Saturday, December 21, 2013

"Түүхийн давталт, Монголчуудын сонголт" цуврал 1-р хэсэг


http://7burkhan.blogspot.com/


Where is the Life we have lost in living?
Where is the wisdom we have lost in knowledge?
Where is the knowledge we have lost in information?
(Eliot, 1934)
         Сар шинэ ч сайхан гарлаа, Буурал жил мордож Буянтай жил ч мориллоо..
Өвгөн жил маань улирч Өлзийтэй жил маань ч ирлээ .. Ахмад буурай настангуудтайгаа золгуутаар явахад төмөр замын рэйлс төмөр наранд гялалзан юу бодож байнадаа Хөгжихүү? Монголчуудаа гэх шиг бодол зурсхийлгэн алсад хөврөн зурайх авай..

      Сүүлийн үед орон гэр, албан тасалгаа, олон нийт, зоог уушийн газрын ширээний ард, сонин хэвлэл, жиргээ болон нийтийн цахим харилцааны орчинд асууж лавлан харилцан мэтгэлцэх сэдвүүд нь: Эрдэнэсийн болоод ашигт малтмалын Олонтолгойнуудын ашиглалтын гэрээ, тэдгээрийг зөөн тээвэрлэх өргөн нарийн царигт замуудын чухам аль нь  Монголчууд бидэнд ашигтай болох тухай яриа юм.
         Мэргэжлийн, Улстөржсөн, Мөнгө эрх мэдлийн сонирхолд түшиглэсэн, Алс хэтээ бодсон, амин хувиа бодсон, тэр битгий хэл хилийн цаанаас шидсэн өгөөш, Хөрөнгө оруулагчдын эрх ашгаа хамгаалсан гээд олон өнгө аястай ярианд бидний өнөөх ухаан маань тээнэгэлзэн зогсоно.

...Өнөөх яруу найрагч Томас Штэрнс Элиотын хэлсэн:
Мэдээлэл дунд дарагдсан мэдлэг минь хаачив?
Мэдлэг дунд дарагдсан Ухаан минь хаачваа?... гэдэг нь чухам бидний байгаа энэ байдлыг хэлжээ.

     Туйлширсан, давхар санаа агуулсан, төв цэгц энэ олон өнгө аястай мэдээлэл дундаас СОНГОЛТОО бид хэрхэн хийх билээ???

Амьдрал хэмээгч нь сонголтуудын үр дүн бол? Амьдралуудын нийлбэр өнгө аяс нь Түүхийг бүрдүүлэх мэт санагдана.

    Иймээс оюун ухаан мөхөс миний бие мэргэдийн бүтээл туурвил, настангуудын хууч, дурсамж эрт эдүгээгийн хэрэг явдлыг сонирхон тэмдэглэж хэрэгт дурлан явагч тул эдгээр сэдвээр санаа бодлоо  уншигч тантай хуваалцахыг хүснэ.

      Мянган оны учир шалтгааныг бийр бэхсээс асууж, Мяралзан эрээлжлэх үйл явдлыг судар бичиг лүгээ хэлэлцмүй... хэмээх Зостын чуулганы Хасчулуу агсаны үг санаанд оров. Түүх давтагддаг аж: 100 жилийн тэртээ Улстөрийн тусгаар тогтнолыг эрэлхийлж сонголт хийж байсан Улс Үндэстэн өнөөдөр хөгжлийн замаа шийдэх их сонголтын өмнө ирээд аль замыг сонгохоо? аль улс гүрэнтэй дөрөө харшуулахаа бодолхийлэн зогсоно.
       Өчүүхэн хүний амьдрал ч тэр Өргөн их үндэстний хувь тавилан ч тэр сонголтоо хэрхэн хийхээс шалтгаалан уруудан доройтойж, Мандан бадрах ажээ.. Бид аль замаар явах вэ..?!?!!
     Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шиний есөн буюу аргын тооллын 1911 оны 12дугаар сарын 29 ний өдөр, 1691 оны цагаагчин хонин жилийн зуны эхэн сард Шилийн голын Долооннуурт  манжийн түшмэг үлс болон байгуулсан гэрээг цуцлан Монголчууд Төр улсаа дахин мандуулснаа тунхаглаж Монгол Улсын олноо өргөгдөсний тэргүүн он эхлэлээ.
Богд хаант Монгол улсын газрын зураг.Олноо өргөгдөсний анхдугаар он.

  Үүнтэй зэрэгцээд Тагна Урианхай, Буриад, Өвөрмонгол, Шинжаан ил хязгаарын монголчуудаас Богд хаант засгийн газрыг  дэмжин туурга тусгаар төр улсаа мандуулахыг илэрхийлж нэгдэн орж буйгаа ээлж дараалан мэдэгдэж элчүүдээ илгээцгээжээ.

     Ердөө 3 хоногийн дараа 1912оны 1сарын 1 нд Шинхайн хувьсгалынхан буюу Төмөр замын эрхийн төлөөх хөдөлгөөнүүд,  Хятадын үндэсний лигийнхэн Нанжинд Манжийн төр унасныг зарлаж Сунь Ятсэнийг түр ерөнхийлөгчөөр сонгож  Дундад иргэн улс байгуулагдасныг зарласан боловч Манжийн хааны ордныхон хүлээн зөвшөөрсөнгүй,

    Гэтэл манжийн генерал  Юань Шикай цаг үеийн байдлыг соргог мэдэрч армийн хүч, эрх мэдэл өөрт байгааг ашиглан  байдлыг хяналтандаа авахаар шийдэж, Манжийн хааны ордныхонд шахалт дарамт үзүүлснээр  сүүлчийн эзэн хаан балчир Пун И  1912 оны 2 сарын 12 нд хаан ширээнээсээ бууж, Юань шикай бүх хятадын эзэн хаанаар өөрийгөө зарлан  Хятадад  хаант засаглалаас Бүгд Найрамдах засаглалд шилжих, эсвэл Үндсэн хуульт хаант засагтай болох дотоодын хямралын жилүүд нь эхэллээ.

     Ийнхүү Манж Мангадын хооронд байгуулсан олон гэрээ хэлцэлүүд хүчингүй болсны дотор 1689 оны Нэрчүгийн, 1727 оны Буурын, 1860 оны Бээжингийн, 1864 оны Тарвагатайн, Зүүнгарын газар нутгийг хуваасан 1881 оны Сант-Петрбургын гэгдэх Монголчууд бидний хувь заяа, газар нутгийг тасчин хуваасан 2 хөрш гүрний гэрээний нэг талын эзэн нэхэмжлэгч түүх хэмээх шатрын нүүдэлд унав..
   
     Гэсэн ч Их Монгол улсын сүр хүчийг амсаж явсан, хүчирхэг бодлогынх нь үр дүнгээр том гүрнүүд болох сууриа авч өсч өндийсөн нангиад  мангадууд  Монгол Төр Улс дахин сэргэн мандахыг хязгаарлан хяналтандаа авахаар ажиллаж эхэлжээ.

Урьтаж зарласан 72цаг... 


                                                  Эрдэнэ дайчин чин ван М.Ханддорж
                                     
   Хотгойдын Чингүнжавын тэмцэл бослого дарагдаж  улаагчин үхэр жил 1757оны 3дугаар сарын 11 нд бээжинд цаазлагдаснаас 154 жил 10 сар 18 өдрийн дараа, Төр улсынхаа тусгаар тогтнолыг  амжиж зарласан энэ 72 цаг өнөөгийн  Дэлхийн Монголчуудын бахархал Тусгаар Тогтносон Монгол улсын түүхийн нэг чухал агшин болно. 
    Үүндээ түшиглэн дэлхийн бусад улс оронтой харилцаа холбоо тогтоож эрх тэгш тусгаар төр улсын хэмжээнд  харилцах зорилго тавигдлаа.
   Цагтаа аюутугай, биширтүгэй, дагатугай хэмээн захидлаа төгсгөж байсан хүчирхэг төр үндэстэн, 2 хөршийн бүслүүр дарамтнаас ангижрах эхний алхам нь төр улсын тусгаар тогтнолоо дэлхийн улс орнуудаар хүлээн зөвшүүрүүлэх тэр дундаа олон улсын бодлогыг зонхилон тодорхойлж байгаа: франц, англи, герман, наран, америк улсуудаар  тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх явдал нь туйлын улстөрийн зорилт байв.


Сайн ноён хан Т.Намнансүрэн
    Бусдад түшиг нөмөр болж байсан эзэнт гүрэн байгуулж явсан үндэстэн түшиг болох 3дахь хөршийн эрэлд гарч Сайн ноён Т.Намнансүрэн, Дайчин ван М.Ханддорж, Да Лам Цэрэнчимэд нар биечлэн СанктПетрбург дахь Франц, Англи, Америк, Наран улс, Герман, Итали, Австрали, Турк, Голланд улсын элчин сайдын яамдад очиж Монгол улсын Засгийн Газрын байр суурийг тайлбарлан хүчирхэг  холбоо тогтоож тусламж дэмжлэг авахыг идэвхийлэн чармайж оролдсон ч дээрх улсууд эелдгээр хүлээн авах боловч хариу өгсөнгүй.
    Монгол ноёд ч цөхөрсөнгүй арга замыг эрэлхийлсэн ч  тухайн улсууд орос нангиадын байр суурийг илүү сонсож байжээ.


Да лам Г.Цэрэнчимэд
     Монголчууд  гадагшаа олон улсын улстөрийн талбарт хүлээн зөвшөөрөгдөх эрх зүйн гарцыг хайцгааж байх тэр үед  Дотооддоо өнөөгийн Оюутолгой,Тавантолгойтой адилтгах гэрээ хэлцэл, зам тээврийн маршрут  чиглэл, тээвэрлэлтийн асуудлын олон улсын гэрээ гэх мэт асуудлууд хэлэлцэгдэн шийдвэрлэгдэж байлаа. 

Сонин юм шүү, Түүх давтагддаг ажээ.

Энэ тухайд уншигч танд хожим хүүрнэе.


Монголчуудыг Тусгаар Тогтнолоо сэргээн тунхагласан тэр жил: 
·        Францийн Мари Кюри химийн салбарт радий полонийг нээж,
·        Германий  Вилгэлм Виен физикийн салбарт цацрагийн дулааныг залуурдах нээлт хийж
·        Британийн Эрнст Руфэрфөрд атомын бүтцийг тодорхойлж байсан бол
Алс америкт Мэксикийн хувьсгал гарч, Луврын музейгээс Мона Лиза алдагдаж, Итали улс Оттаманий туркэд дайн зарлахдаа анх удаа нисэх онгоцыг бөмбөгдөгчөөр ашигласан бол францууд энэтхэгт дэхь эзэмшилдээ агаарын шууданд  ашиглаж. Өмнөд америкт орхигдсон Мачу Пичуг Хайрэм Брингхэм Перүгаас олж Британийн нэгдсэн вант улсын Жорж V Калькуттаас нийслэлийг Делид буцаан шилжүүлж байжээ.

Жич: газрын зургийг: www.unentogs.blogspot.com, хөрөг зургийг www.flickr.com MIGAA гэдэг хаягнаас авлаа. зураач батжаргал, фотог хүвийн архиваас.
Үргэлжлэл бий...

No comments: