мезолитын үе нь аж ахуйн хэв шинж, нийгмийн байгууллын хувьд дээд палеолитын үетэй адил бөгөөд энэ үеийн гол агуулга нь хүй
36
нэгдлийн байгууллын дараагийн шат болох неолитод шилжих, газар тариалан, мал аж ахуй үүсэх бэлтгэлийн үе болсонд оршино. § 2. МЕЗОЛИТЫН ҮЕИЙН УРЛАГ Мезолитийн үеийн археологийн дурсгалууд дотор хадны зураг онцгой байр суурь эзэлдэг. Манай орны нутаг дэвсгэр дээрээс энэ үед холбогдох хэд хэдэн хадны зураг олдоод байна. Рашаан хадны тамга дүрс. Рашаан хадны зүүн ѐроолд орших 6 м урт, 2-3 м өргөн, 60-70 см зузаан том хавтгай хадны өвөр талд 180-аад, ар талд 40-өөд, сэрвээн дээр нь 50-иад, нийт 270-аад тэмдэг дүрс сийлжээ. Түүнээс гадна тэр орчим хаданд энд тэнд хэсэг бүлгээр нь 220 орчим тамга буюу нийтдээ 500-гаад тамга сийлсэн байна. Мөн Рашаан хадны хойт талд зэргэлдээ орших Үзүүр цохионы хаданд мөн 200 гаруй тамгыг хонхойлон цохиж үйлдсэн нь хийсэн арга барил, хэлбэр төрхөөрөө ижил төстэй. Энд хийсэн судал-гааны явцад Рашаан хад нь археологийн 4 соѐлт давхaргатай болох нь тогтоогдсон. Тэдгээрийн өнгөн хөрсний давхрага нь 20 см зузаан, нэг дэх соѐлт давхaрга 14-37 см гүн, хоѐр дахь соѐлт давхрага 65-160 см гүн, дээд палеолит, мезолитын чулуун зэвсгийг агуулсан ба Рашаан хадны олон зуун тамгатай чулуу самбарын тамга дүрсэлсэн хэсгийг бүрхсэн байлаа. Харин хамгийн доод буюу гурав дахь соѐлт давхарга нь 160-220 см гүн хавтангийн доод ирмэг болох тамга дүрслээгүй хэсгийг хучсан байв. Иймээс Рашаан хадны тамган дүрсийг дээд палеолитын төгсгөл, мезолитын эхэн үед анх дүрслэгдэж эхлэн дараагийн олон үед уламжлагджээ. Можоогийн хадны зураг. Увс аймгийн Сагил сумын Түргэний нурууны ар биеийн салбар уулаас эх авч Үүрэг нуурт баруунтайгаас цутгах уулын нарийн голыг Цагаан гол гэнэ. Цагаан голын нарийн хөндийн бараг эхэнд хойноос уруудсан хоѐр салаа амны уулзварт буй хадтай хошууг Можоо гэж нэрлэнэ. Можоо нь ногоон саарал, саарал өнгийн хадтай бөгөөд тэнд аргаль, янгир, тэмээ, хүн, нохой, үхэр зэргийг ганц нэг ба хэсэг бүлгээр нь сийлсэн хэдэн зуун зурагтай. Эдгээр зургаас мезолитын үед хамруулан үздэг зургийн тухай өгүүлье. Можоогийн хадны зургийн дотроос хамгийн том тэгш талбай бүхий баруун тийш харсан хэвтээ хаданд (4 х 8 м) арав гаруй том үхэр, тэдний зай завсарт хожим хорь гаруй янгир, нохой зэрэг амьтныг дүрсэлсэн зураг байдаг. Энд гол төлөв данхар том эвэртэй эр үхрийг ихэд, бодит байдлаар дүрслэхдээ түүний эвэр, эр хүйсийг цохон үзүүлжээ. Зарим үхрийн хэвлий, цээжний доор “үржлийг” бэлэгдсэн утгатай дугуй хонхор цохиж гаргасан буй нь палеолитын үед өргөн тархсан дүрслэлийн нэг арга билээ.. Энэ зурагт данхар том эвэртэй үхрийг нум сумаар харваж буй хүн, үхэр хөтлөөд явж буй хүнийг дүрсэлсэн байгаа нь түүний он цагийг тогтоох чухал баримт юм. Модны уян хатан чанарыг хүн ашиглан сэдэж хийсэн анхны холын тусгалтай зэвсэг болох нум сумыг мезолитын үеэс эхлэн хийж хэрэглэж байсныг Евразийн олон газар, түүнчлэн манай орноос олдсон сумын чулуун зэвүүд гэрчилдэг билээ. Тэгвэл энд хүн үхрийг хөтлөөд явж буйгаас үзэхэд энэ зургийг зурах үед үхрийг гаршуулсан байжээ гэж үзэх үндэстэй юм. Энэ зурагт “үржлийг” бэлэгдсэн тэмдэг бүхий палеолитын үеийн уламжлалт арга, нум сумаар зэрлэг үхэр агнаж буй болон ан агнуур, үхрийг эхлэж гаршуулсан дунд чулуун зэвсгийн аж ахуйн сэдэв хамт нэг дор тусгагдсанаас эрдэмтэд түүнийг мезолитын үед холбогдуулан үздэг. Бага газрын чулууны хадны зураг. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Бага газрын чулуунд сийлсэн зурагнаас нэгэн бугын зураг нь мезолитын сүүл неолитын эхэн үед холбогдоно. Бага газрын хадны зурагт гадаад тэгийг хөвөөлөн цохиж дүрсэлсэн хоѐр том буга, урт сүүлээ дээш агссан шилүүс, ирвэс мэт хоѐр араатны эх биеийн зураг зэрэг нь бусад зургуудаас хэмжээгээр том бөгөөд нэг буга, нөгөө шилүүс, ирвэс мэт хоѐр амьтны зургийг анхнаасаа дутуу сийлээд орхисон байна. Ийнхүү амьтны зургийн зарим хэсгийг дутуу сийлээд орхидог уламжлал бүүр Ишгэн толгойн хуучин чулуун зэвсгийн үеийн зурагт бас байдаг бөгөөд уг зургийн насыг тогтооход харгалзууштай баримт боловч бугын эвэр, эх бие зэргийг бодитой нэлээд болхи дүрсэлсэн зэргээс нь дунд чулуун зэвсгийн үед холбогдуулан үздэг.

No comments: