Wednesday, November 27, 2013

Мянганд дуурссан түүхийг сөхөхүй...




 Эх сурвалж: Үндэсний газарзүйн нийгэмлэг
Нийтлэлийг: Н.Оргилболд
Гэрэл зургийг: МЭЙНАРД ОУЭН УИЛЛЬЯМС
2013 оны 6 сар


National Geographic сэтгүүлийн 1932 оны 11 сарын дугаарт газарзүй хийгээд хүн судлалын нээлтээр баялаг Ситроен Хаардтын Транс-Азийн экспедицийн тухай нийтлэл гарч байжээ. Энэ бол Азийг машинаар туулсан анхны аялал байлаа.

Бүхний эхлэл
Энэ түүх хүс эл эрмэлзлэл, ирмүүнлэг тэмүүллээрээ бүхний гайхшралыг төрүүлэх бөгөөд 1998 онд АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн тодорхойлсноор үнэхээр л мянганы сод үйл явдал мөн ажээ.
Газарзүй, угсаатан судлал, хүн судлал зэрэг олон талаасаа гайхалтай ач холбогдолтой энэ түүх масон, Францын нэрт автомашин үйлдвэрлэгч Андрэ Ситроены нэртэй салшгүй холбоотой. Андрэ Ситроены аав Леви Ситрун нэр хүндтэй, чинээлэг бизнесмэн, үнэт чулууны худалдаачин байсан бөгөөд Андрэг зургаан настай байхад нь амиа хорлосон гэдэг. Тэр үед дампуурсан бизнесмэнүүд амиа хорлох явдал түгээмэл байсан ч Леви алдар хүнд, бизнесийн оргил үедээ ийм алхам хийсэн нь олныг гайхшруулж байжээ.
Асар их баялаг өвлөсөн Андрэ эцгийнхээ замналаар явалгүй инженерийн мэргэжил сонгосон нь Жюль Верны гайхалтай зохиолууд мөн “Төмөр Хатагтай” буюу Эйфелийн цамхаг бий болоход нөлөөлсөн гэгддэг. Андрэ агуу зүйл болгонд дурлаж, тэмүүлж, хэрэгжүүлж явсныг түүний амьдралын түүх өгүүлнэ. Тэр ч байтугай дампуурал нь ч түүний гэнэн гэмээр хүсэл тэмүүлэлтэй нь холбоотой байдаг. 1930-аад оны дундуур дэлхийн санхүүгийн хямрал болох үед тэрээр үйлдвэрлэлээ аварга том хэмжээнд болгон өргөжүүлэхээр тэмүүлсэн нь дампууралд хүргэсэн юм. Энэ бүхнийг үл нуршин түүний санаачлан хэрэгжүүлсэн санаанд оромгүй агуу экспедицүүдийн тухай өгүүлэхэд...
1920-иод оны үеийн хэд хэдэн удаагийн Транс-Африкийн автомашины экспедицийн толгой эргэм амжилтын дараа Андрэ Ситроен илүү том, нүсэр нэгэн арга хэмжээг санаачилсан нь Төв Азиар аялах шинжлэх ухааны экспедици байлаа. Гайхалтай рекламчин Андрэг зөвхөн машинаа сурталчлах зорилго энэ том экспедици рүү хөтлөөгүй юм. ХХ зууны эхэнд европчуудын хувьд Төв Ази бол “нуугдмал эрдэнэ” хэвээр байлаа. Тиймээс Марко Пологийн тэмдэглэн үлдээсэн тэрхүү “үлгэрийн мэт” аяллыг автомашинаар хийх нь ач холбогдлоороо Нансэн, Амундсэн хийгээд хамгийн өндөр, хамгийн гүн, хамгийн алс хязгааруудад аялж, газарзүй, шинжлэх ухааны нээлтүүдийг хийсэн томоохон экспедицтэй эн зэрэгцэхүйц үнэлэгддэг.
Францын хэвлэлүүд энэ экспедицийг “Шар аялал” (Африкийн экспедицийг “Хар аялал” хэмээн нэрлэж байсан) хэмээн цоллох болов. Экспедицийн зорилго нь Ази тивийг хөндлөн гулд туулан бүс нутгийн шинжлэх ухаан, эдийн засгийн баримт мэдээлэл цуглуулах байлаа. Нийтдээ 12 мянга гаруй километр үргэлжлэх төсөөлөхөд ч бэрх, өмнө нь машинаар хэзээ ч давж байгаагүй дөрвөн мянган метр өндөрт орших уулын жимээр хэдэн зуун түргэн урсгалтай голыг даван хэзээ ч гаталж боломгүй мэт цөлийг гинжит машинаар туулах аялал Бейрутаас эхлэж Бээжинд дуусахаар төлөвлөгдсөн байв. Гэвч Зөвлөлт Орос тэднийг Туркестанаар дамжин өнгөрөх виз олгохгүй гэлээ. Хоёр жилийн турш аялалдаа бэлдсэн тэд ийнхүү анхны бэрхшээлтэйгээ учирсан юм.
Судалгааны багийг “Памир”, “Хятад” гэсэн хоёр хэсэг болгон хувааж “Памир” баг нь Бейрутаас гарч, харин “Хятад” баг Бээжингээс аяллаа эхлэн Тяньшаны төвд Аксу хэмээх газарт хоёр баг нэгдэх ёстой байлаа. 
Дорно дахины ааш аяг...
“Памир” экспедицийн удирдагч Жорж-Мари Хаардт хэмээх эрхэм бол Андрэгийн дотны найз, “баруун гар” нь байлаа. Хаардт 1920-иод оны үед зохион байгуулагдсан Сахарын цөлийг гатлах экспедици, “Хар аялал” хэмээх Транс-Африкийн экспедицийг толгойлж байсан юм. Андрэ Ситроен түүний тухай “түүний тэвчээр, ухааны цараа, нугаршгүй сэтгэлийн тэнхээ нь түүнийг миний хамгийн найдвартай тулах хүч болгодог” хэмээн бахдан ярих дуртай байжээ.
Өнөөгийн Парисын дорно дахины музей буюу Гимэгийн музейн захирал Жозэф Аакен экспедицийн шинжлэх ухааны хэсгийг ахалж алдарт геологич, антропологич, бурхны номлогч Тэйяр де Шардэн экспедицид багтаж байлаа. Экспедицийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад нийт 622 тэмээнээс бүрдсэн 11-н тэмээн жин тавин тонн бүтээгдэхүүнийг (бензин, тос, сэлбэг, хоол хүнс г.м) Төв Азийн хамгийн алслагдмал нутгуудад хүргэсэн юм. Түүнээс гадна машины өөрийн жинг нь хөнгөлөх, угсрах боломжтой болгох зэрэг олон шинэчлэл, тоноглолын ажлыг хийсэн юм.
Хаардтын удирдсан Кегрессийн гинжит дугуй бүхий долоон машинаас бүрдсэн “Памир” баг 1931 оны 4-р сарын 4-нд Бейрутээс аяллаа эхлэв. Бүх зүйл таатай бүтэмжтэй байлаа. Гэвч удалгүй хүндрэл, саадтай нүүр тулж эхэлсэн юм. Экспедицийн аяллын тодорхой газрын зураг байгаагүй бөгөөд ихэнхдээ замд таарсан хүмүүсээр газарчлуулж байв. “Памир” багийн дайран өнгөрсөн хамгийн хүнд хэцүү нутаг бол Афганистан байлаа. Экспедицийн баг аагим халуунд, уулын замаар өдөрт ердөө 8 км л урагшилж байжээ.
Харин Бээжингээс аяллаа эхлэх ёстой байсан Виктор Пуэнээр удирдуулсан “Хятад” баг тухайн үеийн Хятадад өрнөсөн иргэний дайны хүнд нөхцөл байдлаас эхнээсээ л хүндрэлтэй учирч эхэлжээ. Тэр үед гадаадын тэр тусмаа европ хүмүүсийг бүгд тагнуул мэт сэрдэж байсан учраас багийн гишүүд хэсэг хугацаанд “эелдэгээр” барьцаалагдсан юм. Памир, Хятад багууд нэгдсэний дараа тэд Хятадын нутаг дэвсгэр дээгүүр аялах зөвшөөрөл авч бэрхшээлийг даван туулсаар 1932 оны 2-р сарын 12-нд Бээжинд хүрэлцэн иржээ. Албан ёсоор экспедици дууссан боловч багийн гишүүдийг буцахад мөн л хүндхэн зам тосч байлаа. Буцах замдаа 48 настай Жорж-Мари Хаардт эрүүл мэндийн улмаас Хонконгт таалал төгсчээ. Эмгэнэлт үйл явдлыг мэдсэн Андрэ: “Тэрээр нас нөгцсөн ч түүний үйл хэрэг үлдсэн. 

Даргынхаа цогцсыг Францад авчир. Та бүхэнтэй хамт эмгэнэн гашуудаж байна. Андрэ Ситроен” хэмээн цахилгаан илгээж байсан юм.
Жорж-Мари Хаардтын цогцсыг ачсан “Феликс Рассел” хөлөг онгоц Марсельд 1932 оны 4-р сарын 30-нд хүрэлцэн ирэхэд хамгийн түрүүнд хөлөг онгоцны тавцнаа Андрэ Ситроен гарч ирлээ.
Үлгэр жаргах цагт...
Экспедицийн хүн төрөлхтний оюун санааны санд оруулсан хувь нэмрийн тухай олон зүйл бичиж болох биз ээ. Гэвч олон арван мянган метр урт дүрс бичлэг, 10 мянга гаруй гэрэл зураг нь тухайн үеийн нийгмийг баримтжуулан үлдээж, судалгааны материалууд нь шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд орсон юм. Түүнчлэн зураач Яковлев, нийтлэлч, түүхч Жорж Лэ Фэврийн бүтээлүүд, археологчдын судалгаанууд нь угсаатан судлал, соёл судлал, танин мэдэхүйд онцгой үүрэг гүйцэтгэжээ.
Франц тэр аяараа шинэ баатруудыг гараа алдлан хүлээж авсан юм. Гэвч экспедицийн үеэр Хаардт үгүй болж, хэдхэн сарын дараа “Хятад” багийн ахлагч Виктор Пуэн амиа хорложээ. Андрэ Ситроен ч санхүүгийн хүнд байдлаасаа гарч чадалгүй байсаар дампуурсан юм.

No comments: