Wednesday, November 27, 2013

ХҮРЭЛ БА ТӨМӨР ЗЭВСГИЙН ТҮРҮҮ ҮЕИЙН АЖ АХУЙ, НИЙГЭМ СОЁЛЫН АСУУДАЛ

Эх сурвалж: Монголын археологи Цэвээндорж, Цэрэндавга

МЭӨ II-I мянган жилд Ази, Европын хээр талын бүс нутагт амьдарч байсан овог аймгууд тал хээр, ой-хөвч, говь цөлд шинэ шинэ нутгийг эзэмших болсон нь юуны өмнө тэдний аж ахуйд шинэ хэлбэрийн мал аж ахуй буй болсонтой холбоотой. Бүр МЭӨ II мянган жилийн хоѐрдугаар хагас, I мянган жилийн эхэн гэхэд Монгол оронд нүүдлийн мал аж ахуй ноѐлох болсон юм. Эртний аймгууд үйлдвэрлэлээ түргэн хугацаанд боловсронгуй болгож чадахгүй байсан бөгөөд эдийн засгийн энэхүү хүнд байдлаас гарах арга зам бол эзэмшиж буй нутгаа өргөсгөн тэлэхээс өөр аргагүй болжээ. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хээр талын хатуу хөрстэй, хур тунадас бага унадаг Монголын ихэнх нутагт үйлдвэрлэхүй хүчний хөгжил дорой, хөдөлмөрийн багаж зэвсэг боловсронгуй бус байсан тэр үеийн нөхцөлд газар тариаланг далайцтай хөгжүүлэх боломжгүй байсан бөгөөд эдийн засгийн хөгжлөөс хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах ганц боломж нь нүүдлийн мал аж ахуйг эрхлэх зайлшгүй нөхцөлийг төрүүлжээ. Арвин их бэлчээр нутагтай Монгол нутагт нүүдлийн мал аж ахуй хөгжих нэн боломжтой юм. Монгол нутагт амьдарч байсан овог аймгууд нүүдлийн мал аж ахуйг эрхлэх болсон нь хээр талын аймгуудын амьдралд болон хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэхүй хүчний хөгжилд гарсан эдийн засгийн томхон дэвшил юм. Нүүдлийн мал аж ахуй бүрэлдэн тогтсоноор мал, мах, сүү, арьс шир, ноос үс зэрэг нэмүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх өргөн боломжийг нээж, хүний хөдөлмөр илүү их үр бүтээлтэй болжээ. Нэмүү бүтээгдэхүүнийг хуримтлуулах, түүнийг эзэмших болов. Мал ба малын бүтээгдэхүүн арилжааны өртгийг түргэн олж малчид,
тариаланчдын хооронд арилжаа үүсэх бүхий л нөхцөлийг буй болгожээ. Өргөн уудам хээр тал нутгийг аж ахуйн талаар эзэмших үйл явц МЭӨ I мянган жилд өргөн далайцтай өсч ирсэн адуу үржүүлэх ажил ихээхэн дөхмийг үзүүлжээ. Адууг унаа, хөсөгт өргөн хэрэглэх (морин тэрэг) болсноор тухайн орон бүрийн түгжигдмэл явцуу байдлыг эвдэж хөрш зэргэлдээ ба алс холын овог аймаг, ард түмэн улстай харьцах эдийн засаг, соѐлын холбоо ихээхэн өргөсжээ. Түүхийн сурвалж бичигт манай эриний өмнөх I мянган жилд Төв Азийн нүүдэлчид “өвс, усны ая даган нүүдэг” гэж ерөнхий дурьдсан байх нь мал аж ахуйн олон талт үнэн байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй. Археологийн олдвор хэрэглэгдэхүүн тэр үед нүүдлийн мал аж ахуй нэгэнт бүрэлдэн тогтсон гэдгийг харуулж байна. Харин мал аж ахуйн шинжээс болж аж ахуйн бусад хэлбэрүүд хэр зэрэг үүрэгтэй байх нь хамаарч өөрчлөгддөг. Нүүдлийн мал аж ахуй хээр тал, цөл говьд дөрвөн улиралын турш нүүдэг байсан бөгөөд түүний зэрэгцээ газар тариалан хөгжүүлэх боломж бараг байсангүй. Тэд хонь, адуу, үхэр, тэмээ, ямааг үржүүлдэг ба нүүдэлчид өөрийн малтайгаа холын ба ойрын нүүдлээр (уртраг ба өргөргийн дагуу) нүүдэг байв. Холын буюу уртын нүүдэл говь хангай дамжиж сэлгэнэ. Богиных нь өвөлжөө хаваржаа, зуслан намаржаа нь тодорхой нэгэн хүрээнд эргэлддэг. Өвлийн хүйтэн цагт нүүдэлчид нөмөр дулаан, цас бага хунгарладаг нэгэн өвөлжөөнд өвөлждөг байжээ. Энэхүү өвөлжөө нь байнгын хашаа хороо гэхээр юмгүй байсан бололтой. Уулын орой руу халуунд, тал говьд сэрүүн улиралд нүүдэг. Гэвч эдгээр нүүдлийн хэлбэрт хожуу үеийн нэгэн адил хоорондын эрс ялгаа байхгүй. Харилцан нөлөөлөх байнгын нарийн үйл явц нэг талаас аж ахуйн янз бүрийн хэлбэрийн хооронд, нөгөөтэйгүүр тухайн байгаль цаг уурын бүс бүрийн дотор буй аж ахуйн хэлбэрүүдийн хооронд явагдаж байв. Нүүдлийн мал аж ахуйн үндсэн шинж нь нийт мал сүрэг нь байгалийн бэлэн бэлчээрийг жилийн турш явж эдлэхэд оршино. Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орны мал нь тэсвэр хатуужил сайтай, алс холын нүүдэл даадаг, хунгар цасан дороос өөрсөдөө өвсөө малтаж идэж чаддаг шинжтэй болсон нь түүний хэдэн мянган жилийн турш байгалийн шалгаралыг давж туулж шалгарч гарч ирснийх юм. Хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед Монгол нутагт амьдарч байсан аймгуудын үндсэн аж ахуй болох мал аж ахуйн тухай авч үзэхэд тэр үеийн булшнаас гардаг малын яс, малын дүрстэй эдлэлүүд, хадны зураг гол тулгуур хэрэглэгдэхүүн болдог. Монгол нутагт малтан шинжилсэн дөрвөлжин булшинд малын яс 18 удаа, зэрлэг амьтадын яс 9 удаа дайралдаж байснаас адууных 8 булшинд, хонь, ямааных 5 булшинд, үхрийнх 5 булшинд байсан гэж В.Волков зохиолдоо дурьджээ. Гэтэл үүнээс хойш Дорнод монголын нутагт малтсан 46 дөрвөлжин булшнаас адууны яс 42, үхрийн яс 12, хонь, ямааны яс 9 удаа, бусад зэрлэг амьтадын яс 3 удаа тохиолдож байжээ.
Увс аймгийн Чандмань уулын булшнаас адуу, хонь, ямаа, үхрийн яс гарсны гадна адууны дүрстэй, тэмээний толгойн дүрстэй хүрэл даруулга олдсон юм. Булшнаас гарч буй эдгээр малын яснаас олонтой дайралдах нь адууны толгой, дал, шүд, хонины шаант, үхрийн шүд юм. Харин тэмээний яс булшнаас бараг гардаггүй нь тэр үед тэмээ гэрийн тэжээмэл болгоогүйнх биш, харин тэмээг өсгөн үржүүлдэг байсан боловч түүнийг оршуулганд дагалдуулан тавьдаггүй байсных бололтой. Манай говийн аймгуудын орон нутгийн судлах музейн үзмэрт хадгалагдаж буй олон тооны тэмээний дүрстэй хүрэл товруу, даруулга, мөн булшнаас гарсан тэмээний дүрстэй хүрэл эдлэл болон хаданд сийлсэн тэмээ унасан хүний зураг зэргээс үзэхэд хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед Монгол нутагт амьдарч байсан овог аймгууд тэмээг өсгөн үржүүлж түүнийг уналга, ачилгад хэрэглэж байсан
57
байна. Дээр дурьдсан баримтаас үзэхэд хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед Монгол оронд адуу, хонь, ямаа, үхэр, тэмээ үндсэн таван хошуу малыг өсгөн үржүүлж байжээ. Мал аж ахуйн хөгжлийг гэрчлэх нэг төрлийн баримт бол манай нутгаас олдож буй хазаарын амгай, зуузай, шахуурга, бөгж, оломны арал, янз бүрийн хүрэл даруулга зэрэг тоног хэрэгсэл, морь малд хөллөсөн тэрэг, анжисны зэрэг юм. Нүүдлийн мал аж ахуйн нь унааны морьгүйгээр хөгжих ямар ч боломжгүй юм. Монголын эртний нүүдэлчдийн мал сүргийн чухал салбар нь адуу юм. Тэд одоогийн монгол адуу шиг намхан биетэй тэсвэр хатуужил сайтай адууг өсгөн унаж эдэлдэг байжээ. Тэд үхэгсэдээ дагуулан морины толгой, адууны дал, шүд зэргийг тавьсан байх ба морьтой хүн, морин тэрэг зэргийг хадны зурагт олонтоо дүрсэлсэн байдаг. Увс аймгийн Чандмань уулын булшнаас хөдөлдөггүй шулуун ба махир хэлтэй оломны хүрэл ба ясан арал, хазаарын шахуурга бөгж олдсон юм. Архангай аймгийн Чулуут гол, Цэцэрлэг сумын Хонгоржин, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Модтой толгой, Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уул, Говь-Алтай аймгийн Цагаан гол, Ховд аймгийн Ямаан ус, Төв аймгийн Эрдэнэсант сумын Уянгын үзүүр, Увс аймгийн Сагил сумын Тушаат, Давс сумын Хандгайт зэрэг олон газраас хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед холбогдох морин тэрэг, энгийн тэрэгний зураг хэдэн арваараа олдсоны гадна мөн энэ үед холбогдох морьтой хүмүүс, мориор ан гөрөө хийж яваа хүмүүсийн зураг ч элбэг тархсан байдаг. Нүүдэлчдийн ахуй амьдралд адууны үүрэг асар их бөгөөд түүнийг уналга хөсөгт өргөн хэрэглэх болсноор тухайн нутаг бүрийн түгжигдмэл явцуу байдлыг эвдэж хөрш зэргэлдээ ба алс холын овог аймаг, ард түмэнтэй харьцах эдийн засаг, соѐлын харьцаа холбоо ихээхэн тэлжээ. Булшинд малын махыг шавар сав, хүрэл тогоо зэрэгт хийж тавьдаг байснаас эдгээр сав суулганд яс нь үлдсэн байх ба оломны арал, хутганы хуй, толины сэнжинд арьс шир, сурны тасархай барилдаж хадгалагдсан байдаг. Мөн түүнчлэн чинжаал хутганы хуйг модоор хийж гадуур нь давхар ширлэсэн байхаас гадна сураар морь малын тоног хэрэгсэлийг зангидаж, суран эдлэлийг шөрмөсөөр үдэж, оѐж, сумын зэвийг мөсөнд суулгаад шөрмөсөөр ороож давхар бэхэлсэн зэрэг малын арьс, ширийг элдэж боловсруулан оѐх, үдэх, зангидах наах олон аргыг хэрэглэн хэрэгцээний зүйлсээ хийдэг байсан баримт тэр үеийн булшнаас олдож мэдэгдсээр байна. Хүрэл ба төмөр зэвсгийн үед Монгол нутагт амьдрагсадын сүргийн үндсэн хэсэг нь хонь болохыг эртний оршуулга ба ѐслолын дурсгалыг малтан шинжлэхэд олддог хонины ясны олдвороос илэрхий. Хонины мах, сүүг идэж уухын зэрэгцээ түүний ноосоор эсгий, дээс арьсаар нь хувцас хунар, дэвсгэр зэргийг хийж, шөрмөсөөр бат бөх утас хийдэг байжээ. Чандмань уулын булшнаас эсгийний тасархай өөдөс, хүрэл толины эсгий гэрний үлдэгдэл зэрэг хэдийгээр үл ялих жижиг боловч эрдэм шинжилгээний хувьд нэн сонирхолтой хэрэглэхдэхүүн олдсон юм. Эсгий, арьс ширээр хийсэн эдлэл газрын гүнд урт удаан хугацаагаар хадгалагдахдаа муу байдаг тул эдгээр эдлэлээс ийнхүү өчүүхэн жижиг биет баримт болон үлдэж хоцорсон юм. Эдгээр нь хэдийгээр жижиг боловч эсгий, арьс ширэн бүтээгдэхүүн хэрэглэж байсныг гэрчилж чадна. Хонины ноосоор эсгий хийх хэд хэдэн арга, эсгийг олон төрлийн бүтээгдэгхүүн хийдэг заншил өнөө хүртэл Монголчуудын дунд өргөн дэлгэр уламжлагдаж ирсэн юм. Ийнхүү төмөр зэвсгийн эхэн үед Монгол нутагт амьдрагсад адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ таван төрлийн малыг нүүдлийн хэлбэрээр өсгөн үржүүлж тэдний махыг идэж, сүүгээр нь янз бүрийн сүүн бүтээгдэхүүн хийж хоол хүнсээ бэлтгэн, арьс шир, ноос үсийг боловсруулан хувцас, хунар эсгий, сур бэлтгэн аж ахуйн хэрэгсэл, тоноглолоо хийж өөрсдийн ахуйн хэрэгцээг төвөггүй хангадаг байв. Чандмань уулын зарим булшинд эзнийг нь дагуулан хойлоглон оршуулсан нохойн яс олдсон нь нүүдлийн мал аж ахуй, ан агнуурыг эрхлэн амьдарч байсан төмөр зэвсгийн түрүү үеийнхний амьдралд хоточ, анч нохой чухал үүрэгтэй байсныг энэхүү баримт гэрчилж байна. Монгол оронд хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед амьдарч байсан овог аймгуудын аж ахуйд түүний үндсэн салбар болох мал аж ахуйгаас гадна ангийн аж ахуй чухал үүрэгтэй байжээ. Хүрэл ба төмөр зэвсгийн үеийн ан автай холбогдох баримт элбэг бөгөөд булшнаас янз бүрийн ангийн яс, ангийн ясаар хийсэн эдлэл, тэдгээр анг агнаж байсан зэр зэвсэг болон төрөл бүрийн ан амьтадын дүрсийг урласан эдлэлүүд элбэг олддог. Түүнчлэн хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн хадны зурагт ан амьтадын зураг үндсэн суурийг эзлэхийн хамт ан гөрөө хийж буй байдлыг харуулсан зураг ч элбэг дайралдана. Мөн буган хөшөөнөө сүрэг бугыг дүрсэлдэг боловч түүний завсар зайд гахай, янгир, ирвэс, зэрэг амьтад тоодог мэтийн шувуудыг дүрсэлсэн байдаг. Монголын төв ба дорнод хэсэгт малтсан дөрвөлжин булшнаас тарвага, үнэг, өмхий хүрэн зэрэг амьтад болон шувууны яс, бугын эврээр хийсэн нумын ясан наалт, сумын зэв олддог.
Чандмань уулын булшнаас зээр, тарвага, шувуу, загасны яс болон буга маралын араа, тарваганы соѐогоор хийсэн гоѐл чимэглэл зүүлт, бугын эврээр хийсэн сумын зэв, бүсний нүүр, булцуу шахуурга, шөвөг, ялтас зэрэг эд өлгийн зүйлс олон тоогоор олдсон юм. Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянцогт овооны гурав дахь дөрвөлжин булшнаас усны шувууны толгойн сийлбэр, Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уулын нэгэн дөрвөлжин булшнаас аргалын толгойн дүрстэй хос алтан сүлбээр гарсан юм. Чандмань уулын зарим булшнаас бөхөнгийн алтадсан хүрэл баримал, баавгайн
58
хэлбэртэй хүрэл товруу, баавгайн дүрстэй хүрэл шахуурга, аргаль ба бугын зурагтай хүрэл толиуд, шавар сав, бугын согооны сийлбэртэй бүсний ясан арал, хос шувууны цутгавар бүхий хүрэл чинжаал хутга, хотон шувууны толгойн дүрстэй хүрэл шөвөг, ирвэс (шилүүс)-ний дүрстэй саадагны хүрэл гох, дөрвөн шувууны толгойг өөд өөдөөс нь харуулж дүрсэлсэн хүрэл товруу, шар шувууны дүрстэй хүрэл товруу зэрэг ан амьтаны дүрс бүхий эдлэлүүд олон арваараа олдсон юм. Хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн хадны зурагт янгир, буга, аргаль, гахай, гөрөөс, үнэг, чоно, ирвэс, шилүүс зэрэг амьтадыг олноор нь дүрсэлсэн байхаас гадна эдгээр амьтадыг үргээж, бүслэн нум сумаар намнаж буй болон морьтой, явган хүмүүс нохой дагуулаад ан гөрөө хийж яваа сэдэв бүхий зураг олон байдаг. Булшнаас ангийн ясны биет олдвор, тэдгээрийн дүрсийг урлаж дүрсэлсэн эд өлгийн зүйл, хадны зурагт дүрсэлсэн амьтад, ан гөрөө хийж буй байдлыг харуулсан зургаас үзэхэд хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед Монгол нутагт амьдарч байсан хүмүүс янгир, буга, зээр, гөрөөс, аргаль, тарвага, гахай, ирвэс, шилүүс, үнэг, чоно, өмхий хүрэн болон бусад ан, галуу, нугас, хотон, тоодог зэрэг шувууд мөн бас загас агнадаг байжээ. Эдгээр ангийн ихэнхийг нь махыг хүнсэндээ хэрэглэхийн гадна зарим ангийн үс, арьсыг элдэж боловсруулан дээл хувцасаа хийдэг байжээ. Ганц нэгээрээ буюу хэсэг бүлгээрээ ан хийх аргын аль алинийг нь хэрэглэдэг байжээ. Ангийн холын тусгалтай үндсэн зэвсэг нь янз бүрийн зориулалт хэмжээ, хэлбэрийн яс, хүрэл, төмөр зэвтэй нум сум байсан бөгөөд сааль, чинжаал хутга, ердийн хутга, жад, сүх, зээтүү зэрэг зэвсгийг бас анд хэрэглэдэг байжээ. Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн аж ахуйн туслах нэг салбар нь газар тариалан юм. Монгол нутагт газар тариалан неолитын үед орон нутгийн шинжтэй бие даан үүссэн бөгөөд цаашид хүрэл төмөр зэвсгийн үед уламжлан хөгжиж иржээ. Монгол орны эх газрын эрс тэс уур амьсгалтай байгаль газар зүйн хатуу ширүүн нөхцөлд нүүдлийн л аж ахуйг эрхлэн аж төрөх нь газар тариаланг эрхлэж аж төрөхөөс илүү тохиромжтой байжээ. Гэвч гол мөрний хөндий болон нөмөр дулаан үржил шимтэй хөрс бүхий зарим нутагт газар тариалан зохих хэмжээгээр эрхлэж байсан. Гар урлал эрчимтэй хөгжих шатандаа орсон байв. Монгол орны нутаг дэвсгэррт малтсан хүрэл ба төмөр зэвсгийн үеийн олон арван булшнаас их бага хэмжээний ваар савны хагархай олддог байна. Дээрх ваар сав суулганы зүйлсээс харахад хээгүй гөлгөр гадаргуутай, хээн чимэглэлтэй гэсэн хоѐр төрөлд хуваан авч үзэж болмоор байдаг. Ваарны хүзүү болон мөрний дагуу голчлон хурц үзүүртэй багажаар тууш болон босоо зураас сараачмал хээ зэргийг гарган чимдэг байжээ. Хүрэл болон төмөр зэвсгийн түрүү үеийн ваар савыг бүдүүн ширхэгтэй элсэрхэг, хар, хар бараан, саарал, улаан шаргал өнгийн шавраар хийсэн хэмжээ зориулалтаасаа шалтгаалан нимгэн зузаан янз янз хийдэг байсан байна. Тухайн үед ваар сав суулгыг гар аргаар хийдэг байжээ. МЭӨ II мянган жилд Монгол нутагт амьдарч байсан овог аймгийн нийгэмд хүй нэгдлийн нийгмийн овгийн байгууллын задрал хүчтэй явагдаж, нийгмийн бүтцийн шинэ хэлбэрүүд бүрэлдэж эхэлсэн юм. Манай дэлхийн түүхнээ хүй нэгдлийн байгууллын задрах явц нутаг нутагт аж ахуй, түүхийн янз бүрийн хүчин зүйлээс болж харилцан адилгүй өнгөрчээ. Зарим нутагт хуучин нийгэм мөхөж, шинэ нийгэм гарч ирэхэд тааламжтай нөхцлүүд бүрдэж энэхүү үзэгдлийг түргэтгэж байсан бол зарим нутагт байгаль, газар зүй, эдийн засгийн хүчин зүйл харин хүй нэгдлийн байгууллын задрал, анги үүсэх явцыг саатуулж байв. Монгол нутагт хүй нэгдлийн байгуулал задрах удаан хугацааны үйл явц анх бүр хүрэл зэвсгийн үед эхэлсэн билээ. Монгол нутагт хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед амьдрагсадын нийгэм, эдийн засгийн хөгжилд нүүдлийн мал аж ахуйн ба металл боловсруулалтын хөгжил нэмүү бүтээгдэхүүний түргэн өсөлт, амьжиргааны хөгжил, өмчийн хуримтлал ба хүйн жирийн гишүүдээс чмнээлэг элементүүдийн төрөн гарахад хүргэжээ. Үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл ба хөдөлмөрийн бүтээгдэхүүний хувиарлалтанд ноѐлж байсан хүй нэгдлийн тэгш зарчим өөрчлөгдөж эд хөрөнгийн ба нийгмийн дотор эзлэх байр суурийн ялгавар гарч буй нь археологийн судалгааны баримтаас ажиглагдаж байна.
Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед Монгол нутагт амьдрагсадын нийгэмд эцгийн эрхт овог ноѐрхож, тэдний амьдралд цэрэг эрс, дайн байлдаан чухал үүрэгтэй болсон нь түүх, археологийн олон баримтаас харагддаг. Тухайлбал Монгол улсын нутгаас одоогоор 550 орчим олдож судлагдаад байгаа сүрлэг баримал буган хөшөө нь баатар дайчин эр хүнд зориулсан дурсгал бөгөөд түүнийг өвч зэвсэгтэй нь дүрсэлсэн байдаг. Нэг дор ганц хоѐроос аваад хорь хүртлэх тоотой босгосон байдаг сүрлэг том буган хөшөө, түүний дэргэд байрлуулсан хиргисүүр, дөрвөлжин булш, ѐслолын хэдэн арван цагираг, зам, цацраг мэт дагалдах байгууламжууд зэргийг тухайн овог аймгийн дундаас ялгаран гарсан ноѐлох хэсэгт зориулан бүтээсэн байдаг бөгөөд тэдгээрийг хэд хэдэн овог буюу аймгийнхны хүчээр барьж байгуулсан нь тодорхой бөгөөд эцгийн эрхт овог аймгийн маш илэрхий дурсгал болно. Буган чулуу бүхий том хэмжээний цогцолбор дурсгалууд Архангай аймгийн Хүний голын Хөшөөн тал, Хануй гол, Шивэртийн ам, Цацын эрэг, Баянцагааны хөндий, Хөвсгөл аймгийн Уушгийн өвөр, Завхан аймгийн Дааган дэл, Увс аймгийн Байрамын ам, Баян-Өлгий аймгийн Цагаан Асгат, Булган аймгийн Халтарын дэнж зэрэг олон газарт байдаг. Мөн үүнтэй ижил хэдэн зуун хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн 5-6 метр өндөр, 60-100 метр хүртлэх голточ бүхий далантай том, том хиргисүүрүүд Монгол оронд хэдэн зуугаараа байдаг билээ. Тэр үеийн хүмүүсийн дунд өмч хөрөнгө болон нийгмийн дотор эзлэх
59
байр суурийн ялгаа гарсан нь дээр дурдсан хөшөө дурсгалаас гадна тэдний хэрэглэж байсан алт, үнэт чулуун эдлэл тусгайлан хийсэн гоѐ ганган хийцтэй зэр зэвсэг, сав суулгаас тодорхой байдаг. Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уулын дөрвөлжин булшнаас гарсан аргалийн толгойг урлан хийж, оюу шигтгэсэн хос алтан сүлбээр, Өмнөговь аймгийн нутгаас олдсон аргаль, янгирын толгойн тольттой хүрэл илд, том том хүрэл чинжаалууд зэргийг жишээ болгон дурдаж болно. Хүрэл ба төмөр зэвсгийн үеийн Монголын нүүдэлчин овог аймгуудын цэрэг эрс нь иж бүрэн зэр зэвсэгтэй байжээ. Тухайлбал, гардан тулалдаанд чинжаал, хутга, байлдааны алх (зээтүү), илд, урт богино жад бороохой, зэрэг охор зэвсгүүд холын тулалдаанд энгийн ба зүймэл хийцтэй нум сум, дүүгүүр зэрэг уртын зэвсгийг хэрэглэдэг байжээ. Үүнээс гадна бамбай, дуулга зэрэг хамгаалах зэвсэг өмсгөлтэй байсан юм. Дээр дурдсан байлдааны зориулалттай зэвсэг болон хутга, шөвөг, ооль, сүх, билүү, ганзагны хүрэл тогоо зэрэг аж ахуйн зориулалттай багажуудыг ч байлдааны үед ч, ердийн ан агнуур, аж ахуйд ч хослуулан хэрэглэж байсан нь тодорхой. Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед цэрэг эрс хоорондоо явган, морьтой тулалддаг байсан бөгөөд энэ нь хадны зурагт ч тодорхой тусгалаа олсон байдаг. Өвөрхангай аймгийн Тэвш уулын хадны зурагт дүрслэгдсэн цэрэг эрсийн дүр, тэдний зэр зэвсэг, хувцас зэргийг эрдэмтэд тусгайлан судлаад хүрэл зэвсгийн сүүл, төмөр зэвсгийн эхэн үед цэрэг эрс иж бүрэн зэвсэгтэй байсан ба цэргийн жагсаал буй болсон байна хэмээх чухал дүгнэлтэнд хүрсэн юм. Энэ үед морьт цэрэг нэгэнт буй болсон, өөрөөр хэлбэл тэр үеийн хүмүүс байлдаанд морь унаж тулалддаг байсныг олон газрын хадны зургаас мэдэж болох ба дээр дурдсан Дундговь аймгийн Хулд сумын нутгаас олдсон хүрэл толин дээрх хоѐр морьтны тулаан бүр тодорхой өгүүлж байна. Тэр үед морины тоног хэрэглэл болох хазаарын хүрэл нуман зуузайтай, дугуй цагирган ба дөрөөн хэлбэрийн үргэлж амгай зуузай, шахуур, бөгж, оломны арал зэрэг зүйлс өргөн хэрэглэж байсан нь булшны малтлагаас болон түүврээр олддог. Дээрх түүх археологийн олон баримт нь Монгол нутагт амьдарч байсан овог аймгуудын нийгмийн амьдралд дайн байлдаан онцгой үүрэгтэй болсон ба эцгийн эрхт ѐс нэгэнтээ хэлбэршин тогтож, улмаар нийгмийн хөгжлийн “Цэргийн ардчилал”, “Хөдөөгийн хүй”, “Аймгийн холбоо” гэж янз янзаар нэрлэдэг шатанд орсон билээ. Үйлдвэрлэлийн харьцаа цусан төрлийн холбоотой давхцаж маш нягтаар уялдан байдаг нийгмийн нийтлэг нэгж болох овог, ураг төрлийн бус харин орон нутаг-үйлдвэрлэлийн зарчим дээр бүрэлдсэн хүйд аяндаа байраа тавьж өгдөг байна. Түүхэн үйл явц эхлээд овгийн холбооноос нийгмийн бүтэц шууд хараат байдгийг сулруулж, эцэст нь овгийн байгууллын хамаадлыг хайхрахгүй эдийн засаг ба орон нутгийн эрх ашигт үндэслэн хүйг бүрдүүлэхэд хүргэдэг. Хүй нэгдлийн овгийн байгууллын задралын үеийг цэргийн ардчилал буюу хөдөөгийн хүйн шат гэж нэрлэдэг. Цэргийн ардчилал, хүй нэгдлийн хөдөөгийн хүй гэдэг хоѐр ойлголт нь бие биеийг үгүйсгэдэггүй, харин хүй нэгдлийн байгууллын задралын үеийн нийгмийн бүтцийн өөр өөр онцлог талуудыг илэрхийлж байгаа юм. Монголын нүүдэлчдийн соѐл урлаг төмөр зэвсгийн эхэн үед хөгжлийн харьцангуй өндөр түвшинд хүрсэн байна. Төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрч, нүүдлийн мал аж ахуй цаашид боловсрон хөгжсөнөөр тэдний эдийн ба оюуны соѐл ихээхэн өөрчлөлтөнд оржээ. Ази-Европын хээр талын бүс нутагт ижил төстэй аж ахуй эрхлэн амьдарч байсан олон овог аймгууд Монгол, Өвөрбайгаль, Өмнөт Сибирь, Хар тэнгисийнхэн олон талаараа ижил төстэй соѐлын нийтлэгийг бүрдүүлжээ. Энэхүү нийтлэг нь тэдний хооронд эдийн засаг, соѐлын өргөн харилцаатай байсныг харуулдаг. Аж ахуй, соѐлын өргөн харьцаа тогтоход тэдгээр аймгийн нааш, цаашийн нүүдэл хөдөлгөөн юуны өмнө унаа хөсөг онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Гэвч тэдгээр нийтлэгээс гадна тухайн овог, аймаг бүрт өөрийн өвөрмөц онцлог, орон нутгийн шинж байдал байсан юм. Төмөр зэвсгийн эхэн үед манай оронд амьдрагсадын ахуй амьдрал, орон сууц, хувцасны талаархи хэрэглэгдэхүүн тун хомс юм. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн зураг, Дундговь аймгийн Өлзийт сумын Дэлхийн зүүн билийн хадны зурагт гэрийг дүрсэлсэн байх ба, Говь-Алтай аймгийн Наран цээл сумын залгаа Цагаан голын хадны зурагт гэр байшин дүрсэлсэн байдгаас энэ үед амьдрагсад эсгий гэр, модон байшин барьж суудаг байсныг мэдэж болно. Хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед амьдрагсад биеээ барьсан өмд цамц буюу урт хормойтой дээл өмсч, дээлэн дээрээ бүс бүсэлдэг байжээ. Мөн өргөн хүрээтэй ба дуулга мэт бөмбөр хэлбэртэй мөн салаа оройтой малгай өмсдөг байсан болохыг хадны зургаас мэдэж болно. Тэд өргөн нарийн янз бүрийн суран бүс бүсэлдэг бөгөөд бүсэн дээрээ янз бүрийн хээ гаргаж товруу хаддаг байжээ. Бүс, тэлээ нь жирийн хүрэл буюу ясан аралтай байснаас гадна зарим бүсний арал дээр амьтны дүрс сийлж урладаг байна. Булшны хэрэглэгдэхүүнээс үзэхэд төмөр зэвсгийн эхэн үед амьдрагсад “өвөг дээдсийг”, “овог өрхийн онго ба ивээгчийг” шүтэн биширдэг байжээ. Эдгээр бишрэлийн уг сурвалж нас барсан төрөл төрөгсөд нь, хойт насандаа өөр ертөнцөд өөрийн овог хүйн зан заншил, дадал хэвшил, ѐс журмаар үргэлжлэн амьдардаг гэж итгэдэг ѐсонд үндэслэсэн байдаг байна. Иймээс ч тухайн хүнийг үхэхэд түүний нэр хүнд, хүйн дотор эзлэх байр суурьтай тохирсон эд агуурсыг дагуулан тавьж, өөрийн овог аймгийн оршуулгын газар тухайн овог аймгийн зан үйлийн дагуу оршуулгын нарийн ѐсыг үйлдэж нутаглуулдаг байжээ.
60
Хэдэн арваас хэдэн зуу хүртлэх тооны булш бунхан бүхий овгийн оршуулгын газар нэг дор байхаас гадна ганц хоѐр буюу цөөн хэдэн булш бүхий оршуулгын газар элбэг тохиолдоно. Энэ нь юуны өмнө нүүдэлчид нэгэн дор урт удаан хугацаагаар суурьшин амьдардаггүй, жилийн дөрвөн улиралд нүүж байдгаар тайлбарлагдана. Монголын нүүдэлчдийн дунд нар, сар, тэнгэр эрхэс, гал, сайн морь зэргийг дээдлэн шүтэж биширдэг зан үйл эрт дээр үеэс уламжлалтай юм. Галыг муу муухайг ариутган цэвэрлэдэг гэдэг ойлголт, нарыг эрхэмлэн шүтэх ѐсноос уламжлалтай гэж эрдэмтэд үздэг бөгөөд энэхүү заншил Ази-Европын олон нүүдэлч овог аймгуудын дунд нийтлэг тархсан юм. Энэ үед анимизм, тотемизм, маги зэрэг хүй нэгдлийн сүсэг бишрэлийн нэн эртний ойлголтууд ч бас хувирч өөрчлөгдсөн хэлбэрээр оршиж байв. Эд юмсыг ид шидтэн гэж үздэг сүсэг бишрэлийн анимизмын хэлбэрийг эрдэмтэд тайлбарлахдаа булшинд зориуд эвдэж хугалж хийсэн гоѐл чимэглэл, зэр зэвсэг зэргийг жишээ болгон авч үздэг байна. Янз бүрийн онго, зүүлтийг тотемизм ба магийн сүсэг бишрэлийн үлдэцтэй холбон тайлбарладаг юм. Овог ба аймгийнхны ямар нэгэн амьтнаас гаралтай гэж үздэг тотемизын ойлголт янз бүрийн амьтны дүрд тусгалаа олсон байна. Тийм ч учраас тэдгээр амьтдын дүрсээр зэр зэвсэг, гоѐл чимэглэлээ чимж, тийм зэвсэг нь дайн байлдаан, ан агнуурт ашиг тус өгдөг гэж үздэг байжээ. Монголын хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үеийн дурсгалд буга, янгир, аргаль, барс зэрэг амьтдын дүр өргөн тархсан байдаг нь тэднийг хөнгөн шалмаг, түргэн хөдөлгөөнтэй, хүч чадалтай төдийгүй ид шидийн хүчтэй гэж хүртэл ойлгодгоос тэр билээ. Монгол нутагт хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед оршин тогтнож байсан аймгуудын урлаг соѐлын хөгжилд чимэглэх урлаг, сүрлэг баримал, хадны зураг үндсэн суурийг эзэлдэг. Эдгээрийн гол шинж нь “амьтны загварт урлагийн” өвөрмөц дүрслэх хэлбэр юм. Амьтны загварт урлаг НТӨ YII-III зууны үед Ази, Европын хээр талын бүсэд нутаглаж байсан овог аймгуудын дунд өргөн тархсан бөгөөд харин түүний гарал үүсэл нь хүрэл зэвсгийн үед холбогдоно. Амьтны загварт урлагийн арга барилаар бүтээсэн дурсгалууд эхлээд Скифүүдийн, дараа нь Сибирийн нутгаас олдож байсан тул “Скиф-Сибирийн амьтны загварт урлаг” гэдэг тоймолсон нэрийг авчээ. Энэхүү урлагийн гол сэдэв нь араатан амьтдын дүрслэл юм. Амьтны загварт урлаг агуулгын хувьд бодит хандлагатай бөгөөд бүхэлдээ хавсрага чимэглэл шинж чанартай юм. Амьтны загварт аргыг зэр зэвсэг, гоѐл чимэглэл, ахуйн хэрэгцээний зүйлсийг хийхэд өргөн хэрэглэж байжээ. Эд юмсын дүрслэлийн зохиомжийг чадмаг хослуулж чадсан амьтныг загварчлан дүрслэх аргаар хийсэн эртний урчуудын олон бүтээл дэлхийн урлагийн шилдэг бүтээлд зүй ѐсоор тооцогддог юм. Эдгээр эртний урчууд хүрээлэн буй орчин, тэдний амьтдын ертөнцтэй ихэд холбоотой ойр байсан учир өөрсдийн уран бүтээлийн гол дүрийг сонгон авдаг байжээ. Урлагийн гол дүр нь тухайн нутагт амьдардаг, тэдний амьдрал ахуйд чухал үүрэгтэй байсан буга, аргаль, янгир, зээр, гөрөөс, гахай, барс, хандгай, шувуу зэрэг зэрлэг амьтад, адуу, үхэр, тэмээ зэрэг мал байлаа. Амьтдын дүрийг чулуу, хүрэл, алт, яс, мод болон шавраар бүтээдэг байв. Амьтны загварт урлагийг ерөнхийд нь хөгжлийн гурван үндсэн үед хамааруулан үзэж болно. Үүнд: анх үүссэн, цэцэглэлтийн, буурч суларсан. Амьтныг загварчлан дүрслэх аргын гарал үүслийн талаар гурван үндсэн санал байдаг. Амьтны загварт урлаг чухам ямар агуулгатай болох нь одоо болтол бүрэн тогтоогдоогүй байна. Гэхдээ тахилгын шинж чанартай байсан байх гэж эрдэмтэд үздэг. Амьтны загварт урлагийн сэдэвт голчилж буй амьтдын дүр нь тодорхой овог аймаг, угсаатны бүлгийн тотемны өвийг дүрсэлсэн байж болох юм. Янз бүрийн эдлэлд эдгээр амьтдыг дүрсэлсэн нь нэг ѐсны овгийг хамгаалагч, онгоны үүрэгтэй байсан байж болно. Амьтдын тэмцэл нь овог аймгийн хооронд ширүүн тэмцлийг илэрхийлдэг бололтой. Хүй нэгдлийн нийгмийн задралын үед хээр талын нүүдэлч аймгуудын дунд баатарлаг туульс үүсчээ. Тэдгээр туульсын зарим дүр, зохиомж ихээхэн хувирч өөрчлөгдсөн хэлбэрээр өнөө үеийг хүрчээ. Хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үеийн чимэглэх урлагийн чухал төрөл нь хээ угалз юм. Хээ угалз, амьтны загварт урлагтай зэрэгцэн, харилцан бие биедээ нөлөөлөн хөгжиж иржээ. Амьтан, урггамалын гаралтай эдээр хийсэн зүйл хадгалж ирсэн нь туйлын хомс бөгөөд бидний үеийг хүртэл чулуу, хүрэл, алт, ясан эдлэл дээр уралсан хээ, угалз үлджээ. Энэ үед хамаарах хээ угалзыг геометрийн, амьтны, билэгдлийн гэж үндсэнд нь гурав ангилж үзэж болно. Геометрийн хэлбэртэй хээ угалз нь бүр неолит, хүрэл зэвсгийн үеэс эхэлж дайралдах ба хүрэл зэвсгийн сүүл, төмөр зэвсгийн түрүү үед гурвалжин, дөрвөлжин, чон, дугуй, хушуу хэлбэртэй хээ угалзыг буган чулуун хөшөө, хүрэл, алтан эдлэлд гаргадаг байв. Билэгдлийн холбогдолтой хээ угалзын эх үүсвэрийг байгаль, тэнгэр эрхсийн хүчинд бишрэх явдлаас үүсвэрлэн гарсан гэдэг бөгөөд энэ төрөлд хамаарах дугуй, цагираг болон янз бүрийн хэлбэрийн тамга тэмдгийн зүйл хадны зураг хөшөө чулуунаа өргөн тархсан байдаг. Амьтны дүрстэй (гаралтай) хээ угалз нь гол төлөв амьтныг загварчлан дүрслэх урлагийн дүрслэлд тулгуурласан байдаг бөгөөд ганц ба хос амьтны толгой, шувуу болон амьтдын тоймолсон дүрслэлээр илэрхийлэгдсэн байдаг. Гэвч нэг эдлэл дээр хэд хэдэн төрлийн хээ угалзыг хослуулан хэрэглэсэн нь элбэг тохиолдоно.
Монгол улсын нутагт өргөн дэлгэр тархсан хадны зураг бол эртний дүрслэх урлагийн дурсгалын нэгэн гол төлөөлөгч юм. Хаданд дүрс зургийг хурц үзүүртэй төмөрлөг багажаар буюу хатуу чулуугаар хонхойлон цохиж дүрсэлдэг бөгөөд тэгэхдээ уг дүрсийг бүх талбайгаар нь хонхойлгон цохиж
61
гаргах, зөвхөн гадаад тэгийг хөвөөлж гаргах, нарийн зураасаар зурж гаргах зэрэг хэд хэдэн барилыг хэрэглэж байжээ. Заримдаа нэгэн дүрсийг бүтээхэд дурдсан барилуудыг аль алиныг хослон хэрэглэсэн ч байдаг. Хадны зураг бүхэлдээ түүхийн олон үед хамаарах боловч хамгийн өргөн дэлгэр тархсан үе нь хүрэл, төмөр зэвсгийн эхэн үе билээ. Энэ үеийн зургийг бусад зургаас ялган үзэж буй гол шинж нь чимэглэх урлагаас бидний сайн мэдэх амьтныг загварчлан дүрслэх арга юм. Архангай аймгийн Чулуут гол, Хөрөөгийн үзүүр, Өвөрхангай аймгийн Тэвш уул, Их дөрөлж, Паалуу, Булган аймгийн Баруун могой, Орхон гол, Өвгөнт, Үүдэнт, Увс аймгийн Хандгайтын гол, Баруун, Зүүн, Дунд Турга, Ховд аймгийн Үзүүр хөх хад, Баянхонгор аймгийн Бугат, Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага ойгор, Ховд аймгийн Ямаан-Ус зэрэг олон газрын хаданд түүхийн олон үеийн турш зургийг сийлж ирсэний дотор амьтныг загварчлан дүрслэх аргаар урласан зураг элбэг байдаг. Эдгээрийн дотор амьтныг загварчлан дүрслэх сонгодог аргаар урласан, буга, янгир, гахай болон бусад амьтдын дүр элбэг тохиолдоно. Үүний зэрэгцээ хавсрага чимэглэх урлагт төдийлөн байдаггүй сэдэв, зохиомж бүхий зураг ч олон байдаг. Ан агнуурын, дайн байлдааны сэдэвтэй болон гэр орон сууц, хүний дүрстэй зургууд байдаг. Бүхэл бүтэн үйл явдлыг өгүүлсэн сэдэв зохиомж бүхий бүтээлүүд нь хадны зургийн хавсрага чимэглэх урлаг болон буган чулуун хөшөөнөөс ялгагдах онцлогийг харуулаад зогсохгүй, түүний давамгай шинжийг илэрхийлнэ. Хүрэл, төмөр зэвсгийн үеийн овог аймгуудын урлаг, уран сайхны бүтээлүүдийн олон талтай болохыг тэр үеийн археологийн дурсгалууд харуулж байна.

No comments: