Saturday, December 21, 2013

"Түүхийн давталт Монголчуудын сонголт" цувралын (2-р хэсэг)


Эх сурвалж: http://7burkhan.blogspot.com/2013/02/2.html

УРД ХӨРШИЙН ТӨМӨР ЗАМЫН ТҮҮХ


Нанхиадын төмөр замын түүхийг сонирхож үзэхэд Англи- Нанхиадын 1839-1842 оны, 1856-1860 оны дайн буюу хар тамхины дайнуудын тухай цухас сонирхох хэрэг гарах юм.
16-р зуунаас эхлэн Чин гүрэн Португалиаар дамжуулан Европтой арилжаа худалдаа хийдэг байсан ба Британичуудтай 1800 оны үеэс л худалдааны харилцаа тогтоосон бна.
Чин гүрэнтэй хийсэн худалдаа нь Британичуудын хувьд эхнээс алдагдалтай байсан нь хэд хэдэн учир шалтгаантай байжээ: 

Тэд цай, торго, шаазан зэрэг европод эрэлт өндөртэй барааг худалдан авахдаа нанхиадуудын хүлээн зөвшөөрдөг цэвэр мөнгөн ба алтан зоосоор төлбөрөө хийдэг байж, нанхиадуудын сонирхол хэрэгцээг төрүүлэх бараа Англичуудад бараг байсангүй, европ хувцас зарах гэсэн ч нанхиадууд түүнийг нь тоосонгүй. 17-р зууны дунд үе гэхэд л 28 000 000 кг цэвэр мөнгийг Европоос Чин гүрэнд барааны төлбөрт өгсөн байжээ.
Гадаадын худалдаачдын эрхийг хязгаарлаж нутгийн гүн рүү оруулалгүй "нэг цонхны бодлого" буюу зөвхөн Кантон боомтод худалдаа хийх зөвшөөрөл өгснөөс гадна Манж төрд нөлөө бүхий 12 пүүсийн төлөөлөгчидөөс бүрдэх наймаачдын холбооныхонтой худалдаа арилжаа хийх нөхцөлтэй байсан нь гадныханы худалдааны ашгийг хяналтандаа байлгах боломжыг нанхиад худалдаачдад олгожээ.



Испани алтан зоос 

Тухайлбал Британийн ‘East India Company’ нь гэхэд л 1785 онд 15 сая фунт хятад цайг худалдан авч төлбөрийн 75 хувийг алт мөнгөн испани зоосоор төлсөн байна.


Испани мөнгөн зоос

Дээрх үндсэн нөхцөлүүдээс шалтгаалан жил ирэх тутам, худалдаа арилжаа өргөсөх тутам Британийн гадаад худалдааны алдагдал ихэсч Чин гүрний гадаад худалдааны балансын ашиг улам өсч байжээ. Энэ зуур 18-р зууны дунд үе гэхэд британичууд нанхиад цайны амтанд ихэд орж хэрэглээ нь бүр өсөснийг тухайн үеийн Британийн төсвийн 10 хувийг цайны татвар дангаараа бүрдүүлдэг болсон нь харуулна.
Чин гүрэнтэй хийсэн гадаад худалдаанаас жилээс жилд алдагдал хүлээж байсан британичуудтай, энэтхэгийн колониос нь худалдаа хийж төлбөртөө их хэмжээний цэвэр мөнгөн зоос төлдөг байсан Испани, Британиаас тусгаар тогтнох гэж дайтаж буй Америкыг дэмжих болсоноор худалдаа харилцаагаа зогсоосон нь байдлыг хурцатгажээ.

Британид Чингийн худалдаанд худалдааны балансыг эргүүлэх шаардлагатай бараа зайлшгүй хэрэгтэй болж ирлээ. Энэ үед Бенгалийг байлдан эзэлсэн Британичууд хар тамхины асар их нөөцтэй байгалын плантацыг олж, нанхиад барааны төлбөрт хар тамхийг төлж эхэлснээр Чин гүрний экспортын балансын ашиг буурч, 1805 оноос эхлэн Британийн импортын ашиг нэмэгдэж эхлэснээр 1840 он гэхэд гадаад худалдаанаас 7 сая мөнгөн зоос олсон Чин гүрэн хар тамхины төлбөрт 56 сая мөнгөн зоос гадаадынханд төлснөөс хааны сан хөмрөг хүндэрч нанхиадад зоосон мөнгөний хомсдол бий болж эдийн засаг хямарч ядуурал хоосрол гаарчээ.
Британчуудын Чин гүрэнд худалдаалсан хар тамхины хэмжээ 1820-1880 оны хооронд.

Сайшаалт ерөөлтийн 4-р онд (1799 он) Манжийн хаан Кантонд хар тамхийг худалдаалахыг хориглосон зарлиг гаргасан ч хар тамхины үнэ хэрэглээг нэмэгдүүлсэн явдал болжээ.Хар тамхи ийнхүү ашиг ихтэй бараа болж хувирснаар Британий худалдаачдаас гадна, Америкийн худалдаачид их хэмжээгээр нууцаар оруулж Кантоны хар тамхины худалдааны 10 хувийг хянадаг хэмжээнд хүрлээ.

Хар тамхи татаж буй нанхиад иргэд

Хар тамхинд донтогч эхнэрээ төлбөрт нь өгч байгааг харуулсан хайчилбар

Гадаад худалдаачдын онгоцыг хавчиг завиар довтолж байгаа нанхиад иргэд
Кантон боомтын тэнгисийн цэргийн жанжин  Лин Цэшү. 


Кантон боомтын тэнгисийн цэргийн жанжин Лин Цэшү 1839 онд хааныхаа зарлигийг хэрэгжүүлэхийг гадаадын худалдаачдаас шаардтал нөгөө хэд нь үл тоосон тул Британий худалдаачдын бүсийг хаан бүсэлж ус хүнсний хангамжийг нь тасалсан байна. Худалдаачид бууж өгөн хар тамхиа хураалгасан байна.


Британийн армийн энэтхэг цэргүүд


Британи цэргүүд Манжийн боомт бэхлэлтийг дайрч байгаа нь


Британичууд хойтон жил нь Энэтхэгийн эргээс энэтхэг цэргүүдээс голлон бүрдсэн флотоо Кантонд буулгаснаар 2 жил үргэлжилсэн эхний хар тамхины дайн болов. Манж гүрэн дайныг зогсоох энхийн гэрээ санал болгож Нанжины гэрээгээр Гонконг арал Британии эзэмшил болж нэмж Шанхай, Гуанжоу зэрэг 4н боомтыг гадаадынханд нээх үүрэг хүлээснээр энэ дайн шувтарчээ.


Сувдан голын бэлчир дээрх Кантон боомт 1830 он

Үргэлжлэл бий...

No comments: