Thursday, November 28, 2013

ЗҮҮНГАРЫН АРМИЙГ КАЗАХЫН “МЯНГАН ЗОРИГТ ХҮВҮҮН” МӨХӨӨСӨН ТҮҮХ ҮНЭН ҮҮ? /кино шүүмж/

Эх сурвалж: http://www.uvsnutag.mn/index.php?view=content&type=content&id=860

Гадаадын кино шүүмжлэгчид уг киног “Казахстаны кино урлагийн түвшинг дэлхийд таниулсан бүтээл болсон” хэмээн үнэлсэн, нээлтээ хийсэн эхний хоёр долоо хоногт 2 сая ам.долларын ашиг олсон тухай Казахстаны хэвлэл мэдээллээр мэдээлж байна. Нээлт болохоос өмнө 4 дүгээр сарын 26-нд Алматы хотноо гадаадын томоохон мэдээллийн агентлагын сурвалжлагчдад киног үзүүлсний дараа тэд “Казах киноны байлдан дагуулалт” (BBC World News), “Казахстаны кино урлагийг дэлхийд зарласан бүтээл” (London Evening Standard), “Романтик казах туульс” (Reuters), “Дэлхийн кино ертөнцөд “Казахфильм” байр сууриа эзлэв бололтой” (Variety), “Гайхалтай тулааны үзэгдэл” (The Independent) гэх зэргээр магтан бичжээ. Мөн киног 5 дугаар сарын 17-нд болсон 65 дахь удаагийн Канын кино наадамд албан ёсоор оролцуулж, дэлхийн томоохон 30 гаруй кинопрокатын компаниас худалдан авах захиалга авчээ.

Киноны үйл явдлыг XVIII зууны 30-аад онд Зүүнгарын зэрлэг балмад түрэмгийлэгчдийн эсрэг казахууд Бага жузын султан Авилхаирын дор нэгдэн Балхаш нуураас зүүн өмнө зүгт Аңырақай гол, Алаколь нуурын хөндийд Зүүнгарын армийг бут цохисон тулаанд дайн тулааны хөлд өнчирч хоцорсон мянган хөвүүн хошууч анги болон оройлон оролцож, ялалтад үнэтэй хувь нэмэр оруулаад бүгд амь насаа алдсан ардын аман домгоос сэдэвлэн бүтээсэн гэж уран бүтээлчид нь тайлбарлаж байна.
Бяцхан хүү Сартай эцэг, эх, төрөл төрөгсдөө ойрадуудад хядуулан амь зулбан зугтаж буйгаар кино эхэлнэ. Ууланд өөртэйгээ адил өнчирсөн Таймас, Көрлан, Ильяс нарын хамт өвгөн Назарын ивгээлд ан гөрөө хийж амьдрахын хажуугаар байлдах, намнах сургууль хийнэ. Нэг удаа Рахмыжаны хот айлд Наурызын баяраар очиж, барилдаанд түрүүлэн алтан хиазтай дээлээр шагнуулан Рахмыжаны охин Зеред сэтгэл татагдах хэдий ч тэр айлд нь Ойрадын Аюур гэгч жанжин ирж, хот айлынхан хүндэтгэлтэй угтахад хилэгнэн тэр хотын залуустай зөрөлдөнө. Улмаар найз нарынхаа хамт цөөн хэсгээрээ яваа ойрадуудыг ангуучилна. Нэг удаа Ойрадын багахан хүрээг шатааснаар ойрадуудын хараанд өртөнө. Энэ үеэр Рахмыжаны гэрт Бага жузын султан Авилхаир ирж казахууд нэгдэж, Зүүнгарын дарлалаас салах тухай яриа болно. Улмаар овгийн султануудын Зүүнгарын дарлалаас салах гэсэн хуралдай ихээхэн санал зөрөлдөөнтэй болсон ч хүчээ нэгтгэхээр шийдвэрлэн киноны төгсгөлд тулаан болж, Сартайн удирдсан анги хошуучлан байлдаад бүгд амь насаа алдаж, Сартайн хүүг Зере тээсэн байгаагаар кино төгсөнө. Бусад үйл явдал нь Холливуудын кинонуудад хаа сайгүй таардаг хайртай залуус бэрхшээл даван бие бие рүүгээ тэмүүлж буй, эхлээд дайснаа аялдан дагаж байгаад эцэст нь амиа золин байж гол баатартаа тусалдаг өгүүлэмж юм.
Киноны зураг авалт гайхалтай, харилцан яриа нь тун үнэмшилтэй, хувцас, зэр зэвсэг зэргийг ийм л байсан байх гэхээр хийж ашигласан байна. Ялангуяа ойрадуудын хөө хуяг, дуулга киног чимж байна. Гэвч монгол хүний нүдээр харахад ойрадуудын барьсан сэлэм монгол цэргийнх бус шулуун, ойрадын жанжид, хатад бүх Монгол, Манжид эзлэгдсэнээс тэртээ хойно монголчууд хэрэглэх болсон тав гэзэг, эхнэр үсээр гоёсон, царай муутай, ямбигар хатад нь гаанс тамхиар утаа баагиулж буй зэрэг тухайн үеийн монголчуудын соёлд байгаагүй зүйлсийг харуулж буй нь жаахан тиймхэн санагдсан ч өмнө хийсэн “Нүүдэлчид” кинондоо монголчуудыг гуяа хавьцаагаа хормойтой сарьсан дээлтэй, бүлэг дээрэмчин гэж үзүүлж байсныг бодоход хавьгүй илүү болжээ. Өөр нэг шүүмжлүүштэй тал нь гол дүрийн жүжигчний нас хэтэрхий бага /16, 17-той юм уу гэмээр/ бие бялдар шулдгар, нэхий дээл, сарьсан гуталтай атлаа ган төмөр хуяг, дуулгатай ойрадуудыг ганцхан цавчаад унагаж буй, холливуудын кинонд гардаг шиг хүний хирээс хэтэрсэн авхаалж самбаатай, асар том тулаан болсон гэж байгаа боловч удирдсан султанууд яг юу хийсэн нь бүрхэг үлдсэн зэрэг сэтгэлд хүрээгүй хэсгийг нь эс тооцвол нэг үзэхэд сайхан л кино байна.
Сүүлийн жилүүдэд Казахстаны төр засгаас Казахын түүхийн сэдэвт кино бүтээлийг ихээхэн дэмжиж байгаа ба 2005 онд “Нүүдэлчид” (Көшпенділер) хэмээх 30 сая долларын өртөгтэй кино бүтээсэн нь мөн адил Зүүнгарын монголчуудын түрэмгийллийг харуулсан билээ. Цаашид ч энэ сэдвээр уран бүтээл туурвихаа кино бүтээгчид үгүйсгэхгүй байна. Кино сонирхогчид “Беларуссфильм”-ийг дэлхийн 2 дугаар дайнд оролцсон Зөвлөлтийн партизануудын тухай олон кино хийснээр нь “Партизанфильм” гэж егөөдөн нэрлэдэг шиг “Казахфильм”-ийг “Зүүнгарфильм” гэж нэрлэх цаг болж байх шиг байна.
Үзэхээр төлөвлөж байсан киног тань урьдаад ярьчихсанд эрхэм уншигч уучилна уу? Одоо юуны төлөө үзэг цаас нийлүүлэх болсноо таньд хүргэе.
Ази тивийн унаган ард түмний нэг, өнө эртний хар хиргисүүдийн удам казахууд хэдэн мянган жил хөрш нүүдэлчидтэйгээ дайтахдаа дайтаж, найрамдан хаяа хатган суухдаа ч сууж, дундад Азийн төв хэсгээр нааш цааш нүүн аж төрсөөр иржээ. Гагцхүү Их Монгол Улсын үед харъяат иргэн нь болсон тухай түүх шаштирт тодорхой байгаагаас гадна казах баатар эрс Их Улсын догшин хар сүлд өрнө, дорныг байлдан дагуулахад нэг мөрийн хүч болон зүтгэж байсан тухай өнө эртний салхи үлгэр туульсаар дамжуулан бидэнд хүргэж ирсэн билээ.
Одоогийн Казахстан Улсын газар нутаг Их Монгол Улсын Алтан-Орд Улсын харъяанд байсан бөгөөд Казахстаны ШУА-ын түүх, угсаатны судлалын хүрээлэнгийн эрхлэгч Кинаятын Зардыхан гуай 1995 онд казах хэлээр хэвлүүлсэн “Нулимстай жилүүдийн намтар” номынхоо өмнөх үгэнд “казахууд түүхнээ өрөөл бусад шиг эзэнт гүрэн байгуулж, бусдыг эзэгнэн захирч байсангүй. Түүхэнд товч тодорхой мөр үлдээсэн гурван зуун жаран жилийн /1456-1820/ хаанчлал тогтоосон хирнээ нийт казахуудыг нэгэн тоонотод толгойг нь холбож эс чадав. Түүнээс болсон юм уу аливаа нэгэн том гүрний нөлөөнд байж Казахын бүхий л түүх аугаа их улс, үндэстнүүдийн түүхийн хавсарга төдий бичигдэж иржээ” гэж хэлсэн байдаг.
Дээрх киноны үйл явдал болж буй цаг хугацаа 1723-1730 он юм. Энэ үед казахууд Авылхан хаанаас хойш тогтсон Их, дунд, бага жуз гэсэн нийгмийн байгуулалтай байжээ. Жуз гэдэг нь монголоор “гар” гэсэн утгатай адил. Гурван жуз хүчээ нэгтгэхэд дайснаа ялж, бутран салахуйд ямагт харьд дийлддэг гэсэн ардын домог байдаг юм.
Өнөөгийн Казахстаны албан ёсны түүх бичлэгт “Анрыкайн уулс, Алаколь нуурын район нь Казахын ард түмний Зүүнгарын хаант Улсын эсрэг 1723-1730 онд явуулсан эх орны дайны чухал стратегийн зангилаа байсан. Казахын 3 жузын 2 түм 5 мянган сайн дурын морьт цэрэг 1729 оны намрын эхээр Абулхаир ханы удирдлагаар нум сум, байлдааны хутга, сүх, бугуйл зэргээр зэвсэглэн Долоонголын районыг чөлөөлөхөөр Сарысу, Улытаугийн уулс руу нэвтрэх гарц болох Чу голоор давшин ирж, Балхаш нуураас зүүн өмнө зүгт 120 км-т байх Аңырақайн уулс, Алаколь нуурын хөндийд Зүүнгарын армитай 40 өдөр тулалдсан. Тулааны эцэст Зүүнгарын хаант Улс Казахаас булаан авсан Сырдарья Арыси, Улытау, Сарысу гол, Балхаш нуурын умард хэсэг, Таласын талаас ихээхэн хэсгийг нь буцаан алдаж, Казахын цэрэг Зүүнгарын эзэмшилд үлдсэн Долоонголын бүс нутгийг чөлөөлөх боломжтой болж, Ил мөрний эрэгт тулж ирсэн. Энэ тулаан казахуудад Зүүнгарын түрэмгийлэгчдээс цаашид эх нутгаа чөлөөлж, нэгдсэн, тусгаар улс байгуулахын эхлэлийг тавьсан” гэж бичдэг. Тулааны дараа Алаколь нуурын ус нохой ч уухын аргагүй хүний хөлс, цусанд нэвчсэн гэсэн домог ч бий.
Казах цэрэг Аңырақайн тулалдаанд ялснаар тухайн үед хүчирхэг зохион байгуулалттай, армийн зэвсэглэлдээ том, бага галт буу, тэсрэх бодис хэрэглэдэг Зүүнгарын армийн ялагдашгүй гэсэн домгийг бут цохисон бөгөөд энэ тулаан нь казахуудын хувьд Хаант Оросын Куликовын, Зөвлөлт Оросын Курскийн тулалдааны адил шийдвэрлэх үүрэгтэй, эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх ариун дайн байлаа. Өмнө казахууд өөрсдийгөө аргын, кыпчак, найман юм уу шапраштууд гэдэг байсан бол энэ тулалдааны дараа Казах Улс, казах үндэстэн гэсэн нэгэн ойлголт бий болсон.
Ганц Аңырақайн тулалдаан бус Казах-Зүүнгарын бусад дайн тулааны тухай бичмэл түүх өнөө хир уламжлагдан ирээгүй нь тухайн үед казахууд түүхийг бичиж үлдээх уламжлал байгаагүйтэй холбоотой юм. 175 жилийн дараа л 1905 онд казахын аман зохиол судлаач, нэрт эрдэмтэн Абубакир Ахмеджан Диваев тулалдаан болсон газрыг тэмдэглэж үлдээсэн гэж өнөөгийн Казахстаны түүхчид бичиж байна. Тулалдаан болсон улирлыг Казахын хан Каип 1718 онд Петр I хаанд “Зүүнгарынхантай өвөл юм уу намар эрт тулалдах нь ашигтай” гэж бичиж байсныг иш үндэс болгож байна. Тулалдаанд оролцсон Зүүнгарын цэргийн тоо, хүчин чадал, хохирлын тухай Казахстаны судлаачид ямар нэгэн тодорхой баримт хэлдэггүй ба маш олон цэрэг, бүгдийг нь хиар цохьсон, оргүй болтол нь хүйс тэмтэрсэн гэдэг. Дээрх кинонд бол Казахын тал түм 5 мянга, манай Аглуу “3 түмэн цэрэгтэй” гэж халамцуу онгирч байгаагаар гардаг.
Аңырақайн тулалдаан болсон эсэх? Болсон бол казах нөхдийн бичиж байгаачлан үнэхээр Зүүнгарын армийг бут цохисон эсэхийг магадлахын тулд тухайн үеийн Зүүнгар, Халимаг, Оросын хаант Улс, Чин Улс, Казахын ханлигуудын улс төр, эдийн засгийн харилцаа, ашиг сонирхлын зөрчил, гадаад бодлого гэсэн өргөн ухагдахууныг хамруулан дүгнэлт гаргах нь зүйтэй юм.
Казах-Зүүнгарын харилцаанаас эхлэе. Нүүдэлчдийн өнө мөнхийн зөрчил бол малын бэлчээр байсан. XVI зууны дунд үеэс Казахын жузууд малын бэлчээр хүрэлцэхээ байсан тул нутаг дэвсгэрээ тал бүр тийшээ тэлэхээр оролдож эхэлсэн ба нүүдлийн мал аж ахуйд цаг уур, ургамлын нөмрөг нь нэн тохиромжтой Зүүнгарын нутаг дэвсгэр лүү түрэн орж будлиан мөргөлдөөнд хүрдэг байжээ. Тухайн үед дотоодын үймээн самуун ихтэй, гадна талдаа халхтай байлдаад хүч нь сульдсан ч барагдах яагаа ч үгүй ойрадууд тухай бүр нь цохин буцааж байсан байдаг. Ойрадууд ч мөн худалдааны замыг хяналтад авах, олз омог олохоор Казахын жузууд руу халддаг байжээ. Өнөөдөр хүртэл давж гарах сайн бүтээл гараагүй байгаа, монгол судлаач И.Я.Златкины 1964 онд хэвлэгдсэн “Зүүнгарын хаант улсын түүх“ номонд “. . Зүүнгар-Казахын хооронд 1643, 1681-1684, 1711-1712, 1714, 1717, 1723, 1725 онд дайн болж байсан. Казахууд ойрадуудыг хариу цохилт өгсөн тухай нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна” гэсэн байна. Златкин орон нутгийн чанартай тулгаралт бус томоохон дайн тулалдааныг түүвэрлэн авсан нь ойлгомжтой юм.
Галдан бошигт хааны гадаад бодлогын хамгийн амжилттай өрнөсөн чиглэл нь Дундад Ази байлаа. Зүүнгар Улс хэзээнээс нааш газар нутгийн ойр энэ бүс нутагтай өргөн харилцаатай явж иржээ. Галдан өмнөх ноёдын улс төрийн бодлогыг үргэлжлүүлж, Дорнод Туркестаны байдлыг нэн анхааралтай ажиглаж, эгзгийг нь хүлээж байсан байдаг. Гэтэл нэгэн таатай өдөр иржээ. Өвөр хоорондоо тэмцэлдэн ядарч туйлдсан Уйгарын Аппак хожа гэгч 1678 онд Алтайн ууланд хаваржиж байсан Галдангийн гадаа Далай ламын ивгээлдээ авахыг хүссэн захиа өвөрлөн буужээ. Тэрээр өршөөлгүй дайсан Харуулынхны захирагч Исмайлын дайралтаас мэнд мултарч улмаар Кашгар хүрч тэндээсээ Гималайн их уулсаар бэдрэн Лхас орж, Далай ламтай уулзаад тэндээс хаа хол Алтайд иржээ. Галдан хаан баярласан сэтгэлээ нууж ядан Далай ламын айлдварын тухай сайтар бодъё гэсэн хариу өгсөн тухай Оросын түүхч Е.И.Кычанов бичиж үлджээ.
Галдан 10 түмэн цэрэгтэй армиа удирдан Уйгарын хаант улст агшин зуур нэвтрэн орж, Яркендыг эзлээд өмнө зүг казахуудын нутаг руу халдаж ихэнх нутаг, Сырдаръя мөрний сав дагуух газрыг эзлэн Хожаг нэр төдий хаан суулгаад тэдгээрт өөрийн төлөөний хүн цөөн цэрэг үлдээгээд буцсан байдаг. Хэдэн жилийн дараа бүс нутгийн зангилаа болсон Сайрам хотод казахууд босч тэмцэн Галдангийн төлөөний ноёдыг алсан тул 1684 онд дахин Казахт довтлон Сайрам хотыг үнсэн товрого болгож, хүн ардыг нь Зүүнгар, Дорнод Түрэгстан руу цөлжээ. Энэ дайралтаараа Казахын хаан Таукегийн мэдэлд байсан Менкет, Хорсаман, Чимыгэт, Текек, Бабен Елган, Харахурол, Ташкент, Чинах зэрэг 9 хотыг яах ийхийн зуургүй идэж орхисон нь Их Монгол Улсын догшин арми амилан босоод ирсэн мэт болжээ. Урьд нь Зүүнгарын ноёд Түрэгстан, Казахт довтлодог байсан боловч ийм хэмжээ далайцтай байсангүй, жижиг олз хайх, дайсныг мөрдөн хөөх зэрэг байлаа.
Үүнээс хойш Зүүнгарын хаант Улсыг унах хүртэл хоёр талын хооронд болсон дайн тулалдаан нь казахууд хэдэн жил болоод ойрадуудын суулгасан төлөөний ноёдыг алж, босч тэмцдэг, ойрадууд цэрэг оруулан дахин дарж авдаг маягаар үргэлжилсэн байдаг. Манай өгүүлэх үед Казахын хаант Улс нь Балхаш нуураас Урал мөрөн хүртэлхи газарт Тявга ноёны захиргаанд Орос, Халимагийн хаант Улсаар хүлээн зөвшөөрүүлээд оршин байсан. 1723 онд Зүүнгарын Цэвээнравдан хаан дахин довтлон нөгөө үйлт Сайрамыг үнсийг хийсгэж, Казахын газар нутаг дээр нэмж, Ташкент, Түрэгстаныг булаан авч, вассаль болгож орхижээ. Ойрадуудын уулгалсан довтолгооноос дайжсан Казахын ард түмэн эх нутгаа түр орхиж, Урьдын Алтан Орд Улсын сүйрсэн голомт болох Хожент, Самарканд, Хива, Бухар тийш амь зулбан нүүсэн гэж Зардыхан гуай бичжээ.
Энэ он жилүүдийг Казахын ард түмэн түүхэндээ “Актабан шубырынди, алка көл сулама” буюу “далай мэт их зовлон зүдгүүрийн он жил ” гэж нэрлэдэг бөгөөд ойрадуудтай хийсэн дайнд Казахын ард түмний 2/3 нь үрэгдсэн . Ер нь казахууд эх нутагт нь харийн түрэмгийлэгчид дайран довтлоход дайжин зугтдаг бөгөөд Казахын төр улс өөрийн эх нутгаасаа тавантаа дүрвэн одоход хүрч байжээ. Мөн нүүдэл бүрийг оноож нэрлэнэ. 1911-1914 оны үед Баруун хязгаарыг Дамбийжанцан түйвээн казахуудыг Ховд, Улиастай руу хүчээр нүүлгэсэн үеийг “Да ламд туугдсан он жил” гэж нэрлэдэг.
Ингэж байтал 1722 онд Чин Улсын хаан Энх-Амгалан, 1724 онд Халимагийн хаан Аюука, 1725 онд Оросын эзэн хаан Петр I, 1727 онд Зүүнгарын хаан Цэвээнравдан нас барж, Төв Азид шинэ тоглогчид гарч ирлээ.
Чин Улсын угсаа залгамжилсан хаан Найралт төв 1729 онд Зүүнгар луу Фурдан жанжнаар удирдуулан түмэн цэрэг, мөн давхар Лифаны дэд дарга То Шигээр удирдуулан элч нарыг Петр II луу илгээжээ. Зүүнгар Улс зүүн хил дээрээ гадны халдан түрэмгийлэгчидтэй эрэгчин, эмэгчнээ үзэх болж, гол хүчээ Алтайн нуруу, Ховдын чиглэлд эргүүллээ. Тухайн үед Зүүнгар Улс, Халхтай байнгын өгөө, аваатай дайн байлдаантай байсны зэрэгцээ Манжтай хийсэн 1719 оны дайны хор хохирол арилаагүй байжээ.
Казахуудад Зүүнгарын дарангуйлагчдаас салж болох түүхэн боломж гарч ирлээ. Үүнийг ч хан, султанууд нь алдахыг хүссэнгүй, хүчээ нэгтгэхээр олон хуралдай хийж байсан бөгөөд Аңырақайн тулалдааны өмнөх гол хуралдай өнөөгийн Казахстаны зүүн өмнө зүгт Шымкетын ойролцоо Ордобас гэх газар 1726-1727 оны үед болсон гэж өнөөгийн Казахстаны түүхчид бичиж байна. Эсрэг байр суурь баримтладаг түүхчид ч бас байна. Тухайлбал, Казахстаны ШУА-ын Түүх, угсаатны зүйн судлаач Ирина Ерофеева Шымкетын ойролцоох Ордобаст гол хуралдай болсон бол тухайн үед Зүүнгарт эзлэгдээд байсан газарт ийм цэрэг, дайны зөвлөгөөн хийх боломжтой байсан эсэхэд эргэлздэг тухайгаа ил хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Харин Абулхаир хан тулалдааныг удирдсан тухай Оросын эх сурвалжуудаас олддог бол Хятадын эх сурвалжуудад зөвхөн энэ хүний нэр л дурьдагдаад өнгөрдөг. Үүний учрыг хойно өгүүлье. Өөр нэгэн түүхч Калибек Данияр Казахстанд 2002 онд хэвлүүлсэн “Зүүнгарын хаант Улсын мөхөл” номондоо энэ тулалдааныг бүр хойно 1747 онд болсон гэж өөрийн цуглуулсан баримтад түшиглэн дүн шинжилгээ хийж баталсан байна.
Тулалдаанд Казахын талаас оролцсон цэргийн тоог эх сурвалжууд өөр өөрөөр хэлж байна. Казхстаны албан ёсны түүх бичлэгт 2 түм 5 мянгаас 3 түм гэдэг.Харин Зүүнгарын цэргийн тоо доор өгүүлэх баримтыг эс тооцвол хаана ч таарахгүй байгаа бөгөөд дээрх кинод бол казах цэрэг түм 5 мянга, ойрадын цэрэг 3 түм гэж гарч байна. Хэрэв 2 талаасаа 5 түмэн цэрэг оролцсон тулаан болсон бол энэ нь XVII зууны үед бол асар том үйл явдал бөгөөд ийм тулааны тухай мэдээ, материал Казахыг тооцохоо больё гэхэд Орос, Монгол, Хятадын түүх бичлэгт үлдэж хоцроогүй гэхэд хэтэрхий үнэмшилгүй юм. Алдарт Тэрэлж-Зуунмодны тулалдаанд гэхэд Зүүнгарын 3 түм, Чин Улсын 5 түмэн цэрэг оролцож, ойрадууд 5000 цэргээ алуулж, 3000 хүн, 2 түмэн бод, 4 түмэн бог малаа олзлуулсан гэж Доктор С.Цолмон тооцоолсон байдаг.
ОХУ-ын Төв архивт хадгалагдаж буй Чин Улсын Найралт төв хааны IX оны 6 дугаар сар гэсэн эх сурвалжид дараахь мэдээ байна. “. . Галданцэрэн их, бага Цэрэндондов, их Цэрэндондовын хүү Дорждамба нарт 3 түмэн цэрэг хураан Алтайн нурууны Цилинь гэх газар ирэх зарлиг буулгажээ. Гэвч их Цэрэндондов болон түүний хүү цэргээ бүрэн цуглуулж чадаагүй байна. Түүний цэрэг яав ч 2 түм хүрэхгүй болсон бөгөөд учир нь таатай боломжийг ашиглан нэгдэн дайрч болзошгүй казахуудаас болгоомжилсон байна. Галданцэрэн эхлээд өөр нэг жанжин Хэшичийг дуудан түмэн цэргээр Архыг хамгаалуулах болжээ. Мөн Хэшичид Алимату /Алматы/ Силабар орчимд оршин сууж буй харъяат иргэдээ хамгаалах үүрэг болгожээ. Үүн дээр нэмж хүргэн Лувсанцэрэнгийн түмтийг дээрх газар луу явах зарлиг буулгасан боловч тэр нь зарлиг зөрчин зугтан одсон тул нэхэн хөөж, устгасан” гэжээ.
Түүхч, эрдэмтэн судлаачдын тухайн үеийн Халх, Ойрдын нэг удаад гаргаж чадах цэргийн тоог 3-5 амтай гэр бүлээс 1 цэрэг гэж тооцдог бөгөөд Ойрадын бүх хүн ам тухайн үед яав ч 50-60 түмээс илүү гарахгүй гэсэн таамгийг иш болговол Зүүнгар Улс 1730 онд хөгшин хөвөө бүх эрчүүлээ цэрэгт татаад дээд тал нь 5 түмэн цэрэг гаргах байна. Дээрх баримт, тооцооноос харахад 1731 онд Галданцэрэнгийн мэдэлд 3 түмээс нэг их илүүгүй байнгын цэрэг байсан байна гэж үзэж болохоор байна.
Казахуудын баримтад итгэвэл Зүүнгарын хаад Аңырақайн хөндийд 3 түмэн цэргээ хядуулчихаад юугаараа Алтайн нуруунд Фурдан жанжны түмэн цэргийг хиар цохисон байж болох вэ? Бас юугаараа 25 жил мөхөх хүртлээ Халх, Оросын хилээ хамгаалж, дотоодын аюулгүй байдлаа хангаж, Халх, Манжийн цэрэгтэй эн тэнцүү байлдаж, Дундад Азиар аялан дайтаа вэ?
Найралт төв хааны дээрх эх сурвалжид өөр нэг сонирхол татах хэсэг байгаа нь Казахын хаан 2 сард /1731 оны 2 дугаар сарын 6-нд/ аян дайнд мордохоор 7 түмэн цэрэг бэлдэн дүү Баирхайлийн мэдэлд өгчээ. Казахууд Чу, Таласад нутаглаж байсан Зүүнгарын 1000 хамжлага, 2-3 мянган морь болон бусад малыг булаан авчээ гэсэн мэдээ юм. Түүх бичлэгт үйл явдалд оролцогч талаас илүүтэй хөндлөнгийн улс орнуудын эх сурвалжид бичиж үлдээсэн материал ихэнхдээ үнэн байдаг. Энэ мэдээнд өгүүлсэн үйл явдал нь Аңырақайн тулалдааныхтай цаг хугацаа, газар орны нэрийн хувьд таарч буй, түүх бичлэгт орчуулга, гадны хүн сонссоноороо буулгадаг зэргээс болж хүн, газар усны нэр янз янзаар бичигддэг талыг харгалзан үзвэл Авилхаир, Баирхаил гэсэн нэрс нэг нэр байж болох тул дээрх мэдээнд Анкарайн тулалдааны талаар өгүүлсэн байна гэж үзэж байна.
Одоо тулалдаан болсон гэх газар орны байдлын талаар ярилцъя. Өнгөрсөн зууны 20-оод онд анх газрын зурагт Мухамед Тынышпайн оруулсан Аңырақайн газрын солбилцлыг баталгаажуулахаар 1990-ээд онд Казахстан Улсын Археологийн Их сургуулийн захирал Карл Байпаковын удирдсан экспедици судалгаа хийж, газар оны байрлал, өмнө үйлдсэн газрын зураг, нутгийн иргэдийн хууч яриа зэргийг үндэслэн тулалдаан болсон газрыг тогтоосон байна. Гэвч Ирина Ерофеева Оросын аялагч, судлаач Яков Петрович Гавердовскийн энэ зууны эхээр бичсэн гар бичмэлийг үндэслэн ийм нэртэй газар хэд хэд байгаа талаар өгүүлдэг.
Өөр нэг баримт гэвэл Швед-Оросын дайны үеэр швед цэрэг Ренат гэгч Оросын талд олзлогдоод Сибирьт цөллөгт байхдаа Зүүнгар-Оросын хилийн мөргөлдөөнөөр ойрадуудад дахин олзлогдон Зүүнгарт 17 жил олзонд байжээ. Ренат Зүүнгарт төмөр хайлуулах, их буу цутгахад нэн зүтгэлтэй ажилласан тул 1734 онд Галданцэрэн хаан суллажээ. Дашрамд нэг сонин баримт дурьдахад 1731-1732 онд Галданцэрэнгийн нутагт сууж байсан Оросын Консул Л.Угримов өдрийн тэмдэглэлдээ Шведын офицер Ренат надад 1729 онд Галданцэрэнгийн цэрэгт 4 фунтын үхэр буу 15, бага үхэр буу 5, 10 фунтын богино голтой 20 их буу хийж өгсөн гэж ярьлаа гэж бичсэн байдаг.
Швед Ренат олзноос суллагдахдаа Зүүнгарын Улсын тухайн үеийн 2 газрын зураг /А, В/ авч явсан бөгөөд 2 зурагт нийтдээ 732 гол ус, уул нурууд, суурин газрын нэрийг тод үсгээр бичсэн байдаг.
Энэ 2 зургийг иш үндэс болгон МУБИС-ын багш, доктор, дэд профессор, Дуутан Ж.Гэрэлбадрах Зүүнгар Улсын 1730-аад оны зургийг зурсан нь доор байна.
Байпаковын олсон Аңырақай гэх газар нь уул, гол, нуураар тал талаасаа хавчигдсан гурвалжин хэлбэртэй байсан байна. Казахстаны албан ёсны түүхэнд тулалдааны тактикийг казах цэргүүд байгалийн саад бартаа ашиглан цэрэг, морьдоо нууж байгаад гэнэт довтлон ялалт байгуулсан гэж бичдэг. VIII дугаар зууны үеийн казах цэргийн байлдааны тактик, цэргийн зохион байгуулалтын талаар энд тэндэхийн сурвалж бичгүүдэд цөөн тооны мэдээ материал байдаг бөгөөд казахууд нэгдсэн арми шиг зохион байгуулалттай тулалддаггүй, овог, аймаг бүр өөрийн хан, султаны удирдлагаар гэнэт довтолдог, зүрх зоригтой, дайчин баатар эрс олонтой, цэрэг эрс нь харвах намнахдаа мэргэн, казах цэрэг тулалдаанд орохдоо “атань”, арруах”, “аллах мухаммед”, “алаш” гэх зэргээр отог, овгуудынхаа уриаг хашгиран довтолдгоос уриа дуудлагууд нь холилдон хиртхийм орилоон хашгираан болж хувирдаг гэж бичсэн байдаг.
Газар орны байдал, казахуудын дайрсан байдлыг харахад хоёр талын цэрэг яав ч өргөн фронтоор нүүр тулан байлдааны тактик хэрэглэн тулалдаагүй, хавчиг нарийн газарт Казахын цэргийн гэнэт довтолж, ялалтаар нь дууссан байж болох юм. Ренатын зургаас харахад Зүүнгар-Казахын Хаант Улсын хил Балхаш нуураас баруун тийш хаа хамаагүй хол байгаа бөгөөд казахууд юун эх орноо чөлөөлөх ариун дайн вэ? Вассаль байсан улс тусгаар эрхээ сэргээхийн тулд харъяалах улсын нутаг руу цөмрөн орж байлдсан болох нь харагдана.
Казахстаны түүхчдийн хүлээн зөвшөөрч буй нэг баримт нь Аңырақайн тулалдааны өмнө нь дараа нь ч бусад хан, султанууд Авилхаирт бүрэн эрх өгөх эсэх талаар санал зөрөлдөөнтэй байсан бөгөөд тулалдаан болсны дараа Авилхаир 1731 онд өөрийн жузыг аван Оросын хааны ивгээлд орсон бөгөөд мөн дунд жузынхан салж одон үлдсэн нь Их жуз нь 1740 онд мөн Петр II хааны ивгээлд багтжээ.Үүнийг бичигч би вээр Казахын хаант улсын түүхийг 1731 оноор дуусгавар болсон гэж үзэж байгаа ба Зардыхан гуайтай /1820/ санал зөрнө.
Аңырақайн тулалдаанаас 10 гаруй жилийн дараа эв нэгдэлгүй хан, султануудынхаа балгаар Казахын ард түмэн мөн л гай зовлонд унав. Казахын ноёдод хорссон Галданцэрэн хаан 1739 онд Чин Улстай найрамдлын гэрээ байгуулмагцаа цэргээ зүүн фронтоос баруун тийш Эрчис мөрний зүг татаж, голын дээд бие дэх харуул хамгаалалтаа чангалав. Чингээд Казахын эсрэг 3 замаар байлдах төлөвлөгөө зохиож, мөн оны намар Зайсан нуурын орчмоор Ишим голыг дагаж, Дунд жузын нутгийн гүнд цохилт өгөх, Ташкентын орчмоор Сырдаръяа мөрнийг уруудан Бага жузад цохилт өгөх, мөн Барабины хөндийг дайлан эзлэхээр хөдөлжээ. Зүүнгарын цэрэг эсэргэн жил нь казахуудын эсэргүүцлийг нугалж, 1741 оны өвөл Барабины хөндийг эзлэн аваад Дундад жузын нутагт цөмрөн орлоо. Тэд Хасагийн Их болон Дунд жузыг бут ниргэж, цааш Дундад Азийг байлдан дагуулах зорилгоор Ферганы хөндий рүү нэвтрэн оржээ. Ферганы ноёд Абдаль Каримбайн удирдлагаар нэгэн хэсэг эсэргүүцэн тулалдсаны дараа ялагдсанаа хүлээж, Зүүнгарт бууж өгөн дагаар оржээ. 1742 оны хавар Зүүнгарын цэрэг Сырдаръяагийн чиглэлээр байлдан давшиж, Ташкент Бага жузын нутагт цөмрөн орж эзлээд цааш Дундад Азийг уулгалжээ. Ийнхүү 1741-1742 оны байлдааны ажиллагаагаар Казахын 3 жузын газар нутгийн ихэнхи хэсэг Ойрадын хяналтад оржээ. Мөн эзэн хаан Аблай нь олзлогдсон байна.
1742 оны 8 дугаар сарын 8-нд Гадаад хэргийн төрийн зөвлөлөөс Оренбургийн захирагч И.И.Неплюевт илгээсэн бичигт “Дундад ордын Абулмамед, Барак баатар хийгээд Аблай султан Зүүнгарын эзэн Галданцэрэнд дагаар орж, танж явуулсан төдийгүй алба өргөх үүрэг хүлээн авцгаасан байна гэж бичиж байжээ. Энэ үеийг казахууд “их ухралтын он жил” гэдэг.
Баримтуудыг нэгтгэе.
1. Балхаш нуурын зүүн талаар 1730-аад онд Чу гол, Таласын тал гэх нэртэй газарт Казах-Зүүнгарын хаант улсын хооронд тулалдаан болсныг Чин Улсын ч, Казахын ч эх сурвалж баталж байна. Энэ газрыг одоо Аңырақайн уулс, Алаколь нуурын хөндий гэсэн нэртэй болсныг Казахстаны судлаачид тогтоожээ.
2. Казахстаны түүхчдийн Казахын 2 түм 5 мянгаас 3 түмэн цэрэг, Зүүнгарын 3 түмэн цэрэг тулалдаанд оролцож, Зүүнгарын цэрэг бүрэн дарагдсан гэдгийг хөндлөнгийн баримт батлахгүй байна. Чин Улсын эх сурвалжид Казахын цэргийг 7 түмэн цэрэг Зүүнгарын мянга орчим хүн, 2 мянган адуу олзлогдсон гэсэн шал өөр баримт байна.
3. Тулалдаан болсон газар нь тактикийн томоохон тулалдаан хийх ямар ч боломжгүй байна.
4. 5 түмэн цэрэг оролцсон гэх асар том тулалдааны талаар Казахын аман домгоос өөр бусад улсын бичгийн эх сурвалж байтугай аман хууч, домог ярианд байхгүй байгаа нь шууд үгүйсгэхэд хүргэж байна.
5. Тухайн үеийн газрын зургаар Казах-Зүүнгарын хил Балхаш нуураас баруун тийш хол байгаагаас харахад Казахстаны түүхчдийн өгүүлж буй шиг эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн гарах шинжтэй дайн бус бусдын хилд цөмрөн орж, дайтсан болж таарч байна.
6. Энэ тулалдаан Казах Улсын тусгаар тогтнолын эхлэл байсан гэхийг батлах аргагүй байгаа бөгөөд харин ч тулалдааны дараахан 2 жуз нь Оросын ивгээлд багтах болсон. Мөн 10 жилийн дараа дахин Зүүнгарын мэдэлд бүрэн орсон нь казахууд тусгаар улс байгуулах үйлсийг даруй 260 жилээр ухраахын эхлэл болжээ.
Эцэст нь дүгнэхэд 1730 онд Аңырақайн тулалдаан нь Зүүнгарын вассаль байсан Казахын ханлигууд нэгдэн, цэргийн давуу хүч цуглуулан тусгаар эрхээ сэргээхийн тулд Зүүнгарын хил цөмөрч, хил сахих хэдэн мянгаттай тулгаран тулалдаад багахан хэмжээний хохирол учруулаад хоорондоо эв эвдрэн тарсан үйл явдал гэж бодож байна.
Кино “Бид тусгаар тогтносон Казахстан Улсын энэхүү өндөрлөгөөс тухайн үед энэ өдрийг хүсэн хүлээж байсан өвөг дээдсийнхээ өмнө, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө амь биеэ зориулсан эрэлхэг залуусынхаа гавьяаны өмнө толгой бөхийн хүндэтгэл үзүүлье. Казахстан Улсын анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев” гэсэн ишлэлээр эхэлж, “Аңырақайн тулаанаас хойш 300 жилийн дараа дэлхий дахинд Казахын ард түмэн тусгаар тогтнолоо тунхаглаж чадлаа. Зуу зуун жилийн туршид бидний өвөг дээдсийн хүсэн хүлээж байсан энэ түүхэн ялалтад Казахын ард түмнийг хүргэсэн хүн бол Казахстаны анхны Ерөнхийлөгч, төрийн тэргүүн, үндэсний лидер Н.Назарбаев гэсэн үгээр дуусч байна.
Тусгаар тогтнол ямар үнэтэй байдгийг 200 жил бусдын дарлалд байсан монголчууд бид мэднэ. Одоо ч гэсэн бид улс орныхоо аюулгүй байдлын төлөө санаа зовсоор байна. Шинэ залуу тусгаар улсад залуу үеэ баатарлаг үүх түүхээр хүмүүжүүлэх, ирээдүйд Казахстан Улсыг тусгаар байдлаар нь авч явах хойч үеэ бэлдэх зорилго тавьж буй Казахстаны төр, засгийн бодлогыг дэмжиж байна. Гагцхүү бидний түүхийг бүү гуйвуулагтун? Чингэвэл та бүхний тавьсан зорилго чинь эс бүтэх бөгөөд Казахын ард түмэнд мөнхөд сайныг хүсэгч Монголын ард түмэн гомдох болно.
Сүүлийн үед Монголын түүхийг гуйвуулсан, дураар өөрчилсөн ном зохиол, кино ший хаа сайгүй гарах болж, үүнд нь манай жүжигчид, уран бүтэлчид нэг мөрийн хүч өгч, оролцон тоглож буй нь харагдах боллоо. Хятадууд Энх-Амгалан хаан Галдан бошигтыг толгойг жанжинаараа огтлуулан авчирч байгаа тухай, солонгосууд МЭ-ний 1000-аад оны үед байсан үгүй нь мэдэгдэхгүй Коре улсын нэг цэрэг монголчуудыг хядаж, хатад эмсийг нь булааж байгаа тухай кино хийж байна. Сүүлийнх нь дээрх казахуудын “Жаужүрек мын бала”. Энд манайхны түүх гуйвууллаа гэж хараан зүхсэн Бодровын “Чингис хаан” киног дурьдахгүй. Учир нь тэрээр “Нууц товчоо”-нд байдаг Тэмүүжиний амьдралын чухам хэрхсэн нь мэдэгдэхгүй, цагаан толбо болон үлдсэн 9 жилийг нь гярхай ажиглаж, өөрийн санаагаар баяжуулан хийсэн учир шууд түүх гуйвууллаа гэж үзэх боломжгүй болчихож байгаа юм.
Улс, үндэстний түүх гэдэг бол цэрэг, арми шиг мөн л аюулгүй байдлын баталгаа болдог гэдгийг ухаалаг төртэй улс орнууд хэдийнэ хүлээн зөвшөөрч гадаад, дотоодын хэн нэгнийг түүхэнд нь халдахыг оролдвол тэр даруй хариу арга хэмжээ авч байна. Жишээлэхэд 1990-ээд оны сүүлээр сургуулийн улирлын амралтаар Болгарын “Километр бүрт” хэмээх киног гаргаж байгаад больчихсон. Учир нь Болгарын Элчин сайдын яамнаас Болгарын түүхийг гуйвуулсан тул гаргахаа зогсооно уу гэж хүссэн учир манай тал найрамдалт харилцааг эрхэмлэн хүсэлтийг нь хүлээн авч байсан.
“Зоригт мянган хүвүүн”-д тоглосон манай МУГЖ-ууд болон бусад жүжигчид тоглох гэж байгаагаа киноныхоо зохиолыг нь урьдаас уншиж судалсан нь баймаар юм. Зохиолыг нь уншсан атлаа түүхийг нь мэдээгүй тоглосон бол цаашид ийм уран бүтээл хийхдээ няхуур хандах, мэдэж тоглосон бол ёс суртахууны хариуцлага хүлээх л ёстой. Бусад улсад ч ийм жишээ бэлээхэн байдаг. БНСУ-ын нэрт жүжигчин, дуучин Рэйн цэргийн алба хаахаас зугтсан тул фенүүд нь тоглосон кино, концертыг нь үзэхгүй, СD-г худалдан авахгүй гэж шахаж байсан бол дэлхийн загварын од Израйлын иргэн Бар Рафаэли цэргийн албанаас санаатай зайлсхийсэн тул Израилийн армийн генерал Ави Замир цэргүүддээ Бар Рафаэлигийн рекламдсан хувцсыг авахгүй байхыг хүсч байсан.
Цаашид манай одууд улс, үндэстнийхээ түүхийг гуйвуулсан бүтээл гадныхантай нийлж хийгээд байвал төрөөс олгосон гавъяа шагналаа хурааж, төрийн албан ёсны арга хэмжээнд урьж оролцуулдагүй дүрэм журам гаргах нь зүйтэй юм..
Хэд хоногийн өмнө найзын маань жаахан хүү том болоод Тэ Жу Ён шиг баатар болно гэж хэлэхэд нь дэлхийн талыг эзэлж байсан, аугаа баатдын үр хойчсыг ингэж ярихад хүргэсэн арчаагүй өөртөө, цаг үедээ уур хүрч суулаа.
- See more at: http://www.uvsnutag.mn/index.php?view=content&type=content&id=860#sthash.AS4zrko8.dpuf

No comments: