Wednesday, October 30, 2013

§ 3. ДЭЭД ПАЛЕОЛИТ

 Палеолитын дараагийн үе болох дээд палеолит нь мөстлөгийн эцсийн шатанд холбогддог бөгөөд ойролцоогоор одоогоос 40 000-35 000 жилийн тэртээ эхэлж 12-10 мянган жилийн өмнөх үе хүртэл үргэлжилжээ. Энэ үеийн гол онцлог нь орчин үеийн хүний шинжийг хадгалсан хүн бүрэлдэн бий болсон явдал байв. Хүн амын тоо олширч, чулуун зээвсэг үйлдвэрлэх арга ажиллагаанд ололт дэвшилүүд гарч эхэлсэн байна. Цаг уур хүйтэн, хуурай, зарим үед эрс тэс байдалтай байсан боловч эцэстээ орчин үеийнхтэй төстэй болж иржээ
. Энэ үед тус орны уул нуруудаар дунд палеолитод тогтсон мөсөн хучлага, жилд унах тундасны хэмжээ эрс багассаны улмаас одоогийн Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон зэрэг их гол болон нуурууд усаар арвижин улмаар орчин үеийн усны тогтоц, урсгалын горим бий болжээ. Цаг агаар хуурайшин, эх газрын уур амьсгалтай болсон нөхцөлд арслан заан, хирс зэрэг урьдын том амьтдын зэрэгцээ зэрлэг адуу (тахь, хулан), үхэр, буга, янгир, аргаль угалз, цаа буга, бөхөн, цагаан үнэг, тэмээн хяруул зэрэг амьтад зэрэгцэн амьдарч байжээ. Дээд палеолитын эхэн үеийн нэг чухал онцлог бол хүний бие бялдарт гарсан чанарын том өөрчлөлт юм. Хүний гавлын яс томорч дух өндөржиж ирсэн нь мичин хүний морфологийн үлдэц болох хөмсөгний ясны товгорыг арилгаж, хэл ярианы цаашдын хөгжил болон үг ярианы эрхтэн өөрчлөгдсөнтэй холбогдон эрүүний яс одоогийнхтой адил болж орчин үеийн хүн (homosapiens-ухаалаг хүн) бий болжээ. Ийнхүү орчин үеийн хүн бий болсон нь дунд палеолитоос дээд палеолитод шилжсэн хүний амьдрал, нийгмийн харилцаа, үйлдвэрлэхүй хүчинд асар их нөлөө үзүүлсэн байна. Үйлдвэрлэхүй хүчний хөгжил нь юуны өмнө чулуун зэвсгийг шинэ аргаар хийдэг болсноор илрэлээ олсон бөгөөд дунд палеолитын үеийн дугариг таргил үлдэцнээс гурвалжин хэлбэрийн болхи залтас хэлтэлж авдаг байсан бол гонзгой хэлбэрийн үлдэцнээс нимгэн урт хутган ялтасыг цуулж авдаг болж эргэн тойрон уртааш нь түүний ирмэгийг нэг ба хоѐр талаас нь дахин холтчин засаж хурц ир гаргадаг болсон байна. Чулууг цуулах ба холтчин ирлэх болсон нь энэ үед чулуун эдлэл хийх үйл ажиллагаанд гарсан нэг ѐсны эргэлт болсон шинэ арга байжээ. Гэвч дунд палеолитын үед хэрэглэж байсан чулуун зэвсэг бүрмөсөн шахагдаж гараагүйгээр үл барам тэдгээрийг улам боловсронгуй хийх болсноос гадна эсгүүр, цоолтуур, үзүүр мэс, тал дугариг ба үзүүр бичил хусуур, жижиг сүх, ангийн цахиурт жад, шинээр буй болж хянгар, хутга зэрэг бусад олон зэвсгийн хамт төрөлжин олширч, чанар чансаа нь урьд урьдынхаас эрс сайжирчээ.
27
Огтлох, цоолох, зүсэх зэрэг үйлдэлд зориулсан хөнгөн багаж зэвсэг нь энэ үед мод ба ясан бариултай болсон байна. Шинэ аргаар хийсэн нарийн хийцтэй хурц иртэй чулуун зэвсгийн зэрэгцээ арслан зааны дал, соѐо, бугын эврээр жад, шөвөг, үр үндэс ухах зэвсэг хийж, буга зэрэг бусад амьтдын шүд, соѐогоор гоѐл чимэглэлийн зүйл, оѐдлын зүү, загас агнах сөрлүүрт жад хийх болжээ. Дээд палеолитод холбогдох анчдын бууц суурин манай улсын бараг бүх нутгаас олдоод байна. Тухайлбал: Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн дэргэдэх Орхон голын баруун эрэгт буй Мойлтын амны сууринг малтахад үлдэц, хугадас маягийн цавчих зэвсэг, хянгар, хусуур, цоолтуур, хутга, үзүүр мэс, ирлэж зассан ба засаагүй хэдэн зуун чулуун эдлэл гарсан байна. Энэ суурин монгол орны хувьд анх удаа олдсон соѐлт давхарга бүхий суурин юм. Нийт 4 соѐлт давхарга илэрч олдсон бөгөөд энэ нь энд дээд палеолитын эхэн үеэс мезолитын үеийг хүртэл эртний хүн тасралтгүй оршин амьдарч ирсний баталгаа болж өгч байгаагаарай ач холбогдолтой юм. Мойлтын амны суурингаас гадна мөн үед холбогдох дурсгалаас Улаанбаатар хотын дэргэдэх Шархад, Сонгино уул, Буянт-Ухаа; Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чихэн агуйн доод давхарга, Түйн голын сав; Архангай аймгийн Цэцэрлэг; Өвөрхангайн Хужирт зэрэг газруудын бууц суурин, дархны газар зэргийг нэрлэж болно. Монгол Алтайн нурууны орчмын бүс нутагт мөн дээд палеолитын үеийн өвөрмөц соѐлын үлдэгдэл болох Манхан-5, Баяннуур-13, Улаан хусын сууринг илрүүлэн олоод байна. Эдгээр суурингуудын чулуун зэвсгийн дурсгалуудад леваллуагийн уламжлалт аргаар хийсэн эдлэлүүд олон тоотой байгаагаараа онцлогтой. Дунд палеолитоос дээд палеолитод шилжих шилжилтийн үед леваллуагийн арга барил солигдон ялтасан зэвсгүүд олон тоотойгоор бий болсныг Орхон-7 суурингийн дээд палеолитын эхэн үеийн давхаргаас тодорхой харж болно. Энд ялтас цуулж авах зориулалт бүхий нэг ба хоѐр талбайт үлдэц зонхилж байна. Он цагийн хувьд 15-25 мянган жилийн өмнөх үед холбогдох 4-5-р давхаргуудын чулуун зэвсгийн дотор уртавтар хянгар, хусуур болон ялтсан зэвсгүүд зонхилж байна. Дээд палеолитын турш леваллуагийн арга барил улам боловсронгуй болж, хөгжсөн нь Түйн голын хөндийн болоод Монгол Алтайн нурууны болон бусад дурсгалуудад тодорхой байна. Түйн голын хөндийн дунд урсгалын дагуу 1985-1986 оны хооронд МЗТСХЭ-ийн чулуун зэвсгийн дурсгал судлах анги чулуун зэвсгийн 54 бууц суурин илрүүлэн олж, 3312 ш чулуун зэвсгийн олдворудыг олж цуглуулсны ихэнх нь дээд палеолитын үед холбогдох ажээ. Түйн голын хөндийн суурингуудаас хамгийн эртнийх нь Их Булган уулын ойролцоох суурин бөгөөд (Түйн гол-5) дээд палеолитын эхэн үед холбогдоно. Эндээс леваллуагийн болон зэрэгцээ цуулалтын арга бүхий үлдэц, леваллуагийн үзүүр мэсэн зэвсэг, ялтас, залтас, хянгар, хайрган зэвсэг, хусуур олдсон бөгөөд сийлтүүр зэвсэг, цоолтуур, шүдлэг хүнхэр иртэй зэвсгүүд цөөн тоотой олджээ. Энэ бууц сууринд мөн туршилтын малтлага хийхэд 40 см гүнтэй соѐлт давхарга илэрсэн боловч мөлхөгч амьтдын үүр ноохойгоор ихээхэн эвдэрч давхаргын бүтцийг тодорхойлоход хүндрэл учруулсан байна. Бусад суурингуудын чулуун зэвсгүүд нь бүгд газрын хөрсөн дээрээс ил олдсон агаад янз бүрийн байдлаар өгөршиж элэгджээ. Харьцангуй их элэгдэлтэй эдлэлүүд нь элэгдэлд бага орсон болон огт элэгдээгүй дурсгалуудаа бодвол эрт үед холбогдох нь тодорхой. Ийм төрлийн эдлэлүүдийн дотор хянгар, хусуур, үрүүл, сийлтүүр олон тоотой байна. Мөн цүүц, баргил том хайрган зэвсгүүд ч олджээ. Түйн голын хөндийн бууц суурингуудын дийлэнхи нь энэ бүс нутгийн дээд палеолитийн үеийн чулуун зэвсэг үйлдвэрлэлийн шинж байдлыг бүрэн тодорхойлохуйц гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл дээд палеолитийн дунд болон төгсгөлийн үед холбогдох эдлэлүүд дийлэнхи нь болох ажээ. Олон талст болон зэрэгцээ цуулалтат үлдэцүүдийн эзлэх хувь нэмэгдэж, хусуурын төрөл зүйл нь олширч байна. Үүнээс гадна өвөрмөц хэлбэрийн болон цүүц, хосолмол зориулалттай зэвсгүүд ч бий болжээ. Бичил чулуун зэвсгүүд ч ганц нэг тааралдаж байна. Түйн голын хөндийн чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүнээс харахад дунд палеолитын төгсгөл, дээд палеолитын эхэн шатнаас эхлэн дээд палеолитын төгсгөл хүртэлх үеийн чулуун зэвсэг үйлдвэрлэлийн хөгжлийн нэгдмэл чиг хандлага ажиглагдаж байна гэж дүгнэж болно. Сүүлийн үед олдоод байгаа дээд палеолитын үеийн дурсгалуудын дотор Чихэн агуйн палеолитын дурсгалууд онцгой байр суурь эзэлж байна. Чихэн агуйн хонгилд хийсэн малтлагын явцад хөрсний доод давхаргаас палеолитын чулуун зэвсгүүд олдсон ажээ. Эндээс гол төлөв леваллуагийн аргаар хийгдсэн эдлэлүүд гарсан бөгөөд хөрсний дээж болон малтлагаас гарсан ясанд хийсэн шинжилгээгээр 24-27 мянган жилийн өмнөх үед холбогдох нь тогтоогджээ. Энэ дурсгал нь манай орны нутаг дэвсгэр дээрээс одоогоор олдоод байгаа соѐлт давхарга бүхий цөөхөн дурсгалын нэг болж байгаагаараа эрдэм шинжилгээний ач холбогдолтой юм. 1998 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн судалгааны ангийн нэг хэсэг Чихэн агуйн ойролцоо дахин нэг соѐлт давхарга бүхий сууринг (Чихэн-2) илрүүлэн олж туршилтын малтлага хийсэн бөгөөд 2001 онд энд талбайг нь өргөсгөн дахин малтлага хийжээ. Малтлагын явцад 3 соѐлт давхарга илэрсний доод талынхаас дээд палеолитын үеийн леваллуагийн болон нэг талбайт үлдэц, леваллуагийн үзүүр мэс, хусуур, шүдлэг хүнхэр иртэй зэвсэг, хянгар, урт ялтас олдсон байна. Хамгийн сонирхолтой олдвор нь 2001 оны малтлагаас гарсан 13 см урттай том ялтас юм.
28
Доод талын давхаргаас илэрсэн гал голомтын үлдэгдлийн модны нүүрсэнд хийсэн радиокарбоны шинжилгээгээр 30550 жилийн өмнөх үед холбогдох нь тогтоогджээ. Түүнчилэн Чихэн-2-ын ойролцоох хавцлын зүүн талын сайрын эргээс дээд палеолитын үед холбогдох эдлэлүүд олдсон байна. Дээд палеолитын хүн олон төрлийн зэвсэг хийж эзэмших болсон нь түүний амь зуух үндсэн сурвалж болох ан агналтыг улам хүчтэй боловсронгуй болгож тодорхой хэмжээний газраас хэрэгцээний хэрээр агнуурын олз омог олж нэг газарт удаан хугацаагаар оршин суух бололцоотой болжээ. Нөгөө талаар дээр дурдсан манай орны дээд палеолитын чулуун зэвсгүүдтэй адил төстэй эдлэлүүд Умард Азийн мөн үеийн дурсгалуудад элбэг бөгөөд хийсэн аргын уламжлалын хувьд ижилсэж байгаа нь Монголын палеолитын үеийн анчдын зарим хэсэг их гол мөрний хөндий дамжин умард зүг нүүдэллэн очиж суурьшиж байсны баримт юм. Дээд палеолитын үеийн хүн агуй хонгилыг оромж болгон ашиглаж байснаас гадна нөмөр дулаан газарт урц маягийн сууц барьж суух болсон бөгөөд тэдгээр сууцны гал голомтын үлдэгдлүүд археологийн малтлагаар олдож байна.

No comments: