Wednesday, October 30, 2013

Уйгурын хаант улс

Уйгурын хаант улс байгуулагдсан нь.

Төв Азид ноёрхож байсан Түрэгийн хаант улс мөхсөний дараа түүний ор суурийг Уйгур улс эзэлж YIII-IX зууны үед Монгол нутагт төвлөрөн засаглажээ. Уйгур нь мөн Алтай хэлний бүлэгт багтах Түрэг угсаатан юм. Эртний хятадын түүхэнд Уйгурын уг удмыг МЭӨ III зууны үеэс эхлэн Динлин гэж тэмдэглэж байсан ба МЭ IY зууны үеэс Дили, Тэлэ гэж нэрлэх болсон байна. Уйгурын өвөг дээдэс нь өндөр дугуйтай тэрэг хэрэглэн нүүдэллэх тул Гаогюй (өндөр тэрэгтэн) гэж ч нэрлэж байжээ. МЭ-ий Y зууны үед дээрх аймгууд Хуй хэ, Ойхор, Уйгур гэдэг нэрийн дор түүхэнд тэмдэглэх болжээ . МЭӨ Y зууны үеэс Уйгурууд нь зүүн баруун хоёр хэсэг болон хуваагдаж, зүүн хэсэг нь Байгаль нуурын урдуур Сэлэнгэ, Орхоны сав газраар, баруун хэсэг нь Эрчис мөрөн, Балхаш нуур хоёрын хооронд нутаглаж байжээ. Тэд хожим Хүннүгийн холбоонд багтаж байсан ба тэднийг Хүннүгээс гаралтай гэж бичсэн зүйл ч бий. Тэд эрт дээр үеэс Хүннү, Сяньби, Тоба, Жужан, Түрэг нартай айлсан оршиж, тэдэнтэй байлдаж найрамдан, эрхшээлд нь орж, тусгаар улс болохын төлөө тэмцсээр ирсэн байна. Түрэгийн хаант улс бүрэлдэн бий болоход Теле аймгууд нь тэдний бүрэлдэхүүнд орсон ба ер нь Түрэгүүд тэдний цэрэг зэвсгийн хүчин чадлаар аян дайнд амжилт олж байсан гэдэг . Тэгээд ч эрдэмтэн Г.И. Рамстедт <<Уйгурын эр хүн болбол саадаг жад илд тэргүүтэн эрийн багажийг сайхнаар барих эрдэмтэн байсны тул, дайн дайлах цаг хүрвээс чадалт зүрхэт мэргэн хүмүүн хэмээн Уйгурын нэр хол газар хүртэл сүр болж, дууражу дуурсвай >> хэмээн тэмдэглэжээ . 600-630 онд Түрэгийн анхны хаант улс мөхөж унахыг хүртлэх хугацаанд тэд Түрэгийн эсрэг байнга тэмцсээр ирсэн байна. 605 онд Баруун Түрэгийн Чурын хаан, Теле нарын хэдэн зуун толгойлогчдыг хууран мэхэлж хүйс тэмтэрснээр <<Иркын>> хэмээх цолыг олсон Уйгурын нэгэн удирдагч овог аймгаа удирдан Умарт Монголын газарт суурьшиж Хятадын түүхэнд Есөн овог хэмээн нэрлэгдсэн овог аймгийн тусгай нэгтгэлийг бүрдүүлжээ. Орхоны Түрэгийн бичээст тэднийг Токуз-Огуз (Есөн Огуз) гэх ба лал шашинтны сурвалж бичигт Токузгуз хэмээдэг байна. 650 оны үеэс Тозузгузууд нь Хятадын төрийн он дарааллын бичигт улс төрийн болоод цэргийн томоохон хүчин гэж тэмдэглэгдэх болжээ. YII зууны 40-өөд оны үес Токузгузын аймгийн холбооны дотор Яглакар овгоор толгойлуулсан 10 овог нэн хүчийг олж зонхилох байртай болсон байна. Токуз-Огузын зонхилогч, Уйгурын Элтебер Тумиду 647 онд Умарт Монголд Туул голын хөвөөнөө орд өргөө тусгаарлан өөрийн улсыг байгуулжээ. Энэ талаар Хятад сурвалжид <<Тумиду дур зоргоороо өөрийгөө хаан өргөмжлөн Түрэгийн нэгэн адилаар түшмэдийн зэрэг дэв тогтоолоо>> хэмээн дурджээ. Тан улсын төр энэхүү шинэ байгуулагдсан улсыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Түүгээр ч барахгүй 660-663 оны хооронд Токуз-Огуз болон Тан улсын хооронд дайн дэгдэж, Хятадын цэрэг амжилт олж чадаагүй тул асуудлыг тайван замаар шийджээ. YII зууны 80-аад оны эхээр Токуз-Огуз нар, төр улсаа дахин мандуулсан Зүүн Түрэгүүдтэй байлдан дарагджээ. Токуз-Огузын овгуудын зарим хэсэг нь Түрэгийн ноёрхолд байхыг хүлцэн тэвчилгүй Эзэний голын адагт шилжин нутаглаж Тан улсад даган орж, Ганьсу мужийн Ганьчжоу болон Ланьчжоу газар суурьшин суусан байна. Уйгур аймгийн энэ нэгэн хэсэг нь хожим 843 оны үес Ганьчжоуд үүсч бий болсон Уйгурын улсын үндсэн цөм нь болжээ. Харин 727 онд Хятадын албан тушаалтны өдөөн хатгалгад автаж үймээн самуун дэгдээсэн нэгэн хэсэг Токуз-Огузууд Монгол нутаг руу зугтан Түрэгийн харьяанд орохоос өөр замгүйд хүрсэн юм. Чухам энэхүү зугтан ирсэн овог аймгийн дотроос хожмын Уйгурын хаант улсын ноёлох хэсэг товойн гарсан ажээ. Улс төрийн түүх. 744-745 онд Уйгур, Басмыл, Карлук аймгууд хүчээ нэгтгэж Дорнод Түрэгийн хаант улс лугаа тэмцэж дийлэн хөнөөв. 746-747 онд Уйгурууд нь эдгээр холбоотонтойгоо байлдаж бут цохин Басмылыг эрхшээлдээ оруулсан байна. Карлукууд зугтан амь гарч ихэнх хэсэг нь Долоон мөрөн, Зүүн гарын нутагт шилжин суурьшсан ба хожим нь (766 он) Баруун Түрэгийн хаант улсын дотор ноёлох байр суурьтай болжээ. Ийнхүү Уйгур улс хүчийг олж мандан дээшлэх үед тэдний зонхилогч нь Хятад сурвалжид өгүүлснээр Уйгурын Яглакар овгийн ноён Пэйло байсан бөгөөд тэрбээр 744 онд биеэ Күтүлүг Билгэ Күл хаан (744-747) хэмээн өргөмжилж хаан ширээнд суусан байна. Ингээд 745 онд Түрэгийн хаант улсыг бүрмөсөн бут цохиж Уйгур улсыг байгуулав. Уйгурын ийнхүү мандан гарч тал нутагт ноёрхлоо тогтоосныг Хятад улс хүлээн зөвшөөрч түүнд Huai-jen буюу <<Тэнгэрээс заяат төр засагч мэдэлтэй хаан>> хэмээх цолыг өгчээ. Уйгурын хаан нь орд өргөөгөө Орхон голын хөвөөнөө тохинуулав. Пэйло хааны байгуулсан Уйгурын хаант улс нь хожимоо XIII зууныг хүртэл оршин тогтносоор ирсэн Уйгурын олон хаант улсын анхных нь болно. Тэрвээр газар нутгаа зүүн зүг Шивэй, баруун зүг Алтайн уулс, өмнө зүг Их элсэн говийг хүртэл өргөтгөн тэлж, урьд Хүннүгийн эзэгнэж байсан бүх газар нутгийг эрхэндээ орууллаа хэмээн сурвалж бичигт тэмдэглэжээ. Пэйло хааныг нас барахад түүний хүү Моюнчур буюу Баянчур (Торян) (747-759) хаан ширээнд суусан бөгөөд тэрвээр зориг шийдэмгий цэрэг дайны ур ухаанд гарамгай чадварлаг жанжин байжээ. Түүний үед Уйгур улс хүчирхгийн туйлд хүрсэн билээ. Монгол нутагт Уйгурын хаант улс байгуулагдсан тухай түүхэн үйл явдлуудыг эртний Уйгурын хоёр бичигт хөшөөнд тодорхой тэмдэглэн бичжээ. Энэ нь Тэрхийн (756 он) ба Могойн шинэ усны (760 он) бичигт хөшөөд бөгөөд эд хоёуланг Элетмиш Билгэ хааны нэрийн өмнөөс зохиосон байна. Моюнчур эцгийн бодлогыг үргэлжлүүлэн умард зүгт Кыргиз, дорно зүг Киданы эсрэг амжилттай дайтав. Бусад улс оронтой эдийн засаг соёлын харилцаа өрнүүлж, хот суурин барьж байв. 751 онд Орхоны хөндийд Балыклик (Хар балгас) хэмээх хот цогцлон байгуулж улсын нийслэл болгожээ. Тэрвээр Хятадын Тан улстай найрамдах замаар өмнө зүгээс учрах аюулыг сэрэмжилж, дорно, өрнө, умар тийш нутгаа тэлэх бодлого явуулав. Моюнчур болон Уйгур улсын дээд язгууртан нар умарт хил хязгаарын байдлыг амаржуулж ар талаа аль болохоор бэхлэхийг чармайжээ. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд умар зүгийн хамгийн хүчтэй дайсан болох Саяны уулсаас хойш Минусын хотгороор нутагтай эртний Хакас буюу Кыргиз, тэдний холбоотон Чикүүдийн зүгээс учрах аюулыг зайлуулах шаардлагатай байлаа. Уйгурууд умард зүгийн хөршүүдтэйгээ хийсэн дайн байлдааны үйл ажиллагааг Сэлэнгэ мөрний хөвөөнд 758 онд Моюнчур хаанд зориулан босгосон хөшөө чулуунаа сийлэн үлдээжээ. Уг хөшөөний бичээст өгүүлснээр Уйгурууд нь одоогийн Тува болон баруун хойт Монголын нутгийг 750, 751 онд Чик, Карлук нартай тулалдан эрхшээлдээ оруулсан байна. Уйгурын хаант улсын баруун, баруун хойт хязгаар болсон эдгээр нутгийг эзлээд ерөнхийлөн захирагч <<Түтүк>> хэмээх тушаалтныг суулган цэрэг дайны олон шивээ бэхлэлт барьжээ. Хэмчиг голын хөвөөнд эдүгээ Уйгурын байгуулсан бэхлэлт хот, харуулын шивээ олныг илрүүлэн судалсан байна . Уйгур улс өөрийн хүчин чадалд эрдэн Хятадын дотоод хэрэгт ч оролцох болжээ. 755 онд Тан улсын цэргийн жанжин, нүүдэлчин гаралт Ань лушань гэгч, эзэн хаан Сюаньцзуны эсрэг бослого гаргажээ. Эзэнт улсын холбоотон Түрэгийн морин цэргээс зонхилон бүрдсэн Ань лушаний цэрэг эзэн хааны цэргийн хүчнийг удаа дараа хиартал цохиж байв. Эзэн хаан өмнө зүг зугтаж Лоян болон Чанань хэмээх хоёр нийслэл нь хоюул босогчдод эзлэгджээ. Энэ хүнд хэцүү үед Тан улс Уйгураас тусламж гуйж элч илгээсэн байна. Уйгурын морин цэрэг Ань лушаний цэрэгт цохилт өгч хоёр нийслэлийг чөлөөлжээ. Энэхүү чөлөөлөгдсөн хотуудад Уйгурын цэрэг дураараа дээрэм тонуул хийж цөлбөн хоосолсон юм. Үүгээр ч барахгүй Уйгурууд 20 000 толгой торгоор шан харамж авч, удирдагч зонхилогч нь зэрэг хэргэм, бэлэг сэлт хүртэж нутаг буцжээ. Уйгурын хаан ураг барилдах шаардлага тавьж эзэн хааны гүнжийг авсан байна. Гэсэн ч Хятадын дотоодын дайн самуун үргэлжилсээр байлаа. 757 онд хуйвалдааны золиос болж Ань лушань алагдав. Түүний орыг туршлагатай жанжин, мөн согд гаралт Ши сы минь залган авсан ба 761 оноос түүний хүү Ши чао и орыг нь авчээ. Хятадын зүүн хойт нутаг дайны хөлд сүйрэн эзгүйрч, эзэн хааны цэрэг удаа дараа ялагдаж байсны хамт босогчид ч ялалт байгуулах чадалгүй болсон байв. Ийм үед Тан улсын засгийн газар Уйгураас дахин тусламж гуйлаа. Уйгурууд 14 000 цэрэг гаргаж хил нэвтрэн ороод 762 онд бослогыг дарахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Ань лушань болон Ши чао и гийн бослого нь Тан улс мөхөхийн эхлэл болсон бөгөөд энэ дайны үймээн самуурлаас дахин сэхэл авч чадаагүй юм. Харин энэхүү бослого хөдөлгөөнийг дарах хэрэгт Түвэд, Уйгурын цэрэг зонхилох үүрэг гүйцэтгэжээ. 759 онд Моюунчур хаан таалал төгсч түүний оронд Идигань хаан суужээ. Уйгурууд дайны асар их олзтойгоор нутаг буцаж ирсэн төдийгүй нийслэл Ордубалык хотноо Согдын Манихейн шашны лам хуврагийг олноор нь урин ирүүлсэн байна. 763 оноос эхлэн бараг YIII зууныг дуустал Уйгурын хаант улс нь Төв Азийн улс төрийн тавцанд хамгийн их нөлөөтэй хүчин болж чадсан ба тэдэнтэй зөвхөн Түвэд л эн зэрэгцэн өрсөлдөж байв1. Энэ үед Уйгурын нэр нөлөө Дорнод Туркестаны хойд нутгаар ихэд тархсан бөгөөд энэ явдалд Хятад хийгээд орон нутгийн засаг ноёд саад хийж чадахгүй байжээ. Уйгурын Дорнод Тяньшан дахь нэр нөлөөний хэр хэмжээг Турфанаас олдсон Манихейн болон бурхны шашны ном зохиолууд гэрчлэн харуулдаг байна. Уйгурын нэр нөлөө засаглал ийнхүү өсч зөвхөн Турфан төдийгүй Куча, Харашар, Бешбалык болон нүүдэлчин овог аймгуудын дунд ч өргөн хүрээтэй тархсан байна. YIII зууны 80-аад он гэхэд Монгол дахь Уйгурын улс болон Дорнод Туркестаны хоорондын харьцаа эрс хурцадсан нь Уйгурын нийслэл Ордубалыкад Согдын болон манихейн шашны эсрэг төрийн эргэлт гарахад хүргэсэн байна. 779 онд Идигань хаан өргөөндөө үймээн самууны хөлд үрэгдэв. Үймээнийг толгойлогч нь хааны ойрын зөвлөх бөгөөд холын хамаатан Тон Бага Таркан байжээ. Тон Бага Таркан нь Хятадын тал баримтлагч бөгөөд Хятадын эсрэг аян дайны төлөвлөгөө зохион бэлдэж байх үед эргэлт гаргажээ. Энэхүү үймээн самууны хөлд хааны хоёр хүү болон ойрын зөвлөхүүд, олон тооны согд нар, тэдний дотор хааныг хүрээлж байсан манихейн номлогч зэрэг олон хүн амь үрэгджээ. Тон Бага Таркан, Алп Күтүлүг Билгэ хаан цолтойгоор хаан ширээг эзлэв. Уйгурын төрийн эрхэнд Яглакар овгийн өөр нэгэн салаа гарч ирлээ. Алп Күтүлүгийн залгамжлагчид болох Күлүг Билгэ хаан, Күтүлүг Билгэ хаан нар өөрийн өвөг болон эцгийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэв. Идигань хааны Таримын сав газарт хэрэгжүүлж байсан тайван бодлого алдагдав. Худалдаа наймаа хийж ашиг олохоос илүү Уйгурын шинэ хаад нь манихейн үзэл бараг дангаар ноёрхож байсан Таримын сав газрын согд түрэгийн хүй нэгдлүүдийг шууд алба татвар оноон дээрэмдэх болжээ. Энэ бүс нутагт байсан согд ба түрэгийн нэгдлүүд нь Долоон мөрнөөс Хятадын дотоод зах зээлийг хүртлэх худалдааны замын гол зохицуулагчид байсан билээ. Худалдааны энэхүү замын нэгэн хэсэг нь нийслэл Ордубалыкыг дайран өнгөрдөг байсныг Алп Күтүлүг ийнхүү хаажээ. Энэ бодлогын үр дагавар тун ч удалгүй илрэн гарав. Карлук аймгийнхан хийгээд хотынхон бүгд Уйгурын эсрэг түрхрэн бослоо. Уйгурын цэргийн захирагч Иль Угеси босогчдын хүчинд цохигдон 790 онд нутгийн ардын тусламж дэмжлэгтэйгээр Түвдүүд Уйгурын сүүлийн тулгуур болох Бешбалыкыг эзлэв. 791 онд 50-60 000 хүнтэй Уйгурын цэргийн хүчин байдлыг өөрчлөхийг оролдсон ч дийлсэнгүй. Аян дайны амжилтгүй явдлууд нь ч хааны орд өргөөг тойрон өнгөрсөнгүй. Күлүг Билгэ хаан үймээн самууны үед өөрийн дүүд алагдав. Тэр нь мөн удалгүй өөрөө амь үрэгджээ. Түвэд болон Карлуктай эцэс төгсгөл нь тодорхойгүй хүнд хэцүү дайн үргэлжилсээр байв. 795 онд нийслэл Ордубалыкт Эдиз овгийнхны шинэ төр тогтсон ба түүнийг үндэслэгч Алп Күтүлүг (795-805) өмнөх хаадын өмнө зүг чиглэсэн бодлогыг эрс өөрчлөв. 795 оноос Ордубалыкт Манихейн шашны бүх л эрх дархыг нь эдлүүлэн сэргээж хааны нийслэлд Манихейн сүм хийдийг тогтоожээ. Эдиз овгийн хаан өөрийн эрх дархыг бэхжүүлэх үүднээс <<Яглакар>> овгийг өөрийн овог болгон авч өмнөх төрийн хаадтай өөрийгөө адилтгав. 803 онд Алп Күтүлүг хаан Түвд ба Карлукуудыг бут цохиж Кочо (Турфан)-д орлоо. Уйгурын цэрэг Карлукыг нэхэн хөөсөөр Ферганад тулж очив. Дорно зүгийн манихейн сүм хийдтэй тогтоосон холбоотны болон гэрээ хэлэлцээний харилцаа нь 15 жил тасалдсаны дараа дахин сэргэв. Таримын баян бүрдүүдэд Уйгурын засаглал дахин дэмжлэг олжээ. Алба татварын хэрүүл маргааныг намжааж зохицуулсан ба энэ нь Хар балгасны бичигт хөшөөнд өгүүлснээр <<Хаан албат иргэддээ хүн бүхэн өөр өөрийн ажлаа хийхийг >> даалгасан байна. Туркестан дахь Түрэгийн манихейн бүлэглэлүүд дахин Орду балык төвтэй хаадын дэмжлэг туслалцаа, засаглалыг хүлээн авлаа. Таримын сав газрын хотуудад Уйгурын хааны ойр төрлийнхөн засаглах болов. Тухайлбал, тэдний нэгэн болох Яглакар Инал Чинанчкендэд (Кочо, Турфан) төр барьж өөр бусад ах дүү нар нь Карашарт засаглав. IX зууны эхний 10 жилийн туршид Уйгурын хаант улсын гол дайсан нь Енисейн Кыргизүүд болжээ. Уйгурууд бэхлэлтийн шугамаа байгуулсан Тува нутгийн төлөөх дайн удаан үргэлжлэв. 820 он болоход, Хятад сурвалжид тэмдэглэснээр Ажо хэмээх Кыргизийн захирагч Монголд засаглалаа тогтоохын төлөө Уйгурын хаант улсын эсрэг дайтаж эхэлсэн байна. Ордубалыкт эхэлсэн өөр хоорондын байлдаан хямрал, Кыргизүүд амжилт олохын үндэс болов. 840 онд өөрийнхнийхөө эсрэг самуун гаргасан Уйгурын цэргийн жанжин Кюлүг Бага Тархантай хүчээ нэгтгэн Ажо Уйгурын нийслэл Орду балык хотыг эзлэн авсан ба Уйгурын хаан тулалдаанд алагджээ. Токуз Огуз овгийн үлдсэн хэсэг эх нутгаа Енисейн Кыргизийн гарт үлдээж Яглакар Панлей Тегиний (хожмын Минглик хаан )удирдлагаар өрнө зүгийг зорьж ядарч туйлдсаныгаа замдаа орхисоор Тянь шаны дорнод хэсэг буюу өөрсдийн хуучин нутгийн хил хязгаар газарт гарч ирсэн байна. Минглик хаан төрийн дээд эрх барихыг эрмэлзэн Кучаг эзлэн авсан ч энэ засаглал тун удаан насалсангүй. Бешбалык хотноо мөн Уйгурын нэлээд тооны хүчин суурьшив. Энэ бүлгийн ахлагч Бүкү-чин 866 онд Турфаныг эзэлсэн ба удалгүй Түвдийг цохиж тэрвээр Таримын сав газарт бүхэлд нь ноёрхлоо тогтоожээ. Чухам эндээс Дорнод Туркестан дахь Уйгурын Кочогийн улс эхтэй юм. Бичиг үсгийн дурсгал. Уйгурууд Монгол нутагт оршин тогтнож байсан олон аймаг улсын дотор нэлээд дээгүүр соёлтой байжээ. Тэдний соёлын хамгийн том ололт бол бичиг үсэгтэй болж, албан бичиг хөтлөн ном зохиол бичиж, гадаад хэлнээс судар шастирын зүйл өргөн хэмжээгээр орчуулан туурвих болсон явдал юм. Уйгурууд анхандаа түрэг бичиг буюу <<Орхон-Енисейн бичиг>> хэмээх бичгийг хэрэглэж байжээ. Тэр үеийн дурсгалын тоонд, <<Сэлэнгийн бичээс>> хэмээн алдаршсан Могойн шинэ усны гэрэлт хөшөө, мөн үүнээс холгүй оршиж байсан <<Сүүжийн бичээс>> хэмээн алдаршсан дурсгал, Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь <<Тэрхийн бичээс>>, Хөвсгөл аймгийн <<Тэсийн бичээс>> зэрэг бичиг үсгийн томхон дурсгалууд орно. Түүнчлэн Уйгурын нийслэл Хар балгас хотноо буй, одоо эвдэрч ихэнх хэсэг нь устсан түрэг, согд, нангиад гурван хэлний бичээст аварга том хөшөө тэр үеийн утга соёлын үнэт дурсгалын тоонд зүй ёсоор ордог байна. Уйгурууд Түрэгийн харьяанаас гарч өөрийн төр улсыг байгуулснаас хойш бусад улс оронтой өргөн харилцаж соёлын нөлөөгөө түгээхийн хамт тэдгээр орны соёлын дэвшлийг тусган авч байжээ. Тухайлбал, Дундад Азийн өндөр соёлт согд нараас бичиг авч өөрийн хэлний аялгуунд зохицуулан хэрэглэсэн нь түүхэнд уйгур бичиг хэмээн алдаршжээ. Энэхүү бичиг нь Уйгур улсын үндсэн бичиг болж дэлгэрээд хожмын үед түүгээр олон зохиол бичиж, орчуулж байсны зарим нь бидний үед хадгалагдан хүрч иржээ. Үүний жишээнд Увс аймгийн Улаангом хотын ойролцоо олдсон Долоодойн хөшөө хэмээх дурсгалыг дурдаж болно. Уйгур бичгийг, тэдний бүрэлдэхүүнд орсон түрэг, монгол угсааны зарим аймаг хэрэглэж байсан бөгөөд улмаар Их Монгол улсын албан бичиг болсон юм. Уйгур бичгээр дамжин олон тооны үг Монголд нэвтэрсэн нь <<ном>>, <<дэвтэр>> хэмээх согд үг, <<судар>>, <<эрдэнэ>>, <<шүлэг>>, <<бадаг>> зэрэг энэтхэг үг, <<сүм>>, <<суварга>>, <<билэг>>, <<хөрөг>>, <<эрдэм>> гэх зэрэг уйгур үгс болно. Манай нутагт уйгур бичгээр бичиж үлдээсэн дурсгал үүнээс гадна Архангай аймгийн Их тамир сумын нутаг Тайхир чулуу, Бичигт булан, Хотонт сумын Хар балгасны II бичээс, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Хайрханы бичээс, Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Тэсийн бичээс гэх мэт дурсгалуудад байна. Уйгурын хот балгад.Уйгурууд нь хот балгад барьж суурьшин суух талаар бусад нүүдэлчдээс нэлээд онцлогтой байлаа. Тэд манихейн шашныг дэлгэрүүлж, согдын гар урчуудын туслалцаатайгаар сүм дуган их барьдаг байжээ. Уйгурууд дөрвөлжин шавар хэрэмт бэхлэлт хотуудыг цогцолдог ба хил хязгаарыг сэргийлэн хамгаалах бэхлэлт хотын бүхэл бүтэн сүлжээ бүрэлдэн тогтсон байжээ. Ялангуяа хил хязгаараа умар зүгээс сэргийлэн хамгаалах нумарсан хэлбэрт их бэхлэлт хэрэм, түүний бүрэлдэхүүнд олон тооны шивээ цайзыг оруулан барьсан байжээ. Бэхлэлт хотуудын зарим нь засаг захиргааны төвийн үүрэг гүйцэтгэж байжээ. Эдгээр нь суурин амьдралын төв болж, газар тариалан, гар урлал, худалдаа наймаа цэцэглэн хөгжиж байв. Манай улсын нутагт Уйгурын үеийн хот сууриныг эртний судлалын талаар бага сага шинжин судалж байжээ. Хар балгас. Уйгур улсын нийслэл Хар балгас буюу эртний уйгур хэлээр Орду Балык хотын ор үлдэц эдүгээгийн манай улсын Архангай аймгийн Хотонт сумын нутаг, Орхон, Жирмэнтэй хоёр голын бэлчирт байдаг. Судалгааны байдлаас үзэхэд Хар балгас нь 25 км2 талбай эзэлсэн асар том хот байсан нь мэдэгддэг. Хотын талбай нь худалдаа, гар үйлдвэрийн хэсэг, хааны орд харш, сүм дуган зэрэг хэсгүүдээс бүрдэж байв. Хааны орд нь тусгайлж барьсан бат цайзат хэрэмтэй, хойт, урд хоёр талдаа тус бүр хоёр том хаалгатай байсан бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзны ханыг тойруулан олон цонж, цамхаг барьсан байжээ. Хар балгасны цайзат хэрэм хэмжээгээр ихийн /0,6х0,6 км/ дээр нэлээд нурсан боловч одоо арваад метр өндөр, цайз нь 12 м, хэрмийн төвд байсан том цайз /хараат/ 14 м байна. Хэрмийн дээгүүр 14 цонж цамхагийн оромтой ба гурван талаасаа шуудуугаар хүрээлэгджээ. Цайзат хэрмэнд Уйгурын хааны орд харш байсан нь малтлагын олдвороос мэдэгддэг. Хэрмийн дотор малтахад сайхан үзэмжит чимэглэлтэй ордны барилгын ор олдсон нь Хятадын Тан улс (618-907)-ын үед холбогдох зүйл байжээ. Түүнээс гадна хааны ордонд хамаарах бурхан шүтээнийг агуулж байсан бололтой хэрэм бүхий дуган сүм байсны ор олджээ. Үүний үүдэнд согд, хятад, орхон-енисейн бичигтэй гэрэлт хөшөөнүүд тавиастай байжээ. Тэдгээр хөшөөг уйгурын хаадад зориулан босгодог байжээ. Цайзат хэрмийг тойрон тусгай шороон цонж байсан ба цайзын гадаад буланд налуулан хийсэн тусгай цонжийг цэргийн зорилготой гэж үзсэн зүйл бий. Цайзат хэрмийн үүдэнд цэцэрлэг зугаалгын газар байсан бололтой. Хар балгасны баруун хойт, баруун хэсэгт худалдаа, гар үйлдвэрийн хэрэм барилга олон байжээ. 1949 оны малтлагаар эндээс төмөрлөгөөр юм дархалж байсан баримт болох лав, хавтгай хүрэл, хүрэл хайлж байсны үлдэц олдсоноос гадна 840 онд холбогдох хятад зоос олджээ. Хар балгаснаас олддог уйгурын ваар сав нь янз бүрийн хэлбэр хэмжээ, зориулалттай байжээ. Эдгээр бүх сав суулгыг хүрдэн оньсон дээр үйлдсэн, жигд сайн шатаалттай, сайтар хольж нягтруулсан саарал шавраар хийсэн ба хээтэй, хээгүй янз бүр байсан нь тус тусдаа өөр зориулалттай юм. Хөндлөн зураастай зэрэгцээ шугам, дарж гаргасан хонхортой хөндлөн зураас, ороолдож сүжилдсэн болон дугуйрсан гэх мэтийн олон хэлбэрийн хээ байна. Энэ нь Дундад Азийн нутгаас олддог сав суулгын хээтэй ижил байдгийг Уйгурын соёлд согд нарын нөлөө оролцоо их байснаар тайлбарлаж болох юм. Түүхэн сурвалжийн мэдээ ёсоор Киргис нар Уйгурын улсыг мөхөөн дараад Хар балгасыг ихэд эвдэн сүйтгэсэн гэдэг. Энэ их эвдрэлийн ор мөрийг одоо ч Хар балгасны байдлаас харж болно. Эдүгээ Хар балгасны зөвхөн хэрэмт хэсэг нь л бүтэн үлдэж, бусад хэсгүүд нь ихэд эвдрэн сүйдсэн ба ялангуяа баруун болон өмнөд хэсгийн хорооллууд Хар хорины сангийн аж ахуйн тариан талбайд орж хагалагдан хотын соёлт давхрага ихээр эвдэрч сүйдээд байна. Бийбулагийн балгас. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, сумын төвөөс баруун тийш 13 км зайтай, Сэлэнгэ мөрний хойт хөвөөнд эртний балгасын туурь байдаг нь Уйгур улсын соёл, шашны нэгэн томоохон төв Байбалык хотын ор үлдэц юм. Нутгийн ард олон нэн эрт цагаас энэ хотын туурийг Бийбулагийн балгас хэмээн нэрлэсээр ирсэн нь даруй эртний нэрээ хэвээр хадгалан үлдсэний гайхамшигт жишээ болно. Эл хотыг үүсгэн байгуулсан тухай <<Сэлэнгийн чулуу>> хэмээн алдаршсан, Могойн Шинэ усны хөшөө буюу Моюнчур хааны гэрэлт хөшөөнд өгүүлжээ. Энд нийт гурван хэрэм буйн үндсэн хэсэг нь баруун болон хойт талдаа шавар дагтаршуулан дэлдэж хийсэн өндөр ханатай дөрвөлжин том хэрэм юм. Энэхүү гол хэрмээс урагш 750 м зайд өөр нэг жижиг хэрэм орших ба дотор нь орон барилгын ор үлдэц мэдэгдэхгүй, дээгүүр нь өвс ногоо урган их л хулширч эдгэсэн байна. Хэрмийн дотор талд ил хэвтэх уур чулуу хэмээх засмал чулуунаас гадна шороон дороос ваар савны хэлтэрхий олддогийн зарим нь Хятан маягийн хээтэй байжээ. Гурав дахь хэрэм дээрхээс баруун тийш 1 км орчим зайд орших ба хэрмийн далан бүр хулшран эдгэрч зарим газраараа огт мэдэгдэхгүй болсон, дундуур нь олон жалга, шуудуу нэвт гарсан байна. Хэрмийн зүүн хойт өнцөгт маанийн үсэгтэй чулуун хөшөө босгосон байх ба энэ хавийг <<Арслангийн үүд>> гэж нэрлэдэг. Одоо эндэхийн гол хэрэмд байгаа болон зарим нь Монголын Үндэсний Түүхийн Мүзейд байгаа чулуун арслангуудыг чухам энэхүү <<Арслангийн үүд>> хэмээх газарт байсан гэдэг . Бичгийн сурвалжид өгүүлснээр, энэхүү балгасыг согд, хятад урчууд барьсан гэх ба энд худалдаачид сууж арилжаа наймаа эрхлэхээс гадна согд багш нар залран ирж бурханы болон маанийн шашны ном номлож, шашны судар уйгур хэлээр орчуулж байжээ. Уйгурын тахил тайлгын онгон. Эртний улсуудын үеийн эд өлгийн дурсгал судлаач эрдэмтэд, тухайн үеийн тахил тайлгын онгоныг төрөл ялгаагаар нь зүйлчлэн ангилж, холбогдох цаг хугацаа, түүх соёлын хамаадлыг тогтоосны дунд Уйгурын үеийн онгон тахилын дурсгалыг онцлог шинжээр нь ялган тодорхойлжээ. <<Ноёдын>> хэмээх нэрээр ихэд алдаршсан олон тооны тахилын дурсгал дотроос Уйгурын үеийн онгон нь зохион байгуулалт, бүрэлдэхүүн хэсгийнхээ онцлогоор ялгардаг. Эдгээр нь урт тэнхлэгээрээ хойноос урагш чиглэсэн байхаас гадна түрэгийн тахилгын онгонд заавал байдаг чулуун хашлага, хүн чулуу, балбал буюу зэл чулуу, шүтээний сүмийн барилга зэрэг гол бүрэлдэхүүн хэсгүүд байдагггүй. Үүний жишээ болгож зарим дурсгалыг авч үзье. Могойн Шинэ усны дурсгал Булган аймгийн Сайхан сумын нутагт орших энэ дурсгал нь Уйгурын хаан Моюнчурт зориулан босгосон тахилын онгон юм. 24х47 м хэмжээтэй гонзгой дөрвөлжин хэрэм, түүний дотуур усан шуудуутай. Төвийн хэсэгт нь дүгрэг хэлбэрээр чулуу овоолж хийсэн голдоо хонхортой чулуун овоолго бий. Дурсгалын хойт хэсэгт, яст мэлхийн нуруунд суурилуулсан урт том хөшөө байсан нь Орхон-Енисейн руни бичээстэй. Уйгурын хаан Моюунчурын алдарт үйл явдал хийгээд Уйгур улсын түүхэнд холбогдох гол гол хэрэг явдлын талаар өгүүлжээ. Энэхүү дурсгалыг 759-760 оны үед босгосон байна. Мөн үед хамаарах нэгэн чухал дурсгал нь Хөшөөн талын онгон бөгөөд үүнийг Могойн шинэ усны дурсгалаас өмнө үед холбогдох зүйл гэж судлаачид үздэг. Учир нь, 763 онд уйгурууд маанийн шашин авснаас хойш өвөг дээдсийн онгон барих уламжлалаа орхисон гэдэг. Хаад язгууртанд зориулан босгосон эдгээр нүсэр том онгоны байгууламжаас гадна эгэл жирийн иргэдийн гэж үзэж болмоор, энгийн жижиг онгонуудыг малтан шинжилсэн зүйл бас бий. Чухам ийм төрлийн дурсгалыг Өвөрхангай аймгийн Хар хорин сумын нутаг, Орхон голын хөвөө, Бага Арцатын аманд малтан судалсан бөгөөд энэ нь, тайлгын идээ ундааны үлдэгдэл болох малын яс болон шавар ваар савны хагархай зэргийг дарж булсан багавтар чулуун дараастай дурсгал болно. Ийм хэлбэрийн дурсгал түрэгийн үеийн онгон тахилын байгууламжийн дотор тохиолдож байгаагүй бөгөөд Уйгурын нийслэл Хар балгасны тахил шүтлэгийн зан үйлтэй холбогдох юм . Хүн чулуу. Төв Азийн нутагт илрэн олдож судлагдсан хэдэн үеийн хүн чулуун дурсгалын дотор хийц дүрслэл, хэмжээ овор болон дэргэд нь буй тахил шүтээний байгууламжийн хэлбэр дүрсээр бусад үеийн хүн чулуунаас мэдэгдэхүйц ялгарах хэсэг дурсгал бий. Эдгээрийн онцлог шинж нь, хоёр гараар хэвлийн өмнө сав барьсан, босоо дүрстэйгээс гадна хоёр чихэвчийг нь дээш сөхсөн дүгрэг малгайтай, олон унжлага зүүлт бүхий бүстэй байдаг . Эдгээрт түрэгийн хүн чулуунд байдаг шиг хутга, сэлэм зэрэг зэр зэвсгийн зүйл үгүй, мөн түүнчлэн харьцангуй их том хэмжээтэй байна. Түүнээс гадна ойр орчинд нь, түрэгийн дурсгалд байдаг шиг тахилын хашлага чулуу, цуварсан зэл чулуу зэрэг зүйлс огт тохиолддоггүй байна. Ийм хэлбэрийн хүн чулуу Тува, Хакаст олдож байжээ. Манай улсын Баян-Өлгий, Увс зэрэг баруун талын аймгуудын нутгаар тохиолддог ба төдийлөн нарийн сайн судлагдаж хараахан амжаагүй юм. Эдгээрийн жишээ болгон Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвөөс 8,5 км зайтай Битүү хэмээх газарт орших хөшөө, мөн Ногоон нуур сумын төвд буй 2 хөшөө зэргийг дурдаж болно. Дээрх хүн чулуудын хийц дүрслэл болон дэргэд нь байх байгууламжийн хэлбэр дүрс түрэгийн хүн чулууныхаас эрс ялгарч байна. Харин газар зүйн байршлын хувьд, түрэгийн хүн чулуу элбэг тархсан Баруун Монгол, Алтайн уулсаар байх ба Уйгур улсын төв байсан Монголын төв нутагт огт тааралддаггүй ажээ. Булш оршуулга. Монгол нутагт малтан шинжилсэн дундад зууны үед холбогдох булшуудын дотор, 1949 онд Л.А. Евтюховагийн, Орхон Дэл ууланд малтан шинжилсэн бүлэг булшийг уйгурын үед хамааруулан үздэг юм . Судлаачид эдгээр булшийг судлаад уг нутгийн оршин суугчид нүүдлийн хуучин уламжлалаа хадгалахын сацуу хот суурины соёлтой ямар нэг хэмжээгээр холбоотой байдал харагдаж байгаа нь тэдний, Төв Азийн бусад нүүдэлчдээс ялгарах шинж гэж дүгнэжээ. Оршуулгын зан үйл тодорхойгүй боловч, талийгаачийг оршуулахдаа тоног хэрэгсэл бүхий адуу, хонь, үхрийн яс зэрэг зүйлсээр хойлоглон ёсолж дагуулсан бололтой. Эндхийн ваар савны хээ Хар балгасны олдвортой дүйж байгаа нь эдгээрийг Уйгурын үед холбон үзэх гол баримт нотолгоо болжээ. Энэ үед холбогдох сүүлийн үеийн чухал олдворын тоонд 1994 онд Монгол-Францын судлаачид Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Элст хөтөл хэмээх газраас олж судалсан морьтой оршуулга орох бөгөөд үүнийг олдворын шинж төрхөд үндэслэн Уйгурын үед холбогдуулжээ .

No comments: