Sunday, December 29, 2013

Дилав хутагт Жамсранжавыг хилийн чанадад гаргасан тагнуулын арга хэмжээ


2013 оны 10-р сарын 7. 17:13
Шинэ үеийн тагнуулын байгууллагын эх үүсвэр Дотоодыг хамгаалах газраас улс, орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ хэрэгжүүлэхийн тулд зохиож бай­сан гүйцэтгэх ажлын онцлог арга хэмжээний түүхийн нэгээхэн хэсгээс өгүүлэхийг зорив.
Түвдийн зур­гаадугаар Банчин хэмээх Гэлэгнамжилын үйл ажил­лагааг тодруулах зорилгоор Дилав хутагт Жамсранжавыг гадаадад нууцаар гаргасан нь таг­нуулын байгууллагаас зохиосон гүйцэтгэх ажлын нэгэн зүйлийн арга хэмжээ байлаа. 1920-иод оны сүүл үеэс япончууд БНМАУ-ын дорнод, зүүн өмнөд хилээр довтлох бэлтгэл хийж байхад Гоминданы
Хятад манай баруун хилд цэргийн хүч хуралдуулан Түвдийн зургаадугаар Банчин Богд Гэлэгнамжилын нэр нөлөөг өөрсдийн үйл ажиллагаандаа өрсөлдөн ашиглаж байжээ.
Иймд Банчин Богдын санаа зо­рилго, түүний хань харилцаа, Хятад, Японы зүгээс манай улсын талаарх байр суурь, үйл ажил­лагааг суд­лан тодруулах үүрэг Дотоодыг хамгаалах газар /ДХГ/ болон цэргийн тагнуулын байгууллагын өмнө тулгарчээ.
Энэхүү зорилтыг шийдвэрлэхийн тулд олноо Дилав хутагт хэмээн алдаршсан В.Жамсранжавыг /1882-1965/ хилийн чанадад нууцаар гаргаж, Түвдийн зургаадугаар Банчин хэ­мээх Гэлэгнамжилын дэргэд суурьшуулан, түүний са­­наа зорилго болон Япон, Хятадын зүгээс манай улсын эсрэг явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг тагнан мэдэх тагнуулын арга хэмжээ зохиосон байна.

ДХГ-аас Жамсранжав нь таван настайгаасаа Дилавын хувилгаан дүрээр тодорч, хийдэд дөч гаруй жил шавилан сууж, Буддын шашны боловс­рол, хүмүүжил олсон, төрийн хэргэм ямбанаас ху­ваал­­­цаж явсан тамгагүй хутагт, бурхан шашны томоо­хон зүтгэлтэн, нэр нөлөө бүхий хутагт лам учир Банчин Богдод итгэгдэх үндэслэлтэй хэмээн үз­­сэн бөгөөд мөн дээд ангийн ламын хувьд мал хө­рөнгөө хураалгаж, Эрэгдэндагвын “38”-ын хэ­рэгт холбогдон баривчлагдаж, хоёр жил тэнсэн харгал­зах ялтай суллагдан 1928 онд ДХГ-аас Банчин Богдод мөргөхөөр явах зөвшөөрөл хүссэн боловч хойш­логдсон зэрэг асуудалтай нь холбогдуулан түүнийг “Монголоос оргон ирэв” гэсэн халхавчаар Банчин Богд руу явуулах төлөвлөгөө зохион хэрэгжүүлэхээр болжээ. Мөн түүнийг хувьс­галын эхэнд Улиастайн яамны сайд, таслан шийтгэх түшмэл зэрэг албан тушаалд томилогдон орон нутгийн засаг захиргааны ажилд бага боловч оролцож явсаны дээр улс төрийн хэргээс тэнсэн харгалзахаар сулласанд үнэнч шударгаар ажиллахыг баталгаа болгон бичиж хадгалуулсан зэргийг ч харгалзаж үзсэн бололтой.

Жамсранжавыг тухайн үед ДХГ-аас Гадаад хэлт­сийн үүргийг хавсран эрхэлж байсан Эсэргүүцэн таг­нах хэлтсийн дарга Ц.Донров Эрэгдэндагвын хэргийн холбогдлоор нь 1931 онд нууцад элсүүлсэн байна.

ДХГ-аас түүнийг гадаадад суурин суулгах бэлт­гэл хангагдсан гэж үзээд 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө сойвон Санжийн Гэндэн, лам Намжил, Гүнчин, Даваа, Шижир нарын хамт түүний шавь Содномдаржааг газарчнаар дагуулан нутгийн хилийг Модон-Овоо гэдэг газраар нэвтрүүлэн гарга­жээ. Түүнийг ийнхүү явахад тус газраас 1931 оны хоёр­дугаар сарын 25-нд “Үүнийг үзүүлэгч Шижир болвоос таван хүнийг хязгаар нэвтрүүлэхээр яваа нь үнэнтэй тул ийнхүү хуудас шийтгэн олгов. Тохиолдох ангийн тэргүүлэгч үүнийг үзээд биеэр явж, хязгаар нэвт­рүүлэн гаргаваас зохино” хэмээсэн нэвтрэх би­чиг шийтгэж өгснөөс үзэхэд тусгай даалгавартай гарсны нэгэн нотолгоо юм. 1931 оны гуравдугаар сарын 16-нд ДХГ-т ирсэн нэгэн зурвас бичигт “Зохих газраа, өчүүхэн бид Улаанбаатар хотоос морд­соноос замын зуур найрамдалтайгаар мэнд сайн явж, Шанхай уулын /Өмнөговь/ хошууны зүүн өмнө хязгаар Модон-Овооны зүүн талаар нэвтэрсэн ба гар­гаж өгсөн нөхөр зэргийг аяндаа бүрнээ толилох тул одоо уг явдлаа яахин дүүрнээр бүтээхийг туулиас эрмэлзэн зүтгэхийг гаргав” хэмээсэн байна. Дилав хутагтыг хил давуулсны дараагаар Монгол, Өвөрмонголын нутагт болон Монголоос дүрвэн гар­сан иргэдийн дунд түүнийг “Эрэгдэндагвын 38-ын хэрэгт шийтгэгдээд эх орноосоо оргон гарлаа” хэ­мээн зарласан нь эхэн үедээ хүмүүст үнэмшлийг төрүүлсэн халхавч болсон хэдий боловч хожим цаг үеийн ээдрээт нөхцөл байдлын улмаас энэ халхавч нь жинхэнэ “оргодол” болгон хувиргажээ.

Хил гарсны дараа Дилав хутагт Улаанцавын чуулганы Дунд гүний хошууны ноёнтой учран оргож яваа байдлаа мэдүүлэн хэлж, зөвшөөрлийн бичиг аваад Дархан бээлийн хошуунд очмогц лхарамба Шаравтай танилцан, улмаар Батхаалгын сүм дээр суурьшжээ. Батхаалганд байхдаа Сөнөд ван болон япончуудтай ойр дотно харилцан, хурал номын ажил эрхлэн амьдарч эхэлсэн байна.

1932 оны зургаадугаар сарын 28-нд Бээжин хот­ноо сойвон Гэндэнгийн хамт Банчин Богдтой уул­зан мөргөж, түүний хамт Нанжин хотноо болох ху­ралд очиж, Халхын тухай асуудал хэлэлцэх тө­лөө­лөгчөөр сонгогдон тэдний итгэлийг олж, үүргээ биелүүлэх ажилд орж эхэлсэн байна.

Жамсранжав нь Банчин Богдтой учирч мөргөх­дөө шавь орж, Хятадын хэд хэдэн хотоор дагалдан явснаас үзэхэд Банчинд тоогдож, зохих итгэлийг нь олсон мэт боловч дагалдан явсан нууцуудын мэдээ­нүүдэд түүнийг гадаадад гармагцаа урвасан мэтээр тодорхойлжээ.

1934 онд япончууд Шилийн голд орж ирэхэд Дилав хутагт Өвөрмонголын тэргүүн ноён Дэмчиг­донров ванг түшиглэн Монголын засгийн явдлын зөвлөлд орж, улс төрийн үйл ажиллагаанд оролцон, Японы цэргийн эрхтнүүдтэй уулзаж, дотно харилцаж, Хятад, Өвөрмонголын аль ч нутагт дураар зорчих тамга бүхий эрхийн бичигтэй болжээ. Улмаар Нанжин­­гийн Засгийн газрын Хууль байгуулах хороо­ны тэргүүлэгч, Банчин Богдын яамны Монгол хэргийн эрхлэгчээр томилогдон ажиллажээ.

1939 онд тэрбээр Чунцин хотноо суурьшсан бөгөөд мөн онд япончууд Баруун Сөнөдийн нутаг Бүтэмжийн говьд нутаглаж байсан, 1932 онд дүр­вэн гарсан Ганжуурваа хувилгааны зуун өрх айл, Дархан бээлийн хошуугаар нутаглаж байсан Очирдарь хувилгааны ная гаруй өрх айл, Дунд гүний хошууны Хүрд Хар-Усаар нутаглаж байсан хорь гаруй айлыг цуглуулан 1941 онд “Дилавын хошуу” гэгчийг байгуулж, даргаар нь Намсрайг томилсон бай­на. Япон, Хятадын зүгээс Дилав хутагтын нэр нөлөөг ашиглан халхын оргодлуудаар хошуу бай­гуулсан нь тус улсын эсрэг тагнуулын бааз суурь бол­гон ашиглах нөхцлийг бүрдүүлэх зорилготой байсан бөгөөд Дилав хутагт тухайн хошуунд 1938 оноос хойш буцаж очоогүй байна. 1938 оноос эхлэн Дилав хутагт ДХГ-аас үндсэндээ холбоогоо таслан хөндийрч, Хятадын гүн тийш амьдран суух болжээ.

Түүний дэргэд болон түүнтэй харилцаа холбоо барьж байсан зарим мэдээлэгч тагнуулчид түүнийг урвасан, өөрсдийг нь элдвээр сэжиглэсэн, Япон, Америкийн тусгай албанд элсэгдэн ажиллах бол­сон гэх мэтийн утга зөрүүтэй мэдээг ДХГ-т өгч байжээ. Мөн Дилав хутагтын дагалдан явсан хүмүүс түүний хувийн амьдрал болон шашны асуудалд нь оролцож, зааж зааварлах болсон, “Гүн” нэрээр ажил­ласан мэдээлэгч нууцаа задруулсан, 1937-1939 онд Монголд их хэлмэгдүүлэлт болсон зэ­рэг нь Дотоодыг хамгаалах газраас хөндийрөх шалтгаан болсон бололтой. Мөн түүнчлэн түүнд үүрэг, даалгавар өгч явуулсан хүмүүс 1937-1939 онд хэлмэгдэн үгүй болсон, түүний тагнуулын ажлаар явсан үнэн шалтгааныг мэдэх хүнгүй болж, анхны “ор­годол” хэмээх нэр нь туйлын үнэн болж хувирсан зэрэг ээдрээт нөхцөл шалтгааны улмаас эх орондоо эргэж ирэх боломжгүй болсон байна. Дилав ху­тагтыг түшиглүүлэн суурьшуулах, түүнтэй холбоо бариу­лахаар хүмүүсийг нэг биш удаа явуулж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд харин нэг удаа холбоо бариулахаар очсон хүн Японы тусгай албанд баригдсаныг суллуулан буцах боломжийг нь бүрдүүлэн өгч байжээ.

Япончууд 1942 онд Дилав хутагтыг Түвдэд явуулж, есдүгээр Богдыг тодруулах ажилд ашиглахаар тө­лөв­лөсөн байна. Түүнийг Хонконгд очиход Английн тагнуулынхан мэдэж, гоминданынханд мэдэгдсэнээр Чунцинд мэхлэн аваачжээ. Тэнд очоод Гоминданы Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байсан хуучин та­нил О.Латтимортой хамт сууж, Гоминданы Улс төрийн зөвлөлийн зөвлөхөөр ажиллах болжээ. Ийн­хүү тэрбээр Гоминданы Засгийн газраас зөв­шөө­рөл авч, есдүгээр Богдыг тодруулах ажлаа үр­гэлж­лүүлэхээр Түвдэд очсон боловч төдийлөн идэвхи гаргалгүй Өвөрмонголд буцаж ирсэн байна. Дэмчигдонров ван 1942 оны сүүлийн хагасаас өөрийн гурав дахь хүү Очирбатыг Жибзундамба ху­тагтыг хувилгаан болгохыг Далай ламаар хүлээн зөв­шөөрүүлэхийн тулд Дилав хутагтад 70 мянган юань өгч, Лхаст явуулахаар шийдсэн байна. Дилав хутагт энэ мөнгийг Бээжинд суугаа Английн Элчин сайдын яамаар дамжуулж Түвд рүү гуйвуулаад өөрөө Чуулалт хаалгаас гарч Хөх хот, Бугат, Хөх­нуураар дамжин Түвдийн нийслэл Лхаст очжээ. Ингээд Түвдэд хэдэн жил ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул Чунцинд буцан ирж, Чан Кайшигийн дэргэд дахин ажиллах болжээ.

1949 оны гуравдугаар сард Америкийн эрдэмтэн, про­фессор О.Латтиморын тусламжтайгаар Америкт очиж, Балтимор хот дахь Жон Хопкинсын их сургуулийн гадаад хэлний салбарт зөвлөх багшаар ажиллаж байгаад 1950-1952 онд цагаач хали­магуудтай хамтран Нью-Жерси мужид Грийвүүд Акридад Буддын шашны анхны сүмийг байгуулагдахад ширээт ламаар залагджээ. Үүнээс хойш Дилав хутагт тус сүмд шашны ажил эрхлэхийн зэрэгцээ өөрийн улс төрийн дурдатгал намтрын талаар тэмдэглэлүүд бичих болсон байна. Тэрбээр 1965 онд АНУ-ын Нью-Жерси хотод нас баржээ.

Түүнийг 1930 онд Б.Эрэгдэндагвын хэрэгт холбогдуулан баривчилж, хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэснийг 1990 оны тавдугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын дөрөвдүгээр тогтоолоор хэргийг цагаатгасан байна.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал үүрд хэвээрээ байгаасай гэсэн бодол, сэтгэл, итгэл Дилав хутагт В.Жамсранжавын сэтгэлээс уяатай байсан нь дамжиггүй юм.

Эх сурвалж: Маш нууц сэтгүүл

No comments: