Wednesday, October 30, 2013

§ 4. Палеолитын Үеийн урлагийн дурсгал

 Палеолитын үеийн хүмүүсийн оюуны соѐл, ертөнцийг үзэх үзлийг тодорхойлон судлахад тэдний үлдээсэн урлагийн дурсгалууд эн тэргүүн чухал хэрэглэгдэхүүн болдог. Археологийн хайгуул судалгаагаар олддог палеолитийн үеийн урлагийн дурсгалын тоонд арслан зааны соѐогоор хийсэн эмэгтэй хүний дүрсүүд, чулуу, ясан дээр сараачин сийлсэн
элдэв төрлийн дүрс тэмдэгтүүд, агуй хонгилын хана хаданд зурсан зураг зэрэг багтдаг байна. Палеолитын үеийн хамгийн эртний урлагийн дурсгал анх Францын Ориньяк хэмээх агуйгаас олджээ. Эндээс олдсон Венера хэмээн нэгэнт нэрлэгдэж заншсан яс чулуугаар хийсэн эмэгтэй хүний дүрс хожим Франц, Итали, Австри, Чех, Оросын палеолитын суурингаас олдсон билээ. Дээд палеолитын үеэс эртний хүмүүс өөрсдийн орогнон амьдарч байсан агуй хонгилынхоо хана болон хаданд араатан амьтдыг зурж дүрслэх болжээ. Эртний анчид өдөр тутмын амьдралтай нь салшгүй холбоотой, амь зуулгынх нь амин сүнс болж байсан араатан амьтдын зан ааш, хөдөлгөөн бүрийг ихэд гярхай ажиглан мэддэг байсан нь хад чулуунаа тэдгээрийг бодитой, ихэд уран чадамгай дүрсэлснээс харж болно. Хаднаа зураг зурахдаа палеолитын үеийн хүмүүс байгал дээр элбэг тааралддаг шороон будаг буюу улаан хүрэн зосыг, агнасан араатан амьтдынхаа өөхтэй хольж зураг зурдаг байсан бололтой. Эртний зураачдын үлдээсэн зургуудаас харахад одос үхэр, арслан зааны дүрс голллох байр эзэлдэг байна. Палеолитын үеийн хадны зосон зургийг анх 1879 онд Дон Марселино де Саутуоло гэгч Испанийн Альтамирын агуйгаас олж илрүүлжээ. Газар зүйн байршлын хувьд палеолитын хадны зургууд харилцан адилгүй бүс нутагт тархсан байх боловч Франц, Испанийн Франк-Кантабрийн бүс нутагт харьцангуй их хэмжээтэй байдаг байна. Палеолитын үеийн хүний үлдээсэн гайхамшигт зосон зургууд бүхий томоохон газруудын тоонд Ляско, Альтамир, Фон-де-Гом, Труа-Фрер, Нио, Комбаррель зэрэг агуй ордог байна. Манай орны өгүүлэн буй үеийн хадны зосон зураг Ховд аймгийн Манхан сумын нутаг Хойт Цэнхэрийн агуйд байдаг. Хойт Цэнхэрийн агуйн цайвар өнгийн хананд ан амьтан, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсэг зургийг өтгөн улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан туяатай, улаан шаргал өнгийн зосон будгаар зуржээ. Агуйн мухрын тааз болон хананд олон тооны ан амьтан, тэмдэг сэлтийг бие бие дээгүүр нь давхардуулан зуржээ. Энд тайван зогсож байгаа буга, данхар том эвэртэй одос үхэр, арслан заан, тэмээн хяруул, аргаль, янгир зэргийг дүрсэлсэн байна. Үүнээс гадна 8 м өргөн, 10 м урттай өөр нэгэн хонгилын хананд хоѐр бөхтэй тэмээ, мод, олон тооны тэмдэг дүрс зэргийг зурсан байна. Хойт Цэнхэрийн агуйн хананаа зурсан зургууд Өрнөд Европын дээд палеолитын үеийн зургуудтай урласан арга барил, зурсан будгийн өнгө, ан амьтдыг дүрсэлсэн арга барил зэргээрээ адил төстэй гэдэг нь судалгаагаар нэгэнт нотлогджээ. Академич А.П.Окладников Хойт Цэнхэрийн агуйн хадны зургийг судлаж, “урлагийн эхлэл, түүний үндэс, анхны үүсвэр өрнө дахинд байсан шиг дорно дахинд Төв Азийн гүнд байсан” гэж эрдэм шинжилгээний чухал дүгнэлт гаргасан юм. Хойт Цэнхэрийн агуйн зургийг палеолитын үед хамруулан авч үзэх нэг онцлог нь янгир, тэмээн хяруулын дүрс зургийг дагалдуулан гаргасан хуруугаар дарсан мэт толбууд бөгөөд энэ нь тэрхүү зурсан амьтнаа олон дахин давтан зурахын оронд тэдгээр толбоор төлөөлүүлэн үзүүлдэг палеолитын үеийн урлагийн нэг онцгой шинж билээ. Палеолитын үед хамаарах хадны сийлмэл зургууд Ховд аймгийн Манхан сумын Ишгэн толгой, Буянт сумын Чандмань хар үзүүр, Увс аймгийн Сагил сумын Хад үзүүр, Хэнтий аймгийн Батширээт сумын Рашаан хад зэрэг газраас олдсон бөгөөд бүгдийг бодит байдлаар дүрсэлжээ. Чандмань Хар үзүүрийн зураг. Ховд аймгийн Буянт сумын нутаг Ховд хотоос зүүн тийш 13 км-т голынхоо урд эрэгт орших өнчин ганц толгойг Чандмань Хар үзүүр гэж нэрлэх бөгөөд толгойн баруун талын том толигор хаднаа олон тооны амьтдын зургийг хонхойлон цохиж сийлсний зэрэгцээ түүний ар ба зүүн хажуугийн хаднаа цөөн зургийг цоолборложээ.
29
Энд гол төлөв сүрэг амьтдыг тэгш тольгор хаднаа дүрслэхдээ амьтны биеийн гадаад ерөнхий тэгийг хонхойлон гаргах, амьтны дүрийг бүх талбайгаар нь хонхойлон цохиж урлах, амьтны ерөнхий тэгийг гаргаад улмаар цээжин хэсгийг бүх талбайгаар нь хонхойлж их биений хэсэг хадыг хөндөлгүй орхих гурван барилыг хэрэглэсэн байна. Чандмань Хар үзүүрийн хадны зургийн гол сэдэв бол ан амьтан бөгөөд үүнд адуу, үхэр, буга, аргаль, янгир голлох ба чоно, үнэг, могой зэрэг амьтдыг ч цөөвтөр дүрсэлсэн байна. Амьтдыг тайван, тогтуун байдалтай ихэд сүрлэгээр дүрсэлсний зэрэгцээ тэдгээр амьтдын эр, эм хүйсийг тод томруун гаргахдаа басхүү сонирхолтой аргыг хэрэглэсэн байна. Жишээлбэл: буга, үхэр, адууны эр хүйсийг танигдахаар дүрсэлж харин гүү зэрэг эх амьтны хүйс эрхтэнийг бус харин унага төлтэй нь хамт дүрсэлсэн ажиглагдана. Харин эр амьтдыг хүйсний харалдаа доор дугуй хонхор гарган дүрсэлжээ. Дурдсан амьтдаас гадна ганц нэг хүн, тэмдэг зэргийг бас урласан тохиолдоно. Чандмань Хар үзүүрийн хадны зургийн сэдэв, сийлбэр дүрслэлийн арга барилаар төдийгүй зураг хонхойлж сийлсэн хад он удаанаар нар салхинд идэгдэж улмаар байгалийн хадны өнгөнөөс бараг ялгагдахгүй болсноос үзэхэд ч энд амьтдын зургийг сийлснээс хойш хэдэн мянган жил өнгөрсөн нь илэрхий. Судлаачид Чандмань Хар үзүүрийн хадны сийлмэл зургийн дотроос үхэр, адуу, хандгай зэрэг амьтны зургийг чулуун зэвсгийн үед холбогдуулан үздэг. Эдгээр зургаас Чандмань Хар үзүүрийн хаданд сийлсэн нэгэн үхрийн зургийг төлөөлүүлэн авч үзье. Босоо том эвэртэй, урт биетэй, богино хөлтэй үхрийн ерөнхий тэгийг хонхойлон цохиж гаргаад, их биеийн хэсгийн доторхи талбайг хөндөлгүй товгор хэвээр үлдээсний гадна түүний гэдсэн доор нэгэн дугуй тэмдэг цохиж гаргасныг судлаачид амьтны “эм хүйс, үржлийг” бэлгэдсэн утгатай тэмдэг хэмээн тайлбарлаж улмаар ерөнхий дүрслэлийн байдлаар чулуун зэвсгийн үеийн шинжтэй зураг гэж үзсэн байна Ишгэн толгойн хадны зураг. Монгол Алтайн нурууны ар биеэс эх авсан Урд Цэнхэр, Дунд Цэнхэр, Хойд Цэнхэрийн гурван гол Ховд аймгийн Манхан сумын төвийн орчимд нийлж урсах ба түүний хөндийд орших хоѐр жижиг хадан толгойн нэг болох Ишгэн толгойн хаднаа үхэр, адуу, буга, янгир, тэмээ зэрэг амьтдын дүрсийг хадны толион дээр гол төлөв ганц нэгээр урласан байх бөгөөд зургийн сийлсэн өнгө хадны байгалийн өнгөнөөс бараг ялгарахгүй болж зөвхөн гараар тэмтрэхэд сийлмэл зурагтай болох нь мэдэгдэх төдий байна. Ишгэн тол-гойн хадны ихэнх зураг түүний хойт талд өөрөөр хэлбэл салхин талд нь зонхилсон байдалтай байна. Ишгэн толгойн хаднаа нийт 150 дүрс сийлснээс хүн 1, адуу 18, үхэр 13, буга, хандгай, гөрөөс 19, тэмээ 1, янгир 17, аргаль 11, могой 5, бар 3, тэмдэг дүрс 9, чухам ямар амьтан болох нь тодорхой танигдахгүй амьтдын дүрс 53 байна. Энд дан зэрлэг амьтдыг дүрсэлсэн бөгөөд дүрслэхдээ амьтдын биеийн ерөнхий тэгийг хүрээлэн цохиж гаргах, бүх талбайг хонхойлон цохих хоѐр үндсэн барилыг хэрэглэн тухайн амьтны дүрсийг бодит байдлаар харуулахдаа яг байгаагаар хуулбарлалгүй онцлог шинжийг нь цохон бодитойгоор дүрсэлж зарим эрхтэнүүдийг орхигдуулсан нь ч тохиолдоно. Үхрийн том эвэр, адууны чих, сүүл, бугын олон салаа эвэр, барын арьсны судал, тэмээний бөх зэргийг цохон урлахын зэрэгцээ, янгирын махир эврийг гоѐмсог байдалтай нум хэлбэртэй гаргаж нуруунд хүргэлгүй дүрсэлсэн байхад аргалийн эврийг тал дугуй хэлбэрээр хүзүүтэй нь давхардуулан махирлуулсан байна. Ишгэн толгойн хаднаа амьтны биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж зөвхөн толгойн хэсгийг бүх талбайгаар хонхойлон дүрсэлсэн буй нь Монголын чулуун зэвсгийн урлагийн нэгэн онцлог арга билээ. Амьтдын ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж гаргаад түүний зүрхний харалдаа хонхойлон цохисон ба хүзүү нуруунаас доош хөндлөн зураас гаргаж хонхойлсон байх нь олонтой бөгөөд ийм барил Ховд аймгийн Чандмань Хар үзүүрийн зурагт мөн ажиглагддаг. Ишгэн толгой ба Чандмань Хар үзүүрийн зургийн аль алинд том адууны дэргэд жижиг адуу (унагатай гүү) дүрсэлсэн хийгээд энэ хоѐр газрын хадны зураг нийт дүрсэлсэн амьтад, дүрслэлийн арга барил зэрэг бүхий л талаараа ижил төстэй зэргээрээ нэгэн үед хамаарах нь тодорхой юм. Ишгэн толгойн зурагт амьтны гадаад тэгийг хөвөөлөн цохиж гаргаад түүний хэвлий, хөл хоѐрыг залгалгүй дутуу орхисон тохиолдол байдаг. Үүнтэй ижил дүрсэлж буй амьтныхаа зарим хэсгийг дутуу орхисон зураг Хойт Цэнхэрийн агуй дахь хуучин чулуун зэвсгийн зосон зурагт мөн тааралддаг. Мөн аргаль, гөрөөс зэргийг Ишгэн толгой ба Хойт Цэнхэрийн агуйн зурагт тун адилхан зурсан ба аль алинд нь хоѐр бөхтэй тэмээний зураг байна. Ишгэн толгойн хаднаа могойн зураг нилээд хэд буй нь палеолитын үеийн зурагт элбэг тохиолддог дүрслэл билээ. Амьтны хүйсний харалдаа доор зууван тэмдэг дүрсэлсэн зураг палеолитын үед холбогдох ОХУ-ын Шишкиний хясааны адуу, үхэр, бугын зурагт байдаг билээ. Үүнтэй ижил дүрсэлвэр Ишгэн толгой хийгээд Чандмань хар үзүүрийн зурагт байгаа бөгөөд түүнийг судлаачид эм амьтны хүйс, амьтдын үржлийг билэгдсэн тэмдэг хэмээн тайлбарладаг билээ.
Ишгэн толгойн хадны зураг нь Чандмань Хар үзүүрийн чулуун зэвсгийн үеийн зурагтай сэдэв, зохиомж, дүрслэлийн арга барил бүхий л талаар адил ба Хойт Цэнхэрийн агуй, Шишкиний хясааны палеолитын үеийн зурагтай гол гол үндсэн шинжээрээ ижилсэж байгаа тул зургийн сийлбэр, сийлсэн
30
арга барил, дүрсэлсэн амьтад зэргээр нь судлаачид эдгээр зургийг палеолитын дээд үед холбон үзэж байгаа юм. Монгол орон түүний хөрш зэргэлдээ нутгаас урьд өмнө чулуун зэвсгийн үед холбогдох барын зураг олдож мэдэгдээгүй бөгөөд харин Ишгэн толгойн хаднаа дурдсан зэрлэг амьтдын хамт цөөн тоогоор барыг дүрсэлсэн нь сонирхолтой юм. Манай оронд палеолитын үед бар нутаглаж байснаас түүнийг үзсэн, мэддэг төдийгүй хад цохионоо дүрслэн үлдээжээ. Хад үзүүрийн хадны зураг. Увс аймгийн Сагил сумын нутагт Монгол, Оросын хилийн заагаас 5 км орчим зайтай хойноос урагш сунаж тогтсон Хад үзүүр гэдэг хадтай жижиг хар толгойн чанх урд ба баруун урд талын хаданд янгир, буга, үхэр, адуу, чоно, хүн зэргийн зуу гаруй дүрсийг хонхойлон цохиж сийлсэн бөгөөд дүрслэлийн арга барил төдийгүй он цагийн хувьд өөр өөр үед холбогдох ажээ. Энд эртний зурган дээр хожуу үеийн зургийг давхарлуулан сийлсэн тохиолдол ч байна. Эдгээр зургаас зөвхөн палеолитын үед хамаарах цөөн зургийн тухай өгүүлье. Хад үзүүрийн урд талын хадны төв хэсэгт хамгийн тохиромжтой толигор хэсгийг эзлүүлэн нэгэн том үхрийн ерөнхий тэгийг хонхойлон цохиж бодит байдлаар дүрслэхдээ түүний сүүл, босоо эвэр, хоѐр салаа омруу (хөөлүүр), эр хүйсийг цохон үзүүлсний гадна хэвлий дор нь зууван дугуй хонхор цохиж гаргасан байна. Энэ зураг бусдаас том бөгөөд дүрслэлийн арга барилын хувьд палеолитын үед холбогдоно. Үхрийн дээд талд зүүн тийш явж буй таван үхрийг нэг эгнээ, тэдгээрийн дээгүүр баруун тийш явж буй хоѐр үхрийг нэг эгнээ бүх талбайгаар нь хонхойлон цохиж дүрсэлжээ. Тус зургийн зүүн дээд талд зүүн тийш харсан нэг том үхрийн өөдөөс харсан хоѐр үхрийг дүрсэлсэн байна. Эдгээр үхрийн салаа, омруу, эвэр зэргийг онцгойлон цохон үзүүлсний гадна тавыг нь нуруу ачаа буюу бөхтэй мэт дүрсэлсэн нь онц сонирхолтой бөгөөд харин дээрхи бухын зургаас хожуу үед холбогдох юм. Энэ зургийн баруун дээд талд хоншоороо чанх дээш өргөн хүзүүгээ нугалсан олон салаа эвэртэй том бугыг хэвтэж байгаагаар ихэд чадмаг урласан байна. Түүний дээрээс янгир, бугын жижиг дүрсийг хожим давхарлуулан хонхойлон цохиж дүрсэлжээ. Хад үзүүрийн баруун талын ганц том хадны урд талын хавтгайд нэг том бугын дүрсийг бүх талбайгаар нь хонхойлон цохиж нилээд бодитой урлахдаа түүний хэвлий доор зууван хонхор цохиж гаргажээ. Дурдсан үхэр, бугын хоѐр том зураг бусдаас хэмжээгээр том төдийгүй тэдгээрийн зарим дээр нь хожуу (хүрэл зэвсгийн) үед буга, янгирын зургийг давхарлуулан сийлсэн, байршлын хувьд хадны хамгийн тохиромжтой зайг сонгон авсан зэрэг нь эдгээр зургийг сийлэхээс өмнө энэ хаданд өөр зураг сийлээгүй байсныг харуулахын зэрэгцээ бусад зургаас илүү эрт үед сийлсэн гэж үзэх боломжийг олгож байна. Нөгөөтэйгүүр буга, үхрийн хэвлий доор зориуд зууван хонхор гаргаж дүрслэх нь палеолитын үеийн хадны зургийн тогтвортой нэг шинж билээ. Бага Ойгор, Цагаан салаагийн зураг. Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутаг Бага Ойгор, Цагаан салаа голын савд олон мянган хадны зураг байдаг бөгөөд үүний дотроос палеолитийн үед зарим зургууд холбогдоно. Өөд өдөөсөө харсан хоѐр арслан зааны дүрсийн гадна талаар нь хөвөөлөн цохиж хошууг дээш өлийлгөн богино хөлтэй, уртлаг биетэй дүрсэлжээ. Зүүн талын арслан зааны хажуу доор дугуй дүрс цохиж гаргажээ. Эндээс холгүй өөр нэгэн хаданд, урт хошуугаа унжуулан зогсч буй арслан зааныг бөмбөгөр толгойтой, уртлаг биетэй, богино сүүлтэй дүрслэхдээ эр хүйсийг цохон үзүүлжээ. Түүний цээж өргөн урд хөл нь урт, хойд хөл нь богино юм. Мөн Цагаан салаагийн нэгэн хаднаа урт хошуугаа унжуулан зогссон арслан зааныг дүрсэлжээ. Ийнхүү Монгол нутагт хуучин чулуун зэвсгийн үед амьдарч байгаад мөхөж сөнөсөн арслан зааны зураг шинээр нэмэн олдож буй нь энэ үеийн урлагийн дурсгалын тархцын хүрээг тэлж, улам баяжуулж байна. Рашаан хадны зураг. Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн нутаг Биндэр уулын зүүн урд хормойн цохиотой үзүүр болох Рашаан хад орчимд эртний булш олонтойн гадна түүний дэргэдээс палеолит ба неолитын үеийн чулуун зэвсэг, хүрэл, Хүннү, Кидан, Монгол гүрний үед холбогдох шавар сав, сумын зэв зэрэг олдвор элбэг олддог. Эндхийн хаднаа хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн дундад зууны үеийг хүртэл ан амьтан, хүний зураг, хэдэн зуун тамга тэмдэг сийлж орхон-енисей, кидан, араб-перс, монгол, түвэд, манж зэрэг хорь орчим бичээс үлдээжээ. Рашаан хаднаа түүхийн өөр өөр үед хамаарах хэдэн зуун тамга тэмдэг, хүн амьтны дүрс зураг нь байдаг бөгөөд хуучин чулуун зэвсгийн үед ч хамаарах зургууд байдаг. Рашаан хадны палеолитын үеийн зураг түүхийн хожуу үед холбогдох бусад зургаас дүрсэлсэн амьтан, дүрслэлийн арга барилаараа өвөрмөц юм. Үүнд, арслан заан, савгат хирс хожуу үеийн зургуудаас хэмжээгээрээ том төдийгүй, амьтдын дүрсний гадаад хүрээг харьцангуй өргөн гарган дүрсэлж, түүний ерөнхий төрхийг гаргахыг хичээснээс бус, түүнийг нарийн уртай, байгаа байдлыг яг хуулбарлан гаргахыг эрмэлзээгүй байдал ажиглагдаж байна.
Рашаан хадын баруун дээд наран талын ханан хаданд хэсэг амьтан дүрсэлсний хамгийн зүүн дээд талд өндөр сэрвээтэй, богино бүдүүн хөлтэй, урт хошуутай арслан зааны ерөнхий тэгийг
31
хөвөөлөн цохиж гарган зурсан байна. Тус хадны зүүнтэй хоорондоо давчиг зайтай хоѐр том хавтгай ханан хад байгаагийн хойт талын хаданд богинохон модгор сүүлтэй, богино нарийвтар хөлтэй салаа туурайтай амьтны дүрсийг бүх талбайгаар хонхойлон цохиж сийлжээ. Энэхүү амьтны цээжин хэсгийг анхнаас нь огт дүрслэлгүй орхисон байна. Рашаан хадны “олон зуун тамгат хавтангаас” зүүнтэй орших нэгэн том хавтгай хадны наран талын хавтгайд зүүн тийш сүрэглэн явж буй байдалтай гурван том амьтныг дүрсэлжээ. Эдгээр нь сүрлэг том биетэй, богино хөлтэй, хоншоороосоо дээш ээтийж гарсан соѐо мэт эвэртэй савагт хирс бөгөөд тэд дөрөвдөгч галбын мөстлөгийн сүүлчийн үед манай оронд амьдарч байгаад мөхөж үгүй болсон юм. Монгол, Оросын эрдэмтэд Рашаан хадны палеолит, мезолитын үеийн сууринг малтан шинжлэх явцад 1,5 м гүнээс савагт хирсний шүд олдсон нь тэрхүү амьтан тухайн нутагт амьдарч байсныг давхар баталж байна. Судлаачид, Рашаан хадны зургуудыг судлан палеолитын үед хамааруулан үзэж “Ази тивийн энэ хэсэгт их эрт үед хүн нутаглаж, орон нутгийн бат бэх уламжлалтай олон мянган жилийн турш хөгжсөн палеолитын соѐлын нэгэн голомт байсан” хэмээх дүгнэлтэд хүрчээ.

No comments: