Tuesday, November 12, 2013

Монголчууд уулын өвгөдийн дарсан нь


Хүн төрөлхтний түүхэнд амиа золиослон дайснаа устгадаг тухай түүх, домог нэлээд бий. Гэхдээ олон хүнийг хамарч, давтамж ихтэй нэг үгээр хэлбэл өнөөгийн Палестин, Ирак, Афганистанд болж байгаатай төстэй явагдсаны анхных нь манай тооллын III зууны үед хамаарах жүүдийн зийлотууд юм. Харин лалын ассассин болон японы камиказе нар төвлөрсөн зохион байгуулалтанд орсноор юунаас ч үл эмээх итгэл үнэмшилтэй амиа золиослогч болж, дайсандаа дээд зэргийн айдсыг төрүүлж, хорлол учруулах болжээ. Дэлхийн II дайны үед америкчууд камиказег "Бид амьд үлдэхийн төлөө тулалддаг байхад тэд үхэхийн төлөө улайрах юм" хэмээн гайхширч байжээ. Гэвч жүүдийн зийлоот, японы камиказе нарын аль аль нь лалын ассассинууд шиг өрнө дорнын олон хаад, ноёдыг амжилттайгаар айлган сүрдүүлж 300 шахам жил исмайлитын шашин, "Уулын өвгөд"-ийн эрх сүрийг тогтоож чадаагүй юм. XIII зуунд ертөнцийг байлдан дагуулахаар заяагдсан монголчууд л зөвхөн тэднийг даран мөхөөжээ. Одоо энэ тухай товч өгүүлье.



Ассассин гэдэг нь хашашин буюу мансуурагчид гэдэг утгатай үг. Хашиш буюу гашиш гэдэг нь Энэтхэгээс гаралтай нэгэн зүйлийн олсны ургамлаас гаргаж авдаг мансууруулах бодис билээ. Хасан ибн Сабах гэгч 1094 онд лалын шашны хамгийн хатуу чиглэлийн нэг исмайлитын урсгалыг үүсгэн байгуулж, нэр нөлөөгөө өргөсгөхийн тулд амиа золиослогч буюу ассассинуудыг бий болгожээ. Энэ үеэс эхлэн 14 смайлитын шашны тэргүүн, ассассинуудын захирагч нууц эздийг "Уулын овгөд" хэмээн европ дахинаа нэрлэжзаншсан аж. Исмайлитууд хөгжлийнхөө оргил үед 360 гаруй цайз бэхлэлтээ Каспийн тэнгисийн эрэг хөвөөний цавчим уулсын тагт, өрнөд персийн уулархаг район өнөөгийн иран, ирак, сири, ливаны нутгийг дамнуулан байгуулсан бөгөөд уулын өвгөдийн суудаг "Бүргэдийн үүр" хэмээн алдаршсан Аламутын гол цайз нь эгц гүнзгий жалга, хавцлууд, мөсөн гол, цавчим өндөр даваануудаар хаагдсан Эльбрусийн уулсын тагт байцыг эзлэн байрлаж, лалын ертөнцийг тэр чигт нь аймшигт автуулах болжээ.



Хасан ибн Сабах өрнөд перс дэх Аламутын гол цайз бэхлэлтүүдийг эзлэн суугаад тал талаасаа уулсаар хүрээлэгдэж, өөрийн цайзтай газар доогуур хонгилоор холбогдсон нэгэн хөндийд "диваажин" мэт цэцэрлэгийг цогцлоон байгуулж, өөрийн талын идэр залуусыг гашишаар мансууруулан аваачиж, цэнгүүлэн жаргааж байгаад буцаан авчирч "...эзэн ноёныхоо төлөө тэмцэж амиа өгөгсөд тэрхүү диваажинд үнэнхүү жаргалыг насан үүрд эдэлдэг юм" хэмээн итгүүлдэг байв. Энэ мөчөөс эхлэн залуу эр юунаас ч үл эмээх шийдсэн алуурчин болж худалдаачин, мөргөлч эсвэл гуйлгачин, хэрмэл ядуу ламын дүрд хувилж газрын хол, усны уртыг туулсаар эзэн захирагчийнхаа заасан хүн болгоныг тонилгоход бэлэн болдог байв. Тэднийг ассассин гэж нэрлэсэн ба "Уулын өвгөд" тэдэнд итгэл үнэмшил бүрдүүлээд зогсохгүй, тухайн аллагад тохирох этгээдийг 50-200 нэр дэвшигчээс сонгон авч хурц зэвсгийн эрдэм, тэсвэр хатуужилд сурган, даалгавраа биелүүлэх арга зам, хувилбар мэхийг нарийвчлан зааж, хэрэщээт мэдээллээр ханган илгээдэг байв. Тэд чичлүүр хутганаас өөр зэвсэггүй байх боловч хийх үйлдлээ нуухгүй, хүн амьтнаас зайлсхийхгүйн учир нь зорьсон хэргээ бүгээгээд өөрөө үхэх ёстой байсных юм.



Ийм амиа золиослогчид тулгуурлан уулын өвгөд өөрийн аймшигт засаг захиргааг байгуулж, тушаалыг зөрчин сөргөлдсөн хэн бүхэнд ялгаагүй үхэх ял оноон суудаг болов. "Уулын өвгөд" аглаг буйд байх цайзаасаа хэзээ ч үл гарч, зөвхөн хамгийн шадар хүмүүстээ л үзэгдэж лалын ертөнцийн бүхий л хөл хөдөлгөөн, үйл явдлыг чанд ажиглаж, дураар засаглаж нууц сүлжээгээ өргөтгөн тороо хэлхсээр Иран, Сири, Бага Азийг дамнан Мисир буюу Египет орныг хүртэл нөмөрч, Европын ихэс дээдэст хүртэл аймшигт урт гараа хүргэх болжээ. "Уулын өвгөд"- ийн илгээсэн ассассинуудын чичлүүр хутганд лалын ертөнцийн султан, халиф, шах нар төдийгүй загалмайтны Баварын херцог I Людвиг, Иерусалимын захирагч Конрад Монферратский зэрэг цуутай язгууртнууд хүртэл өртөж амиа үрэгджээ.



Уулын өвгөд дээр өрсөлдөгчөө замаасаа зайлуулахыг хүсэгчид эсвэл албан тушаал ахихад нь саад болж байгаа нэгнийг хорлохыг санаархагч хэн боловч хамсаатан болон, элдэв нууц, ордны орчны аливаа санаа төлөвлөгөөг дэлгэхэд амиа золиослогч хэзээд бэлэн байх ба баяр ёслолын байдалтай морилж яваа султан, ялгуусан аянаа тэмдэглэн найрлан суугаа жанжин эсвэл нэр нөлөө ихтэй сайд, түшмэд хэн ч ялгаагүй чичлүүр хутганд өртөн амь үрэгддэг байв. Загалмайтны дайны дараа Ойрхи Дорнодод бий болсон христийн улсуудын хоорондын тэмцлийг ашиглан уулын өвгөд ассассинуудыг илгээж ноёд захирагчдынх нь амь насыг бусниулж байснаараа тэдний хүчийг тарамдуулж, хожим лалынханд шахагдан арчигдахад хүргэсэн юм. Ассассинууд ямар ч аюултай үйлээс шантарч буцах нь үгүй тул эрх мэдэлтэн, хүчирхэг эзэн хаан хэн бугай ч амь нас нь баталгаагүй байжээ.



Исмайлитуудын нууцлаг эзэнт улсыг 8 уулын өвгөн залгамжлан удирдсаны хамгийн сүүлчийнх нь Али Аддин Мухамед хэмээх Хуршах байжээ. Сельжукийн султан Малик Шах, Хорасаны султан Санжар гэх мэт олон хаад язгууртнууд уулын өвгөдийн нэвтэршгүй цайзыг эзлэн авч даран сөнөөхийг эрмэлзэж байсан ч тухай бүр амжилтгүй болж байв. Их замын дээрэмчин тонуулчин хэн бүхэн уулын өвгөдөд үйлчилж хариуд нь түүний ивээлийг олж байжээ. Уулын өвгөдийн хүч чадлыг харуулсан ганц жишээг дурьдахад, Дундад Азийн худалдаачдын зүрхэнд шар ус хуруулсан цөлийн цуугай дээрэмчин Орбасийг Хорезм шахын цэргүүд баривчлан Самаркандын зээлд цаазлан хороох болоход "Уулын өвгөн" Шах руу захиа илгээн заналхийлэн суллуулжээ. Ассассинуудын нууц эзэд хэдий нас залуу байсан ч ялгаагүй "Уулын өвгөн" гэж нэрлэгдэж байсан ба хамгийн сүүлчийн уулын өвгөн Чингис хааны үед 20 гаруй настай байсан ба Хүлэгү хааныг перс дэх аян дайн эхлэх үед 60 нас өнгөрөөд байжээ. Багдадын халиф төдийгүй лалын ертөнцийн олон хаад, ноёд монголчуудын хүчээр ассассинуудыг даран сөнөөлгөхийг хүсэх болов.



Уулын өвгөдийн хорлонт ажиллагааг Чингис хаан Хорезмд хийсэн аян дайныхаа үед анх дуулж мэджээ. Өгөдэй хааны үед уулын ард түмнийг байлдан номхруулахаар илеээгдсэн монголын хээрийн цэргийн ангиудаас зарим хэсэг нь явуут исмайлитуудын цайзуудыг довтлон эзлэхийг эрмэлзсэн ч амжилтгүй болж үлэмж хохирол амсан ухарчээ. Энэ явдалд урамшсан "Уулын өвгөн": "..ассассины чичлүүр хутгаас хэн ч зайлахгүй" хэмээн Монголын Их хааныг сүрдүүлэхийг оролдож байжээ. Бусад олон газар хийж байсан аян дайн болон дотоод зөрчлөө цэгцэлсний дараа Мөнх хаан өөрцйн дүү Хүлэгүг Персэд илгээхдээ 2 гол үүрэг өгсний нэг нь исмайлитуудыг ямар ч үнээр хамаагүй даран сөнөөхийг тушаажээ. Монголчууд хэдий хүч чадал ид үедээ явж байсан ч дангаараа уулын өвгөдийг дарах нь хүнд зорилт байсан тул Хүлэгү ираны захирагч нарыг эрх сүрээр далайлган хамсаатнаа болгон авчээ. Ийнхүү хүчээ бэхжүүлсэн монголын арми исмайлитын хот суурин, цайз бэхлэлтүүдийг бүгэн гурван жилийн турш шат дараалан дайран эзэлсээр "Бүргэдийн үүр" хэмээх "Уулын өвгөн"-ий байрладаг Аламутын гол цайз бэхлэлт рүү 2500 шилмэл цэргийг илгээжээ. Аюул занал толгой дээр бууж ирснийг ухаарсан уулын өвгөн өршөөл эрж хүлцэн дагахыг мэдэгдсэн захидлыг Хүлэгү хаанд илгээсэн боловч нэгэнт хожимдсон байв.



Байгалийн нэвтэршгүй саад, хүчтэй хэрэм бэхлэлтээр өвч тоноглогдсон уг цайзийг 500 ассассин-алуурчин, 2000 цэрэг хамгаалж байсан боловч олон дайн, тулааныг үзэж хатуужсан монголын дайчид цайзын ханыг хэд хэдэн газар сэтлэн цохиж, том бамбайгаар халхлан дайран орж шийдсэн ассассин-цэргүүдтэй амь өрссөн цуст тулааныг өрнүүлэв. Эзэн захирагчийнхаа төлөө үхлийг юман чинээ эс тоодог ассасин-цэргүүдамиазөвхөнүнэтэйөгөхийгбодонширүүнэсэргүүцсэн тул монголчууд гадагш хэнийг ч гаргахгүй нягт хүрээлэн дотогшоо хумин алалдан тулалдсаар цайз дотор нь гол хүчийг хэдэн хэсэг тасдан бүсэлж салган гарцгүй болгосон авч бууж өгөлгүй тулалдсаар байсан тул толгой дараалан устгасаар эцэст нь эсэргүүцлийг бүрэн нухчин даржээ. Монголчууд их хааны зарлиг ёсоор уулын өвгөнийг ямар ч үнээр хамаагүй амьдаар барих ёстой тул эхэндээ цайзыг дээрээс доош шалгаж нэгжсэн боловч олсонгүй, гэрчлэн заах этгээд ч таарсангүй. Гэвч нүсэр цайзийн доод давхаргаас сүүлд нь цэвэрхэн царай зүс, хувцас эдлэлтэй 100 орчим лалуудыг бөөнөөр олзолж хороохыг завдсан боловч тэдний дундаас нэгэн настайвтар хүн босч ирээд "Эднийг бүү хороогооч. Би "Уулын өвгөн" Хуршах байна. Эд нар цөмөөрөө миний хүүхдүүд юм." гэж өгүүлжээ. Ийнхүү эцсийн бүлэгт тэрбээр өөрийгөө илчилжээ.



"Уулын өвгөн"~ийг амьдаар олзолж чадсан монголчууд эмс хүүхнүүдийг ялгаад бусдыг нь хүйс тэмтрэн устгаж, уулын тагт цайзуудыг цөмийг нураан газартай тэгшилжээ. Олзлогдсон Хуршахыг Хүлэгү хааны тушаалаар 1257 оны 3 дугаар сард Мөнх хаанд хүргэхээр Хархорум руу илгээсэн боловч замдаа амь үрэгдСэн байна. Их хаанд хүргэх хэн бүхэнд гар хүрэхгүй гэсэн Их засаг хуулийн заалтыг чанд мөрддөг байсан ч харгалзан хүргэж явсан монгол цэргийг "Уулын өвгөн" ховсдож эрхшээлдээ оруулахыг оролдсон нь амжилтгүй болж сэлмээр цавчуулж үхсэн гэх мэдээ бий.

No comments: