Wednesday, October 30, 2013

§ 3. НЕОЛИТИЙН ҮЕ

Олон мянган жил үргэлжилсэн чулуун зэвсгийн төгсгөлийн томоохон үе бол неолит юм. Ойролцоогоор 7.000 жилийн тэртээгээс төмөрлөг зэвсэгт шилжих хүртэлх үеийг хамарсан энэ үеийн хүний аж ахуйн гол шинж нь ан гөрөө хийх, ургамлын үр үндэс түүх зэрэг байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг шууд хэрэглэх нь хязгаарлагдаж мезолитын үед эхлэлийн төдий байсан үйлдвэрлэхүй аж ахуй ба өөрөөр хэлбэл газар тариалан, мал аж ахуй эрхлэх ажилд шилжсэн явдал юм. Неолитын үед чулуугаар зэвсэг хийх дадлага туршлага, арга ухаан өмнөх үеэс улам илүү хөгжиж ахуй амьдралын
аливаа хэрэгцээнд олон төрөл эдлэлийг маш нарийн хийцтэй үйлдэх болжээ. Ялтасыг шовгор үлдэцний бүх талаас уртааш нь цуулах болсон тул тэр нь зөв талт урт хутган хэлбэртэй болсон байна.
37
Дээд палеолит, мезолитын үед хөгжсөн сэлтлэн ирлэх арга барилаар хийж урьд өмнө өргөн хэрэглэж байсан хутга, эсгүүр, хянгар, хусуур, шөвөг, сумны зэв зэрэг зэвсэг хэвээр байсан боловч тэдгээрийн хэлбэр, төрөл олширч ур хийц нь эрс сайжран ир ирмэг нь хурц болжээ. Үүний зэрэгцээ жижиг дугариг бичил хусуур, тэгш суурьтай сумны зэв, тал дугариг ир, хутга ба жадны зуулга ир, дугариг ба зууван хэлбэртэй зээрэнцэг маягийн эдлэл, сүх, ооль, цүүц зэрэг зэвсгийн зүйлс шинээр бий болсон байна. Дээрх зэвсгүүдийг гол төлөв хаш, хас, мана болон төрөл бүрийн цахиураар, сүх зэрэг том эдлэлийг хаш чулуу, гүрмэн занараар хийх болсон нь тэдгээрийг бөх хатуу чанартай болгожээ. Чулуун эдлэл хийгээд гарсан энэ үеийн нэг гол онцлог нь чулууг сайтар зүлгэж билүүдэх, өнгөлөх, хөрөөдөж ховил гаргах, өрөмдөж цоолох аргыг сэдэж олсонд оршино. Олс, дээс зэрэгт нарийн ширхэгтэй элс шигүүлээд түүгээрээ хөрөөдөж чулуун эдлэлд ховил гурив гаргах, модон өрөмний үзүүрт мөн нарийн ширхэгтэй элс шигтгэн өрөмдөж чулуун зэвсгүүдэд нүх гаргаж цоолох болжээ. Ийм аргаар гол төлөв сүх, ооль хийдэг байсан бөгөөд Монгол улсын нутгаас (Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод) олдсон сүхний дундаж урт нь 11-12 см, өргөн нь 5-6 см, зузаан нь 2,5-3 см байна. Неолитын үед тус оронд оршин суугчид чулуун зэвсгээс гадна ясаар хийсэн эдлэл өргөн хэрэглэж байжээ. Тухайлбал, зуулга ир суулгасан ховилтой ба ховилгүй ясан хутга, сумны зэв ба жадны гилбэр, төрөл бүрийн гоѐл чимэглэлийн зүйл, оѐдлын зүү зэргийг хийдэг болсноос гадна мал ба амьтны ясыг ямар нэг хэмжээгээр засаж янзлалгүй тодорхой нэг төрөл зэвсэг болгон ашиглаж байсан нь бууц суурингуудаас олдсон хавирганы олон ясны үзүүр хэсгийн элэгдэж мөлтийсөн байдлаас үзэхэд илт байна. Неолитын үеийн хүний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний бас нэг чухал шинэ ололт нь шавар ваар, сав бүтээн хийж хэрэглэх болсон явдал юм. Тус орны неолитын бууц суурингаас шавар сав суулганы үлдэгдэл нэлээд олддог бөгөөд тэр нь өндгөн ѐроолтой, гол төлөв улбар шар гадаргуутай, гадаргуу нь нэлдээ сүлжмэл хээтэй байна. Неолитийн үеийн хүмүүс шавар савыг гурван үндсэн аргаар хийдэг байжээ. Үүнд, гар арга, туузан арга, нүхэн арга орно. Гар арга гэдэг нь шаварыг зуурч гараараа барьж шавар сав хийх арга юм. Шавраа зуураад гурил ганжиндаж буй мэт нимгэлэн хавтгай туузархуу болгоод савны хажуу хана, эх бие, ѐроолыг тус тусад нь бэлдээд дараа нь залгаж сав хийх аргыг туузан арга гэнэ. Шавар ваар савныхаа хэлбэртэй нүх ухаад дотор талыг нь зуурмаг шавраараа шаваад хатсан хойно нь сугалж авч шавар ваар сав хийх аргыг нүхэн арга гэдэг. Сүүлийн аргаар сав хийгээд нүхнээс сугалж гаргахад хэцүү, зарим тохиолдолд хагарч эвдэрэх ч явдал байсан тул нүхнийхээ дотор талд нэхмэл тор хийж шавраа шавж ваар, саваа хийгээд хатсан хойно нь торноосоо татаж гаргаж авах болжээ. Иймээс нүхэн аргаар хийсэн шавар савны гадна талд сүлжмэл торны хээ үлдэж хоцорсон байдаг ба сав нь өндгөн хэлбэрийн ѐроолтой байдаг. Неолитийн үеийн шавар ваар саван дээр түүнийг хийсэн хүний хурууны хээ дарагдаж үлдснийг судалж үзэхэд гол төлөв эмэгтэй хүний хурууны хээ байдаг нь тогтоогджээ. Иймээс шавар ваар савыг ихэнхдээ эмэгтэйчүүд хийдэг байсан гэж үздэг. Шавар ваарыг сэдэж хийснээр хүмүүс шингэн хоол ундыг түүндээ чанаж болгож иддэг болсон нь чухал дэвшил болжээ. Неолитийн үед гарсан өөр нэг чухал дэвшил бол хүмүүс амьтны үс ноос, ургамал зэргийг ээрч утас хийгээд түүгээрээ бүдүүн ширхэгтэй даавуу хийж улмаар хувцас хийх болсон явдал билээ. Дээр дурдсан төрөл бүрийн зэвсэг, ваар сав бүхий тэр үеийн хүний бууц суурин Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий зэрэг ер нь тус орны ихэнх нутгаас олджээ. Эдгээрээс Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг, Дорнод аймгийн Тамсагбулагийн неолитын үеийн суурингуудын дурсгалуудыг төлөөлүүлэн авч үзэж болно. Баянзагийн оршин суугчид неолитын үеийн гол шинж бүхий чулуун зэвсэг хийх бүх арга барилыг бүрэн эзэмшсэн байна. Тухайлбал: чулууг билүүдэн засаж чаддаг байсан ба гонзгой үлдэцнээс хутганцар нимгэн ялтас цуулан авч зуулга ир, нарийн ирлэсэн сумны зэв, төрөл бүрийн хэмжээ хэлбэрийн хусуур хийдэг байжээ. Ан гөрөө хийх гол зэвсэг нь нум сум байв. Гоѐл чимэглэлийн зүйлээс тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн сувс мөн олдсон байна. Шавар ваар сав нь өндгөн хэлбэртэй, шувтан ѐроолтой, гадаргыг улаан будгаар будаж, заримдаа улаан дэвсгэр дээр хар будгаар хээ угалз тавих болжээ. Мөн анхны болхи тариалан эрхлэж байсны баримт болох үр тариа цайруулах хавтгай самбар чулуу, нухуур, нүдүүр элбэг олдож буй нь неолитын сүүл үед тэнд оршин суугчдын аж ахуйд чанарын том өөрчлөлт гарсны гэрч юм.
Дорнод аймгийн Тамсагбулагт неолитын үеийн хүний булш, сууц бүхий суурингуудыг нээж судалсан нь манай орны төдийгүй Төв, Умард Азийн чулуун зэвсгийн судлалд онцгой байр суурь эзлэх дурсгал болно. Эндээс гол төлөв цахиур, хас, бөсөл, заримдаа манаар хийсэн олон талт шовгордуу үлдэц, үлдэц-хусуур, эсгүүр, хутга, ховилтой яс ба модонд суулгах зуулга ир, цоолтуур буюу шөвөг, хусуур, сайтар зүлгэж өнгөлсөн сүх, хоѐр талаас нь зассан сумны зэв элбэг олдсон байна. Чулуун зэвсгээс гадна ясаар сумны зэв, жад, ховилтой ховилгүй хутга зэргийг хийж байжээ. Ваар сав нь нэлээд зузаан, хөх саарал өнгөтэй, гадна талд нь гүн нарийн хос зураас хээтэй байна. Ийм сав суулганы зүйл Төв, Умард, Дорнод Азийн мөн үеийн дурсгалуудад огт үгүй учир нутгийн хийц бололтой. Неолитын үед зарим овог аймгууд байгаль орчны тохиромжтой нөхцөл бүрдсэн нутагт удаан хугацаагаар суурин амьдрах болжээ. Үүний тодорхой гэрч нь Тамсагбулагийн суурин бөгөөд
38
тэнд хэд хэдэн сууц бүхий овгийн суурин буй болсон явдал юм. Энд 5 сууцны орыг малтсаны нэг нь харьцангуй бага эвдэрч хэлбэр төрхийг тогтоох боломжтой байсан ба урт нь 7 м 60 см, өргөн нь 5 м 60 см буюу нийт 42,5 м2 талбайтай зууван дөрвөлжин хэлбэртэй байв. Ийм сууцыг эхлээд сууцныхаа хэмжээний зууван дөрвөлжин нүх ухаад дотор талаар тойруулан хэдэн модон багана босгож хананы яс мод болгосон ба төв дунд нь хэдэн багана босгосон байжээ. Эдгээр багануудын орой дээгүүр сууцныхаа дээврийг тавьж байсан байна. Шал нь тэгшхэн, дөрвөлжин хэлбэртэй. Сууцанд үүд байгаагүй нь дээвэрийн гол оройд нүх гаргаж төв дунд буй багануудад түшиглэн тусгайлан бэлдсэн шатаар орж гарч байсан бололтой. Төрөл бүрийн чулуу, ясан эдлэлээс гадна сууцыг малтахад гарсан хамгийн сонин олдвор нь хүний булш юм. Тэрхүү хүнийг сууцны хойд хананы шалны дор хоѐр хөлийг нь өвдгөөр нь ихэд атийлган, гарыг нь унжуулан явган суугаа байдлаар оршуулжээ. Энд МЭӨ IV-III мянган жилд холбогдох 15 орчим насны, 1,20 м өндөр, монгол төрхийн эмэгтэй хүнийг оршуулахдаа 200 гаруй сувсан зүүлт, 20 гаруй бугын соѐогоор хийсэн зүүлт, бог малын чөмөгний ясан гэртэй, дотроо 1 ширхэг нарийн хурц үзүүртэй ясан зүү, 20 см урт, 2,5 см өргөн ясан хутга хоѐрыг ( нэг нь хажуу ирмэгээрээ зуулга ир суулгах нарийхан ховилтой) тус тус дагалдуулан тавьжээ. Манай улсын нутагт анх удаа олдсон хоѐр дахь сууц Чойбалсан хотын баруун талд Овоот толгойн чанх урд Хэрлэн голын хойд эрэг дээр оршино. Уг сууц нь хагас газар гэр бөгөөд 14 м урт, дөрвөлжин хэлбэртэй, ойролцоогоор 120 м2 талбайтай байна. Сууцны гүн нь төв хэсгээсээ 1,20 м. Хананы хажуугаар баганы ор болох дугариг хос нүхнүүд, ханз маягийн өргөн урт тавцан, төв хэсгээр нь гал түлж байсан таван голомтын ором тус тус байв. Сууцнаас ээрмэл олсны эрчин хээтэй ваар савны хагархай, гонзгой ба шовх чулуун үлдэц, хутган ялтас, залтас, төрөл бүрийн том жижиг хусуур, цоолтуур, хоѐр ба нэг талаас нь холтчин ирлэсэн зуулга ир, үр тариа цайруулах самбар чулуу ба дундаа нүхтэй дугуй чулуу, гахайн соѐогоор хийсэн гоѐл чимэглэлийн бололтой зүйлийн хугархай зэрэг тэнд амьдарч байсан хүмүүсийн аж ахуй, оюуны амьдралтай холбогдох хэрэглэгдэхүүн нэлээд олдсоны дотор загас агнах сөрлүүрт ясан жад онцгой сонирхолтой юм. Эдгээрээс гадна адуу, үхэр, бор гөрөөс, зэрлэг гахай болон түлэгдэж шатаагдсан жижиг малын яс, мөн том малын чөмөгний ясыг цуулж орхисон байв. Сууцнаас гарсан ваар савны хээг ажиглахад тэдгээр нь неолитын түрүү үеийн буюу Тамсагбулагийн сууцны өмнөх шатанд холбогдох бололтой байна. Бусад сууцнууд нь хэмжээгээр бага бөгөөд ихэд гэмтсэн байна. Гэвч тэдгээрээс олдсон олдвор нь дурдсан сууцнуудаас гарсан зүйлтэй адил боловч зарим нэг сууц, тухайлбал 2-3-р сууцанд үр тариа цайруулах самбар чулуу, нүдүүр, нухуурын хагархай нэлээд байжээ. Дээр дурдсан Тамсагбулаг дахь сууцны шалан дор олдсон хүний булшнаас гадна Дорнод аймгийн Булган сумын Норовлин уул, Чойбалсан хотын эсрэг талд Хэрлэнгийн баруун эрэг дэхь Мөргөцөг, Зүүн Өлзийт уулын хооронд, мөн тэнд орших Баруун Өлзийт ууланд тус бүр нэжгээд булш олдсоноос бүхий л тохиолдолд хүнийг цооног нүхэнд суугаа байдлаар оршуулсан байв. Зарим булшинд үхэгсэдийг дагалдуулан эд өлгийн зүйл тавьсан байхад зарим булшинд тийм зүйл үгүй байна. Эдгээр булшнаас нэлээд баялаг олдвортой нь Дорнод аймгийн Булган сумын нутагт орших Норовлингийн булш юм. 1,6 м-ийн гүнд өвдгөөр нь атийлгаж, суугаа байдлаар, монгол төрхийн хүнийг оршуулжээ. Түүний толгой хавьд нь 1,5-2 мм голдоч бүхий 3000 орчим сувс байсан нь уг хүний дээл малгайд хадаж байсан бололтой. Мөн оршуулганд хүний нүүрний дүрс бүхий цайвар өнгийн чулуугаар хийсэн 22,5 см урт чулуун онго, 43 см урт хоѐр талдаа зуулга чулуун иртэй ясан хутга, гахай, тарвага, хүдрийн соѐогоор хийсэн ясан зүүлт, гахай, зарааны дүрстэй танан чимэг, дугуй ба сар хэлбэрийн гоѐл чимэглэлийн зүйл, 10,5 см урт захыг нь ирлээгүй хос хутган ялтас, хоѐр захыг нь сэлтлэн ирлэж зассан 6 ш жижиг хутган ялтас зэргийг дагалдуулан тавьсан байжээ. Норовлиингийн булшны оршуулгын зан үйлтэй холбоотой бас нэг сонирхолтой зүйл бол хүнээ оршуулахын өмнө ухсан нүхэнд болон хүнээ оршуулсны дараа түүний дээр их хэмжээний улаан зосон будаг цацсан явдал юм. Ийнхүү неолитын үеийн оршуулганд зос хийсэн тохиолдол Дорнод аймгийн Зүүн Өлзийт уулын булшинд мөн ажиглагдсан бөгөөд энэ нь зосоор цусыг төлөөлүүлсэн ба хүний хойд насны тухай ойлголттой шууд холбоотой болно. Неолитын үед тус оронд оршин суугчид нас барсан хүнээ булж оршуулдаг ба оршуулгын зан үйл нь өвөрмөц байсаныг дээр дурдсанаас харж болно. § 4. НЕОЛИТЫН ҮЕИЙН УРЛАГ Неолитын үеийн урлагийн дурсгалд Монгол орны нутгаас олддог хадны зосон зургууд, чимэглэх урлагийн дурсгалууд багтана. Судлаачид Зураагийн Улаан хадны төрлийн зосон зургийг неолитын үед холбогдуулан авч үздэг. Энэ төрлийн зургийн гол илэрхийлэх шинж нь “X” маягийн солбисон хоѐр зураасан тэмдэг, ганц ба хэд хэдэн эгнээ босоо зураасан тэмдгүүд, дугуй, гурвалжин хэлбэрийн тэмдгүүд юм.
Энэ төрлийн “X” маягийн солбисон хоѐр зураас, босоо зураасан тэмдэг бүхий зосон зураг Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын Цоорхойн агуй, Уянга сумын Шурангийн улаан хад, Арвайхээр хотоос баруун урагш 32 км-т орших Баглуур хад, Төв аймгийн Зуун мод, Дундговь аймгийн нутаг Гэр
39
чулуу, Архангай аймгийн Жаргалант сумын Улиастын гол, Дулааны үзүүр, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрхан, Хэнтий аймгийн Биндэр сумын Бичиг хад, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Баян-Өндөр сумын Саальтын агуй, Цагаан магнайн агуйгаас тус тус олдоод байна. Баглуур хадны зурагт бараг бүхэлдээ “X” маягийн солбисон хоѐр зураас босоо зураасан тэмдгүүдийн хослолоос бүрдсэн бол, Зуун модны зурагт дээрхи хоѐр тэмдэг хоѐул харьцангуй цөөн тоогоор байхын зэрэгцээ зууван дугуй, хагас саран, ац маягийн, зууван дөрвөлжин, нэг тал нь задгай зууван дөрвөлжин тэмдгүүд, янгирын дүрс зэрэг харьцангуй олон төрлийн тэмдгүүд байна. Улиастын голын зурагт эгнэсэн босоо зураас, “X” солбисон хоѐр зураас, хүн, салаа оройтой малгайтай хүнийг тоймлон дүрсэлсэн зургууд зонхилж байхад, Дулааны Үзүүрийн зурагт эгнэсэн олон босоо зураас гурвалжин цээжтэй хүнийг тоймлосон зураас голчилж байна. Гэр чулууны зурагт мөн эгнэсэн босоо зураасууд, “X” маягийн сольбисон хоѐр зураасан тэмдэг, цөөн янгирын дүрсүүд байгаагийн зэрэгцээ онц сонирхолтой нь хүний гарын алганы хоѐр дүрс байгаа явдал юм. Үүнийг дүрслэхдээ гарын хурууг сарвайлган алгаар нь хадан дээр тавиад хуруу болон алгаа тойруулж зосоор будаж зуржээ. Эдгээр гарын алганы зургийг судлаачид “цэвэр палеолитын аргаар” дүрсэлсэн хэмээн үздэг билээ. Цагаан агуй, Саальтын агуй, Цагаан магнайн агуйн зурагт “X” маягийн солбисон хоѐр зураасан тэмдэг, босоо зураас голчилох ба хоѐр гараа дэлсэн хүний зураг бас тааралдаж байна. Монголын неолитын үеийн урлагт чимэглэх урлагийн дурсгал тодорхой байр сурь эзэлдэг. Чимэглэх урлаг нь гол төлөв ахуйн хэрэгцээний янз бүрийн сав суулга, тавилга, зэр зэвсэг, бөс даавуу, хувцас хунар, төрөл бүрийн гоѐл чимэглэл зэрэг уран хийцтэй эд юмс бүтээдэг уран бүтээлийн олон салбарыг хамаардаг бөгөөд түүнчлэн материаллаг ба оюун санааны үнэт бүтээлийг бүтээх хүрээнд давхар багтдаг байна. Одоогийн байдлаар монгол нутгаас олдоод байгаа неолитын үеийн чимэглэх урлагийн дурсгалууд дотор Норовлин уулын булшны хэрэглэгдэхүүнүүд онцгой байр суурь эзэлдэг. Чулуун онго. Энэхүү онго зууван урт, бүтэн баримал хэлбэртэй, хүний нүүрний дүрсийг зууван байдалд зохицуулан маш нарийн уртай сийлж, дараа нь сайтар зүлгэж өнгөлсөн байна. Хүнийг нарийн саран хөмсөгтэй, дүгрэг том нүдтэй, урт шулуун, хамартай, жижигхэн цомбогор уруул, амтайгаар дүрсэлжээ. Онго нь хөндлөн огтлолоороо зууван хэлбэртэй бөгөөд түүний дээд үзүүрт зүүх тусгай нүхтэйн дээр, доод хэсгийн хоѐр хажууд тус бүр дөрөв, нийт найман хэрчлээс гаргасан байна. Ясан зүүлт. Амьтны соѐогоор хийсэн, хоѐр үзүүртээ нүх бүхий саран хэлбэртэй чимэг зүүлт. Гахайн дүрстэй танан чимэг. Бөөрөнд нь хадах хоѐр нүхтэй хийсэн бөгөөд тэрхүү хоѐр нүхний хооронд элэгдэж ховил гарснаас үзэхэд нэлээд урт хугацаагаар эдэлж байсныг гэрчилнэ. Гахайг том хоншоортой, богино хүзүүтэй, бүдүүн богино хөлтэй дүрсэлжээ. Зараа хэлбэрийн чимэг. Нимгэн хавтгай танын хажуу ирмэгт нэг дөрвөлжин, түүнээс залгуулж эргэн тойрныг хөрөөний шүд мэт хошуу гарган урлажээ. Энэхүү чимгийн дээд хэсэгт хадах хоѐр нүх гаргасан байна. Хэрлэн голын Устын дэнжээс олдсон дугуй чулуун эдлэл. Энэ эдлэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэн голын дээд гүрний орчимд хийсэн малтлагын явцад илэрч олсон юм. Тэрээр 8,3 см голдочтой голдоо 2,5 см голдочтой нэвт нүхтэй, 2,6 см зузаан. Голын нүхнээс дугуйн гадаад хөвөө рүү 12 нарийн зураасыг хоѐр хоѐроор нь үзүүрийг солбиж хээлэн сийлжээ. Тойруулж зурсан хээ нь Дорнод аймгийн нутаг Тамсагбулгийн суурингаас гарсан зүүний ясан гэрэн дээр зурсан хээтэй ижил төстэй байгаа бөгөөд нүүрэн тал болон хажуу талын аль алинд 12 зураас гаргасан нь нэлээд сонирхолтой төдийгүй эртний цагалбар байж болох талтай ба ямар ч атугай чимэглэх урлагийн дурсгал болох нь маргаангүй. Урьд нь үүнтэй төстэй дундаа нүхтэй чулуун эдлэлүүдийг Туул, Хэрлэн голын сав, Хэнтий аймгийн Рашаан хад, Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэн Баян Улаан уулын өврөөс олж байжээ. Эдгээр эдлэлийг модон царилын хүндрүүлэгч ачаа, загасны торны ачаа болгон ашиглаж байжээ. Дээр дурдсан эдлэлүүдээс гадна Загасны чулуун дүрсний хугархай, загасны хэлбэртэй үр тариа цайруулах самбар чулуу Дорноговь аймгийн Дулааны говь, Сүхбаатар аймгийн нутгаас олдсон байна. Неолитын үеийн чулуун онго, гоѐл чимэглэл, гахайн дүрстэй хадмал, загасны хэлбэртэй самбар чулуу зэрэг нь нэг талаас урлагийн бүтээл төдийгүй, нөгөө талаас эд зүйл, гоѐл чимэглэл бөгөөд бүхэлдээ орон зайн чимэглэх урлагийн дурсгал болно.

No comments: