Wednesday, October 30, 2013

§ 5. МЕЗОЛИТ, НЕОЛИТЫН ҮЕИЙН АЖ АХУЙ, НИЙГЭМ СОЁЛЫН АСУУДАЛ

Археологийн судлал 2002

Мезолитын үед дэлхийн бөмбөрцгийн хойт хэсэгт мөсөн бүрхүүл хайлж, байгаль, цаг уур, хүрээлэн буй орчинд ихээхэн өөрчлөлт орж, хүн амьтны аль алин нь шилжин нүүх их хөдөлгөөнд орсон юм. Төв Ази, Монгол, Сибирийн нутагт арслан заан, савагт хирс мөхөн үгүй болж, цаа бугын сүрэг хойт туйлруу нүүдэллэн оджээ. Умар зүг нүүдэллэж одсон амьтдын нүүдлийг дагаж хүмүүсийн их нүүдэл болж, Төв Азиас Умард Америк хүртэл хүн нүүдэллэн очиж суусан байна. Палеолитын үеийн
хүмүүсийн агнаж, их мах авдаг байсан том ангууд ийнхүү үгүй болсон нь тэдэнд арга буюу олон тооны жижиг ан агнаж урьд нь том ан агнахдаа хэрэглэж байсан шигээ их хэмжээний мах олж авах шаардлагатай болжээ. Үүнтэй уялдан тэд ан агнадаг зэвсгээ илүү дэвшилттэй сайн зэвсгээр өөрчлөх шаардлага гарч иржээ. Урьд нь палеолитын үеийн анчид байгалийн чулуу, мод болон бороохой, жад зэргийг ан агнуурт хэрэглэж байсан бол мезолитын үед модны уян хатан чанарыг мэдэж, ашиглан сэдэж хийсэн хамгийн анхны механик хүчийг ашигласан зэвсэг болох нум сумыг зохион бүтээж хэрэглэсэн байна. Нум сумын мөсийг модоор зэвийг чулуу, ясаар хийдэг байжээ. Мезолитын үеийн сумын чулуун зэв Хэнтий аймгийн Рашаан хад, Өвөрхангай аймгийн Мойлтын ам зэрэг олон соѐлт давхрага бүхий суурингуудын дээд давхрагууд болон Дорноговь аймгийн Дулааны говь зэрэг суурингуудаас элбэг олддог бөгөөд хэлбэр төрхийн хувьд хэд хэдэн янз байдаг. Нум сумыг хэрэглэх болсноор ангийн аж ахуйн хөгжилд чухал түлхэц болж, цөөн хэсэг хүмүүс ан агнуур хийж амьдрах чадварыг эзэмшсэн нь цаашдаа овгийг жижигрүүлэн цөөн хүнтэй, хөдөлгөөнтэй, овгийн тоог олон болгож улмаар өөрчлөхөд хүргэсэн байна. Олон мянган жилийн турш эртний хүмүүсийн эрхэлж ирсэн ангийн аж ахуйн хөгжлийн үр дүнд мал аж ахуй үүсч буй болох урьдчилсан нөхцлүүд бүрэлдэж эхэлсэн юм. Түүхэн урт хугацаанд хүмүүс аливаа ан амьтдын амьдрах орчин, тарга хүчээ авах цаг үе, амьтан сүрэг дотроо болон өөр амьтдын сүрэгтэй харьцах байдал, зан төрхийн талаар арвин их мэдлэгтэй болсон нь тэднийг гаршуулж, гэршүүлэх арга ухааныг сэдэж буй болгосон бөлгөө. Мал аж ахуй үүсч буй болох түүхэн үйл явц нь малыг гаршуулах, гэршүүлэх гэсэн хоѐр үе шаттай түүхийн урт удаан хугацааг дамжсан юм. Эртний хүмүүс ан амьтадтай зэрэгцэн нутаглаж тэднийг өөртөө дасгах, үр төлийг нь суурин буудалдаа олж авч ирж, тэжээх, амьтдыг сүргээр нь ганга, хавцал хясаанд хөөж оруулан хашиж шахаж агнах, тэднээс барьж авах, удаан хугацаагаар хашин дасгах зэрэг боломжтой бүхий л аргаар амьтдыг гаршуулж эхэлсэн ажээ. Гэвч амьтдыг гаршуулах улмаар гэршүүлэх үйл явц нь тэр бүр санасанчлан амжилтанд хүрдэггүй төвөгтэй үйл ажиллагаа байжээ. Дэлхий дахинд мал аж ахуй бие даан үүсч буй болсон цөөн хэдэн том голомт байсны нэг нь Монгол орон байсан юм. А.П.Окладников, А.П.Деревянко, Д.Дорж нар амьтдыг гэршүүлэх үйл явц болон Монгол оронд мал аж ахуй үүссэн он цагийг неолитын үед холбогдуулан үзэж байсныг түүнээс хойш хийсэн судалгааны дүнд бид урагшлуулан мезолитын үед холбогдохыг тогтоосон юм. А.П.Окладников Монголын неолитын дурсгалууд, тухайлбал, амьтдын ѐслолын оршуулга-Хэрлэн, Халх голын савд оршуулсан үхрийн толгой, адууны яс, Монголын хадны зураг зэргийг судалж, Төв Азийн неолитын үеийн аймгууд адуу, үхрийг бие даан гэршүүлсэн гэдэг дүгнэлтэд хүрчээ. Дараагийн алхамыг тэд хүрэл зэвсгийн үед хийж, Төв Азийн нүүдэлчин аймгуудын мал аж ахуйн соѐлын өвөрмөц өндөр хөгжилтэй бүхэл бүтэн цогцыг бүтээсэн юм. Монгол орон эрт цагт төрөл бүрийн ан амьтан түүний дотроос таван хошуу мал болон цаа бугын өвөг зэрлэг амьтдаар нэн баялаг байсан билээ. Монгол адууны өвөг тахь, илжигний өвөг хулан, тэмээний өвөг хавтгай, хонины өвөг аргаль, ямааны өвөг янгир, цаа бугын өвөг зэрлэг цаа буга одоо хир Монгол оронд зэрлэг хэвээрээ идээшин амьдарч байна. Харин сарлаг ба монгол үхрийн өвөг одоо зэрлэгээрээ уламжлагдаж ирсэнгүй, Монгол нутагт эрт цагт амьдарч байсан энэ хоѐр төрлийн зэрлэг үхрийг бүгдийг нь гаршуулж гэршүүлчихсэн ч байж болох юм. Монголын мезолит, неолитын үеийн овог, аймгууд амьтдыг байгалийн билчээрт нь идээшлүүлэн хадлан тэжээл бэлдэлгүйгээр гаршуулж, гэршүүлсэнд Монголын мал аж ахуйн үүсэл гарал, цаашдын хөгжлийн гол онцлог нь оршино. Дорнод аймгийн Тамсагбулаг, Овоот, Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Зуух, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Билүүт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Устын дэнж, Батширээт сумын Өглөгчийн гол, Рашаан хад зэрэг неолитын сууринд хүмүүс урт удаан хугацаагаар амьдарч байсан болох нь тогтоогдсон юм. Тамсагбулаг, Овоотын сууринд хүмүүс зууван дөрвөлжин хэлбэрийн орой дээвэртээ гаргасан нүхэн өрхөөр орж гардаг том хагас газар сууц барьж суудаг байсны ор улбаа хадгалагдан үлджээ. Баянзаг, Зуухын сууринд суугчид хөнгөн маягийн урцархуу сууцанд суудаг байжээ. Тэр урцны үлдэгдэл болох гуч гаруй гал голомтыг тойрч дугуй талбайд хаягдсан хэдэн мянган чулуун зэвсэг Зуухын суурингаас олдсон билээ. Дорнот аймгийн Тамсагбулаг, Овоот, Норовлин уул неолитын үеийн суурин ба булшийг малтахад бүгдээс нь монгол төрхийн хүний яс олдсон бөгөөд неолитоос өмнө үед холбогдох хүний яс Монгол нутгаас хараахан олдоогүй байна. Неолитын үеийн аймгуудын нэг хэсэг нь ус нутаг сайтай газар удаан хугацаагаар сууж амьдарч байхад нөгөө ихэнх хэсэг нь жижиг жижиг овгоороо нүүдэллэн явж амьдардаг байсныг гэрчлэх түр зуурын буудлууд Монгол нутгаас олон арваараа олдсон билээ. Неолитын үед анхны зээтүүт газар тариалангийн эх үүсвэр тавигдсан юм. Гэвч эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол оронд газар тариалан далайцтай хөгжиж чадаагүй юм. Үр үндэс, нунтаглаж боловсруулах зууван дөрвөлжин хэлбэрийн самбар чулуу, бөөрөнхий урт гулууз маягийн нухуур, том бөөрөнхий толгойтой, бариулыг нарийсган зассан нухуур чулуу неолитын үеийн суурингаас олонтой олддог нь мөнхүү үр үндэс түүх аж ахуй болон эгэл зээтүүт тариалан эрхэлж байсныг гэрчлэх хэрэглэгдэхүүн юм.
Монгол оронд оршин суугчид наанадаж МЭӨ III мянган жилийн тэртээгээс тариалан эрхлэж байсны баримт болох амуу будаа цайруулах самбар чулуу, чулуун нүдүүр, нухуур, хөрс сийрүүлэх чулуун зээтүү, газар сэндчиж ухахад хэрэглэж байсан мод буюу ясан царилыг хүндрүүлэхэд
41
зориулсан ачаа болох голдоо нэвт нүхтэй 10-15 см-ийн хэмжээтэй дугариг чулуун эдлэл зэрэг зүйлс Тамсагбулагийн суурингаас нэлээд хэмжээгээр олдсон байна. Газар тариалантай холбоотой ийм төрлийн зүйл Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн нутагт мөн багагүй бий бөгөөд тэр үеийн цаг агаарын таатай нөхцөл болон Монголын эртний шүхэр ба толгойт будааны өсгөврийн төрлөөс эх авсан нутгийн бэлэн үр тарианы үндсэн дээр МЭӨ III мянган жилийн дундуур эгэл зээтүүт тариаланг үүсгэн эрхэлж байсны тодорхой гэрч мөн болно. Сүхбаатар аймгийн Онгон сумын нутгаас загасны хэлбэртэй (ам, заламгай, сүүлийг дүрсэлсэн) том хэмжээний үр үндэс, тариа цайруулах хавтгай самбар чулуу олдсон нь газар тариалан, загас агнуур хоѐр суурьшмал аж ахуйн холбоог илэрхийлсэн маш ховор, сонин дурсгал юм. Энэ самбар чулуу нь дээрх хоѐр аж ахуйг эрхлэгчдийн нэгдмэл үзэл, сүсэг бишрэл, урлагийн таашаалыг илэрхийлж буйд түүний онцгой ач холбогдол оршино. Хэнтий аймгийн Батширээт сумын Рашаан хад, Цэнхэрмандал сумын Устын дэнж зэрэг газар малтан шинжилсэн неолитын үеийн суурингуудаас болон Онон, Хэрлэн, Туул, Орхон, Онги, Сэлэнгэ, Дэлгэр мөрөн зэрэг томоохон голуудын хөндийгөөс чулууг дугуй хэлбэртэй засч, голд нь нэвт нүх гарган хийсэн модон царилны хүндрүүлэгч чулуун ачаа олон тоогоор олдсон билээ. Тиймэрхүү чулуун ачаагаар хүндрүүлсэн модон царилаар газар сэндийлэн нүх ухах зэргээр тариалангийн газрыг боловсруулдаг байсан бололтой. Мөн тийм ачааг загасны торны ачаа, юм нүхлэх, гал гаргах гар өрөмний хүндрүүлэгч ачаа болгон хэрэглэдэг байжээ. Ан гөрөөнөөс гадна загасчлах явдал неолитын үеийн хүмүүсийн аж ахуйд багагүй үүрэг гүйцэтгэж байжээ. Үүний жишээ нь Дорнод аймгийн Овоот уулын урд хормойд малтсан сууцнаас гарсан загас агнах сөрлүүр ясан жад, Дорноговь аймгийн Дулааны говь, Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, Өмнөговь аймгийн Баянзаг, Увс аймгийн Зүүнговь сумын нутаг зэрэг газраас олдсон чулуун илбээс загас, Дулааны говиос чулуугаар хийсэн загасны дүрс, Сүхбаатар аймгийн Онгон сумын нутгаас олдсон загасны хэлбэртэй үр тариа цайруулах том самбар чулуу юм. Неолитын үеийн хүмүүсийн аж ахуйд загас агнах явдал бага бус үүрэгтэй байсан нь тодорхой боловч үүнийг давхар гэрчлэх эд мөрийн ийм шууд баримт урьд өмнө Монгол орноос огт олдоогүй байсан билээ. Овоот толгойгоос олдсон сөрлүүрт жадны бариул тал нь хугархай. Урт нь 14 см, өргөн нь төв хэсгээрээ 0,7 см, үзүүрээрээ 0,5 см, зузаан нь 0,8 см байна. Гурван сөрлүүрийн үзүүрүүд нь бүгд хугарч эвдэрчээ. Ингэж газар тариалан, мал аж ахуй, ан агнуур, загасчлах энэ бүхнийг нэгтгэн авч үзэхэд Монголд неолитын аж ахуйн бүрэн цогцолбор бүрдсэн нь илт байна.

No comments: