Friday, October 25, 2013

ЗЭС ЧУЛУУ БА ХҮРЭЛ ЗЭВСГИЙН ҮЕИЙН ТҮҮХ, СОЁЛ.

1. ЭНЕОЛИТИЙН ҮЕ
Хүмүүс эртнээс өөрсдийн хэрэглэж байсан багаж зэвсгийг улам сайжруулан хөгжүүлсээр ирсэн бөгөөд неолитийн сүүл үеэс зэсээр багаж зэвсэг хийх болжээ. Зэс зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрсэн энэхүү зурвас үеийг хүн төрлөхтний түүхэнд энеолитийн буюу зэс чулууны үе хэмээн нэрлэдэг. Энеолит гэдэг нь энус (aeneus)- зэс, литос-чулуу гэсэн эртний грек үгнээс гаралтай. Энэ үед Ази Европын тал хээрийн бүс нутагт мал аж ахуй, газар тариалан дээр суурилсан үйлдвэрлэх аж ахуйн хүрээ улам өргөжиж, хөгжилтөд нь чанарын ахиц дэвшил гарчээ. Мал аж ахуй голлох аж ахуй болж Ази Европын өргөн уудам тал хээрийн бүс нутгийг бүрэн төгс эзэмших
боломжийг олгосон байна. Монгол оронд оршин суугчид Евразийн нүүдэлчдийн нэгэн адил ойролцоогоор МЭӨ III мянган жилийн эхэнд энеолитын үеийг дамжсан. Манай орны Өмнөговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Төв зэрэг аймгийн нутгаас эртний зэс малтаж байсан уурхай, ухмалууд олджээ. Үүний зэрэгцээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оюу толгой, Зэлт зэрэг газруудад буй эрт үед зэс малтаж байсан ухмалуудын орчмоос зэсийн хүдэр ухаж авахдаа ашиглаж байсан голоороо гурив ховил бүхий чулуун муна, алх, бахим нүдүүр олноор олдсон нь тухайн үеийн зэсийн хүдэр олборлолтын дүр зургийг нэхэн сэргээхэд ач холбогдол болохуйц эд өлгийн зүйлс билээ. Өмнөговийн Баянзаг, Гурван тэс сумын төв орчим, Дорнод аймгийн Хүйтэн булаг, Баянхонгор аймгийн Зоог, Зуух зэрэг газруудаас неолитийн үеийн чулуун зэвсгүүдийн хамт зэс, зэсийн хүдрийн хайлш гарсан байна. Зоог, Зуухын суурингаас неолит, энеолитийн үед хүн удаан хугацаагаар амьдарч байсны баримт болох 30 гаруй гал голомтын ор, 4000 гаруй эд өлгийн зүйлс, түүний дотор чулуун зэвсэг, шавар ваарны хагархай, зэс хайлуулж байсан жижиг чулуугаар барьсан хоёр зуух, зэсийн хайлш, загийн нүүрс зэрэг илэрчээ. Ховд аймгийн Манхан сумын нутгаас энеолитийн үед холбогдох аргаль угалзны толгойг маш урнаар сийлсэн том жижиг хоёр чулуун эдлэл олдсон нь тухайн үеийн урлагийн ховор сонин дурсгал юм. Нэг том эдлэл нь одоо Манхан сумын орон нутгийг судлах кабинетад хадгалагдаж байгаа бөгөөд 31,5 см урт, 4 см өргөн, 1,4 см зузаан (хөндлөн огтлолоороо зууван хэлбэртэй) хүрэн бор өнгийн нарийн ширхэгтэй чулууг зүлгэж засч хийсэн эдлэлийн нэгэн үзүүрт аргалийн толгойн дүрсийг сийлэхдээ нүд, зовхи, чих, эрүү хоншоорыг товойлгон урлаж, хамар, амыг цэг, нарийн зураасаар маш их уртай дүрсэлсэн байна. Үүнээс гадна Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа хар өнгийн урт нарийн чулуун эдлэлийн нэг үзүүрт аргалийн толгойн дүрсийг бүтэн барималаар сийлэхдээ түүний нүд, чих, эврийг товойлгон гаргаж ам, хамрыг зөвхөн нарийн зураас цэгээр гарган их л бодитой дүрсэлсэн чулуун эдлэлийг энеолитийн үед холбогдуулан авч үздэг. Энеолитын үед холбогдох хадны зургууд дүрслэл, дүрсэлсэн арга барилын хувьд өвөрмөц байдаг. Энэ үед холбогдох зургын тоонд Архангай аймгийн нутаг Чулуут голын хөндийн хаданд дүрслэгдсэн зургууд багтана. Эндхийн хаднаа олон цацаг бүхий хормойтой хувцас өмссөн хүмүүс, шовх оройтой малгайтай хүмүүсийн тоймлон зурсан зургууд, мөн данхар эвэртэй үхэр, буга зэрэг амьтдыг сийлсэн байдаг.
2. ХҮРЭЛ ЗЭВСГИЙН ҮЕ 
МЭӨ II мянган жилийн тэртээгээс Евразийн хээр тал нутагт хүрлээр хийсэн эдлэл өргөн тархаж эхэлжээ. Ойролцоогор МЭӨ II мянган жилийн тэртээ зэсийг цагаан тугалга, хар тугалгатай хольж хайлуулан хүрэл гэдэг шинэ холимог төмөрлөгийг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хүрэл зэвсгийн үе эхэлсэн. Хүрэл зэвсэгт шилжсэн үе нь эдийн соёлд гарсан хувьсгал байгаад зогсоогүй аж ахуй, нийгмийн харилцаанд ч үндсэн өөрчлөлт гаргасан юм. Шинэ металл болох хүрэл нь зэсээс хэд хэдэн давуу талтай байлаа. Юуны түрүүнд зэсийг бодвол хүрэл нь бага хэмийн халуунд хайлдаг. Зэс 1084 хэмд хайлдаг байсан бол, хүрэл 700-900 хэмд хайлдаг. Зэсээр хийсэн багаж зэвсэг хурдан мохож мөлийж элэгддэг бол хүрэл зэвсгүүд харьцангуй удаан элэгддэг байна. Хүрэл зэвсгийн үйлдвэрлэл явуулж байсны дурсгал болох хүдэр авдаг уурхай, хүрэл хайлуулдаг байсан зуух, хүрэл эдлэл цутгадаг хэв манай орны нутгаас нэлээд тоогоор олддог нь Монгол орон нь Төв Ази дах хүрлийн үеийн төвүүдийн нэг байсныг нотлох баримт болж байгаа юм. Тухайн үед ихэвчлэн хүхэржсэн хүдэрийг гарган авч боловсруулдаг байжээ. Хүдрийн нөөцөөсөө шалтгаалан уурхайн хэлбэр хэмжээ нь харилцан адилгүй байв. Хүдрийг юуны түрүүн алхаар цохиж жижиглэж авдаг байсан бололтой. Хагалагдахгүй хатуу газрынхыг гал түлж халаагаад, усаар хөргөж хагалж авдаг байсан. Гаргаж авсан энэ хүдрээ дараа нь тусгай хавтгай чулууун дээр тавьж, бөөрөнхий хэлбэрийн бахим том алхаар бутлаж, металлийг гаргаж авдаг байв. Дараа нь металлаа тусгай нүхэнд хийж хайлуулдаг байв. Хожим тусгай зориулалтын чулуун шанага, зууханд хайлуулдаг болсон. Нүхэндээ нүүрс, металл хоёроо үелүүлэн хийж шатаана. Шаталтын дүнд хайлсан хүдэр зориуд гаргасан тусгай жижиг нүхээр урсан гарч бэлтгэсэн жижиг нүхэнд орж хайлмагтан тогтсоны дараа гарган авч цэвэрлэн хэвэнд цутган багаж зэвсэг хийдэг байжээ. Цутгах хэвээ сланц, шохойн чулуу, элсэн чулуу, шавар, зарим үед металаар ч хийдэг байв. Хэвээ бэлтгэхдээ хийх гэж буй багаж зэвсгийнхээ хэлбэр хэмжээ, хээ чимэглэлийг нарийн ухаж гарган сайтар зүлгэдэг байжээ.Гол төлөв нэг талт хэвээр цутгадаг байсан боловч ур хийц нарийн, овор томтой зүйлийг 2 болон түүнээс дээш талтай хэвээр цутгадаг байв. Ийнхүү металл зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрсэн нь тухайн үеийн хүмүүсийн амьдрал төдийгүй нийгмийн хөгжилд гарсан түүхэн үйл явц байлаа.
3. ДӨРВӨЛЖИН БУЛШ
Дөрвөлжин булш нь Монголын хүрэл зэвсгийн үеийн археологийн томоохон дурсгалын нэг юм. Дөрвөлжин булш жижиг толгодын орой шил, даваа хөтөл дээр ганц нэг, хоёр гурваараа тохиолдохоос гадна тэднийг гол төлөв уулын энгэр, бэл, аманд мөн тэгш талын дунд нэг дор арваас хэдэн арав хүртэл тоотой хэсэг бүлгээр нь барьж байгуулсан байдаг. Дөрвөлжин булш дорнод Монголын талаас Алтайн уулс, Байгал нуураас Говь хүртэл өргөн тархсан археологийн томоохон дурсгал юм. Энэхүү булшийг үлдээгсэдийг бүхэл бүтэн нэгдмэл соёлд хамруулан авч үзсэн нь ч байдаг. Монгол орны нутаг дэвсгэр дээр ихээхэн элбэг байх нутгийн өвөрмөц шинж бүхий энэхүү булш судлаачдын анхаарлыг эртнээс татаж ирсэн төдийгүй, малтан шинжлэх, судлах ажил өнгөрсөн зууны сүүлийн хагасаас эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Дөрвөлжин булшийг гаднах зохион байгуулалтын хувьд үндсэн 4 хэлбэрт хуваан авч үздэг: 1. Дөрвөн буландаа өндлөр чулуутай, дөрвөн өнцөг хүрээтэй булш; 2. Дөрвөн талын хүрээ нь намхавтар хавтгай чулуун дараас бүхий булш; 3. Онцгой өндөр ханатай булш; 4. Дөрвөн тал нь дотогшоо хотгар ханатай булш; Дөрвөлжин булшийг оршуулгын зан үйл, ёслолын зориулалтаар нь а/ оршуулагын байгууламж, б/ тахилгын байгууламж гэж ерөнхийд нь хоёр ангилан авч үздэг. Дөрвөлжин булшийг тусгай хэмжээтэй, тогтож заншсан хэлбэрээр тодорхой дэс дараатай нарийн зохион байгуулалттай үйлддэг байжээ. Дөрвөлжин булшны зохион байгуулалтыг авч үзвэл, хайрцаглан хийсэн нимгэн хавтгай чулуун авсанд хүнээ оршуулж, том зузаан хавтгай чуулуунуудаар дарж таглан шороогоор булаад дээр нь хавтгай чулууг босгон эгнүүлэн дөрвөлжлөн зоож, дотор гадна хаяаг нь арай багавтар чулуугаар дарж бэхэлсэн байдаг. Хүнийхээ толгойг ихэвчлэн нар мандах зүг буюу зүүн зүг харуулан цэх байдалтайгаар дээш харуулан 50-150 см-ийн гүнд оршуулж, зарим цахиур чулуун зэвсгийн зүйл, хүрэл хутга, сумны зэв, хүрэл товч, товруу, морь малын дүрстэй хүрэл чимэг, хагас товгор хүрэл чимгүүд, модоор сийлсэн шувууны толгой, үсний алтан сүлбээр, шавар ваар, зэс, хүрэл хайлуулдаг чулуун шанага зэрэг олон төрлийн эд өлгийн зүйлс, малын толгой, чөмөг, дал болон бусад зүйлийг дагалдуулан тавьсан байдаг. Гол төлөв хүнийхээ толгой дор дэр болгон хавтгай чулуу тавьдаг байжээ. Дөрвөлжин булшны гаднах ерөнхий хэмжээ дундажаар 1,5 х 2,5 м-ээс 2,5 х 4,5 м байдаг. Харин Монгол орны төвийн бүс нутагт энэхүү дундажаас харьцангуй том булш ч тааралддаг байна. Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас илрэн олдож буй эд өлгийн зүйлсийг ерөнхийд нь зэр зэвсэг, байлдааны хэрэглэл, аж ахуй, хөдөлмөрийн багаж хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйлс хэмээн төрөлжүүлэн хуваан авч үздэг. Дөрвөлжин булш нь Монгол улсын нутаг болон Өвөр Байгалийн нутагт голчлон тархсан дурсгал бөгөөд Манжуур, Өвөрмонгол, Шинжааны нутагт бас тодорхой хэмжээгээр мэдэгдэж байна. Дөрвөлжин булшийг малтан шинжлэх ажлыг манай улсын нутагт Төв аймгийн Хэрлэн Туул голын сав газар, Өвөрхангай аймгийн Орхоны хөндий, Богд сумын Тэвш уул, Дундговь аймгийн өмнөт хэсэг, Хэнтий аймгийн Хэрлэн, Онон, Хурх голын сав, Булган аймгийн Эгийн голын сав, Дорнот Монголын тэгш тал болох Сүхбаатар аймгийн Мөнххаан, Эрдэнэцагаан сумдын нутаг, Дорнот аймгийн Баяндун, Цагаан овоо, Сэрэглэн, Гурван загал, Баян-Уул, Дашбалбар сумдын нутагт явуулж, одоогийн байдлаар ойролцоогоор 500 гаруй дөрвөлжин булшийг малтан судалжээ. Эдгээрээс зөвхөн 3 булшнаас гарсан зарим олдворт радиокарбоны арга хэрэглэн холбогдох он цагийг нь тогтоосон байна. 1970 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Залаа гэдэг газарт малтсан I дөрвөлжин булшнаас гарсан модны нүүрсний үлдэгдэлд хийсэн радиокарбоны шинжилгээгээр 2610+/-50 жилийн өмнө буюу МЭӨ III зууны үед, 1993 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Устын амны I дөрвөлжин булш 2300+/-70 жилийн өмнө буюу МЭӨ III-II зуунд, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын дөрвөлжин булш МЭӨ 845-805 оны үед тус тус холбогдож байна. Сүүлийн жилүүдэд явуулсан археологийн малтлагаас гарсан, хүрэл зэвсгийн үеийн зэр зэвсэг, байлдааны хэрэгсэлийн талаар цоо шинэ мэдээлэл өгсөн олдворууд бол Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын 2 дөрвөлжин булшийг малтахад олдсон хоёр хүрэл дуулга юм. Нэгдэх дуулга нь 22 см өндөртэй, 22 см урт, 16 см өргөнтэй сэнж бүхий ажээ. Хоёр шанаавчны доод ирмэг нь бүч сүвлэж болохуйц нүхтэй, дуулганы ирмэг захыг товойлгон эмжэн хүрээлсэн. 1 кг орчим жинтэй юм. Хоёрдах дуулга нь яльгүй том хэмжээтэй хийцийн хувьд онц ялгагдах зүйлгүй байна. Монгол орноос ихээхэн хэмжээгээр олддог зэр зэвсгийн төрлийн нэг сумны хүрэл зэв дөрвөлжин булшны малтлагаас цөөвтөр тоотой олдсон ба харин түүврээр олон тоотой олджээ. Зэвийг хоёр ба гурван хянгат, хавтгай онгит, шилбэт гэх мэтээр хэлбэр төрхөөр нь ангилан үздэг. Хүрэл зэвүүд нь олон төрөл байдаг бөгөөд хол, ойрын, хөнгөн, хүнд, шархдуулах зэрэг ялгаатай байжээ. Мөн түүнчлэн хүрэл зэвсгийн төгсгөл үед хүрэл толгойтой төмөр шилбэтэй зэвийг хийх болсон байна. Үүнээс гадна мөн ясааар хийсэн зэвүүд дөрвөлжин булшнаас олддог байна. Дээр дурдсан дайн байлдааны зориулалттай зэр зэвсгийн олдворууд нь зэр зэвсгийн төрөл зүйл зэргийг илтгэн хааруулаад зогсохгүй хүрэл зэвсгийн үеийн оршин суугчдын оюуны соёл, металл боловсруулалтын түвшин, арга ажиллагааны хөгжилтийг харуулах баримт юм. Монгол орны хүрлийн үеийн гоёл чимэглэлийн зүйлсийн олдвор дотроос хамгийн сонин содон олдвор бол Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш ууланд малтсан дөрвөн хажуу хана нь дотогшоо хүнхэр дөрвөлжин булшнаас гарсан аргалийн толгойн хэлбэртэй хоёр алтан сүлбээр юм. Энэхүү хоёр сүлбээр ур хийцийн хувьд тун ойролцоо боловч нэгэнд нь 6, нөгөөд нь 8 шигтгээний нуух байна. Аргалийн толгой хүзүүг нилээд загварчлан дээш өлийлгөж хоншоорыг монхор нарийнхан, нүдийг том дугуй, эврийг данхар махир гаргасан ба түүний ар шилнээс сүлбээрийн их биеийг залгуулан ихэд нарийн уялдаатай урлажээ. Сүлбээрийн их биеийн дээд хэсгийг хэдрэгний ир мэт биржгэрээр хоёр хажууг шаталсан биржгэрээр, тус тус чимсэний гадна аргалийн нүд чих сүлбээрийн нууханд ногоон оюу шигтгээ суулгаж гоёл чимэглэлийн өнгө хорших аргыг хэрэглэсэн байна. Энэ нь алт, мөнгөнд үнэт чулуун шигтгээ суулган өнгө хорших арга Монгол нутагт хүрэл зэвсгийн үед үүсч улмаар Хүннү улсын үед ихэд дэлгэрэн чимэглэх урлагийн нэгэн бие даасан нарийн арга болтлоо хөгжснийг харуулах бодит баримт юм. Дөрвөлжин булшнаас олон тоотойгоор олдсон эдлэл бол янз бүрийн хэлбэр хэмжээ дүрслэлтэй хүрэл товруунууд юм. Хувцасны болон бүсний чимэг болох хүрэл товруунууд нь хийгдсэн байдлаараа чимэглэлтэй, чимэглэлгүй хэмээн хоёр хуваагддаг. Чимэглэлтэй товруунуудад голчлон ан амьтан, буга, баавгай, морь, чоно, шувуу зэргийг дүрсэлсэн байхаас гадна төрөл бүрийн хээ угалзыг чимэг болгон дүрсэлж байжээ. Хүрэл товруунуудын хэмжээ дунджаар 5-50 мм байдаг. Араатан амьтдыг бодит байдлаар болон загварчилан дүрслэх үндсэн хоёр аргаар дүрсэлсэн байдаг. Дүрслэлийн хоёрдахь аргыг нь амьтныг загварчилан дүрслэх арга хэмээн нэрлэдэг. Евразийн хээр талын бүс нутагт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн дүрслэх урлагт амьтныг загварчилан дүрслэх арга өргөн тархжээ. Энэ аргын онцлог нь хэд хэдэн зүйлийн амьтдыг бүтнээр нь буюу тэдгээрийн биеийн зарим хэсгийг тогтсон нэг барилаар гол шинжийг тодруулан гаргаж бодит ба загварчлалын аль алиныг хослуулан хэрэглэж амьтдын дүрийг бүтээдэгт оршино. Дөрвөлжин булштай төстэй боловч хүний оршуулгагүй, тахилга ёслолын байгууламж тааралддаг. Тахилгын энэхүү байгууламж нь олон тоогоороо байгаа дөрвөлжин булшны ойролцоо голчлон байдаг байна. Энэхүү байгууламжид адуу малыг хойлоглон тавьсны зэрэгцээ зарим эд өлгийн зүйлс тухайлбал ваар сав суулга зэргийг тавьдаг байжээ. Хойлго үйлдсэн малын толгойн тавьсан чиг нь дөрвөлжин булшинд нас барагчтай хамт тавьсан малын толгойн чигтэй адил байдаг байна. Тахилгын ийм байгууламжийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Элст хөтөл, Бөгсийн гол; Өвөрхангай аймгийн Хужирт сумын Майхан толгой; Төв аймгийн Алтанбулаг сумын Жаргалантын гол зэрэг газруудад малтан шинжилсэн байна.
4. ХИРГИСҮҮР
Хиргисүүр нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн өвөрмөц дурсгал юм. Манай орны нутаг дэвсгэрт хиргисүүр маш өргөн хэмжээгээр тархсан байдаг бөгөөд харин бусад булшуудыг бодвол харьцангуй бага малтан судлагдсан ажээ. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай юм. Нэгдүгээрт, хиргисүүрийг цогцлон бүтээхдээ маш их хүч хөдөлмөр зарж, асар олон чулууг овоолон, том дугуй чулуун дараас үүсгэн байгуулсан байдаг учир малтан судлахад их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагддаг. Хоёрдугаарт хиргисүүрийн ихэнх нь тахилга тайлгын зориулалттай учир шинжилгээний хэрэглэгдэхүүн болохуйц эд өлгийн зүйлс маш ховор гардаг. Эдгээр учир шалтгааны улмаас хиргисүүрийг тэр бүр нарийвчлан судлалгүй явсаар ирсэн байна. Хиргисүүрийг үйлдэгчид нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нүүдэлчид байсан гэдэг нь түүний дөрвөлжин булш, буган хөшөөтэй нэг дор нэгэн цогцолбор болон оршин байдгаас илэрхий. Манай орны нутаг дэвсгэр дээр байгаа хиргисүүрүүд нь гаднах хэлбэр төрх зохион байгуулалтын хувьд янз бүр байдаг. Судлаачид Монгол орны Төв болон Баруун бүс нутаг даруй гуч орчим төрлийн хиргисүүр байгааг тэмдэглэсэн байна. Гэхдээ энэ бүгдэд зохион байгуулалтын нэгдмэл арга ажиглагддаг. Энэ нь юуны түрүүнд бүх хиргисүүрүүд том хэмжээний дугуй овгор чулуун дараастай байдагт оршино. Уг дараасаа тойруулан чулуу эгнүүлэн зоож дугуй, дөрвөлжин хүрээ татсан байдаг бөгөөд энэ хүрээний дотор болон гадна талаар чулуу овоолон шигтгэсэн олон тооны дөрвөлжин, дугуй жижиг байгууламжуудыг байгуулсан байдаг. Зарим хиргисүүрүүдийн хүрээ нь давхар байх ч тохиолдол байдаг. Мөн зарим хиргисүүрүүдийн голын овгор дараасаас эхлэн хүрээ хүртэл дөрвөн зүгт нь чулуу шигтгэн суулган зам буюу цацраг гаргасан тохиолдол ч байна. Хиргисүүрүүд хэмжээний хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд зарим газарт 100 гаруй м голдоч бүхий хиргисүүрүүд ч таараллдаг. Одоогийн байдлаар манай орны нутаг дэвсгэрт цөөн тооны хиргисүүрийг малтан судлаад байна. Тухайлбал 1988 онд МЗТСХЭ-ийн хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн дурсгал судлах анги Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ойролцоо 5 хиргисүүрийг малтан судалжээ. Эдгээрийн хоёр нь гадуураа дөрвөлжин хүрээтэй, уг хүрээний дөрвөн буланд чулуун жижиг дараастай, үлдсэн гурав нь гадуураа хүрээгүй байсан байна. Гурван булшнаас оршуулгын шинж тэмдэг илэрсэн бөгөөд нөгөө хоёр нь тахилга тайлгын байгууламж байсан байна. Монгол-Францын хамтарсан экспедиц 1997 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын савд 3 хиргисүүр, Монгол-Америкийн хамтарсан археологийн экспедиц 1999 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын Байрамын шилд нэгэн том хиргисүүрийг малтан шинжилсэн нь мөн нь л тахилга тайлгын байгууламж байжээ. Байрамын шилийн хиргисүүр 3 м өндөр, 22 м голдоч бүхий чулуун дараастай, дарааснаас дөрвөн зүгт дөрвөн өргөн зам татаж 60 м голдоч бүхий гаднах дугуй цагираган хүрээтэй холбосон байна. Хүрээ ба замын өргөн нь 3 м болно. 2001 онд Монгол-Бельгийн хамтарсан археологийн экспедици булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Харбухын голны баруун эрэгт нэгэн хиргисүүрийг малтан шинжилсэн байна. Энэ хиргисүүр нь гадна талаараа 25х27 м хэмжээтэй дөрвөлжин хүрээтэй. 9 м голдоч бүхий овоолсон чулуун дараастай байсан бөгөөд гадна хүрээний зүүн талд хоёр эгнээ 8 чулуун дагуул байгууламжтай. Зүүн талд мөн 5 дагуул байгууламжтай байжээ. Зүүн талын дагуул байгууламжуудыг малтан үзэхэд 30-50 см-ийн гүнд нэг нэг адууны толгойг хиргисүүр лүү харуулан тавьсан байна. Хиргсиүүрийг малтах явцад дараас чулууны дороос газар ухалгүй өнгөн хөрсөн дээр тавьж дээрээс нь чулуугаар дарсан хүний оршуулга илэрчээ. Хүнээ толгойг нь баруун тийш хандуулан тэнэгэр байдалтай дээш харуулан хэвтүүлж оршуулсан байна. Хүнээ дагалдуулан тавьсан ямар нэгэн эд өлгийн зүйлс олдоогүй боловч дараас чулууг цэвэрлэх явцад чулууны завсар хоорондоос гайхалтай сайн хадгалагдсан хүрэл ооль олдсон ажээ. Судлаачид хиргисүүрийг МЭӨ II мянган жилийн төгсгөл МЭӨ I мянган жилийн эхэн үед холбогдуулан авч үздэг бөгөөд бүтэц зохион байгуулалтыг нь авч үзвэл, нас барагсадаа гол төлөв баруун болон баруун хойд зүг рүү чиглүүлэн тавьдаг байсан нь тодорхой байна. Мөн ихэнх тохиолдолд булшны нүх ухалгүй газрын хөрсөн дээр хүнээ тавин чулуугаар дарж оршуулдаг байсан нь тогтоогдсон.
5. БУГАН ХӨШӨӨ
Буган хөшөө бол Монгол болон Төв Азийн нутаг дэвсгэр дээр хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршин сууж байсан овог аймгийн түүх соёлын гайхамшигтай дурсгалын нэг билээ. Гонзгой урт чулууг засч, гурав зааглан, оройн хэсэгт нар сар, доогуур нь олон эгнээ хонхор, эх биеийг ороолгон төв хэсэгт сүрэг бугыг загварчилсан байдалтайгаар ихэд сүрлэг сийлж, бас доогуур нь бүс татан зэр зэвсгийг зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулууг буган хөшөө хэмээн нэрлэдэг. Хөшөөнөө дайчин эрийн зэвсэг болох чинжал хутга, билүү, байлдааны алх, нум, хоромсого, жад, бамбай, толь дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн байдаг ба мөн бугын дүрсний оронд буюу завсар зайд адуу ирвэс, янгир, зээр зэрэг амьтад хааяа дүрсэлсэн байдаг. Ази, Европ тивийн хээр талын бүс нутагт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед өргөн тархсан түүх соёлын гайхамшигт дурсгал болох буган хөшөөг эрдэмтэд 100 орчим жилийн тэртээгээс судлаж энэ завсар 700 орчим буган чулуун хөшөөг олж илрүүлжээ. Эдгээрээс хамгийн их буюу 550 орчим нь Монгол улсын нутгаас олджээ. Буган хөшөө голдуу 1-4 м м гаруй өндөр, 20-50 см зузаан, 30-80 см өргөн хэмжээтэй бөгөөд түүнийг үйлдэхдээ цоолбор, сийлбэр, уран баримлын аргуудыг хэрэглэсэн гэж хэлж болно. Бугаан хөшөөг хэд хэдээр нэг дор босгож, тэднийг тойруулан хэдэн арваас хэдэн зуу хүртэлх тахилгын жижиг чулуун өрлөг байгууламж, том дугуй далантай хиригсүүр, булш, дөрвөлжин булш зэргийг байгуулж, бүхэл бүтэн цогцолбор дурсгалыг бүрдүүлсэн байх нь олонтоо. Мөн буган хөшөөг, булш үйлдэхэд ашигласан зэргээс үзэхэд оршуулгын зан үйл, өвөг дээдсийг шүтэх шүтлэгтэй холбоотой нь маргаангүй харагдаж байна. Буган хөшөөг хэлбэр төрхийн хувьд үндсэн гурван төрөлд хуваан авч үздэг. Үүнд: Нэгдүгээрт: Монгол-Өвөрбайгалын бугын загварчилсан дүрст бүхий буган хөшөө Хоёрдугаарт: Саян-Алтайн амьтны “бодит” дүрст буган хөшөө Гуравдугаарт: Ази-Европын амьтны дүрсгүй буган хөшөө хэмээн ангилдаг байна. Эхний төрөлд хамаарах буган хөшөө тооны хувьд хамгийн олон байдаг бөгөөд манай орны Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутагт олдоод байгаа боловч гол шигүү тархсан төв нь Хангай, Хэнтийн уулсын орчны нутаг юм. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Хануй багийн (хуучин сум) төвөөс зүүн тийш Хануйн голын хойт дэнжид олон жижиг, 2-3 м голточтой дугуй далангаас бүтсэн том дөрвөлжин дугуй хэлбэрийн тахилын байгууламжууд хиригсүүр, том дөрвөлжин хашлага болон бусад байгууламж арван буган хөшөө бүхий ёслол оршуулгын цогцолбор дурсгал байдаг. Энд буй бүх хөшөөнөө бугыг загварчилан дүрсэлсэн бөгөөд нар, сар, зэр зэвсэг, гоёл чимэглэлийг сийлжээ. Эдгээр хөшөөнөөс жишээ болгон нэгийг авч үзвэл, хөшөөг 2,5 м өндөр, 0,48 м өргөн, 0,2 м зузаан саарал өнгийн боржин чулуугаар үйлджээ. Хөшөөний орой ташуу бөгөөд хөшөөг дээгүүр нь нэг эгнээ олон хонхор гаргаж, доогуур нь өргөн бүс сийлж гурав хуваажээ. Хөшөөний өргөн нүүрэн талын дээд оройн хэсэгт том жижиг хоёр онги (нар, сар), дунд хэсэгт арван бугын дүрсийг загварчилан урласны дотор гурван бугын цээжин хэсэг, нэг эх бие бусад нь бүтэн буга байна. Бугануудын дүрсний дунд хир нэг дугираг дүрсийг (толийг) бүх талбайгаар нь хонхойлон цоолборложээ. Бугануудыг хоншоороор нь хөшөөний зүүн дээд тал руу жишүүдүү хандуулж дүрсэлсэн ба харин хамгийн зүүн доод өнцгийн зайд дүрсэлсэн жижиг бугыг хөшөөний хажуу ирмэг рүү хоншоороор нь хандуулан эврийг эгц дээш босгон салаалуулж дүрсэлжээ. Эдгээр буганы доогуур 6 см өргөн бүс татаж нэгэн жижиг зууван эдлэлийг зүүж дүрсэлжээ. Бүснээс доош нэг бүтэн буга, хоёр дахь бугын цээжин бие, гуравдахь бугын эврийн хэсгийг дүрсэлжээ. Хөшөөний баруун хажуугийн дээд оройн хэсэгт дүрс урлаагүй ба харин дунд хэсэгт долоон бугын дүрсийг урласнаас хоншоорыг зүүн дээш жишүүдүү хандуулан дүрсэлсэн дөрвөн бүтэн буга, нэг бугын цээжин хэсэг, нэг бугын эх бие, өөр нэг бугын бөгсөн бие (нүүрэн талд буй бугын) байна тэдгээрийн доогуур өргөн бүс татаж бөгтөр мөртэй хүрэл хутга, билүү зүүж дүрсэлжээ. Хөшөөний өргөн ар талын дээд оройн хэсэгт том жижиг хоёр онги (нар, сар) дүрслээд дооогуур нь нэг эгнээ олон хонхор гаргаж зааглан дунд хэсэгт есөн бугыг дүрсэлсний дотор хөшөөний орой руу хоншоороор нь жишүүдүү хандуулсан зургаан бугыг хос хосоор нь зэрэгцүүлж, хоёр бугын цээжин хэсэг нэг бугын эх биеийг дүрсэлжээ. Бугануудын зайд нум сум дүрсэлжээ. Тэдний доогуур өргөн бүс татаж, байлдааны алхан зээтүү, чинжаал, хоромсог зэргийг зүүж дүрсэлжээ. Хөшөөний баруун хажуугийн нарийн талын дээд орой ба доод хэсэгт дүрсгүй ба дунд хэсэгт таван бугыг хоншоороор нь хөшөөний оройруу жишүүдүү хандуулан дүрсэлжээ. Бугануудын доор бүснээс дээш таван талтай зууван хэлбэрийн бамбай дүрсэлсэн байна. Энэ бүхнээс үзэхэд тухайн хөшөөний эх биеийн зайг бүхэлд нь бугын дүрсээр (22 буга) битүү бүрхэхийг эрмэлзэхдээ зөвхөн бүтэн бугын дүрсийг хөшөөний нэг талд, заримдаа хоёр талыг дамнуулан, жижиг цулгуй зайд бугын цээжин хэсэг, эврийг, эсхүл жижиг бугыг багтааж дүрсэлжээ. Хөшөөнөө бугыг заавал хажуугаас харж ихэд гоёмсогоор урт хүзүүтэй, шовх өндөр сэрвээтэй, дугуйдуу бөмбөгөр хондлойтой, богинохон сүүлтэй, урт нарийхан хөлтэй дүрсэлдэг байжээ. Түүнчилэн бугын хоншоорыг шувууны хошуутай адил урт нарийн, эврийг хээ угалз мэт олон салаалуулан ар тийш нурууг дагуулан ихэд налуулж, зөвхөн хоёр салааг урагш гарган үзүүрийг өөд нь ээтийлгэн дүрсэлсэн байдаг. Бугын нүдийг томоор урлаж, эвэр хүзүү хоёрын хооронд нарийхан урт чихний дүрс цохиж гаргадаг бөгөөд хоёр хөлийг нугалан дүүлж харайж буй мэт хөдөлгөөн оруулж дүрсэлдэг. Хөшөөний их биеийг ороолгон сүрэг бугын эврийг ар тийш налуулж, хошууг өөд нь өлийлгөн бүгдийг харайж дүүлж буй мэт загварчлан дүрсэлснээс тэднийг хөнгөн хөдөлгөөнтэй ихэд тэмүүлэл бүхий дүртэй болгодог ажээ. Буган хөшөөний нэг талд бугын оронд адууг дүрсэлсэн хөшөө Архангай аймгийн нутаг Алтан сандлаас олдсон. Буган чулуун хөшөөний бүснээс зүүж хутга, билүү, чинжал хутга, жад, нум, сум, саадаг, байлдааны зээтүү, сүх, бамбай зэрэг зэр зэвсгийн зүйлсийг дүрслэх бөгөөд тэдний заримыг гоёж чимэн дээр нь хээ зураас, дугуй, дөрвөлжин, хонхортой цохиж гаргасан байдгийг нарийвчлан үзэх нь чухал юм. Жишээ нь, Архангай аймгийн Их Тамир сумын нутаг Баянцагааны голын хөндийгөөс олдсон нэгэн буган чулуун хөшөөнөө байлдааны зээтүү мэт зэвсэг дүрслэн, түүнийхээ дээр 7 ба 31 дөрвөлжин хонхор цохиж гаргасан монгол нутагт эрт цагаас хэрэглэгдэж ирсэн цагалбарын нэгэн хэлбэр байж болох талтай юм. Хоёрдахь төрлийн буган хөшөө Монгол улсын баруун талын Увс, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий аймгуудын нутагт илүү тархсан байдаг. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг Дөрөлжийн ам, Цагаан уул сумын нутаг Хөшөөт, Архангай аймгийн Их Тамир сумын нутаг Алтансандал уул, Тариат сумын Хурын ам, Ховд аймгийн Дарви сумын нутаг Чулуутын огтрох, Мөнххайрхан сумын Телегин ам, Мөст сумын Бодончын гол, Увс аймгийн Бөхмөрөн сумын Наран бэл, Баадайн ам зэрэг газруудаас олджээ. Дөрөлжийн амны өргөн хөндийд том хиригсүүрийн дунд босгосон дөрвөн буган хөшөөний нэгийг цайвар саарал өнгийн боржин чулуугаар хийсэн, 3 м өндөр, 0,4 м өргөн хэмжээтэй бөгөөд түүний оройн хэсэгт төвгөр гарган малгай мэт зүйлийг дүрсэлсэн ба хөшөөний оройн хэсгийг эргэн тойрон нэг эгнээ олон хонхор гаргаж доод талаар нь нарийвтар бүс татаж гурав заагласан байна. Хөшөөний баруун хажуугийн дээд оройн хэсэгт хоёр ташуу зураас, бүснээс зүүсэн хоёр үзүүр нь дээш тахийж ээтийсэн эдлэл, нүүрэн өргөн талын дээд хэсэгт онги (нар), дунд хэсэгт дөрвөн бугын нэгийг нь хөндлөн, гурвыг нь хөшөөний орой руу хандуулан цувуулж бодит байдлаар дүрсэлжээ. Зүүн хажуугийн дунд хэсгийн дээхнэ талд зогсч буй ганц буга, арын өргөн хажуугийн оройн хэсэгт онги /нар/, дунд хэсэгт таван бугыг хөшөөний оройруу хандуулан цувуулж, бодит байдлаар дүрсэлсэн ба бүсний доод талд чинжаал дүрсэлжээ. Энэ төрлийн хөшөөний өөр нэг өвөрмөц дурсгал бол Алтан сандлаас олдсон хөшөө юм. Түүний нүүрэн талын дээд хэсэгт онги (нар) нүүрэн ба баруун хажууг ороолгон эзлүүлж хоёр бугыг загварчилан дүрсэлсэн ба ба баруун талын нарийн хэсэгт эвхэрч цагирагласан ирвэс, хоромсого, арын өргөн талд дороо үзүүр нь хоёр салаалсан иштэй онги, нум сум, хоромсого, дугуй толь, жадны гилбэр зэргийг гурван адууны бодит байдлаар дүрсэлсэн зургийн хажуу завсаруудад цоолборолжээ. Энэ хөшөөний онцлог бол буган хөшөөний хоёр төрлийн шинжийг (бугыг загварчилан, амьтныг бодитой дүрсэлсэн) хамтад нь агуулж буйд оршино. Ийнхүү одоогийн байдлаар Монгол улсын нутгаас амьтныг бодит байдлаар дүрсэлсэн буган хөшөө нийтдээ 10 орчим олдоод байна. Буган хөшөөний гуравдах, өвөрмөц төрөл болох буга болон амьтдын дүрсгүй, харин нар сар, зэр зэвсэг, бүс зэргийг дүрсэлсэн хөшөө Монгол улсын баруун аймгуудын нутгаар цөөвтөр боловч тархсан байдаг. Энэ төрлийн хөшөөг төлөөлүүлэн Увс аймгийн Түргэн сумын Дэлгэр мөрөн багийн төвд буй 1,1 м өндөр, 0,4 м өргөн, 0,25 м зузаан хөшөөг авч үзье. Хөшөөний дээд хэсгээр нарийн ховилон хонхор тойруулан татаад нүүрэн ба ар талын дээд хэсэгт тус бүр нэг онги, хажуу нарийн талд ташуу гурван зураас зуржээ. Хөшөөний дунд хэсгийн урд талд алхан зээтүү, дунд талд тахир эдлэл, арын өргөн талд саадганд буй нум дүрсэлжээ. Дээрхтэй адил хөшөө мөн сумын Бурхутайн өвөр, Улаангом хотын хойт талаар урсах Хархираагийн голын Цагаан сай, Тариалан сумын Чигээчний голын баруун дэнж, Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг, Сонгино сумын Айраг нуурын орчим, Увс аймгийн Хяргас сумын Ширгэн хөндийгөөс, Баянхонгор аймгийн Пунцаг овооноос тус тус олдсон байна. Эрдэмтэд Төв Азийн нутагт өргөн тархсан дөрвөлжин булштай, буган хөшөөг он цагийн хувьд холбогдуулан авч үздэг хэдий ч дөрвөлжин булшийг үйлдэхэд буган хөшөөг авч ашигласан тохиолдол элбэг байгаа нь энэ хоёр дурсгалын он цагийн ялгааг харуулах чухал хэрэглэгдэхүүн болно. Тухайлбал, Архангай аймгийн Их Тамир сумын Баянцагаан голын адаг, Алтан сандал уулын бэл, Батцэнгэл сумын Шивэртийн ам, Эрдэнэмандал сумын Хөшөөн тал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хядагийн эх, Мөрөн хотын орчим Дэлгэр мөрний хөндий, Галт сумын Нүхтийн ам, Булган аймгийн Орхон сумын төв, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Шатар чулуу, Хэнтий аймгийн Дунд Жаргалантын гол зэрэг олон газар буй дөрвөлжин булшны өнцөгт буган хөшөөг босгож байсан төдийгүй, булшны хана болгон түүний сийлбэрүүдийг далд ортол булж суулган, бүр хэвтүүлэн ашигласан нь илэрчээ. Түүгээр ч барахгүй Шивэртийн амны 2-р дөрвөлжин булшийг хийхэд арван буган хөшөө, хоёр зурагтай чулуун хавтанг ашигласнаас дөрвөөр нь булшны гадна талын (хойт урд) хана босгож, зургаагаар нь булшны доторхи (газрын гүнд) авсны таг, хана, бүр шал хийжээ. Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Тэмээн чулууны аманд буй дөрвөлжин булшны өнцөгт нэгэн буган хөшөөний толгойг уруу харуулан босгосон байна. Эдгээр баримтаас хүрэл зэвсгийн эцэс, төмөр зэвсгийн түрүү үед хамаарах дөрвөлжин булшны өнцөгт хүрэл зэвсгийн дунд үед үүсч бүтээгдэж байсан буган хөшөөг түүний булангийн хөшөө болгон босгожээ гэж үзэхэд, түүний хажуу хананд сийлбэрийг далд ортол булсан, эсхүл бүр булшны нүхэн дэх авс хийсэн, толгойг уруу нь харуулж босгосон буган чулуун хөшөөг тэрхүү булшийг хийж үйлдэхэд зориулан жирийн материал болгон ашиглажээ хэмээн үзэхэд хүргэж байна. Энэ саналыг давхар бататгах бас нэгэн баримт бол булшны хажуу хана авсанд авч ашигласан буган хөшөө гол төлөв хугархай байгаагаас ч тодорхой. Булган аймгийн Орхон сумын Баруун могой, Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөрөөгийн үзүүр, Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уул, Бат-Өлзий сумын нутаг, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бугат зэрэг олон газраас олдсон хүрэл зэвсгийн үеийн хадны зурагт буган хөшөөн дээр бугыг дүрсэлдэгтэй адил амьтныг загварчлан дүрслэх аргын хэд хэдэн барилаар бугыг дүрсэлсэн байгаа нь буган хөшөөний он цагийг урагшлуулан авч үзэх бас нэг чухал хэрэглэгдэхүүн юм. Буган хөшөөний он цагийг тогтооход хамгийн чухал үндсэн тулгуур хэрэглэгдэхүүн бол түүн дээр сийлсэн зэр зэвсгийн зүйлс бөгөөд тэдний хэлбэр төрхийг нарийвчлан үзвээс буган хөшөө зарим эрдэмтдийн үзэж байснаас нилээд эрт үүссэн бололтой. Тухайлбал, Архангай аймгийн Их тамир сумын Арцтын амны буган хөшөөнөө сийлсэн бөгтөр мөртэй цагирган сэнжтэй хутга, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын орчим Дэлгэр мөрний хөндий, Уушгийн өвөр, Галт сумын төв, Булган аймгийн Орхон сумын төв зэрэг нилээд хэд хэдэн газраас олдсон зарим буган хөшөөнөө сийлсэн янгир, араатан амьтны толгойн хэлбэртэй иш тольт бүхий чинжаал хутгууд зэрэг зэр зэвсгийн зүйлс хүрэл зэвсгийн дунд үед ойролцоогоор МЭӨ II-I мянган жилд буюу МЭӨ XII-МЭӨ III зуунд холбогдох нь маргаангүй билээ. Буган хөшөөнөө буганаас гадна металл зэр зэвсгийг олонтой дүрсэлсэн байдгаас түүнийг металл зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрч, үйлдвэрлэхүй хүчин улам эрчимтэй хөгжсөнөөр, хүй нэгдлийн овгийн байгууллын дотоод зохион байгуулалтанд үндсэн өөрчлөлт оруулж, эцгийн эрхт ёс тогтсон тэр үед дайчин эр хүнд зориулан босгосон хөшөө гэж үзэх онолын үндэслэл байна. Буган хөшөөг хүрэл зэвсгийн эцэс төмөр зэвсгийн түрүү үеийн дөрвөлжин булшийг үйлдэхэд хөшөөг жирийн материал болгон өргөн ашигласан, түүн дээр хүрэл зэвсгийн дунд үед холбогдох зэр зэвсгийн зүйлсийг дүрсэлсэн, түүнийг баатар дайчин эр хүнд зориулан босгосон зэргээс манай ард түмний эртний түүх, урлаг, соёлын гайхамшигт дурсгал энэхүү сүрлэг баримал (монументальный скульптур) хүрэл зэвсгийн дунд үед үүсч төмөр зэвсгийн эхэн үеийг дуустал бүтээгдэж байжээ. Буган хөшөөний гарал үүслийн асуудал нэг мөр шийдэгдээгүй боловч хүрэл зэвсгийн дунд үед Монгол улсын нутагт үүсэн бүтээгдэж цаашид Тува, Байгалийн наад бие нутгаар тархсан нь буган хөшөөний тархалт зэргээс тодорхой харрагдаж байна. Түүнчилэн Төв Азийн нутагт 700 орчим буган чулуун хөшөө мэдэгдэж байгаагийн 80 орчим хувь нь Монгол улсын нутагт байгаа явдал нь ч үүний баталгаа болох юм. Буган хөшөө хэмээх гайхамшигт дурсгал анх Монголын төв нутагт хүрэл зэвсгийн дунд үед үүсч төмөр зэвсгийн түрүү гэхэд Монгол нутаг даяар түгэн дэлгэрч цаашдаа одоогийн Тува, Байгаль нуурын наад бие хүртэл өргөн тархсан ба улмаар Казакстан, Дундад Ази, Оренбургийн муж, Умарт Кавказ, Эльба мөрөний сав хүртэл цөөн тоогоор нэвтэрсэн суурьшмал иргэдийн дунд олон арваар бүтээгдэж байгаагүй нүүдэлчдийн дурсгал юм.
6. ХҮРЭЛ ЗЭВСГИЙН ҮЕИЙН ХАДНЫ ЗУРАГ
Монгол орны нутаг дэвсгэр дээр оршин амьдарч байсан хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн өөр нэгэн хосгүй дурсгал бол хадны зураг юм. Энэ үед холбогдох хадны зургийг улаан зосон, сийлмэл хэмээн ангилан авч үздэг. Улаан зосон зураг бол Монголын хүрэл зэвсгийн үеийн түүх соёлын нэгэн өвөрмөц дурсгал юм. Улаан зосон зургийг өөр өөр үед зурсан бөгөөд дүрс, утга агуулгаараа хорондоо өвөрмөц ялгаатай байдаг тул судлаачид хэдэн төрөл болгон ангилан судалж иржээ. Монгол орны хүрэл зэвсгийн үед холбогдох улаан зосон зургийн гол төлөөлөгч нь “Сэлэнгэ”-ийн төрлийн зосон зураг юм. Монголын хадны улаан зосон зургийн хамгийн өргөн тархсан дурсгал болох “Сэлэнгийн” төрлийн зосон зураг Улаанбаатар хотын дүүрэг Богд хан уулын Их тэнгэрийн ам, Гачууртын ам, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Гачуурын бичиг, Улаан-уул сумын нутаг Толжийн боом, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Зэлтэрийн голын Цагаан Оломын гарамны дэргэдээс, Хүйтний голын бичигт хад, Шарын голын Цагаан нуур, Хэнтий аймгийн Дадал сумын Балжийн хавцгай, Булган аймгийн Орхон сумын Баруун могой гол, Орхон гол, Бугат сумын Бичигт хад зэрэг газраас олджээ. Эдгээр зургууд нь ерөнхий сэдэв урласан арга барилын хувьд нэгдмэл байдагт гол онцлог нь оршдог.Энэ төрлийн зургийн бүхий л талын шинжийг агуулсан хамгийн сонгодог зураг бол Их тэнгэрийн амны зураг билээ. Эдгээр зургаа харахад дүрслэлийн төв хэсэгт нь дотроо олон дугуй толбо бүхий дөрвөлжин хашлага болон дугуй хүрээг зурсан байдаг ба түүний дээд талд далавчаа дэлгэсэн бүргэд шувуу, доогуур болон хажуу талаар нь хөтлөлцсөн хэдэн хүн, зэрэгцээ хоёр замаар адуу хөтлөн явж байгаа хүн зэргийг голчлон дүрсэлсэн байдаг. Энэ зураг нь хүрлийн үеийн овгийн нэгдлийг харуулсан баримт хэмээн судлаачид үздэг. Тэд дөрвөлжин хашлага буюу дугуй хүрээгээр овог аймгийг, түүний доторх олон толбоор овгийн гишүүдийг билигдсэн бөгөөд далавчаа дэлгэсэн шувуугаар тухайн овгийг хамгаалуулах гэсэн санааг илэрхийлсэн байж магадгүй хэмээн үзжээ. Их тэнгэрийн ам, Гачууртын ам, Хөвсгөлийн Бичигт булаг, Шарын голын Цагаан нуурын орчмоос олдсон зосон зурагт хоёр зэрэгцээ замаар цувж яваа адуу, морь хөтөлсөн хүнийг дүрсэлсэнтэй ижил сэдэв зохиомж бүхий сийлмэл зурагтай чулуун хавтанг хожим авч ашиглан хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшны доторхи чулуун авсны таг хийсэн нь Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Шивэртийн амнаас олдсон билээ. Энэ нь улаан зосон зураг их эртний үүсэлтэй болохыг харуулах сонирхолтой баримт юм. Монголын хүрэл зэвсгийн үеийн хадны улаан зосон зургийн өвөрмөц нэгэн төрөл бол “Тэмээн чулууны ам”-ны төрлийн зураг юм. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Тэмээн чулууны амны дөрвөлжин булшны ханын хавтгай чулуун дээр өрөөсөн гараа өргөөд эгнэж зогссон олон хүнийг дүрсэлсэн ба үүнтэй ижил эгнэж зогссон олон хүний зургийг Хэнтий аймгийн Бат�

No comments: