Monday, November 18, 2013

ТӨМӨР ЗЭВСГИЙН ТҮРҮҮ ҮЕ ЧАНДМАНИЙ СОЁЛ

 Хүн төрөлхтөний дамжин туулж ирсэн чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үеийг бодоход төмөр зэвсгийн үе богино юм. Үнэн хэрэгтээ төмөр одоо хүртэл үйлдвэрлэлийн чухал үндсэн түүхий эд хэвээрээ байгаа бөгөөд түүний төрөл бүрийн хайлшаар хүн төрөлхтөн ихэнх хөдөлмөрийн багаж зэвсгээ үйлдвэрлэсэн хэвээр тул төмөр зэвсгийн үе одоо хүртэл үргэлжилсээр байна гэж үзэж болно. Гэвч энеолит болон хүрэл зэвсгийн үед эртний боолын нийгмийн соѐл иргэншил үүссэн (Месопотами, Египет, Грек, Энэтхэг зэрэг) орнуудаас бусад нутагт амьдарч байсан хүй нэгдлийн үеийн овог аймгуудын түүхийг ангилан судлахад төмөр зэвсгийн түрүү үе гэдэг нэр томъѐо хэрэглэдэг. Төмөр зэвсгийн үйлдвэрлэл дэлхийн орон бүрт харилцан адилгүй өөр өөр хугацаанд тархсан байна. Монгол нутагт оршин сууж байсан овог аймгууд МЭӨ YII-III зууны үед төмөр зэвсгийн түрүү үеийг дамжин туулсан юм.
Энэ үед хүмүүс төмрийн хүдрийг хайлуулах аргыг эзэмшиж төмрөөр хөдөлмөрийн багаж зэвсэг, байлдааны зэр зэвсэг хийх болжээ. Хүрэл зэвсгийг хийдэг зэс, ялангуяа түүний найрлаганд ордог цагаан тугалганы орд ховор байдаг бол төмрийн хүдрийн орд тэр тусмаа төмрийн бор хүдрийн орд элбэг тархсан байдаг байна. Монгол нутагт төмрийн хүдрийг болхи аргаар хайлуулан байсан эртний орд үлдэц, тус орны төв, өмнөд захаар болон баруун аймгуудын нутгаас олдож байна. Харин төмрийн хүдрийг хайлуулж төмөр гаргаж авах нь зэсийн хүдрийг хайлуулахаас хэцүү бөгөөд үүний тулд 13500 хэмийн илчтэй дулааныг гаргаж хайлуулах хэрэгтэй болдог байна.. Археологич Х.Пэрлээ Монголын аман ярианд тааралддаг “бух дарах” гэдэг нэр томъѐо төмрийн үед Монгол нутагт хүдэр хайлуулж байсан арга, барилаас улбаалан ирсэн байж болох талтай хэмээн үзсэн бөгөөд бух дарах гэгч арга нь: үргэлж салхитай байдаг уулын онь хөтөл дээр, галлах амы нь салхи өөд харуулсан зуух барьж, түүнд илч ихтэй түлш хийж тэр түлшийн дээр төмрийн хүдэр овоолоод гал оруулж орхидог байжээ. Тэр зуух доторхи гал нь аяндаа салхинд үлээгдэн хөгжин түлш нь шатаж хүдрээ хайлуулахад төмөр нь ялгаран зуухны ѐроолд тунадаг байжээ. Монгол нутагт дэлгэрсэн энэхүү хуучин арга нь төмрийн хүдрийг задгай галд ил хайлж байсан аргыг улам ахиулсан нь мэдээж ажээ. Дээрх арга төмөр хайлах, улайтгахдаа байгалийн салхийг ашиглахаа больж, хиймэл үлээгүүр-тулман хөөрөг ухаалан зохиож, төмөр дархлах голомт “хяс” хэрэглэх санаа сэдэхэд урьдчилах бэлтгэл болсон бололтой. Монгол оронд төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтрэн, аж ахуйн багаж, байлдааны зэр зэвсгийг хийхэд эхлээд хүрэл төмрийг хослон хэрэглэж байгаад сүүлдээ гол төлөв төмрөөр хийх болсон боловч хүрлээр хийсэн зэвсэг багажийг хэрэгцээнээс бүрэн шахан гаргаж чадаагүй байжээ. Тухайлбал Өмнөговь аймгийн нутаг Борзонгийн говиос үзүүр талыг хүрлээр, шилбийг төмрөөр цутгаж хийсэн сумын зэв олонтоо олдож байгаа нь эртний хүн төмрийг хайлуулж хэрэглэх болсон боловч хүрлийг мөн хайлан хэрэглэж байсныг харуулж буй дурсгал юм. Төмөр зэвсэг хүрэл зэвсгээс илүү бат бөх, хурц, уян хатан чанартай, төмрийг давтаж болдог зэрэг олон талаараа давамгай ашигтай төдийгүй, төмрөөр зэвсэг багаж хийхэд хямд төсөр, хүдэр нь зэсийн хүдрээс элбэг тархсан байдаг. Төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтрэхэд гарсан өөрчлөлтүүд нь хүн байгалийг эзэмших боломжийг ихээхэн өргөсгөж өгчээ. Тухайлбал, газар тариалангийн хөгжил бүхий л талаараа сайжрах боломжтой болж, гар урлал, нэн ялангуяа төмрийн дарх, зэр зэвсгийн хөгжил ихэд түргэссэн бөгөөд гэр, сууц болон тэрэг, чарга зэрэг тээврийн хэрэгслэл, янз бүрийн модон эдлэлийг хийх ажил ихээхэн боловсорчээ. Төмөр зэвсгийн түрүү үед энгийн гутал хувцас оѐхоос эхлээд мод, чулуу засч янзлах түүнчлэн хүдэр малтахад урьдаас илүү хурц, бат бөх, боловсронгуй хөдөлмөрийн багаж зэвсэгтэй болжээ. Энэ үед үйлдвэрлэл ба аж ахуйд чухал ач холбогдолтой төмөр сүх, зээтүү, чинжаал, хутга, хадаас зэрэг зүйл гарчээ.
50
Төмөр багаж зэвсэг, зэр зэвсэг хийж, төмөр боловсруулан үйлдэх болсон нь үйлдвэрлэх хүчний хөгжилд чухал ач холбогдолтой болжээ. Хүрлээр багаж зэвсэг цутгах ажлыг бодвол төмрийн хүдэр боловсруулж, төмөр дархалж, жирийн юм хийхэд ч нарийн барил-мэргэжил шаарддаг тул гар үйлдвэр эрхлэх мэргэжилт-гар дархчууд бий болсон байна. Гэвч гар үйлдвэр Монгол газарт бие даан хөгжиж чадаагүй, мал аж ахуйтай уялдан түүний нөхвөр туслах шинжтэй хөгжиж ирсэн онцлогтой. Монгол нутагт амьдарч байсан овог аймгууд төмөр зэвсгийн үед аажмаар шилжин орсон ба хуучин хүрэл зэвсгийн үед үйлдэж байсан буган хөшөө, дөрвөлжин булш, хиргисүүр, хадны зураг бүтээдэг заншлаа уламжлуулж, үргэлжлүүлж байсны зэрэгцээ зарим шинэ дурсгалыг үйлдэх болжээ. Монгол оронд төмөр зэвсгийн эхэн үед амьдарч байсан хүмүүсийн аж ахуй, соѐлын олон талт асуудлыг улируулан тодруулан судлахад Увс аймгийн Улаангом хотын ойролцоох Чандмань уулнаа малтан шинжилсэн өвөрмөц хэлбэрийн булшууд онцгой ач холбогдолтой юм. МЗТСХЭ-ийн хүрэл төмөр зэвсгийн үеийн дурсгал судлах ангийнхан 1972-1974, 1981 онуудад энд 60 гаруй булшийг малтаж шинжилсэн байна. Эдгээр булш нь тодорхой нэгэн овог аймгийн дурсгал болох тул Монголын археологийн судалгаанд тусгай соѐл болгон авч үздэг. Чандмань уулын булш гадаад хэлбэр төрх, үхэгсдийг оршуулсан зан үйлээрээ том дөрвөлжин чулуун далантай, чулуун далантай авсгүй, жижиг чулуун австай, дүнзэн бунхантай шороон булш гэсэн үндсэн дөрвөн төрөлд хамаарах ажээ. I. Том дөрвөлжин чулуун далантай булш. Энэ төрөлд хамаарах булш Чандмань уулнаа арав гаруй байгаа бөгөөд эдгээрээс нэг булшийг малтаж шинжилсэн байна. Энэ булш нь дөрвөлжин хэлбэрийн 10 х10 м хэмжээтэй чулуун далантай бөгөөд овоолсон далан чулууны хэмжээ нь гол хэсэгтээ 1 м-ийн өндөртэй. Уг булшны баруун талд дөрвөн хавтан чулууг ирмэгээр нь босгон үйлдсэн авсанд хоѐр хөлийг атийлган толгойгоор нь баруун хойд зүг хандуулан, зүүн хажуугаар нь хэвтүүлэн тавьсан хүүхдийн оршуулга илэрсэн юм. Түүний толгойн харалдаа намхан хүзүүтэй хавтгай ѐроолтой хар өнгийн жижиг шавар ваар дагалдуулан тавьжээ. Мөн түүнчлэн төв хэсэгт 1 м-ийн гүнд бүдүүн шургааг модоор зангидаж хийсэн бунханд хэд хэдэн хүнийг оршуулсан байлаа. Малтлагын явцад хүн, амьтны эмх замбраагүй байрлалтай болсон яс олон тоогоор гарсан бөгөөд анхныхаа байрнаас хөдлөөгүй бололтой нэгэн араг ясыг цээжээр нь баруун урд зүг хандуулан зүүн хажуугаар нь хэвтүүлэн тавьсан байв. Энэхүү бунхныг тонуулчид туйлын их бусниулсан тул үхэгсэдээ чухам яаж оршуулсан нь тодорхойгүй авч хэд хэдэн хүн нэг дор оршуулсан болох нь булшнаас гарсан хүний яснаас мэдэгдэж байна. Эндээс хоѐр талдаа нэвт нүхтэй хар шахмал (богхед) чулуурхуу зүйлээр хийсэн эдлэл хоѐр ширхэг олдсон юм. II. Чулуун далантай авсгүй булш. Энэ төрлийн булш хоѐрыг Чандмань уулнаа малтсан бөгөөд эдгээр нь 10, 13-р булш юм. Эдгээр булшийг эрт үед тонуулчид тонон ихэд бусниулан, дагалдуулан тавьсан эд өлгийн зүйлсийг авсан бөгөөд адууны толгойн яс, хар, улаан хоѐр өнгийн, хоѐр төрлийн шавар ваар төдийхөн үлдсэн байлаа. III. Жижиг чулуун австай булш. Чандмань уулнаа 20 гаруй жижиг чулуун австай булшийг малтан шинжилсэн юм. Газрын хөрсөнд ил иэдэгдэх далан чулуугүй, харин газрын хөрснөөс авсыг таглаж тавьсан зарим таглаа чулуу цухуйж мэдэгдэх төдий 0,8-1 м-ийн гүнд хүнээ оршуулсан байна. Чулуун авсны толгой тал нь баруун хойд зүг хандсан байх бөгөөд хажуу ханыг хавтан чулууг хажуу ирмэгээр нь босгож үйлдсэн ба хэд хэдэн хавтгай чулуу зэрэгцүүлэн тавьж тагласан байна. Мөн 3-10 ширхэг гонзгой урт чулууг босоогоор нь зэрэгцүүлж тавьж үйлдсэн худгархуу дугуй хэлбэртэй чулуун австай булш ч тохиолддог. Булшинд гол төлөв 1-2 хүнийг хоѐр хөлийг нь атийлган баруун болон зүүн хажуугаар нь хэвтүүлж, толгойгоор нь баруун хойд зүг хандуулан тавьсан байдаг. Эдгээр булшны ихэнх нь тоногдож, үхэгсэдийг дагуулж тавьсан эд өлгийн зүйлс үгүй боловч дутуу тоносон буюу огт хөндөгдөөгүй булшнаас хүрлээр хийсэн бэл, арал, хутга, чинжаал хутга, байлдааны зээтүү, гурван хянгатай шөрөгт зэв, гоѐл чимэглэл, саадагны гох, ясаар хийсэн шөрөг, хавтгай ясан ялтас, сумын ясан зэв, төмөр хутга, шөрөг, хадаас, явуу, алаг бөөртэй шилэн эрих, шавар ваар сав зэрэг эд өлгийн зүйлс гарчээ. IY. Дүнзэн бунхантай шороон булш. Энэ төрөлд хамаарах 20 гаруй булшийг малтан шинжилсэн байна. Энэ төрлийн булш нь газрын хөрсөн дээр мэдэгдэх тодорхой шинж тэмдэггүй бөгөөд 0,8-1 м-ийн гүнд 3-4 м урттай 3-4 гуалинг өнцгөөр нь зөрүүлж зангидан үйлдэж, мод болон чулуугаар шалласан бунханд олон хүнийг нэг дор оршуулсан байжээ. Бухнандаа хүнээ хоѐр хөлийг нь ихэд атийлган баруун болон зүүн хажуугаар нь хэвтүүлэн толгойгоор нь баруун ба баруун хойд зүг хандуулан толгой дор нь чулуун дэр тавьж оршуулж, 10-12 гуалингаар тагласан байна. Бунхныг хийсэн дүнз модыг ажиглахад хөрөөдөж огтлоогүй харин маш тэгшхэн их чадварлагаар цавчиж тасдсан бөгөөд Чандманьчууд хөрөө хараахан хэрэглэж байгаагүй бололтой.
Дүнзэн бунхантай шороон булш нь газрын хөрсөн дээр ил гарч ялгарсан тодорхой шинж тэмдэггүй учир тоногдож буснигдсан нь цөөн, гол төлөв анх оршуулсан янзаараа бүрэн бүтэн байдаг тул үхэгсэдийг дагалдуулан тавьсан эд өлгийн зүйлсээрээ харьцангуй баялаг байдаг. Эдгээр булшинд шавар ваар, толгойн орчмоос тугалган ба алтан ээмэг, хүзүүнд нь зүүж тавьсан бололтой алаг бөөртэй (нүдтэй) шилэн эрих, шилэн зүүлт, сувс явуу, тарваганы соѐо, бугын араан зүүлт, бүсэлхий ташаа орчмоос хүрлээр хийсэн сумын зэв, чинжаал, байлдааны зээтүү, хутга, толь, арал, товруу, саадагны гох, унжлага, шөвөг, хадаас, амьтны дүрстэй баримал, гоѐл чимэглэлийн зүйлс, ясаар хийсэн сумын зэв, товруу, бугын эврээр хийсэн бүсний ясан нүүр, жижиг ясан ялтас, ясан болцуу,
51
төмрөөр хийсэн чинжаал хутга, байлдааны зээтүү, модон сум, сумын мөс, сам, сав зэрэг олон нэр төрлийн эд өлгийн зүйлс олддогоос гадна булшнаас адуу, үхэр, хонь, ямаа, зээр, нохой зэрэг амьтдын яс гарчээ. Чандмань уулын 2-р булшны шалыг нарийн сургааг болон чулуугаар хоѐр хэсэглэн шалласан байх ба шал хийсэн сургаагнуудын хоѐр үзүүр бунхны хоѐр талын ханан доогуур орсон, өөрөөр хэлбэл, бунхныг барихаас өмнө модон шалыг тавьсан байхад нөгөө шал чулууны нэг нь ч хажуу ханан доогуур ороогүй бөгөөд чулуун шалыг бунхныг барьснаас хойш үйлдсэн байна. Үндсэндээ заавал шалан дээр оршуулдаг байжээ. Зарим нэгэн модон бунхныг ханандаа үүдтэй (16-р булш) цонх мэт жижиг дөрвөлжин нүхтэй хийсэн ажиглагдана. Дээр дурдсан ажиглалтуудаас үзэхэд дүнзэн бунхантай шороон булшинд үхэгсэдийг увуу цувуу хооронд нь тодорхой зайтай оршуулж байжээ гэж бид үздэг. Чандмань уулын үндсэн дөрвөн төрлийн булш нь үхэгсэдийнхээ дурсгалд зориулан бүтээсэн барилга байгууламжийн нарийн зохион байгуулалт бүтэц бүхий дурсгал бөгөөд тэдний бүтэц зохион байгуулалтыг нарийвчлан судалснаар зөвхөн оршуулгын зан үйлийг мэдээд зогсохгүй, Чандманьчууд аж ахуй, барилга байгууламжийн үлэмжхэн туршлагатай байсан болохыг давхар мэдэж болох юм. Чандмань уулын булшнаас олдсон эд өлгийн зүйлсийг одоо авч үзье Чинжаал хутга. Чандмань уулын булшнаас хүрэл ба төмрөөр хийсэн чинжаал хутга арав гаруй олдсон юм. Хүрэл чинжаал нь хэлбэр төрхөөрөө, эрвээхэйн далавч маягийн ааг бүхий зууван хэлбэрийн тольттой; товойлгон үйлдсэн шулуун аагтай, зууван хэлбэрийн тольттой; гүдгэрдүү аагтай, ишээ дагасан зэрэгцээ хоѐр ховилтой, зууван хэлбэрийн тольттой; мөлгөрдүү давхар аагтай, ишнийхээ дотор талаар гүн ховиилтой, ховилынхоо хоѐр талд хоѐр тусгай сэнжтэй мөөг хэлбэрийн тольттой; ир нь угаадаа өргөсч ааг болсон цагирган сэнжтэй; эрвээхэйн далавчны маягийн аагтай ишээ дагасан ховил бүхий цагирган тольттой; нэг талдаа иртэй эрвээхэйн далавчны маягийн аагтай домгийн хоѐр шувууны толгойг өөд өөдөөс нь харуулан товойлгон цутгаж урласан тольттой. Төмөр чинжаал нь, шулуун аагтай цагирган тольттой; ир нь угаараа өргөсч ааг болсон ишээ дагасан урт нэвт нүхтэй зууван дугуй хэлбэрийн тольттой гэсэн нийт есөн төрөл байна. Зууван хэлбэрийн тольттой 1-3-р төрлийн хүрэл чинжаал Ази-Европын хээр тал нутагт төмөр зэвсгийн эхэн үед өргөн хэрэглэгдэж байсан ба үүнтэй ижил төстэй чинжаалыг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт, Архангай аймгийн Батцэнгэл сумын Шивэртийн ам, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Шатар чулуу, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хядагийн эх зэрэг нилээд газраас олдсон буган чулуун хөшөөнөө сийлж дүрсэлсэн байна. Хүрэл чинжаалын бариулыг дагасан нэвт нүхтэй хийдэг заншил монгол нутгаас олдсон хүрэл зэвсгийн үеийн чинжаалнаа ажиглагдаж байна. Төмөр чинжаал нь хэмжээний хувьд хүрэл чинжаалаас харьцангуй том бөгөөд Монгол болон түүний хөрш зэргэлдээ нутгийн археологийн малтлагаас цөөн тоогоор олддог авч төмөр нь амархан исэлдэж булшинд удаан байхдаа зэвсгийн хэлбэр төрх нь эвдэгдэж мэдэгдэхгүй болоход хүрдэг. Чандмань уулны 36-р булшнаас гарсан ширэн хуйтай хүрэл, төмөр чинжаал, 53-р булшнаас ширэлсэн модон хуйтай хүрэл хутга, хүрэл чинжаал хоѐрыг хамт хийж тавьсан нь олдсон байна. Ийнхүү нэгэн хуйнд том жижиг хоѐр хутга хийж зүүдэг заншил одоо хэр манай ард түмний дунд хадгалагдаж үлджээ. Чандмань уулын булшнаа үхэгсдийн бүсэлхий орчмоос хутгууд олддог, мөн хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үеийн буган чулуун хөшөөний ар, өвөр, баруун, зүүн хажуугийн аль нэгэнд нь чичлүүр хутга зүүж дүрсэлсэн тохиолдол олонтоо байдгаас чандманьчууд чичлүүр хутгаа ширэн буюу ширэлсэн модон хуйнд хийж бүснээсээ зүүдэг байжээ. Байлдааны зээтүү - Чандмань уулын булшнаас байлдааны хүрэл ба төмөр зээтүү (алх) арав орчим олдсон бөгөөд анхаарууштай нь чичлүүр хутга, байлдааны зээтүү хоѐр гол төлөв нэгэн булшнаас хамт олдож байгаа тохиолдол юм. Чандмань уулын булшнаас олдсон байлдааны хүрэл зээтүүнүүд хэмжээгээрээ ойролцоо 15-20 см урт, дугуй онгитой их бие нь бөөрөнхий хэлбэртэй бөгөөд хоѐр торгон үзүүрийг шовхлож ирэлсэн байх ба зарим зээтүүний хоѐр үзүүр нь тэнцүү биш байх боловч үндсэндээ нэгэн төрөлд оруулан үзэж болох юм. Чандмань уулын булшнаас гарч буй байлдааны хүрэл зээтүү нь элдэв чимэг үгүйн гадна, хоѐр талдаа үзүүртэй тусгай илүү гарсан углуургын онги гараагүй байдгаараа бусад газраас олдсон ижил төрлийн зэвсгээс онцлог юм. Чандманьчууд байлдааны зээтүүгээ 60 см орчим урт модоор ишлэж ишнийх нь үзүүрт хамгаалалт хүрэл үзүүр хийж байсан нь бас олдсон билээ. Энэ “үзүүр” нь зөвхөн байлдааны зээтүүний модон ишийг эвдрэлээс хамгаалаад зогсохгүй, түүнийг бүлж, цохих зэвсэг болгон ашигладаг учир үзүүрийг нь шовх хурц хийдэг байна.
Байлдааны зээтүү нь гол төлөв үхэгсдийн бүсэлхий орчмоос олдох ба мөн Төв Азид өргөн тархсан хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед хамаарах буган чулуун хөшөөнөө байлдааны сүх, зээтүүг түүний бүснээс зүүж дүрсэлсэн байдгаас ч энэхүү зэвсгийг Чандманьчууд бүсэндээ зүүж явдаг байжээ. Эл зэвсгийг байлдаанд хэрэглэж байсныг Чандмань уулын булшнаас гарсан зарим хүний гавлын ясанд мөнхүү зэвсгээр цохиж алсан цөмөрхий ул мөр үлдсэнээс харж болно. Түүгээр ч үл барам, Ховд аймгийн Үенч сумын нутаг Ямаан ус хэмээх газарт буй хүрэл зэвсгийн үеийн хадны зурагт нэгэн
52
хүн эсрэг этгээдийн толгой руу байлдааны зээтүүгээр цохиж буйг дүрсэлснээс үзэхэд Чандмань уулын булшнаас гарсан хүрэл ба төмөр зээтүү зэвсгийг байлдаанд хэрэглэж байжээ. Нум сум. Чандманьчуудын ан агнуур ба байлдаанд хэрэглэдэг хурдан зэвсэг нь нум сум байв. Чандманьчуудын нум одоогоор бүтнээрээ олдоогүй бөгөөд зөвхөн нумны эвдэрч өмхөрсөн жижиг хэсэг олдсон тул түүнийг бүхэлд нь сэргээн босгох боломжгүй байна. Гэвч монгол нутаг хүрэл, төмөр зэвсгийн үед өргөн тархсан буган чулуун хөшөөнөө дүрсэлсэнтэй ижил хэлбэрийн жижиг нумыг хэрэглэдэг байсан бололтой. Буган чулуун хөшөөнөө нумыг түүний бүснээс зүүсэн байдалтай дүрсэлдэг. Чандмань уулын булшнаас нумны үлдэгдэл үхэгсдийн бүсэлхий орчмоос олддог зэргээс үзэхүл чандманьчууд нумаа бүсэлхий орчмоосоо зүүж явдаг байжээ. Чандмань уулын булшнаас харвуулын сумны хүрэл ба ясан зэв олон тоогоор олдсон бөгөөд хийсэн эд хэлбэр төрхөөр хэд хэдэн төрөл юм. Чандмань уулын булшнаас олдсон харвуулын сумны хүрэл зэв нь бүгд гурван хянгатай бөгөөд дотроо шөрөгт, онгит хоѐр янз юм. Зарим хүрэл зэвийн мөс суулгадаг хөндий хэсгийн хажууд мөс хугарахад авч байхад зориулан зууван хэлбэрийн жижиг нүх гаргасан байна. Чандмань уулын булшнаас ясаар /бугын эврээр/ хийсэн сумны зэв цөөн тоогоор олдсон боловч хэлбэр төрхөөр нь гурван талтай шөрөгт, гурван талтай онгит, дөрвөн талтай онгит, гурван талтай зуулгат, ганц сөрөгтэй шөрөгт гэж тав ангилан үздэг. Чандманьчууд сумаа хүрэл буюу төмөр гохтой, амьтан ургамлын гаралтай ширэн, модон, үйсэн саадганд хийж бүснээсээ зүүж авч явдаг байжээ. Чандмань уулын булшнаас бүтэн саадаг нэг ч олдоогүй тул түүний хэв хийцний тухай тодорхой өгүүлэх боломжгүй, харин үйсэн саадагны тасархай олдсон бөгөөд Чандманьчууд Төв Азийн нутагт өргөн тархсан хүрэл, төмөр зэвсгийн эхэн үед холбогдох буган чулуун хөшөөний бүснээс зүүж дүрсэлсэн саадагтай ижил төстэй саадаг хэрэглэж байсан хэмээн үзэж болно. Чандмань уулын булшинд үхэгсэдийн бүсэлхий орчмоос үзүүрээрээ нэгэн зүг хандсан сумны зэв багцаараа нэг дороос саадагны гохны ойролцоо олддог, мөн хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн буган чулуун хөшөөнаа саадгийг бүснээс зүүж дүрсэлдэг зэргээс Чандманьчууд саадгаа хүрэл буюу төмөр гохоор бүснээсээ зүүж явдаг байжээ хэмээн үзэж болно. Саадагны гох-Чандмань уулын булшнаас хүрэл, төмрөөр хийсэн саадагны гох нилээд олдсоныг хийсэн арга, хэлбэр төрхөөр нь: Хавтгай хүрлийн үзүүрийг махийлган дээд талд нь дугуй буюу дөрвөлжин нүхэлж хийсэн, нимгэн хавтгай хүрлийн нэг үзүүрийг махийлган нөгөө үзүүрийг эсрэг тал руу нь хуйлж сэнж болгосон, цагирган сэнжтэй хүрэл буюу төмөр саадагны гох, барсын төрлийн амаа ангайсан амьтны толгойн цутгавартай, хажуудаа сэнжтэй саадагны хүрэл гох олджээ. Хутга. Чандмань уулын булшнаас хүрэл ба төмрөөр хийсэн хутга арав гаруй олдсон боловч төмөр хутга нь ихэд зэвэрч муудсан тул түүний хэлбэр төрхийг нарийвчлан авч үзэх боломжгүй юм. Хүрэл хутга нь бүгд тэгш мөртэй ба харин түүний ишний тольт нь өөр өөр хэлбэртэй юм. Хутгыг ширэн буюу ширэлсэн модон хуйнд хийж бүснээсээ зүүж явдаг байсан бололтой. Жишээ нь 53-р булшнаас чичлүүр хутга, жирийн жижиг хүрэл хутга хоѐрыг ширэлсэн модон хуйнд хийж тавьсан нь оршуулсан хүний бүсний орчмоос олджээ. Мөн 4-р булшнаас ширийг нарийн шөрмөс утсаар үдэж хийсэн хуйтай хүрэл хутга олдсон ба хуйг нь зөвхөн түүний ирийг хамгаалж хийсэн байна. Хүрэл хутганы сэнж ихэд элэгдсэн байх нь сэнжтэй хүрэл хутганы зөвхөн ирэнд нь хуй хийж сэнжнээс нь зүүж явдаг байсан бололтой гэж үзэхэд, буган чулуун хөшөөнөө сэнжтэй хүрэл хутганы зөвхөн ирэнд нь хуй хийгээд сэнжнээс нь биш, хуйнаас нь бүсэндээ зүүсэн дүрсэлдэг нь сонирхолтой. Чандмань уулын булшнаас хүрэл, ясаар хийсэн шөвөг хэд хэд олдсон билээ. Чандмань уулын булшнаас хар бараан өнгийн гонзгой хайрган чулууны дээд талд нүхлэж хийсэн билүү олдсон бөгөөд түүнд зэр зэвсэг ирлэж байснаас хоѐр тал нь ихэд элэгджээ. Билүүг Монголын хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн буган хөшөөнөө бүснээс зүүж дүрсэлсэн байдаг. Чандмань уулын булшнаас одоогоор үхэгсэдийн хамт морь малыг бүтнээр нь оршуулсан оршуулга олдоогүй, харин үхэгсэдийг дагалдуулан малын толгой, зарим яс зэргийг тавьсан байдаг. Чандмань уулын булшнаас олом, хазаар, бүс, тэлээний хүрэл арал нэлээд олдсон нь бүгд гадна талдаа хөдөлдөггүй хэлтэй, ихэнх нь дундуураа хөндөлтэй юм. Чандмань уулын 11-р булшнаас бугын эврээр хийсэн нүүрэн талдаа буга, согоо бас өөр нэгэн амьтны дүрс сийлсэн бүсний нүүр (арал) олдсон бөгөөд одоогоор манай орон болон хөрш зэргэлдээх нутгаас одоо хэр үүнтэй ижил бүсний нүүр олдоогүй байна.
Чандмань уулын булшнаас морь малын элдэв тоног хэрэгсэлд хамруулан авч үзэж болох суран эдлэлийн үзүүрт хийж байсан бололтой хүрэл шахуурга (бөгж) ясан шахуурга, төмөр гархи, хүрэл, төмөр товруу зэрэг эд өлгийн зүйл нилээд олдсон юм. Хүрэл толь нилээд олдсон ба тэдний зарим нь эсгий, давуу гэртэй байжээ. Толь нь булшинд эр, эм алиных нь ч дэргэдээс олдох ба тэдний сэнж нь ихэд элэгдснээс үргэлж хэрэглэж, байнга зүүж явдаг байсан нь илэрхий. Эдгээр толь бүгд дугуй хэлбэртэй хажуудаа бариул сэнжтэй юм. Толийг чухам хаанаасаа зүүж явдаг байв гэдэг нь жижиг боловч сонирхолтой асуудал билээ. Булшнаас хүрэл толь гол төлөв үхэгсдийн бүсэлхий орчмоос олдох тул түүнийг бүснээсээ зүүж явдаг байжээ хэмээн үзэхэд буган чулуун хөшөөнөө зөвхөн зэр зэвсгийн зүйлийг бүснээсээ зүүж дүрсэлдгээс, харин толийг бүснээсээ зүүж дүрсэлсэн нь огт үгүй бөгөөд түүнийг хөшөөний эх биеэнд бүснээс дээш бугануудын дүрснүүдийн завсар хооронд
53
хонхойлгон цохиж урласан байдаг билээ. Үүнээс үзэхэд тэр үеийн хүмүүс толийг хувцасныхаа энгэрт хадаж зүүдэг байсан бололтой. Чандмань уулын булшнаас олдсон эд өлгийн зүйлсийн дотор гоѐл чимэглэлийн зүйл чухал суурийг эзлэх бөгөөд тэднийг хүрэл, яс, бугын эвэр, хар тугалга, алтаар хийсэн ба зарим зэр зэвсэг, сав суулгыг хээ угалзалж эсхүл тэдний дээр амьтны дүрс урлаж гоѐж чимсэн байна. Эндээс задгай цагирган сэнжтэй мушигмал унжлагатай алтан шармал, дэгрээ маягийн хар тугалган, дөрөөн хэлбэрийн хар тугалган, ердийн хар тугалган гархи дөрвөн төрлийн ээмэг олдож мэдэгдээд байна. Мөн буга маралын араан зүүлт, тарваганы соѐон зүүлт, цагаан сувс, хөх буюу ногоон өнгийн шилэн зүүлт, оюу зүүлт, алаг бөөртэй (нүдтэй) шилэн эрхи, явуу, хүрлээр хийсэн явуу, ясан ба занарлаг чулуулаг (богхед)-аар хийсэн жижиг ялтас, хүрэл товруу бүхий чимэглэл, хүрэл товч, товруу, богийн шагай, амьтны сийлбэртэй бүсний ясан нүүр, хүрлээр хийсэн адуу, тэмээний толгой, шар шувууны толгойн дүрстэй товруу, даруулга, модон сам зэрэг олон төрлийн гоѐл чимэглэлийн холбогдолтой дурсгал олдсон билээ. Буга, маралын араа, тарваганы соѐо, цагаан сувсаар (цагаан өнгийн зуурмагаар) гоѐл чимэглэл хийж түүнийг хүзүү бугуйндаа зүүх буюу хувцсандаа хаддаг заншил Монгол нутагт эрт цагаас уламжлалтай бөгөөд түүнийг нилээд хожуу үе хүртэл хэрэглэж байжээ. Явуу нэн эрт цагт Энэтхэгийн далай ба Номхон далайн баруун сав нутгаас дамжиж манай оронд иржээ. Алаг бөөртэй шилэн эрхийг эрдэмтэд Египет нутагт анх гарсан эд хэмээн үздэг бөгөөд тэр нь Умард Кавказ, Дундад Азийн нутгаас хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн булшнаас цөөн тоогоор олддог бөгөөд Чандмань уулын булшнаас хөх, ногоон, цагаан, бор өнгийн алаг бөөртэй шилэн эрхи олон тоогоор олдсон нь урьд өмнө манай орны хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үеийн дурсгалаас олдож байгаагүй шинэ олдвор юм. Чандмань уулын булшнаас шавар, мод, хүрлээр хийсэн сав суулгын зүйлс олдсон бөгөөд сав суулганы ихэнхийг шавар сав эзлэх ба хүрлээр хийсэн тогоо нэг гарсан юм. Модон сав суулганы хэсэг хэд хэд олдсон боловч ихэд ялзарч муудсан тул нарийвчлан судлах боломж бараг үгүй юм. Чандмань уулын булшнаас олдсон шавар сав нь гол төлөв хар саарал, хурц улаан шаргал хоѐр төрлийн өнгөтэй бөгөөд шавар зуурмаг нь нарийн ширхэгтэй, шатаалт маш сайтай гараар хийсэн, хавтгай ѐроолтой бөгөөд тэр үед ваар хийх хүрдийг сэдэж хэрэглэж хараахан амжаагүй байжээ. Шавар савыг бариад дараа нь гадна талыг нь маш сайн өнгөлж шатаадаг байжээ. Чандманьчуудын өдөр тутам хэрэглэх аж ахуйн үйл ажиллагаатай уялдан шавар сав суулгыг хэрэглээний зориулалтаас нь хамааран хэд хэдэн төрлийн хэлбэртэй хийдэг байжээ. Чандмань уулын булшнаас олдсон шавар савыг хэлбэр төрхөөр нь нь ангилаж үзэхэд: 1. Өндөр нарийхан хүзүүтэй цүлхэн бөөртэй шавар сав. Энэ төрлийн шавар сав Чандмань уулын булшнаас бусад төрлийн савнаас олон олдсон ба гол төлөв амсар, мөрөөрөө хааяа бөөрөө тойруулж урласан хэд хэдэн гүвгэртэй, эсхүл мөрөөрөө тойрч ханалж сараачсан хээтэй байдаг. Мөн энэ төрлийн шавар ваарны заримынх нь мөрөөр хээлж, хажуу бөөрөнд нь хар өнгийн будгаар элдэв тамга, дүрс урласан байх нь тохиолдоно. Чандмань уулын булшнаас гарсан нэгэн шавар ваарны бөөрөн дээр хоѐр буга, нэг янгирын дүрсийг маш гайхамшигтай товойлгон дүрсэлсэн байна. 2.Умгар амтай, хажуудаа сэнжтэй хавтгай ѐроолтой жижиг шавар сав. Эдгээр савны зарим нь амсараараа тойрсон ганц гөвгөртэй, эсхүл цулгуй, мөн бөөрөө олон давхар гүдгэр зураасан чимэгтэй байна. 3. Хавтгай ѐроолтой хувилхуу маягийн шавар сав. Эдгээр савны зарим нь бөөрөөрөө тойрсон хэдэн гөвгөртэй байхаас гадна гол төлөв амсарынхаа хажууд хоѐроос дөрвөн товгор бариул (чихтэй)-тай. 4. Хажуудаа бариул сэнжтэй аяга маягийн шавар сав. 5. Өргөн намхан хүзүүтэй, хавтгай ѐроолтой элдэв гоѐл чимэггүй шавар сав. 6. Бумбархуу маягийн хажуу бөөрөндөө товгортой шавар сав. 7. Дашмагархуу маягийн шавар сав. Энэхүү сав нь зууван хэлбэртэй бүдүүн зууван хүзүүтэй бөгөөд түүний хажуу хоѐр бөөрийг арьсан дашмагны оѐо мэт хэрчлээстэй гөвгөр гаргаж чимсэн байна. 8. Хавтгай ѐроолтой, дөрвөлжин хэвтэй, намхан ханатай хайруул маягийн шавар сав. Чандмань уулын булшнаас дээрхи найман төрлийн ихэнх нь эвдэрч хагараагүй бүтэн 60 гаруй шавар сав олдсон бөгөөд тэдний ахуй амьдралд шавар сав суулга чухал хэрэгцээтэй байжээ. Чандманьчууд эр, эм, хүүхэд гэж ялгалгүй үхэгсдийн толгойн зулайн харалдаа дээд талд, мөн нүүрний тушаа шавар сав тавьдаг заншилтай байсан байна. Өндөр нарийхан хүзүүтэй цүлхэн бөөртэй дашмагрхуу маягийн хоѐр төрлийн шавар савыг ихэд гоѐж чимсэн ба тэдний гадаад хана нь хөө тортог болоогүй мөн түүнчлэн нарийхан өндөр хүзүүтэй зэргээс үзэхэд эдгээр саванд юм чанадаггүй, харин шингэн, нунтаг зүйлийг хадгалдаг байжээ. Бусад таван төрлийн савны хана нь ихэд хөө тортог болсон, гадна талд нь зузаан хөө дагтаршин тогтсон, зориуд чих, бариул, дүүжлэх сэнж гаргаж, харьцангуй том амтай үйлдсэн зэргээс эдгээр саванд хоол унд чанадаг байжээ Чандмань уулын 33-р булшнаас цөгцөн хөлтэй ирмэгтээ босоо, зууван хоѐр сэнжин бариултай, их биеийг нь тойруулан хонхойлгон гаргасан зэрэгцээ хоѐр бүстэй цутгамал хүрэл тогоо олдсон бөгөөд түүнтэй ижил төстэй хоѐр хүрэл тогоо Монголын үндэсний түүхийн мүзейд хадгалагдаж байдаг.
Чандмань уулын булшны судалгаанаас үзэхэд, Монгол улсын нутгийн баруун хойт хэсэгт тухайн үед Төв Азийн хээр тал нутагт амьдарч байсан аймгуудтай ерөнхий шинжээрээ ижил боловч орон нутгийн биеэ даасан шинж чанар бүхий соѐлтой нэгэн аймаг байжээ. Гэвч Чандманий аймгийн оршин тогтнож байсан газар хир зэрэг өргөн цар хүрээтэй байсан, түүнчлэн зүүн, баруун урд зүгтээ чухам аль орчмоор зааглагдаж байсан нь одоогоор тодорхойгүй. Монгол нутагт Чандмань уулын
54
дөрвөн төрлийн булштай ижил булшыг урьд хожид малтан шинжилсэн нь үгүй учир энэхүү соѐл зөвхөн Чандмань уулын орчим хэсэгхэн газар олон аймгуудын залгаа нутагт тархаж уу, эсхүл монгол орны баруун хэсэгт ихээхэн газар нутагтай байв уу гэдэг асуудалд одоогоор хариулах боломж үгүй байна. Чандманьчуудын аймаг Төв ба Дорнод Монгол, Байгаль нуурын наад бие нутаг, Тува, Алтайн оршин суугчидтай эдийн боловсрол, дүрслэх урлагийн хувьд ижил төстэй байгаа нь түүх, нийгмийн хөгжлийн нийтлэг байдал, түүнчлэн газар зүйн байршлаараа хөрш зэргэлдээ нөхцлөөс шууд хамаарах билээ. Чандмань уулын дөрвөн төрлийн булшны нэгээс хоѐр төрөл нь хөрш зэргэлдээ нутгийн төмөр зэвсгийн үеийн дурсгалд байх авч дөрвүүлээ хамт тохиолдсон нь үгүй билээ. Энэ талаараа Төв Азийн дөрвөлжин булштан, Алтайн маймир-пазрыкууд, Минусын хотгорын тагаруудтай төстэй тал байвч онцлог ялгаатай, дүнзэн бунхантай шороон булшны бүтэц зохион байгуулалт түүний дотор үхэгсэдийг бүлгээр оршуулсан зан үйл зэргээрээ Тувагийн уюукуудын дурсгалтай бусдааас илүү ойр нягт холбоотой нь харагдаж байна. Түүнчлэн Чандмань уулын жижиг чулуун австай булш уюукийн “чулуун хайрцагтай” хэмээн нэрлэгдэх булштай мөн Монголын төв ба дорнод хэсгээс олдох ижил зохион байгуулалттай зарим булш, улмаар дөрвөлжин булшны зарим нэгтэй ижилсэж болох талууд бас ажиглагдаж байна. Дөрвөлжин чулуун (том) далантай модон бунхан, чулуун австай булштай ижил гадаад зохион байгуулалттай булш Монголын төв нутагт тохиолдох ба энэ төрлийн булш доторхи зохион байгуулалтаараа Тувагийн дугуй далантай дүнзэн бунхантай булштай нилээд ижилсэж болох юм. Чулуун далантай авсгүй нүхэнд хүнээ оршуулсан булш Монголын өмнөд ба төв нутагт мөн Тувагийн нутгаас ч бас олддог. Чандманьчуудын дөрвөн төрлийн булшнаас гурав нь зохион байгуулалтын зарим шинжээрээ Монгол ба Тува нутгийн алинаас ч олдож буй хосолмол шинжтэй болохыг бид дурьдлаа. Үхэгсэдээ баруун буюу зүүн хажуугаар нь хэвтүүлэн гар хөлийг нь ихэд атийлгаж оршуулдаг заншил Тува, Алтай, Тянь-Шань, Памирын нутагт мөн үед амьдрагсадын дунд өргөн дэлгэрсэн ажээ. Гэтэл үхэгсэддээ чулуун дэр тавих ѐс Тувагийн уюукчуудын нэгэн адил Төв Азийн дөрвөлжин булштанд байсан төдийгүй Чандмань уулын булшинд үхэгсэдийг оршуулсан байдал, оршуулгын зарим зан үйл хожмын Монгол угсаатны үхэгсэдээ оршуулж байсан зан үйлтэй зарим талаараа ижил байна. Чандмань уулын булшнаас гар дамжин шаталсан худалдааны замаар ирсэн бололтой Египетийн гаралтай алаг бөөртэй (нүдтэй) шилэн эрих, зөвхөн Энэтхэгийн далайн баруун хойт эрэг, Номхон далайн баруун эргээр байдаг явуу зэрэг харь орны гаралтай зүйлс ч байна. Иймээс Чандманьчууд өөрийн хөрш зэргэлдээ орны болон нилээд хол нутгийн аймгуудтай худалдаа, соѐлын харилцаатай байжээ хэмээн үзэж болох юм. Энэхүү харьцаа хир зэрэг тогтмол ямар замаар явагдаж байсан тухай баримт хомс байна. Монгол улсын баруун зах нутагт төмөр зэвсгийн эхэн үед амьдарч байсан Чанманьчууд өөрийн бие даасан соѐл бүхий нэгэн аймааг байжээ. Энэхүү аймаг нэг талаас Монголын ихэнх, Байгаль нуурын наад бие нутгийн дөрвөлжин булштан, Алтай Маймир-Пазрык зэрэг нүүдэлчид нөгөө талаас Тувагийн уюукууд, Минусын хотгорын тагарчууд зэрэг хагас нүүдэлчин аймгуудын хооронд оршиж тэдэнтэй аль алинтай нь ойр харьцаатай, хөрш зэргэлдээ амьдарч байсан учир энэхүү дөрвөн аймгийн аль алиных нь нөлөө тэдний археологийн дурсгалаас тодорхой харагдаж байна. Иймээс Чандманьчууд, дурдсан дөрвөн аймгийн завсар нүүдэлчид хагас суурьшмал иргэдийн соѐлын аль алины тусгалыг агуулсан тийм нэгэн жижиг аймаг байсан бололтой. Угсаа гарлын судалгаа бол түүхийн шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд энэ асуудлыг археологи, антропологи, лингвистик ба аман зохиол судлал зэрэг олон салбар ухааны оролцоотой шийдвэрлэдэг билээ. Гэтэл бид одоо зөвхөн археологи, антропологийн судалгаанд тулгуурлан Чандманьчуудын угсаатны түүхийн зарим асуудлыг боломжийн хирээр хөндөн авч үзэж болох юм. 1972-1974 онд малтсан булшнаас гарсан Чандманьчуудын 141 хүний толгойн ясанд хийсэн палеоантропологийн судалгаанаас тэдний дунд цэвэр монгол, цэвэр европ төрхийн хүмүүс цөөн тоогоор байгаа авч тэдний ихэнх нь энэ хоѐр төрлийн завсрын шинжтэй байна гэж үзжээ. Чандманьчуудын толгойн ясны антропологийн судалгааны хэмжээсийг мөн үеийн Тува, Алтай, Казахстан, Минусын хотгорынхоос ихээхэн ялгаатай, харин Тувагийнхаас хэдийгээр ялгагдах боловч ерөнхийдөө бусдаас ойролцоо төстэй байжээ. Чандмань уулын орчимд өөрийн соѐлтой антропологи болон археологийн бүх хэрэглэгдэхүүнээрээ Тувагийн уюукчуудтай бусдаас илүү төстэй тэдний ойр төрлийн нэгэн аймаг төмөр зэвсгийн эхэн үед амьдарч байжээ. Чандманьчуудыг түүхэн сурвалжид нэр нь хдгалагдаж үлдсэн “Динлин” аймгийнхан болов уу гэсэн урьдчилсан таамаглалыг зарим антропологич гаргасан байдаг. Гэвч Динлиний асуудлаар Оросын эрдэмтэн Г.К.Грум-Гржимайло, В.В.Радлов нараас эхлэн түүхч, археологич олон судлаачид саналаа гаргасан байдаг билээ. Минусын хотгорт МЭӨ YII-III зууны үед байсан тагарын соѐлынхныг түүхэн сурвалж бичигт үлдсэн динлинүүд хэмээн С.А. Теплоухов, Г.Ф. Дебец, С.В. Киселев, Л.Р. Кызласов, Н.Л. Гумилев нарын зэрэг олон эрдэмтэд үздэг ба энэ санал нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ.
В.В.Волков динлинчүүдийг европ төрхийн хүмүүс байсан гэдэг нь батлагдахгүй байна гэж үзжээ. Динлиний оршин байсан нутгийн тухай Н.Я.Бичурин “Динлинчүүд Енисейгээс дорно зүгт Байгаль
55
хүртэл Ангарын зүүн гар талын нутгийг эзлэж байлаа” хэмээн бичсэнээс үзэхэд Чандманьчуудын нутаглаж байсан нутаг динлиний нутагт багтан орохгүй байна. Эрдэмт дийн үзэж байгаагаар тагарын соѐлынхон Динлинчүүд бол Чандманьчууд бас адил динлинчүүд байх нөхцөлгүй өөр аймаг байж болох юм. Түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдсэн динлиний нутаг багтаж орохгүй байгаа бөгөөд Чандмань уулын булш Динлин нарынх биш бололтой. Харин Чандмань уул нь эртний гяньгун нарын нутагт багтах бөгөөд тэдний өвөг дээдсийн дурсгал ч байж болох авч энэ асуудлыг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай юм.

No comments: