Monday, November 18, 2013

§ 3. ДӨРВӨЛЖИН БУЛШ

Дөрвөлжин булш нь Монголын хүрэл зэвсгийн үеийн археологийн томоохон дурсгалын нэг юм. Дөрвөлжин булш жижиг толгодын орой шил, даваа хөтөл дээр ганц нэг, хоѐр гурваараа тохиолдохоос гадна тэднийг гол төлөв уулын энгэр, бэл, аманд мөн тэгш талын дунд нэг дор арваас хэдэн арав хүртэл тоотой хэсэг бүлгээр нь барьж байгуулсан байдаг. Дөрвөлжин булш дорнод Монголын талаас Алтайн уулс, Байгал нуураас Говь хүртэл өргөн тархсан археологийн томоохон дурсгал юм. Энэхүү булшийг үлдээгсэдийг бүхэл бүтэн нэгдмэл соѐлд хамруулан авч үзсэн нь ч байдаг.
Монгол орны нутаг дэвсгэр дээр ихээхэн элбэг байх нутгийн өвөрмөц шинж бүхий энэхүү булш судлаачдын анхаарлыг эртнээс татаж ирсэн төдийгүй, малтан шинжлэх, судлах ажил өнгөрсөн зууны сүүлийн хагасаас эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Дөрвөлжин булшийг гаднах зохион байгуулалтын хувьд үндсэн 4 хэлбэрт хуваан авч үздэг: Дөрвөн буландаа өндлөр чулуутай, дөрвөн өнцөг хүрээтэй булш; Дөрвөн талын хүрээ нь намхавтар хавтгай чулуун дараас бүхий булш; Онцгой өндөр ханатай булш; Дөрвөн тал нь дотогшоо хотгар ханатай булш; Дөрвөлжин булшийг оршуулгын зан үйл, ѐслолын зориулалтаар нь а/ оршуулагын байгууламж, б/ тахилгын байгууламж гэж ерөнхийд нь хоѐр ангилан авч үздэг. Дөрвөлжин булшийг тусгай хэмжээтэй, тогтож заншсан хэлбэрээр тодорхой дэс дараатай нарийн зохион байгуулалттай үйлддэг байжээ. Дөрвөлжин булшны зохион байгуулалтыг авч үзвэл, хайрцаглан хийсэн нимгэн хавтгай чулуун авсанд хүнээ оршуулж, том зузаан хавтгай чуулуунуудаар дарж таглан шороогоор булаад дээр нь хавтгай чулууг босгон эгнүүлэн дөрвөлжлөн зоож, дотор гадна хаяаг нь арай багавтар чулуугаар дарж бэхэлсэн байдаг. Хүнийхээ толгойг ихэвчлэн нар мандах зүг буюу зүүн зүг харуулан цэх байдалтайгаар дээш харуулан 50-150 см-ийн гүнд оршуулж, зарим цахиур чулуун зэвсгийн зүйл, хүрэл хутга, сумны зэв, хүрэл товч, товруу, морь малын дүрстэй хүрэл чимэг, хагас товгор хүрэл чимгүүд, модоор сийлсэн шувууны толгой, үсний алтан сүлбээр, шавар ваар, зэс, хүрэл хайлуулдаг чулуун шанага зэрэг олон төрлийн эд өлгийн зүйлс, малын толгой, чөмөг, дал болон бусад зүйлийг дагалдуулан тавьсан байдаг. Гол төлөв хүнийхээ толгой дор дэр болгон хавтгай чулуу тавьдаг байжээ. Дөрвөлжин булшны гаднах ерөнхий хэмжээ дундажаар 1,5 х 2,5 м-ээс 2,5 х 4,5 м байдаг. Харин Монгол орны төвийн бүс нутагт энэхүү дундажаас харьцангуй том булш ч тааралддаг байна. Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас илрэн олдож буй эд өлгийн зүйлсийг ерөнхийд нь зэр зэвсэг, байлдааны хэрэглэл, аж ахуй, хөдөлмөрийн багаж хэрэглэл, гоѐл чимэглэлийн зүйлс хэмээн төрөлжүүлэн хуваан авч үздэг. Дөрвөлжин булш нь Монгол улсын нутаг болон Өвөр Байгалийн нутагт голчлон тархсан дурсгал бөгөөд Манжуур, Өвөрмонгол, Шинжааны нутагт бас тодорхой хэмжээгээр мэдэгдэж байна. Дөрвөлжин булшийг малтан шинжлэх ажлыг манай улсын нутагт Төв аймгийн Хэрлэн Туул голын сав газар, Өвөрхангай аймгийн Орхоны хөндий, Богд сумын Тэвш уул, Дундговь аймгийн өмнөт хэсэг, Хэнтий аймгийн Хэрлэн, Онон, Хурх голын сав, Булган аймгийн Эгийн голын сав, Дорнот Монголын тэгш тал болох Сүхбаатар аймгийн Мөнххаан, Эрдэнэцагаан сумдын нутаг, Дорнот аймгийн Баяндун, Цагаан овоо, Сэрэглэн, Гурван загал, Баян-Уул, Дашбалбар сумдын нутагт явуулж, одоогийн байдлаар ойролцоогоор 500 гаруй дөрвөлжин булшийг малтан судалжээ. Эдгээрээс зөвхөн 3 булшнаас гарсан зарим олдворт радиокарбоны арга хэрэглэн холбогдох он цагийг нь тогтоосон байна. 1970 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Залаа гэдэг газарт малтсан I дөрвөлжин булшнаас гарсан модны нүүрсний үлдэгдэлд хийсэн радиокарбоны шинжилгээгээр 2610+/-50 жилийн өмнө буюу МЭӨ III зууны үед, 1993 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Устын амны I дөрвөлжин булш 2300+/-70 жилийн өмнө буюу МЭӨ III-II зуунд, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын дөрвөлжин булш МЭӨ 845-805 оны үед тус тус холбогдож байна. Сүүлийн жилүүдэд явуулсан археологийн малтлагаас гарсан, хүрэл зэвсгийн үеийн зэр зэвсэг, байлдааны хэрэгсэлийн талаар цоо шинэ мэдээлэл өгсөн олдворууд бол Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын 2 дөрвөлжин булшийг малтахад олдсон хоѐр хүрэл дуулга юм.
44
Нэгдэх дуулга нь 22 см өндөртэй, 22 см урт, 16 см өргөнтэй сэнж бүхий ажээ. Хоѐр шанаавчны доод ирмэг нь бүч сүвлэж болохуйц нүхтэй, дуулганы ирмэг захыг товойлгон эмжэн хүрээлсэн. 1 кг орчим жинтэй юм. Хоѐрдах дуулга нь яльгүй том хэмжээтэй хийцийн хувьд онц ялгагдах зүйлгүй байна. Монгол орноос ихээхэн хэмжээгээр олддог зэр зэвсгийн төрлийн нэг сумны хүрэл зэв дөрвөлжин булшны малтлагаас цөөвтөр тоотой олдсон ба харин түүврээр олон тоотой олджээ. Зэвийг хоѐр ба гурван хянгат, хавтгай онгит, шилбэт гэх мэтээр хэлбэр төрхөөр нь ангилан үздэг. Хүрэл зэвүүд нь олон төрөл байдаг бөгөөд хол, ойрын, хөнгөн, хүнд, шархдуулах зэрэг ялгаатай байжээ. Мөн түүнчлэн хүрэл зэвсгийн төгсгөл үед хүрэл толгойтой төмөр шилбэтэй зэвийг хийх болсон байна. Үүнээс гадна мөн ясааар хийсэн зэвүүд дөрвөлжин булшнаас олддог байна. Дээр дурдсан дайн байлдааны зориулалттай зэр зэвсгийн олдворууд нь зэр зэвсгийн төрөл зүйл зэргийг илтгэн хааруулаад зогсохгүй хүрэл зэвсгийн үеийн оршин суугчдын оюуны соѐл, металл боловсруулалтын түвшин, арга ажиллагааны хөгжилтийг харуулах баримт юм. Монгол орны хүрлийн үеийн гоѐл чимэглэлийн зүйлсийн олдвор дотроос хамгийн сонин содон олдвор бол Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш ууланд малтсан дөрвөн хажуу хана нь дотогшоо хүнхэр дөрвөлжин булшнаас гарсан аргалийн толгойн хэлбэртэй хоѐр алтан сүлбээр юм. Энэхүү хоѐр сүлбээр ур хийцийн хувьд тун ойролцоо боловч нэгэнд нь 6, нөгөөд нь 8 шигтгээний нуух байна. Аргалийн толгой хүзүүг нилээд загварчлан дээш өлийлгөж хоншоорыг монхор нарийнхан, нүдийг том дугуй, эврийг данхар махир гаргасан ба түүний ар шилнээс сүлбээрийн их биеийг залгуулан ихэд нарийн уялдаатай урлажээ. Сүлбээрийн их биеийн дээд хэсгийг хэдрэгний ир мэт биржгэрээр хоѐр хажууг шаталсан биржгэрээр, тус тус чимсэний гадна аргалийн нүд чих сүлбээрийн нууханд ногоон оюу шигтгээ суулгаж гоѐл чимэглэлийн өнгө хорших аргыг хэрэглэсэн байна. Энэ нь алт, мөнгөнд үнэт чулуун шигтгээ суулган өнгө хорших арга Монгол нутагт хүрэл зэвсгийн үед үүсч улмаар Хүннү улсын үед ихэд дэлгэрэн чимэглэх урлагийн нэгэн бие даасан нарийн арга болтлоо хөгжснийг харуулах бодит баримт юм. Дөрвөлжин булшнаас олон тоотойгоор олдсон эдлэл бол янз бүрийн хэлбэр хэмжээ дүрслэлтэй хүрэл товруунууд юм. Хувцасны болон бүсний чимэг болох хүрэл товруунууд нь хийгдсэн байдлаараа чимэглэлтэй, чимэглэлгүй хэмээн хоѐр хуваагддаг. Чимэглэлтэй товруунуудад голчлон ан амьтан, буга, баавгай, морь, чоно, шувуу зэргийг дүрсэлсэн байхаас гадна төрөл бүрийн хээ угалзыг чимэг болгон дүрсэлж байжээ. Хүрэл товруунуудын хэмжээ дунджаар 5-50 мм байдаг. Араатан амьтдыг бодит байдлаар болон загварчилан дүрслэх үндсэн хоѐр аргаар дүрсэлсэн байдаг. Дүрслэлийн хоѐрдахь аргыг нь амьтныг загварчилан дүрслэх арга хэмээн нэрлэдэг. Евразийн хээр талын бүс нутагт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн дүрслэх урлагт амьтныг загварчилан дүрслэх арга өргөн тархжээ. Энэ аргын онцлог нь хэд хэдэн зүйлийн амьтдыг бүтнээр нь буюу тэдгээрийн биеийн зарим хэсгийг тогтсон нэг барилаар гол шинжийг тодруулан гаргаж бодит ба загварчлалын аль алиныг хослуулан хэрэглэж амьтдын дүрийг бүтээдэгт оршино. Дөрвөлжин булштай төстэй боловч хүний оршуулгагүй, тахилга ѐслолын байгууламж тааралддаг. Тахилгын энэхүү байгууламж нь олон тоогоороо байгаа дөрвөлжин булшны ойролцоо голчлон байдаг байна. Энэхүү байгууламжид адуу малыг хойлоглон тавьсны зэрэгцээ зарим эд өлгийн зүйлс тухайлбал ваар сав суулга зэргийг тавьдаг байжээ. Хойлго үйлдсэн малын толгойн тавьсан чиг нь дөрвөлжин булшинд нас барагчтай хамт тавьсан малын толгойн чигтэй адил байдаг байна. Тахилгын ийм байгууламжийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Элст хөтөл, Бөгсийн гол; Өвөрхангай аймгийн Хужирт сумын Майхан толгой; Төв аймгийн Алтанбулаг сумын Жаргалантын гол зэрэг газруудад малтан шинжилсэн байна.

No comments: