Monday, November 18, 2013

ХҮРЭЛ ЗЭВСГИЙН ҮЕИЙН ХАДНЫ ЗУРАГ

 Монгол орны нутаг дэвсгэр дээр оршин амьдарч байсан хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн өөр нэгэн хосгүй дурсгал бол хадны зураг юм. Энэ үед холбогдох хадны зургийг улаан зосон, сийлмэл хэмээн ангилан авч үздэг. Улаан зосон зураг бол Монголын хүрэл зэвсгийн үеийн түүх соѐлын нэгэн өвөрмөц дурсгал юм. Улаан зосон зургийг өөр өөр үед зурсан бөгөөд дүрс, утга агуулгаараа хорондоо өвөрмөц ялгаатай байдаг тул судлаачид хэдэн төрөл болгон ангилан судалж иржээ. Монгол орны хүрэл зэвсгийн үед холбогдох улаан зосон зургийн гол төлөөлөгч нь “Сэлэнгэ”-ийн төрлийн зосон зураг юм
. Монголын хадны улаан зосон зургийн хамгийн өргөн тархсан дурсгал болох “Сэлэнгийн” төрлийн зосон зураг Улаанбаатар хотын дүүрэг Богд хан уулын Их тэнгэрийн ам, Гачууртын ам, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Гачуурын бичиг, Улаан-уул сумын нутаг Толжийн боом, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Зэлтэрийн голын Цагаан Оломын гарамны дэргэдээс, Хүйтний голын бичигт хад, Шарын голын Цагаан нуур, Хэнтий аймгийн Дадал сумын Балжийн хавцгай, Булган аймгийн Орхон сумын Баруун могой гол, Орхон гол, Бугат сумын Бичигт хад зэрэг газраас олджээ. Эдгээр зургууд нь ерөнхий сэдэв урласан арга барилын хувьд нэгдмэл байдагт гол онцлог нь оршдог.Энэ төрлийн зургийн бүхий л талын шинжийг агуулсан хамгийн сонгодог зураг бол Их тэнгэрийн амны зураг билээ. Эдгээр зургаа харахад дүрслэлийн төв хэсэгт нь дотроо олон дугуй толбо бүхий дөрвөлжин хашлага болон дугуй хүрээг зурсан байдаг ба түүний дээд талд далавчаа дэлгэсэн бүргэд шувуу, доогуур болон хажуу талаар нь хөтлөлцсөн хэдэн хүн, зэрэгцээ хоѐр замаар адуу хөтлөн явж байгаа хүн зэргийг голчлон дүрсэлсэн байдаг. Энэ зураг нь хүрлийн үеийн овгийн нэгдлийг харуулсан баримт хэмээн судлаачид үздэг. Тэд дөрвөлжин хашлага буюу дугуй хүрээгээр овог аймгийг, түүний доторх олон толбоор овгийн гишүүдийг билигдсэн бөгөөд далавчаа дэлгэсэн шувуугаар тухайн овгийг хамгаалуулах гэсэн санааг илэрхийлсэн байж магадгүй хэмээн үзжээ. Их тэнгэрийн ам, Гачууртын ам, Хөвсгөлийн Бичигт булаг, Шарын голын Цагаан нуурын орчмоос олдсон зосон зурагт хоѐр зэрэгцээ замаар цувж яваа адуу, морь хөтөлсөн хүнийг дүрсэлсэнтэй ижил сэдэв зохиомж бүхий сийлмэл зурагтай чулуун хавтанг хожим авч ашиглан хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшны доторхи чулуун авсны таг хийсэн нь Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Шивэртийн амнаас олдсон билээ. Энэ нь улаан зосон зураг их эртний үүсэлтэй болохыг харуулах сонирхолтой баримт юм. Монголын хүрэл зэвсгийн үеийн хадны улаан зосон зургийн өвөрмөц нэгэн төрөл бол “Тэмээн чулууны ам”-ны төрлийн зураг юм. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Тэмээн чулууны амны дөрвөлжин булшны ханын хавтгай чулуун дээр өрөөсөн гараа өргөөд эгнэж зогссон олон хүнийг дүрсэлсэн ба үүнтэй ижил эгнэж зогссон олон хүний зургийг Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Биндэрьяа уулын Дугана хадны нэгэн дөрвөлжин булшны хананд зурсан байдаг. Энэ хоѐр дурсгал хоорондоо хэдий хол зайтай боловч хүрэл зэвсгийн үед Монгол нутагт амьдарч байсан дөрвөлжин булшт овог аймгийнхны нэгэн ижил зан заншилтай байсныг харуулж байна. Монгол нутагт амьдарч байсан хүрлийн үеийн овог аймгийн гишүүдийн оюун санааны хөгжилтийг харуулах өөр нэгэн томоохон дурсгал бол хадны сийлмэл дурсгал юм. Энэ төрлийн дурсгал монгол нутгийн хад чулуунд харьцангуй олон тоотой байдаг төдийгүй нэгэн хаднаа өөр өөр үеийн дурсгалууд ч давхарлагдан зурагдаж холилдсон байдаг. Иймд чухам ямар зураг нь аль үед холбогдохыг тогтоох нь чухал байдаг. Хүрэл болон төмөр зэвсгийн түрүү үед Монголын хадны зураг хөгжилийнхөө дээд түвшинд хүрсэн төдийгүй манай орны ихэнх хадны зураг энэ үед холбогддог. Хүрэл зэвсгийн үеийн сийлмэл зургууд зохиомж, сийлсэн арга барилын хувьд тод ялгагдана. Юуны түрүүнд ямар нэгэн амьтныг дүрслэхдээ загварчилан дүрсэлсэн байх явдал ажиглагддаг. Буга зэрэг амьтныг ийнхүү гаж загвар оруулан дүрслэх явдал хүрэл зэвсгийн дунд үеэс эхэлж төмөр зэвсгийн түрүү үе хүртэл үргэлжилсэн байдаг. Ан амьтдыг ганц нэгээр нь дүрслэхээс гадна олон сүргээр нь үйл явдлын өрнөл дунд дүрслэх явдал ихэд дэлгэрсэн байна. Мөн ан хийж байгаа анчид, хоорондоо дайтаж байгаа дайчид зэргийг ч олонтоо дүрсэлсэн нь бий. Голчлон дүрслэгдсэн араатан амьтад гэвэл янгир, буга, аргаль угалз, гахай үхэр, адуу тэмээ, морь, чоно, нохой болж байна.
49
Хүрэл зэвсгийн үеийн сийлмэл зурагт тэргийг дүрслэх явдал олонтоо байдаг. Архангай аймгийн Чулуут голын сав дагуух хаданд хос морь хөллөсөн тэрэг, Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын Модтой толгойн хаданд замын хоѐр талаар цуварч яваа хэд хэдэн морин тэргийг дүрсэлжээ. Ийнхүү тэргийг моринд хөллөсөн байдалтайгаар дүрслэхээс гадна дангаар нь дүрслэх явдал ч бас тааралддаг. Манай орны Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их Баян уулын Бичигтийн ам, Шинэжинст сумын Цагаан хаалга, Гэцэлийн ус, Сонгинот, Бууцагаан сумын Гурван Мандал, Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгор, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Өвгөнт, Үүдэнт, Хөтөл өтгө, Орхон сумын Орхон гол, Баруун могойн гол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгоржин, Ховд аймгийн Үенч сумын Ямаан ус, Хэнтий аймгийн Батширээт сумын Үзүүр цохио, Рашаан хад, Өмнөговь аймгийн Ноѐн сумын Аравжих, Булган сумын Хавцгайт, Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уул, Гучин ус сумын Их дөрөлж, Паалуу, Увс аймгийн Сагил сумын Гурван турга, Хандгайтын гол, Можоо, Бужаа, Төмөр цорго, Эхэн хүзүүвч, Өмнөговь сумын Шар булгын онц зэрэг олон газрын хаднаа хүрэл зэвсгийн үеийн хүмүүс өөрсдийн бүтээлээ мөнхлөн үлдээжээ.

No comments: