Wednesday, October 30, 2013

§2. ДУНД ПАЛЕОЛИТ

 Доод палеолитоос дунд палеолитод шилжих үед цаг агаар эрс хүйтэрч Ази Европ тивийн ихэнх нутаг мөсөөр хучигджээ. Мустьен үе нь рисс-вюрмийн мөстлөгө хоорондын төгсгөл, вюрмийн мөстлөгийн эхэн үеийн хугацаатай давхцдаг байна. Тухайн үеийн байгалийн нөхцөл байдал нь орчин үеийнхээс эрс ялгаатай байв
. Ихээхэн чийглэг болсны зэрэгцээ Европ, Ази, Америкийн хойд хэсгээр нэлэнхүйдээ хүйтэрсэн нь хойд болон дундад өргөгрөгийн нутаг дэвсгэрийг нэлэнхүйд нь хамарсан зузаан мөсөн хучлага тогтоход хүргэжээ. Энэхүү мөстлөгийн гол төв нь Скандинавын хойг буюу одоогийн Норвег, Шведийн нутагт байсан. Тухайн үед хэдэн сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр мөсөн хучлагаар хучигдаж энэхүү хучлага нь зарим газартаа 2 км хүртэл зузаантай байжээ. Мөстлөгийн энэ үеийн цаг уур чийглэг, зундаа сэрүүн, өвөлдөө харьцангуй дулаан байдаг байв. Тэр үед Монгол орон эх газрын хуурай уур амьсгалтай, хур тунадасаар бага байсан тул Европ, Умард Америкийг бодвол мөсөн хучлага харьцангуй бага бөгөөд мөстлөгө зөвхөн Хөвсгөлийн уулс, Хэнтийн уулс, Алтайн нуруу зэрэг томоохон уул нуруудаар хязгаарлагдсан байна. Уулархаг газар ийнхүү мөсөн уул, мөсөн гол зонхилж байсан бол түүний зах хязгаараар урьдын адил уудам тал үргэлжлэн арслан заан, савгат хирс, одос үхэр, адуу, үхэр, буга, янгир болон бусад туурайтан амьтдын зэрэгцээ хүйтэн сэрүүн уур амьсгалд зохицсон цаа буга, хандгай, агуйн баавгай, агуйн арслан, үнэг мэтийн амьтад нутаглаж байжээ.
Дунд палеолитын үед зөвхөн ургамал амьтны аймагт өөрчлөлт гараад зогссонгүй, мөн хүний бие махбод хувьсан өөрчлөгдөж иржээ. Мөстлөгийн үеийн байгал цаг уурын нөхцөл байдал нь хүмүүсийн амьдралд үлэмж их нөлөөлжээ. Хүмүүс хүйтэнд дасч, байгал цаг уурын эсрэг тэмцэж
25
чаддаг болж, амьтдын арьсаар өөрсөндөө дулаан хувцас хийж өмсөж сурч, гал гаргах арга нь улам боловсронгуй болон шинэчлэгдэж, оромж сууц барьж амьдрах болсон нь зэлүүд шинэ газар нутагт нүүдэллэн очиж амьдрах үйл явцад чухал түлхэц өгсөн байна. Энэ үед амьдарч хүнийг Германд энэ төрлийн хүний яс анх олдсон газрын нэрээр неандерталь хүн хэмээн нэрлэдэг. Орчин үеийн хүний өмнөх хөгжлийн шат болсон тэрхүү хүн урьдын хүмүүсийн адил дух нь намхан, хөмсөгний яс товгор, гарын хуруу болхи байсан зэрэг нь орчин үеийн хүнээс ялгагдах гол шинж боловч тархины багтаамж нь 1.400-1.600 см3 болж хөгжсөн байна. Тэдний амьдралын дадлага туршлага нь урд үеийнхийг бодвол нэлээд арвижиж хөдөлмөрийн багаж зэвсэг нь ч улам сайжирсан нь орчин үеийн хүний төрхөд ойртож ирснийг харуулж байна. Дунд палеолитийн үед хүй нэгдлийн үеийн хүмүүсийн үйлдвэрлэх хүчний хөгжилд томоохон ахиц дэвшил гарчээ. Төрөл зүйл, зориулалтын хувьд маш олон тооны чулуун зэвсгүүдийг хүмүүс хийж чаддаг болсон байна. Энэ үед ялтас цуулах леваллуагийн арга боловсорч гүйцжээ. Бүтэн цул чулууны гадна талын өнгөн хэсгийг нь ховхолж аваад дараагаар нь чулууныхаа гол руу чиглэсэн цохилтоор тал талаас нь холтчин цохиж цуулалтын гадаргууг бэлтгээд, уг талбайгаас нь ганц цохилтоор гурвалжин хэлбэрийн урт, хурц үзүүр бүхий ялтсыг гарган авах болжээ. Чулуун зэвсэг боловсруулах леваллуагийн аргыг боловсронгуй болгож хэрэглэсэн нь хөдөлмөрийн багаж зэвсгийн чанарыг сайжруулж, төрлийг нь олшруулсан байна. Ийм ялтсыг дараа нь ирлэж хурц иртэй хутга, жадны үзүүр, хянгар болгоход амар байсан нь туршлагаар нотлогддог. Хурц ирмэгтэй гурвалжин мэсийг хутга, чинжаал, нимгэн мэсийг мод, ясанд суулгаж жад болгон хэрэглэж байснаас гадна хянгарыг арьс шир зүсэх, халимлах, мод, ясан эдлэл хийхэд голчилж ашиглаж байсан байна. Одоогийн байдлаар мустьен үед хэрэглэж байсан 60 гаруй төрлийн чулуун зэвсгийг судлаачид тогтоогоод байна. Хамгийн их өргөн дэлгэр хэрэглэгдэж байсан зэвсэг нь гилбэр, үзүүр мэс, хянгар байжээ. Үзүүр мэс нь өргөн суурьтай гурвалжин хурц үзүүр бүхий зэвсэг юм. Түүний ирийг холтчин засч тэгш хэмтэй хийдэг байжээ. Хянгарыг өргөн ялтас, залтасаар хийдэг байв. Зөвхөн нэг талыг нь сайтар засч ир гаргадаг байжээ. Энэ зэвсэг олон тоогоор олддог нь тухайн үеийн хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээний зэвсэг байсныг харуулж байна. Хянгарыг голчлон мал амьтны арьс ширийг өвчих, боловсруулахад ашиглаж байжээ. Хажуу ирмэг болон үзүүр, ѐзоор хэсгийг нь хүнхийлгэн холтчин ир гаргасан хүнхэр-шүдлэг иртэй зэвсэг энэ үеийн өвөрмөц эдлэлийн тоонд багтдаг. Мустьен үеийн дурсгалт газруудаас дээд палеолитийн үеийн хэв шинжит зэвсгүүд болох уртавтар ялтас, хянгар, сийлүүр, цоолтуур олддог явдал нь энэ хоѐр үеийн гарал үүслийн хувьд холбоотойг харуулж байгаа явдал юм. Энэ үеийн хүмүүсийн гол эрхлэх аж ахуй болж байсан ан агнуурын үндсэн зэвсэг нь чулуун гилбэртэй жад, урт модон жад байжээ. Анг голчлон хамтран хийдэг байсан байна. Неандерталчууд хүнээ оршуулдаг байсныг Узбек улсын Тешик-Таш хэмээх агуйд хийсэн малтлагын дараа тогтоосон байна. Ийнхүү нас барагсадаа оршуулдааг болсон нь тэдний оюун санаанд шүтлэгийн төсөөлөл үүсэн бүрэлдснийг харуулж байгаа явдал гэж үзэж болно. Тухайлбал Крымийн Киик-Коба хэмээх газар хийсэн малтлагаар зориуд ухсан нүхэн дотор нас барсан хүнээ хажуугаар нь хэвтүүлэн хөлийг атийлган гарыг нь мөн тохойгоор нь нугалан оршуулсан оршуулга илэрсэн нь хожуу үеийн оршуулгийн зан үйлтэй төстэй байна. Манай орны хувьд одоогийн байдлаар дунд палеолитийн үеийн хүний оршуулга хараахан илрээгүй байгаа хэдий ч тэрхүү хүмүүсийн эдлэж хэрэглэж байсан ан агнуурын болоод хөдөлмөрийн багаж зэвсгүүд олон тооотойгоор олддог. Дунд палеолитын үеийн хүний хөдөлмөрийн багаж зэвсэг бүхий бууц суурин Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оцонмааньт, Булган сумын Цахиуртын хөндий, Гурвансайхан, Баянхонгор аймгийн Богд сумын Их Богд уул, Орог нуурын хөндий (Орог нуур 1,2), Өвөрхангай аймгийн Богд сумын Арц Богд уул, Хархорины орчим Орхон голын сав (Орхон 1; 7 доод давхарга), Мойлтын амны зүүн дэнж, Ховд аймгийн Баралгийн гол (Баралгийн гол 1), Хойт Цэнхэрийн гол (Хойт Цэнхэр 2), Олон нуур (Олон нуур 1) зэрэг олон газраас олдсон байна. Оцон мааньтаас дугуй ба тэгш өнцөгт, шовхдуу маягийн үлдцүүд, өргөн урт ялтас, хянгар зэрэг леваллугийн аргаар хийсэн эдлэлээс гадна мустьегийн гурван талт үлдцүүд олдсны цохих талбай нь ар тал руугаа налуу бөгөөд доод талын суурь хэсгийг нь модонд зоож суулган ялтас цуулж авахад тохиромжтой болгожээ. Оцон мааньтын чулуун зэвсгүүд монголын палеолитийн үеийн олон дурсгалын нэгэн адил газрын хөрсөн дээр ил байдалтай олдсон байна. Монгол Алтайн нурууны орчмын дунд палеолитийн дурсгалууд дотроос нэлээд эртнийх нь Олон нуур, Баралгийн голын дурсгалууд юм. Эдгээр суурингуудад леваллуа-мустьен арга техникээр хийгдсэн эдлэлүүд зонхилдог байна. Ер нь мустьен үед чулуун зэвсэг үйлдвэрлэлийн хөгжлийн хоѐр чиг хандлага байдаг бөгөөд хоѐрдахь нь эдлэлүүдэд иржгэр шүд маягийн ир ирмэг гарган хийдэг арга юм. Үүнийг шүдлэг мустье хэмээн нэрлэх нь ч бий.
Леваллуагийн чиг хандлага бүхий дурсгалуудын дотор Орог нуур 1, 2-ын суурин томоохон байр суурь эзэлнэ. Энэ хоѐр суурингийн чулуун зэвсгийн дотор Леваллуагийн аргаар хийсэн эдлэлүүд зонхилж байгаа бөгөөд уртавтар ялтас цуулж авсан нэг ба хоѐр талбайт үлдэц, өргөн богиновтор залтас цуулж авсан леваллуагийн үлдэц олон тоотой байна. Эндээс леваллуагийн залтас, ялтас, үзүүр мэс олон тоотойгоор олдож байгаа нь Орхон-1-ийн доод давхаргын эдлэлүүдтэй хийсэн арга барил, зэвсгийн төрөл зүйлийн хувьд тун адил байгаа бөгөөд Орхон-1-ийн дээр дурдсан давхарга нь
26
34-38 мянган жилийн өмнөх үед холбогдоно гэж үзвэл Орог нуурын суурингууд ч мөн адил дээрх он цагийн хамаарал магадгүй түүнээс ч өмнөх үед холбогдох нь маргаангүй ажээ. Дунд палеолитийн үед холбогдох өөр нэг томоохон дурсгал бол Орхон-7-гийн соѐлт давхарга бүхий суурин юм. Энэ сууринг МЗТСХЭ-ийн чулуун зэвсгийн судлалын анги малтан шинжилж хөрсний 11 давхарга илрүүлэн тодорхойлсноос нэгээс бусад нь соѐлт давхаргууд юм. 10-р давхаргаас мустьен дунд үед холбогдох чулуун зэвсгүүд олдсон байна. Их том биш голын хайргыг хагалж цуулан өргөн залтас гарган авах, уртавтар хайргын нэг талыг нь хагалж бэлдсэн цохилтын талбайнаас урт ялтас цуулан авах ерөнхий хоѐр аргаар чулуун зэвсэгхийх анхдагч цуулдасыг авч байсан байна. Дараа нь гаргаж авсан цуулдасуудаараа шүдлэг иртэй зэвсэг, хүнхэр ирт хянгар, бусад төрлийн хянгар зэргийг хийдэг байжээ. Ирийг чулууныхаа хоѐр талаас нь ээлжлэн гаргаж байжээ. Хөрсний дээж болон ясанд хийсэн радикарбон болон цахилгаан хос соронзон давтамжийн (ЭПР) шинжилгээгээр 45-62 мянган жилийн өмнөх үед холбогдох нь тогтоогджээ. 7-9-р давхаргууд нь дунд палеолитийн төгсгөл дээд палеолитийн эхэн үед хамарч байгаа бөгөөд чулуун зэвсгийн дурсгалуудад леваллуагийн уламжлалт арга дээр суурилсан ялтсан эдлэлүүд голлож байна. Он цагийн хувьд 35-40 мяннган жилийн өмнөх үед холбогдох нь тогтоогдсон байна. Дээр дурдсан бууц суурингуудаас гадна дунд палеолитын үеийн таргил үлдэц, урт гурвалжин хутган ялтас, залтас зэрэг эдлэл Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг, Говь-Алтай аймгийн Сүүжийн хөндий зэрэг газраас, баргил дугуй үлдэц, болхи зассан хайрган чулуун багаж, үлдэцнээс ховхолсон залтасны зүйл Баянхонгор аймгийн Их богд, баргил ялтас, залтас, нэг ба хоѐр талбайт таргил үлдэц, үзүүр мэс, хусуур, хянгар, Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, мөн сумын нутаг дахь Хавцалын хөндий, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Цагаан тунг (дэрс) зэрэг газар дунд палеолитын бууц суурингаас олж илрүүлсэн байна. Бусад оронд хийсэн судалгааны үр дүнгээс үзэхэд мустьегийн үед чулуун зэвсгээс гадна ан агнах болон түүнтэй холбогдсон өдөр тутмын үйл ажиллагаанд том амьтдын хавирга, эрүү, чөмөг, далны ясыг бага сага засаж зэвсэг хийх, урт модны үзүүрийг галд түлж хатууруулан модон жад хийж оронд хэрэглэх, том бөөрөнхий чулууг дүүгүүр болгон ашиглах явдал багагүй үүрэгтэй байжээ. Дунд палеолитын үеийн хүний соѐлын томоохон ололт нь гал гаргаж ашиглаж сурсан явдал юм. Хэрэв доод палеолитын үед хүн галт уулын дэлбэрэлт, ойн ба тал газрын түймэр, аянга цахилгаанаас шатсан мод, бичил организмуудаас цогшиж үүссэн гал зэргийг ашиглаж байсан бол одоо цахиур цохих, модны үрэлтийн аргаар галыг аль хэрэгцээтэй цагт гаргаж авч чадах болжээ
Post a Comment