Saturday, December 21, 2013

Крымийн хаант улс ба Халимагууд, Үнэн алдартны шашныг Монголчууд аварсан тухай.

Эх сурвалж:  http://7burkhan.blogspot.com/2013/06/blog-post.html
Түүхийн давталт, Монголчуудын сонголт. (Есдүгээр хэсэг)

Өмнөх нийтлэл Крымийн дайны талаар цухуйлгаад өндөрлөсөн билээ.

Товч дурдаад өнгөрөх гэтэл дэлхийн түүхэнд Монголчуудын үзүүлсэн нөлөөлөл нь хөгжил дэвшилд хүргэсээр байсны улбаа Крымийн хойгт өрнөсөн үйл явдлаас харагдах тул өвөг дээдсийнхээ Дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үйл хэргийн тухайд өөрийн мэдэх хэмжээгээр тайлбарлан таниулахыг оролдох хүсэл маань дийлж,
Нөгөө талаас Крымийн дайнд оролцогч талууд шинжлэх ухаан, технологийн ололтуудыг өргөн хэрэглэж, Үүнээс хойд хөршийнхөн шинжлэх ухаан технологийн хоцрогдолоо ойлгож дүгнэлт хийснээр төмөр зам болон болон зам тээврийн бодлогодоо хөрөнгө хүч зарцуулах болсон тухай болон  Батхааны байгуулсан Алтан ордны улсын нэгэн голомт болох Крымийн Монголчуудын нутагт Сайн ноён хан Тө.Намнансүрэн, Чин ван Ми.Ханддорж, Өвөрмонголын Хорчин хошууны Удай ван, нар Тусгаар Тогтнолын асуудлаар 1913 онд хөл тавин ирэх, түүнээс 32 жилийн дараа Америк, Британи, ЗХУ  мөн Крымд хагас зууны туршид дэлхийн улстөрийн бодлогыг тодорхойлсон Ялагч гүрнүүдийн тохироогоор монгол, герман, солонгос, үндэстнүүдийг хуваах шийдвэр гаргасан үйл явдал өрнөсөн бүс нутаг учир жаахан уйтгартай нуршуу урт нийтлэл бичиглэхээс аргагүйд хүрэв.

Болгоон хүлцэж уншина уу.

Крымийн хаант улс ба Халимагууд, Үнэн алдартны шашныг Монголчууд аварсан тухай.

Батын байгуулсан Алтан ордны улс.(ягаан)
Оросын ванлигууд (ногоон)


Батхаан төр улсаа байгуулан энх амгаланг тогтоохоос өмнө Киевт төвтэй оросууд, балканы хойгийн тевтоны рыцаруудын дарамтанд байж ханлигуудын вангууд нь Византын эзэнт гүрэнд төвлөсөн үнэн алдартны шашны тэргүүнүүдээр адислуулж байж сая хүлээн зөвшөөрөгддөг байсан бол ялагдашгүй гэж тооцогдож байсан Франц, Тэвтоны рыцариудыг Монголчууд удаа дараалан хашрааж, Алтан Ордны улсаа байгуулан Европ даяар алдар суугаа мандуулснаар Византын эзэнт гүрний сүр хүчин буурч загалмайтны шашны зүүний урсгал болох үнэн алдартны үзэл санааны төв нь Москва болов.

Учир нь тухайн үед Монголын цэрэг дайны хүчийг сөрж зогсох хүч үгүйг ойлгосон ортодокс урсгалынхан, Монголчуудын ивээл хамгаалалд багтаснаар барууны жигүүр болох католикийн түрэлтээс хамгаалагдан үлдэхийг урьдчилан харж Метраполитианы Петрийн сүмийг 1328 онд Москвад шилжүүлж 300 гаран жил айх аюулгүй амар жимэр байж аврагдан үлджээ. 

Өдгөө үнэн алдартаны сүсэгтэн 300 сая гаруй байдаг бол, дэлхийн 7 хүн тутмын 1 нь Католик сүсэгтэн байдаг (1тэрбүм гаруй) гэхээр ямар их түрэлт хүчнээс Монголчууд Үнэн алдартны шашинг хамгаалсан нь ойлгомжтой болох бизээ.

Оросын үнэн алдартнууд Монголчуудын ач тусыг үеийн үед мартахгүй гэдэгт найдна.

Алтан ордын хаадын нэг Мөнхтөмөр 1266-1280 онд Крымд шинэ хот суурин байгуулж арилжаа худалдааг ихээхэн дэлгэрүүлснээр энэ бүс нутаг эдийн засаг улстөрийн ихээхэн ач холбогдолтой болж энэ бүс нутагт хяналтаа тогтоох гэсэн улс гүрнүүдийн маргаан, тулаан, дайн түүхэнд дурдагдах болж ирсэн байх юм.
Ер нь ч байршлын хувьд их сонин: баруун талаасаа загалмайтны, зүүн талаас үнэн алдартны, урд талдаа исламын соёл иргэншлүүд тулан хиллэж байдгаасаа ч болдогуу, энэ бүсэд дэлхийн хэмжээний нөлөөтэй үйл явдалууд өрнөдөг коридор ч гэхүү, олон улсын хувь заяаг шийдвэрлэх шийдлүүд ч эндээс гарсан байдаг.
Крымийн хант улс 1441-1783 он (ногоон )
Зүчийн хүү Батын Шивэрийн их ой нуруудаас, Уралын нурууны цаадах тэгш тал, Эрчис мөрнөөс Днепр мөрөн хүртэл нүдний хараа үл хүрэх, туурайтан эцэх, жигүүртэн цуцах энэ их уудам газар нутгийн хүн ардыг хураан захирч байгуулсан Алтан ордны улс нь задрахдаа Астрахань,Казань,Узбэк гэх 4 улс үүсгэний 1 нь Крымийн ханлиг билээ. (Жич: Днепр мөрний хөндийгөөс 1845онд Их Монгол Улсын Алтан Гэрэгэг  олсон нь Эрмитажид хадгалагддаг юм бна.)

Крымийн ханлигийг монголчууд удирдан урьдын хучирхэг байдлаа оросын вангуудад харуулж үе үе Москваг эзэлхийн сацуу, Оросыг нөлөөндөө байлгах гэж ижил бусад монгол ханлигуудтайгаа дайсагналцаж хүчийг барсаар  1785 онд Оросын хаант улсад нэтгэгдсэн эмгэнэлт түүхтэй байдаг.
Крымийн хан Гэрэйн удмынхы сүлд
тарак буюу тамга.

Крымийн монголчуудын довтолгоог оросын хаадууд зогсоож чадахгүй аргаа барж байтал 1600 оноос түмэдийн Алтан хаан (одоогийн Хөх хотыг үндэслэгч) ойрадуудтай сөргөлдөн дайтах болсноор ойрадуудын дотор зохион байгуулалтын өөрчлөлт үүсч Ил тарвагатайгаас 15000 өрх торгуудуудаа дагуулан Хоо өрлөг ноён, Цагаадайн улсын хязгаар, Алтан ордны улсын хил залгаа нутаг ижил мөрөнд ирж нутаглав. Төд удалгүй Эзэнтэй тайш, Дөрвөдийн Далай тайш нар харьяат албат өрх, агт малаа аван нүүж ирэснээр Ижил мөрний хөндийд Халимагууд хэмээн нэрлэгдэх болсон ойрад угсааны улс үүсэх эхлэл болсон билээ.
Энд нэг сонирхолтой нь Халимгууд эцэг өвгөдийнхөө эзэмшил нутагт очиж суурьшсан нь, Оросын хаан ширээнд Романовынхан гарч ирсэн хугацаатай давхцдаг юм байна.
Романовныхны удамтай холбоотой нэгэн баримтыг Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван ханддорж нар Крым дэх Ливадий ордонд морилох үеэр нь дурдаж сонирхуулнаа.

 Нүүж очсон Хо өрлөг,Эзэнтэй, Дөрвөдийн далай тайшууд эвтэй байж цэргээ нэгтгэн Бат хааны Алтан ордноос үлдсэн ногай, башкир, татаруудыг номхотгон хүчирхэгжиж байгааг харсан оросын түүхэнд Догшин хэмээх тодотголтой 4р Иван, Хо өрлөгийн ач Пунцаг хаантай холбоотон болох гэрээг 1658 онд байгуулж бэлэг сэлт өгч эхэлжээ.
Жич: Халимагууд (Торгуудын хаант улс гэж эхэн үедээ нэрлэгдэж байсан), Орос улсад цэрэг дайны хүчээр хэрхэн тусалсаар байсныг эхний 30  жилээр тоймлон сонирхуулья:
1654 оны 3 сард оросын хаан Алексей Михайлович элч илгээж  Крым, Польшид довтлохыг гуйсанд Халимагийн Шүхэр дайчин зөвшөөрсөнгүй.
1655 онд Халимагууд Москвад элч илгээн Оросын холбоотон болохоор хэлэлцэн тохиров.
1657 оны 3сарын30нд Халимагуудын эсрэг, Оросын хаан Алексей Михайлович Крымийн монголчуудтай нууц хэлэлцээр хийж, Халимагуудын эсрэг хамтран тэмцэх, халимагтай холбоо тогтоохгүй байхыг Крым хаанд ятгаж чадлаа!
1658 онд Оросуудын башир залийг гадарласан Крымийн хан Оросын эсрэг нэгдэж тэмцэх санал тависан ч Халимагын Шүхэр дайчин зөвшөөрсөнгүй!
1661оны 6сарын 8 нд Оросын хаан А.М. Крымын эсрэг хүч хавсран байлдахыг хүслээ. Оросын хааны хүсэлтээр Шүхэр дайчин Крымийг байлдан дарж их олз ашгийг оросод оруулав.
Мөн оны 12сарын9нд Дайчин тайш Оросын хаан А.М.д захидал илгээж Энхтайвнаар зэрэгцэн орших бодолтой байгаагаа мэдэгдэв.
1664 онд Орос дахь бослгогыг даралцаад, Халимагын хан Пунсуг башкир,крымийг дахин дайлж өгье, хавсар гэж элч илгээв.
1677 онд Халимагын Аюухи хан Оттаманы эзэнт гүрний цэрэгтэй байлдан ялж Оросын хаан Федор Алексеевичд туслав.
1678-1679онд Халимагын Аюухи хан Оттаманы эзэнт гүрэн, Крымын монголчуудын хамтарсан цэргийг цохиж дараалсан ялалтуудыг байгуулж, Оросуудын эрх ашгийг Хар тэнгист тунхаглав.
1681 онд Аюухи хан  Башкирийг байлдан хурааж орост нэгтгэн оросын хаан Ф.А.г бас дахин баярлуулав.
 
олзлогдсон швед офицероор, оросын хаан Петр1,оросын болоод хөрш улсуудынхаа маштаб зургийг хийлгэсэн байдаг:Зүүнгарын улсын газар нутаг (ногоон) 1720-1725оны байдлаар.
Халимгууд ч цэрэглэн довтолж оросуудыг Азовын тэнгисээр худалдаа хийхэд нь дарамтлаад байдаг туркуудийн бэхлэлт цайзуудыг эзэлж, Крымийн хойг дээрх туркийн холбоотон бага Ногайн ордыг дийлж хойгийн гүн рүү шахаж Хар тэнгисийн эргийг оросуудад талбиж өгөв.

Үүгээр ч зогсохгүй оросын үе,үеийн хаадын хүсэлтээр оросын дайснуудыг намнан хашрааж эхэлжээ.
Торгуудын хаант улсын хаан
Шүхэр дайчинаас оросын хаан Алексей Михайловичид
илгээсэн захидлын хуулбар. 1661он.

Оросын хаан Алексей Михайлович 1674 онд ижил мөрний халимагуудын хаан Аюухад элч илгээж Крымийн монголчуудыг дахин довтолж устгаач гэж гуйжээ.
Аюухи хан 1681 онд башкирыг орост нэгтгэж, 1696 оны Азовын дайнд Оросын шинэтгэгч хаан Петр1 ийн хүсэлтээр оттаманы эзэнт гүрний догшин туркууд, крымийн дайнч монголчуудтай дахин байлдаж ялав.

Халимаг, башкирууд 1709 оны Орос Шведийн дайнаар Полтавын тулалдаанд Швед пруссийн армийг, 1710 оны Орос-Оттаманы дайнд, 1р Екатрина хатан хааны хүсэлтээр 1728 оны Орос Персийн дайнд, 2р Екатрина хатан хааны хүсэлтээр 1786 онд Кавказыг номхотгон Оросод нэгтгээд, 1р Александр хааны хүсэлтээр 1810-1814 оны Орос Францын дайнд Напеолоныг тус тус ялж Монголчуудын байлдах ур чадварыг дэлхийн гүрнүүдэд батлан харуулж байсныг Пруссын 2р Фридрих хаан: ..оросын арми нь халимаг,башкир,татар цэргүүдээрээ л биднээс хүчтэй байдаг юм.. гэж захидалдаа бичсэн бол,
Пруссийн хаан Фридрих 2.

Францын Напеолон Бонапарт: .. Соёлт хүн төрөлхтөн байлдахдаа жигд цэмцгэр формтой цэргийн хайрцагласан жагсаал, сүрт бөмбөрийн нижигнээнд алхах зэргээр цэргийн урлагаа харуулах ёстой. Гэтэл оросын арми хүн иддэг зэрлэгүүдийг дайнд оролцуулснаас цэргийн урлагийг үзүүлж чадахгүй болоод байна. Та зэрлэгүүдийг турхирчихаад Оросын армийн хүч чадал гэж бардамнаж буй чинь инээдтэй хэрэг. Би тэр зэрлэгүүдтэй бус тантай, оросын армитай тулалдахыг хүсэж байна гэж  Оросын хаан 1р Александрт Халимагын морин хороог дайнд оролцуулахгүй байхыг шаардаж байснаар батлагддаг.
Напелеон Бонапарт.

Ийм л дайнч байлдааны өндөр чадвартай монголчуудыг хооронд нь байлдуулж, монголыг монголоор нь даруулснаар оросын хаад Крымийн ханлигийг мөхөөж Хартэнгисийн эрэг дээр худалдаа арилжааны ашигтай боомтуудтай болж авчээ
Ижил Мөрний Халимаг ойрадууд нь Крымийн монголчуудыг байлдан мөхөөснөөр европын хүчний тэнцвэрт өөрчлөлт оруулж Оросуудад санаад ч хүршгүй байсан их боломжийг нь өгчээ.

Халимагууд маань оросын хааны бэлэг сэлт цалин урамшуулалын хариуд асар их боломжийг Оросод бий болгож байгаагаа мэдээгүй юм. Жнь: 1710 онд Халимагын Аюухи ханыг Оросын хаан Петр 1, жил бүр 100 рублийн цалин, 30 фут(12кг орчим) дариар шагнажээ.
Халимаг монголчууд 1661 оноос эхлэн, түүхийн бүхий л хугацаанд Оросын эзэнт гүрэн, ЗХУ, ОХУ зэрэг оросын цэргийн хүчинд хавсаран тусалж,хүчин зүтгэж, алба хааж дайн байлдааны хатууг нугалан гавьяа байгуулсаар байгаа билээ.
Дамба тайш Тундутов
Халимагийн морин хорооны захирагч оросын армийн ахмад .
Парис хүртэл давшиж гарамгай ялалт байгуулан
оросын хаан загалмайн одонгоор шагнасан 1812 он

Оросууд Крымийн хойгт эзэн болсноор, 200 гаруй жил, жилийн туршид ашиглаж болох Хар тэнгисийн хөлдөдөггүй боомтыг эзэмшиж худалдаа арилжаанаас ашиг олохын зэрэгцээ далайн цэргээ хөгжүүлж, хүчирхэг флотыг бий болгох боломжтой болов. 
Хар тэнгисийн эргийн боомтууд үүнээс 7 н боомтыг Орос улс эзэмшдэг.(одоо 6.)
Үргэлжлэлийг бичиж байна:)
удаасандаа хүлцэл өчье.

Халимагууд 1661-1771 онуудын хоорондох 110 жилийн хугацаанд гэхэд л оросын нэрийн өмнөөс 40 гаруй, удаагийн их бага дайнд цэрэглэн байлдаж, оросын дайснуудыг нь дарж үнэлж баршгүй ихээхэн ач тус хүргэжээ.
Халимаг морин хорооны бага дарга.
1812-1825 он.

Уваши хунтайжийн тэргүүлсэн Их Нүүдлээс үлдэн хоцорсон халимагууд ч 1771оноос хойшхи  Оросын оролцсон дэлхийн 1,2р дайнууд, Солонгос, Афган, Чечень дэхь цэргийн ажиллагаануудад, Оросын дотоодын иргэний дайнуудад, оросын эрх ашгийг хамгаалан байлдаж эр зориг авхаалж самбаа, дайчин шаламгай чанараа батлан харуулсаар байгаа билээ.


Алтан ордны улсын үлдэгдэл ханлигуудаас Москваг хүчтэй эсэргүүцэж айлгаж байсан Крымийн ханлиг, Оттаманы эзэнт гүрний холбоо Орос Халимагуудын удаа дараагийн довтолгооноор сульдан доройтсоор 1700 он гарахад оросууд энэ бүс нутагт айх аюулгүй болж байлаа. Крымийн ханлигуудыг халимагуудаар даруулж байхдаа оросууд зүгээр цаг нөхцөөж суусангүй.
Оттаман, Крымтэй тулалдаж байсан Оросын армид дахь
Халимаг, татар,башкир цэргүүд
1661 оны орчим.

Догшин Иванаас эхлээд оросын үе үеийн хаадууд, Торгуудын хаант улсын дотоод хэрэгт нь аажмаар хошуу дүрсээр 1р Петрийн үед бүүр эзэрхүү, шууд тушаах хандлагатай болсон байв. 1722 онд Торгуудын Аюухи хан наснаас халихад оросууд халимагын дотоод хэрэгт ээрээ цээргүй оролцох болсон байлаа. Басхүү Үнэн алдартний номлогчдыг суурьшуулж үзэл санаа, итгэл үнэмшлийн нэгдмэл байдлыг нь хувааж задлан, өөрсдийн чадлаар ноён суух чадваргүй сулхан ноёдыг дэмжиж, чадалтай,угсаатай ноёдынх нь эсрэг турхиран яс хаях чимээгүй дайныг хийсээр байв.

Үүнд эгдүүцсэн Дондогдаш хан 1750 онд үнэн алдартны угаал үйлдсэн торгуудын ноёдыг гэсгээн албат ардыг нь хураав.
Яагаад дайсан болгоныг дарж өгдөг Халимгуудыг Оросын хаад элэг рүү нь өшиглөх боловоо?!

Крымийн ханлиг нэгэнт мөхөөд, Оттаманы эзэнт гүрэн шинжлэх ухаан, боловсролыг орхигдуулснаас хөгжлийн суурьгүй, технологийн ололтгүйн зэрэгцээгээр  британи, франц, оросын талд үйлчлэгч авилгач түшмэдүүдийнхээ явуулгаар ихэд доройтож байсан тул Оросын хаадад халимаг ойрадуудаар хамгаалуулах хэрэгцээ нэгэнт багасаж, Харин ч цаашид хүчирхэг болж, газар нутгаа эзэмших бас нэгэн хүчирхэг Торгуудын хаант улс үүсэн бий болох аюул бий болжээ.

Нөгөө талаас Халимгуудын гол түшиг тулгуур, омог бардам итгэл, зоригийнх цөм болсон Зүүн гарын хаант улс (одоогийн киргиз, казакстан, өмнөд сибирь, нангиадын цагаан хэрмийн баруун үзүүрээс хойш шинжаан муж хүтэлх уудам нутагтай хүчирхэг улс байв) 1758 онд дотоод өс хонзонгоороо талцан байлдсаар мөхсөн тул Оросын хаадууд  ганцаардсан халимагуудтай илт дээрэнгүй,харьцах болов.

  • 1762 оны 12сарын 4нд оросын хатан хаан 2р Екатрина зарлиг гаргаж Халимгуудын нутаг руу цагаач болон 30000 немц иргэдийг нутагшуулах ажиллагааг эрчимтэй  явуулав.

  • 1765 оны 5 сарын 8нд Оросууд хүч түрэн Халимагийн засаг захиргаанд өөрчлөлт хийж Халимагийн төрийн дээд байгууллага болох Заргын тэргүүнээр оросын талыг баримтлагч Цэвэгдоржийг томилов.

     Мөн онд Оросын цагаачид болон немц иргэд Ижил мөрний саваар бүрхэн орж ирж, Торгууд иргэдийн малын бэлчээрийг хашин хагалбарлаж маргаан үүсгэснээс Торгуудын Убаши хан, Астрахань мужийн тэргүүнд 9сарын 20нд анхааруулга захидлыг, 1767 оны сүүлээр дахин эсэргүүцэл бичгийг хүргүүлсэн боловч байдал засарсангүй.
 
Халимаг эмэгтэйчүүд. 1820 он.
       Халимагууд 150 жил олон цэрэг эрсийнхээ амиар оросын дайсныг даран мөхөөсний хариуг оросын хаад ингэж барих болсон тул халимагын ихэс өтгөс ноёд  нууцаар хэлэлцэн өвгөдийн уугуул нутаг Зүүн гартаа нүүхээр шийдвэрлэж бэлдэж эхэлжээ.

     Хошууд аймгийнЖамьян гэгч ноён оросын хатан хааны хишигт дуртай нэгэн учир 1767 оны 2сарын 28нд Астраханийн захирагчид дээрх нууц зөвөлгөөний тухай мэдэгдэжээ. Мөн 1768 онд 2 удаа 1769 онд мөн удаа дараалан мэдээлж байв. 
      Тухай бүрт нь Уваши хан Казахуудтай байлдах бэлтгэл хийж байна гэх зэргээр оросын хатан хаанд тайлбарлажээ.

Хатан хаан Екатрина муу санаалан Увашийг цэргийх хамт 1769-1770 онд хойд кавказад  байлдуулахаар явуулав. 
      Уваши 10 000н халимаг эрсээр эрсдэл хийж махан бамбай болгох гэсэн оросын армийн генерал И.Медемтэй зөрчилдөж цэргээ татан Ижил мөрөндөө буцаснаар оросын төрд зүтгэх явдалдаа цэг тавьсан гэдэг.
Халимаг улсын газар нутаг. өнөөдрийн байдлаар.
     1771 оны 1 сарын 5 нд Уваши тэргүүтэй ижил мөрний зүүн эргийн 160 000 илүү    ойрадууд түрүүлэн нүүснээр торгуудын их нүүдэл гэж түүхэнд тэмдэглэгдсэн их нүүдэл Монгол Алтай хүртэл 6000 км газрыг 9 сар гаруй явж хүрэхдээ оросын хатан хаан 2р Екатринагийн турхирсан эртний өст дайсан хасгууд, Башкир, Киргиз,Казакийн ханлигийн цэргүүдтэй сугаа ханзартал цавчилдан байлдсаар хахир өвөл, халуун их цөлийг туулж Тэнгэр уул, Тэнгэр нуур, Илийн голдоо ирцгээхэд 60 000 гаруй нь л үлдсэн байсан гэдэг. Туйлдаж ирсэн торгууд,хошууд, дөрвөд, хойдуудыг  Манжийн цэрэг тосон цохих бэлтгэлтэй хүлээж байсан учир Уваши хан манжийн хаан тэнгэр тэтгэгч буюу Цяньлунтай 1771оны 10сарын 15 нд уулзан хэлэлцэж, Өргөн гуу хэмээх газар хамтран 3 хоног их ав хийцгээжээ.
Торгуудын хаан Аюухи,  Оттаман-Оросын дайнаар удаа дараалан
ялалт байгуулж султаны дүү пашагаас олзлон авсан мисир илд.
тэнгэр тэтгэгч хааны цуглуулгаас.

      Харилцан биесийнхээ бодол санааг туршисны эцэст 10 сарын 24 нд Убаши хан (Аюухи хаан оттаманы султаны дүү пашагаас олзолж авсан) мисир сэлмийг , Цяньлунд бэлэглэж, манжийн хаан Цяньлун: Торгууд аймгийн Үнэн сүжигт Зоригт хан цолыг Увашид шагнаад манжийн төрөөс пүнлүү цалин олгож,  харьяат торгуудуудыг нь 5 хэсэг хувааж хоорондоо 10 өртөөний зайтай Хар шаар, Ховогсайр, Жин, Булган голд тараан нутаглуулжээ. Харин тус бүрт нь хошуу болгон тамга олгох гэсэнд Убаши дургүйцсэн ч түүнийг дөрвөн жилийн дараа 30 гаруй насандаа !өвчнөөр! амьсгал хурааснаас хойш тус тусад нь хошуу болгон манжийн төрөөс пүнлүү хүртээв.

Жич: Магад Даваачаар дууссан Зүүн гарын хаант улсаа дахин сэргээх гэсэн Убашийн холын бодлогыг мэдсэн Цяньлун дахин хүчтэй дайсантай болохоос айж хорлосон байх магадлал бий.

Тэр жил Ижил мөрөн цагаасаа эрт хадаалсан, хөлдөөгүй учир баруун эргийн халимагууд  гаталж чадалгүй тасарч үлдсэн гэнэлээ.
Халимаг улсын далбаа. 2013 он

Халимаг улсын сүлд. 2013он


     Ижил мөрний баруун эрэгтээ үлдсэн (15000 орчим гэдэг) Халимгуудын голлох ноёдыг оросын хатан хаан цаазлан хороож Астраханийн губернд нэгтгэсэн нь өнөөгийн Халимаг улс билээ. Айдас нь болсон Монгол угсааны Крымийн хаант улс, Оттаманы эзэнт гүрнийг байлдан сульдаасны хариуд Оросын хаад Халимаг ойрадуудад ийм л хариу барьжээ.

       Хоюуланд нь аюултай өрсөлдөгч болон хүчирхэгжсэн  Зүүнгарын улсыг мөхөөх  зорилго нь Манж, Оросуудыг нэгэн бодлогод нэгтгэж байсныг Галдан Чахундоржийн зөрчилдөөн, халх ойрадын дайны эхлэл, өрнөл, төгсгөлөөс ажиглан харж болно.
 
Зүүнгар улсын сүүлийн хаан Даваач.1758 он
энэ зургийг манжийн Цянлун хаан зуруулсан гэдэг
зураач нь Жузэппэ Касталионэ (итали) байж магадгүй.
Өдгөө энэ зураг берлиний музейд хадгалагдаж байна.
Цорос Галдан бошигт хааны удаах хаан Цэвээнравдангийн татвар эмээс нь төрсөн хүү Ламдаржийн үүсгэсэн хэрүүлийн бузраас шалтгаалсан хуйвалданаар хаан болгосон Даваачийгаа, хойдын (хойдын ноёны асрамжинд өссөн ч хошууд угсаатай) Амарсанаа манжийн хаан Цяньлунтай холбоолон унагаснаар Зүүн гарын хүчирхэг төр улс салхинд туугдах үүл мэт сарнин сүйрээд уудам их газар нутгийг нь 1864 оны 9 сарын 25нд Тарвагатайн гэрээгээр манж мангадууд хуваан авч завшвай... Гунигт сургамжтай түүх.
Зүүнгарын улс. 1720 он.
Галданг нөгчиснөөс 23 жилийн дараахь Цэвээнравдангийн хаанчлалын
үеийн зүүнгарын газар нутаг. Энэ газар нутгийг манж-оросууд хуваан эзэрхэжээ.
.

...Монголчуудын талаар хоёр хөрш гүрний төрийн бодлого хоорондоо сэм найрсаж, аюултай хавсарсан бодлого явуулж эхэлсний эхний золиос нь Зүүнгарын хаант улс юм... 

Үргэлжлэлийг бичиж байна:) Энэ нь Ил хаант улсын суурин дээр үүссэн Оттаманы эзэнт гүрний тухай байх болно. их сонирхолтой.

ҮРГЭЛЖЛЭЛ: 9р нийтлэлийн ГУРАВДУГААР ХЭСЭГ буюу Төгсгөлийн хэсэг.



Энэ удаа Крымийн ханлигийн холбоотон Хар тэнгисийн өмнөд эрэг дээрх Оттаманы эзэнт гүрний тухай товч дурдья.

      Их хаан Хорезмийн хаант улсыг 1221 онд даран номхотгосноор ойрхи дорнодод хүчний шинэ хувиарлалт үүсч олон жижиг шах,султанууд тусдаа бие даацгаажээ.

       Тулуйн гуравдугаар хүү Хүлэгү өнөөгийн Перс,Иран,Ирак,Афганистан, Туркменистан, Армен, Азэрбайжан, Гүрж, Турк, Пакистаны нутаг дэвсгэрт оршиж байсан шах, султант улсуудыг байлдан дагуулснаар Ил хаант улс 1256 онд байгуулагдасныг та бид сайн мэднэ.
Их хааны  ач Тулуйн гуравдугаар хүү Хүлэгү Илхаант улсыг үндэслэгч хаан.
Перс зураач.

      Ил хаант улс нь худалдаа эдийн засгийн хувьд  нэгдмэл бус байсан 10 аад өөр нэгж хэмжээг хэрэглэдэг ханлиг улсуудыг нэгтгэн  Тэбриз хотын жишиг хэмжигдэхүүнийг нэгдсэн хэмжигдэхүүн болгож, Евфрат мөрнөөс шуудуу суваг татан усгүй талуудыг үржил шимтэй тариалангийн бүс нутаг болгон газрын шинэтгэлийн бодлого хэрэгжүүлж чөлөөт тариачид, чинээлэг дундачуулыг дэмжин: хуучин шэйх, султан, халифийн татвар хамжлагын системийг задалж Персийн ертөнцийг урьд хожид үзэгдээгүй худалдаа арилжааны төв болгож Юань гүрэн, Персийн зах зээлийг холбон бараа баялгыг худалдаалж, Энэтхэгийн умард мужуудыг Монголчуудын засаглалд оруулж байхуйд Европын улсууд Энэтхэг орны тухай ойлголтгүй нээгээгүй л байжээ.
Ил хаант улсын газар нутаг 1256-1353 он.
    Ил хаад соёл урлаг, шинжлэх ухаан, гэгээрлийг ихэд дэмжин хаадын сангаас санхүүжүүлэн одон орон, уран барилга, яруу найргийг бадрангуй хөгжүүлсэн нь одоо түүхэн баримт болон үлджээ.
Өлзийт хааны бунхан
Монгол хаадын байгуулсан хотуудын нэг Султанийе.
Илхаант улсын нутаг.Иран.
Илхаадын байгуулсан Одон орон судлалын обсерваторийн үлдэгдэл.
Марага.Иран.
Өрнийн Венец, Генуяа, Дорны Юань гүрний худалдаачид Илхаант улсын нутагт уулзалдан худалдаа арилжаа хийж, эд барааны хажуугаар соёл технологийн солилцоо хийгдэж байлаа.
Хүлэгү хааны дэлдүүлсэн мөнгөн зоос.
зоосон дээр чандага эсвэл туулайн дүрс байх аж.
1256-1265он.


    Ил хаант улсын нутаг дэвсгэрт худалдаачдын аюулгүй байдлыг, тухайн газар нутгийн халиф, шэйх, султанууд толгойгоороо хариуцах хууль хэрэгжиж байсан тул богино хугацаанд дэг журам амгалан байдал тогтож, худалдаа маш хурдтай хөгжиснийг Жүйвэни, Вассаф, Рашид ад дин нарын тухайн цаг үеийн түүхчдийн бичвэрүүд баталдаг.
Евразийн уулзвар бүс нутаг, хуурай болон далайн замыг хяналтандаа авч Монгол цэргийн сүр хүчээр ассинууд, дээрэмчин тонуулчдыг устгаж худалдаа, эдийн засгийн тааламжтай нөхцөл бүрдүүлснийг нь задралын дараа Османы ханлиг өвлөн авлаа.
Хүлэгү хааны хүү Абага хааны дэлдүүлсэн
мөнгөн зоос буюу дэрхим.
Тулуйн удмын тамга болох сэрээ тамга байх ёстой гэсэн
боловч би хайгаад  олсонгүй, та нар  олоорой.
1265-1282он.

Тэр үес Оттоманы эзэнт гүрэн Монголын ил хаадад алба татвар төлдөг Османы жижиг ханлиг байж байгаад Ил хаадын улс 1345 онд задарсны дараа  хэсэг хүчирхэгжиж хөрш улсуудаа эзэлж байтал 1402 онд Цагаадайн монголчуудад буюу Барулас угсааны Төмөрт цохигдон дахин монголчуудын хараат болсон.
Барулас овгийн Тарагайн Төмөр хаан
1336-1405он.
гавлын яснаас нь оросын акедемич
М.Герамисовын  сэргээсэн төрх 1941он

Догшин Төмөр Ил хаадын улсыг сэргээснээ зарлаж Алтан ордны үлдэгдэл сибирийн ханлигууд, Ойрхи дорнодод Хүлэгүгийн бутарсан улс,  умард Энэтхэгийг эзлэн их улсыг байгуулаад 1405 онд Мингийн төрийг газрын хөрснөөс арчин,нангиадыг эрхшээхээр дайлаар аялан яваад 68 насандаа хээрийн асартаа тэнгэрт хальснаар, хураасан улсууд нь задарч Османы улс дахин хүчирхэгжиж 1453-1566 онд сэргэн мандалтынхаа оргил үед хүрчээ.
Догшин Төмөрийн улс буюу сэргээн  байгуулсан Ил хаант улс.
хаанчлалынхан нь жилүүд 1370-1405он.

Османы улс нь худалдаа арилжааны гол зам дээр буюу ази, африк, европын уулзварт Хар тэнгис, Каспийн тэнгис, Газрын дундад тэнгисийн замыг хяналтандаа авсан газар зүйн ашигтай байрлал дээр байрлаж худалдааны замаар замнах далайн хөлөгүүдээс татварлах, эзэмшил бүс нутагтаа чөлөөт худалдааг хөгжүүлэх зэргээр баялгийг бий болгож эдийн засаг, цэрэг армийн ихээхэн хүчийг бий болгосон нөөцөндөө эрдэж европ руу орох хаалга балканы хойг руу түрэлт хийж гавшгай эрэмгий армийн сүр хүчийг үзүүлснээр ялагдашгүй армийн нэрийг олж Тигр, Евфрат,Дунай,Нил мөрний хөндий, Кавказ, Таур,Балкан,Атласын нурууд хүртэл давшижээ.
Османы ханлигаас Оттаманы эзэнт гүрэн болон өргөжсөн нь.
Султануудын байладан дагуулалыг үечилэн өнгөөр ялгажээ.
1300-1683 он.
Түүгээр ч үл барам 1453 оны 5 сарын 27 нд Константинополь хотыг эзлэн Стамбул хэмээн нэрлэж загалмайтны Гэгээн Софигийн сүмийг Исламын сүм болгон өөрчилж, Загалмайтны шашны ариун газар болох Иерүсалимыг ч хяналтандаа авчээ.  
загалмайтны Константинополь хотыг эзлэн Стамбул болгон нэрийг нь өөрчилж, Ариун Софигийн сүмийг исламын сүм болгосон  цэргийн чадварлаг удирдагч 2р Мехмед султан. 1432-1481 он.
зургийн фон дээр түүний байлдааны гавьяануудыг дүрсэлсэн байна.
                                                                                                                                                                                               
Энэ үйл явдлыг өнөөгийн түркүүд ихэд хүндэтгэлтэйгээр бахархан тэмдэглэдэг бөгөөд 560 жилийн ой нь 5сарын 27нд болж өнгөрлөө. Аргагүй ч биздээ, дэлхийн эдийн засаг, улстөр тоглоомын дүрмийг өнөөдрийг хүртэл удирдан, хяналцаж буй католик шашинтнуудыг хашрааж сургамж өгсөн ёс зүйн агууламжтай байлдан дагуулал болсон юм.
Байлдан дагуулагчийн буюу
2р Мехмедийн сэлэм.
Туркийн бахархалын эрдэнэ.
Европын орнууд энэтхэгийн арлуудаас халуун ногоо, гаа, хар тамхи, азиас цай, шаазан, торгыг усан замаар зөөвөрлөн худалдаалахдаа зүүн ба өмнөдөд далайн замаас өөр гарцгүй тул Оттаманы эзэнт гүрний бодлогын нөлөөнд (өнөөдрийн Монголчууд бидэн шиг  2 хөршийн эеэлдэг цагирган дарамтанд байдагтай  ижил) худалдааны замыг чөлөөтэй хэрэглэх эрхгүй дарамтанд байжээ.

Энэ байдлыг эсэргүүцсэн Испани, Португальчууд далайн өөр замыг нээх эрмэлзэлээр далайн аялал хийсэн нь газарзүйн их нээлтүүд хийхэд хүргэснийг бид мэдэх болсон шүү дээ.

Тухайлбал:

Поругалийн далайчин Васко да Гама 1498 оны 5 сарын 20нд Худалдааны гол төв Калькутта орших Малабарын эрэгт хүрч Энэтхэг орох шинэ замыг нээсэн бол,

Испанийн хатан хааны флот итали угсааны Христофор Колумбийн экцпэдицээр Энэтхэг рүү шинэ зам нээх гэж яваад Багамын аралууд, Америк тивийг нээхдээ Энэтхэгт очлоо гэж андуурч шинэ тив нээснээ мэдээгүй ч дэлхий бөөрөнхий болохыг баталсан бол 1501оны үед Италийн Америго Веспуччи Уг газар нь шинэ төв болохыг нотолсон бна.


Испанийн жанжин Кортес Ацтэкүүдыг 1519 онд, Писсаро өмнөд америкийн инкүүдийг 1530 онд эзлэн алт мөнгө үнэт металл, халуун ногоог Испанид зөөвөрлөн авчирах болсноор Испани европын улсуудаас түрүүлэн хүчирхэгжин     гарч ирснээр бусад улсын хаадууд улстөр, ашгийн гэрлэлтээр худ ураг барилдаж испани хатан хаадууд түүхэнд бичигдэх болсон учир шалтгаан нь энэ бөлгөө.

Васко дэ Гама гийн энэтхэгийг нээсэн шинэ замыг хараар, Португалын худалдаачдын уламжлалт зам буюу 
Оттаманд татвар төлдөг замыг ногооноор тэмдэглэсэн байна.

   Ийнхүү, европын улсуудад колоничлолын бүсээс ажиллах хямд хүч боолын худалдаа, өртөг багатай, ашиг өндөр бараа баялаг цутган орж ирэх болж, Колумбийн нээлтүүд нь газарзүйн шинжлэх ухаанд үндсэн эргэлт бий болгохын сацуу, олон улсын улстөрийн хүчний харьцаанд өөрчлөлтийг бий болгов.
    Газарзүйн их нээлтүүдийг хийх болсон шалтгаан нь Хүлэгүгийн байгуулсан Илхаант улсын суурин дээр боссон Оттаманы эзэнт гүрэн, Батын Алтан ордны улсын Крымийн ханлигын холбоо нь европын улсуудыг худалдаа, далайн замын бодлогоор хянаж байснаас шалтгаалсныг хичнээн дургүй байлаа ч үгүйсгэхгүй байх.


Тайлбар: зураг дээр цэнхэр өнгөөр Фернан Магелланы 1519-1521 онд хийсэн аялалыг,
хүрэн өнгөөр Васко дэ Гамагийн 1497-1498 оны аялалыг тэмдэглэн харьцуулжээ.

Тухайн үеийн газарзүйн мэдлэг, зүг чиг тогтоох залуур зүйн ухааны дутагдалтай байдлаас шалтгаалж Далбаат онгоцнууд эрэг дагаж бараадан хөвж  далайн аялалаа хийдэг байсан нь Оттаманы эзэнт гүрний нөлөөнд байлгаж байсан байх юм.

Иймд Франц зэрэг европын нөлөө бүхий улсууд Оттаманы эзэнт гүрэнтэй найрсаг холбоо тогтоож, эвсэл байгуулахын төлөө өрсөлдөж болжээ.

Жич: Илхаадын үеэс Францын хаадад удаа дараалан захиа илгээж, харилцаа тогтоож байсан байдаг. Францчууд энэ бүс нутагт эсвэл ариун газарт нөлөөтэй байхыг эртнээс хичээж байжээ.

Оттаманы сүр жавхлант Сулэйман султан, Францын 1р Францис нар 
1536 онд оттаман, францын холбоог байгуулав.
Оттаманы султан эдгээр улсуудаас ил хаадын уламжлал ёсоор францтай холбоолж, эзэнт гүрний дотор худалдаа хийх эрхийг өгсөн төдийгүй, христийн шашны ариун газрыг сахих, шашны зан үйлээ гүйцэтгэх номлох эрхийг нь баталгаажуулсан бна.

Ийм хүчирхэг гүрэн Крымийн Монголчуудтай холбоотон болж европын улсуудаас бамбай улс болгон ашиглаж байлаа.

    Гурван тэнгис, дөрвөн мөрөн мөн төдий хэмжээний нурууд багтаасан бүс нутгийг хянахад Османы улсад бэрхшээлтэй зүйл нь Еврпопын орнууд, Балканы хойгоос заналхийлэх загалмайтны рыцарууд аюул байсан ба энэ аюулыг Крымийн монголчууд амдан хааж хамгаалж байснаар Оттаманы эзэнт гүрэн болтлоо өсөн дэвжих боломжийг өгчээ.
оттаманы эзэнт гүрэн 1481-1683 онуудад тэлэн өргөжсөн нь (хүрэн өнгө)

1853 он гэхэд шинжлэх ухаан, технологидоо хөрөнгө оруулаагүй, исламын шашны явцуу хүлээсэндээ өтөлсөн Оттаманы эзэнт гүрэн хүчирхэг байдлаа олон улсын хэмжээнд алдаад байв. Гэсэн ч бүс нутаг дахь газарзүйн ашигтай байршил нь ач холбогдолоо алдаагүй харин ч хүчирхэгжиж буй олон улсын зөрчилдөөн сонирхолын цэг болов.

Крымийн дайны бодит шалтгаан нь:

Цаг мөч өнгөрөх тусам бууран доройтох Оттаманы эзэнт гүрний алдсаар буй олон улсын геополитикийн орон зайг авахаар орос,австри, англи,франц улсууд дипломат бодлогоор өрсөлдөж эхэлсэн явдал болсон бол,

Крымийн дайны шалтаг нь:

Загалмайтны шашны үндсэн 2 урсгал болох үнэн алдартан, католик урсгалууд  ариун газар дахь эрх мэдлээ булаацалдан зөрчилдөж, үүнд нь исламист оттаманы туркууд татагдан орсон явдал болов. 

Морин хорооны хуаран. 
Крымийн дайн.
Дурдаад орхиход нэн ойлгомжгүй хачирхалтай явдал тул бас нэгэн түүхийг товч сонирхуулах болохнь, Уншигч таныг залхаахгүйн тулд аль болох товч өгүүлье:

Оттаманы эзэнт гүрэн сэргэн мандлынхаа ид үед Загалмайтны ариун газарт тооцогддог Иерүсалимыг хяналтандаа авсныг дээр дурдаад өнгөрсөн.

Улмаар оттаманы султан 1690 онд Иерүсалим дахь Бэтлэхэм, Назаретийн сүмүүдийг хамгаалж арчлах, номлох эрхийг  Ромын Католик урсгалынханд нь өгчээ. Дараа нь 1740 оны Оттаман, Францын гэрээгээр католик лам нарын ариун газар дахь эрхийг баталгаажуулжээ.

           Бэтлхэм. исүсийн мэндэлсэн загалмайтны ариун газар.өнөө үе.

Гэвч 1741-1820 оны хооронд католик сүмийнхэн ариун газар дахь нөлөөгөө аажмаар алдаж, үнэн алдартныхан сахин хамгаалж, арчлах болжээ.


Энд нэг зүйлийг цохон тэмдэглэе:
Үнэн алдартны урсгалынхан төвлөсөн орос орон нь Алтан ордны монголчуудын өмгөөлөл, захиргаанд байсан нь Монголчуудын нөлөөнд байсан Оттаманы эзэнт гүрнийхэнтэй ойлголцон ариун газарт нөлөөтэй болж үйл ажиллаагаагаа явуулахад нь нэмэр болж, магадгүй зуучлалын нөхцөл болсныг бодууштай.

Ийнхүү христийн ариун газарт үнэн алдартнуудын урсгал нөлөөтэй болсноор оросын хаадын нэр хүнд өсөсөөр, 1р Николайн үед түүнийг үнэн алдартны урсгалыг хамгаалахаар бурханаас адислагдсан  хамгаалагч гэж тооцогдох болсон байна. Үүнтэй холбоотойгоор 1840 он гэхэд оросын баатар цагаан хааны ивээл хамгаалалтай гэж өөрсдийгөө тооцох оросын сүсэгтэн мөргөлчид ариун газарт бөөн, бөөнөөрөө суурьшиснаар, оросын хааны төлөөний эрх мэдэлтэн суулгаж эрх ашгийг нь хамгаалах шаардлага бий болов.


Оросын хаан 1р Николай (залуудаа)
Ариун газар нь исламын шашинт Оттаманы харьяанд орсноос хойш Ромын Поп Иерүсалим дахь  католик сүмийн тэргүүн хамбыг томилдог хэвээр байсан ч өнөөх хамба нь ариун газартаа амьдарч, үйл ажиллагаа явуулдаггүй ёс, нэр төдий л цол хэргэмтэн байдаг хачин жигтэй заншил тогтосоор хэвшил болчихсон тэр үед  буюу 1845 онд үнэн алдартны урсгалын тэргүүн санваартан Кирилл суурьшин үйл ажиллагаагаа явуулахаар шийдэж Иерүсалимд очжээ.
Дараа жил нь (1846он) 9р Поп тодорч, 1847 онд католик урсгалын тэргүүн хамбыг Иерүсалимд суурьшуулахаар илгээснээр урсгалуудын хооронд зөрчил хэрүүл, тэмцэл өрнөн хурцдав.
Гэтэл гал дээр тос нэмэх шиг  уршигтай явдал болж 1848 онд исүсийн мэндэлсэнийг бэлэгдсэн гэгдэх Бетлэхэм дэхь сүмийн мөнгөн од хулгайд алдагдаж католикууд нь үнэн алдартны гэлэн санваартнуудаа хулгайлсан гэж сэрдэх болсноор  дайсагнал даамжирчээ.

Бэтлхэм дэхь исүсийн мэндэлсэн газрыг тэмдэглэсэн мөнгөн од.
нааж, эрэгдээд их бэхэлжээдээ.
Оттаманы эрх баригчид газар нутаг дээрх энэ маргаанд ихээхэн дургүйцэж, францын каталикуудын үүсгэсэн заргыг шийдвэрлүүлэхээр зарга шүүх тусгай түшмэдүүдийг томилсон байна.
Француудын заргын зорилго нь ариун газар дахь үнэн алдартны давамгай нөлөөлөлийг хазаарлаж дээрх сүмүүдэд Католик, Ортодокс урсгалынхан эрх тэнцүү байх явдал байв. 1850 оны 2 р сард туркууд францын талд сүмийн дааман хаалганы 2 түлхүүрийг өгөх тухай ноот бичгийг илгээв.
Бас оросуудад нууцаар элч илгээн Оросын эрх ашгийг хамгаалахад тусална гэж хэлэхээ ч мартсангүй. Үйл явдал өрнөсөөр 1852 оны сүүлч гэхэд Францууд Ариун газарт’’ голлох нөлөөтэй болсон байлаа.  
Байдал ийм хэмжээнд хүрсэн нь Оросыг гадаад бодлого, нэр хүндээ хамгаалах алхам руу түлхэв. Учир нь Орос өрнөдийн хүчнүүдтэй буюу Британитай хийсэн нууц гэрээний дагуу ойрхи дорнодод нөлөө хяналтаа тогтоохоор хэлэлцэн тогтсон байсан нь зөрчигдлөө гэж үзжээ.
Оттаманы эзэнт гүрний  хүчирхэг байдал, дарамтнаас айсан өрнөдийн орнууд олон жил дамнасан нууц хэлцэл тохироо хийж хүчийг нь сулруулах улмаар газар нутгийг нь хуваан нөлөөллөө тогтоохоор хэлэлцэн тохирсон байв.
Энэ хэлцэл гэрээний дагуу ойрхи дорнодыг тайван замаар хяналтандаа оруулна гэж 1р Николай тооцож байжээ.
Харин францын Луй Напелеон шашны энэхүү маргааныг өөрийгөө католикийн үнэнч сүсэгтэн гэж харуулах, улмаар түүнийг хамгаалагч нэр хүндийг олж аваснаар, Напелеон Бонапарт шиг байлдан дагуулалыг дахин хийж Оросуудаас өш хариугаа авах зэрэг зорилгуудаар ашиглахаар шийдэж ариун газар зөвхөн католикуудынх байх ёстой гэж мэдэгдлээ.

Луй Напелеон Бонапарт.
фарнцын анхны ерөнхий сайд.

Байдал хурцадсаар 1853 онд орос, австри-унгар, прусс, турк, британи, франц улсууд Венад хуралдаж тулгарсан асуудлыг энхийн замаар шийдэхээр хэлэлцэхэд Орос: Оттаманы эзэнт гүрэн болон, ариун газар дахь үнэн алдартны, эрхийг хамгаалагч урьдын нөлөөгөө хадгалах, үүнийхээ тулд молдав, румыныг буцаан өгөх нөхцөл тавилаа, хэлэлцэсний эцэст орос францын аль нь ч ариун газрыг эрхшээхгүй, өмчлөхгүй, хэлэлцээрт оролцогч улсууд хамтарсан цэргийн хүч гаргаж ариун газрыг хамгаалах шийдвэр гаргалаа.

Оттаманы эзэнт гүрэн нь үнэт зүйл шударга ёсны зарчим, мэдлэг дээдлэх зарчмаа алдагдуулсаар бууран доройтож урьдын их сүр хүч чадлаа алдсан байсан ч, бие даасан бодолтой байгаагаа харуулах гэсэн Оттаманы султан эл шийдвэрийг зөвшөөрсөнгүй.
Оттаманы Султан 1р Абдулмэжид.
Крымийн дайнд Оросын эсрэг Англи, Франц,
Сардинийн вант улсыгн холбоог байгуулж чадсан.

Хэдий бууран доройтсон ч газар нутаг дээрээ харийн орнуудын цэрэг байршуулна гэдэг аюултай. 1853 оны 10 сард Султан Венийн хэлэлцээрээс татгалзаж, Оросод дайн зарлалаа. Нэг сарын дараа Синопын буланд дайсагнагч флотууд тулгарч Туркууд их хохирол хүлээв. 1854 оны 3сарын 27,28 нд фарнц, Британи, Оттамыныг дэмжин Оросод дайн зарлав.

1р Николайн хүү, хаан титэм залгамжлагч 2р Александрын санаачилгаар 1856 оны 2 сард Парисын конгрэсс зохион байгуулагдан хэлэлцээр эхэлж 3сарын 30нд  орос ба туркийн аль аль нь Хар тэнгисийн бүсэд  цэргийн хүч байрлуулахгүй, цэрэг дайны үйл ажиллагаа явуулахгүй, молдав, aрумыныг оттаманы эзэнт гүрэнд буцааж өгөх, оролцогч улс гүрнүүд оттаманы газар нутаг, тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн харилцах үүрэг хүлээцгээсэн Парисын гэж нэрлэгдсэн гэрээг байгуулснаар  дайн зогсов.


Парисын хэлэлцээрийг санаачлагч 
Оросын залуу хаан 2р Александр.
1855-1881 онд хаанчилсан.
Нэг талаас Орос, нөгөө талаас Оттаманы улс, Британи, Франц,Сардины ван улсууд холбоотон болж дайтсан энэ дайныг цэргийн түүхчид орчин үеийн технологи ашигласан эхний дайн гэдэг юм байна.

Крымийн дайны явцыг шууд мэдээлж байсан Times сонины 1854.11.14ний дугаар.

Тухайлбал талууд төмөр замаар цэргийн анги нэгтгэл, армийн нөөц хангамжаа тээвэрлэж байсан бол, Британы армийн удирдлагууд Лондонгоос  мэдээ дамжуулах цахилгаан шугамыг (телеграф) ашиглан дайны үйл ажиллагааг холын зайнаас шуурхай удирдаж болохыг нотлон харуулсан бол уг шугамыг ашиглан дайны явцыг Times сонин 1 өдрийн хоцрогдолтойгоор уншигчдад мэдээлж байсан нь бас анхны тохиолдол байсан байх юм.
Дээд талынх оросын армийн зэвсэглэл дэх буу
Доод хэсэгт францын армийн буу

Мөн олон улсын сурвалжлагч сэтгүүлчид дайны явцыг фотозургаар баримтажуулсан нь хэвлэл мэдээллийн түүхэнд бас л анхных байлаа.

          Салхины эсэргүүцэл тооцсон хөнөөл ихтэй шинэ загварын сумаар, хуучны  их бууны тусгалын зайтай тэнцэх холоос буудах винтов бий болж  цахиур бууг халснаар байлдаанд нуувч окоп байгуулах шаардлагатай болсон, артеллерийн буюу их бууны технологи эрс сайжирснаар ил хараагаар бус уулын цаанаас математик тооцооллоор галын довтолгооныг хийх болсон бол далайн тулалдааны  хувьд салхины аясаар маневрладаг далбаат модон онгоцнуудын орыг салхинаас үл хамаарах уурын хөдөлгүүрт, төмөр хийцтэй онгоцнууд авсан өөрөөр хэлбэл Шинжлэх Ухааны ололтыг өргөнөөр анх хэрэглэсэн дайн бол Крымийн дайн юм.
шинэ загварын, салхний эсэргүүцэл тооцсон сумнууд.. Крымийн дайн,
Ак 47 гийм сумтай харьцуулсан нь
Хүн төрөлхтний түүхэнд  шинжлэх ухааны тусламжтайгаар хөнөөх чадвараа хөгжүүлсэн эхний дайн байсан ч бас ч гэж хүмүүнлэг талаасаа чухал үйл явдлын эхлэл тавигдсан гэнэ.

Тэр нь юу вэ гэвэл:

                мэйри сийкол
Флорэнц Найтингэль, Мэйри Сийколь, Фрэнцэс Маргарет Тайлор нарын эмэгтэйчүүл шархадсан цэргүүдийг сувилж эмчлэн, сувилахуйн ухааны үндэсийг бий болгосон гэж үздэг юм байна.

                                                                                                                                                           Флорэнц Найтингел.
Хойд хөршийн хувьд:
Оросын албадлагын арми, Британи францын чөлөөт, сайн дурын армийн байлдах чадварын ялгааг мэдэрсэн оросын хаан 2р Алехсандр 1861 онд хамжлагат ёсыг халж тариачдыг чөлөөлсөн байдаг.
Мөн оросын армийн цэрэг техник, технологиин хоцрогдолоо ойлгож, хөгжүүлж эхэлсэн бас төмөрзамдаа ихээхэн анхаарал, санхүүжилт зарцуулахаар шийдвэрлэжээ... Учир нь тавьсан төмөрзам нь Крымийн дайны явцыг гүйцэхээр ачаалал дааж тээвэрлэлт хийж чадаагүй юм бна.
..За арай гэж үндсэн сэдэв төмөрзамдаа орж ирлээдээ...
...Монголчуудын түүх үнэхээр дэлхийн түүх юм, арга ч үгүй юмдаа хоёр ч удаа Эзэнт гүрэн байгуулсан үндэстэн Монголчууд биднээс өөр үгүй...
...Зарим үндэстэн нэг баатар, тогооч, худалдаачныхаа киног хийх гэж ганжингаа авлаа, буцааж тавилаа, авлаа элдээд эхэллээ, гэтэл ордны тайган орж ирлээ гэхчлэн мөнгө зоосоор зодож зохиомж хийдэг бол мөхөс миний бие өвөг дээдсийн гавьяат үйлс, алдаа оноонуудыг аль болох товчилж, тойрч хураангуйлж бичих гэж зүдэрвэй...
...Агуу дээдэс өвөг нарынхаа ИХ ҮЙЛС, ЭР ЗОРИГ, ТЭНГЭРЛЭГ ЭВ НЭГДЭЛ ийнх нь дурсгалд зориулж ЭХ ТҮҮХИЙНХЭЭ бахдам бардам мөртүүдийг цаашид бичиглэсээр байх болноо...
Сунжирсан урт нийтлэлийг хүлцэж уншсанд тань баярлалаа..
Ottaman Empire ийн түүхийн зөвлөгөө өгч 9р нийтлэлийн зураг сонгоход тусалсан  хүн гүрэн судлаач @abaamgl д баярлалаа.
...Үргэлжлэл бий... дараагын нийтлэлд  Хойд хөршид Трансибирийн болон орос орны төмөрзамын бүтээн байгуулалтад шаардлагатай  мөнгийг хаан хэрхэн олсон тухай бичнээ..

No comments: