Wednesday, October 30, 2013

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕ

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕ 
Чулуун зэвсгийн үе нь хүн төрөлхтний түүхийн хамгийн эртний бөгөөд хамгийн удаан үргэлжилсэн үе юм. Энэ үеийн хүмүүс хөдөлмөрийн багаж зэвсгээ гол төлөв чулуугаар хийж байсан учраас ийнхүү чулуун зэвсгийн үе хэмээн нэрлэдэг. Чулуун зэвсгийн үе нь палеолит (хуучин), мезолит (дунд), неолит (шинэ) хэмээх гурван үед хуваагдана. Түүхэн хөгжлийн урт удаан хугацааны туршид эртний хүмүүс чулуун зэвсэг үйлдвэрлэх арга барил, хүрээлэн буй орчин, амьд байгальтай харьцах харьцаа, байгалийн хатуу ширүүнд дасан зохицох, шинэ газар нутгийг эзэмших зэрэгт томоохон өөрчлөлт дэвшилт гаргасаар иржээ. Чухамхүү энэ үед л хүний эрт үеийн өвөг бүрэлдэн бий болж, хөгжиж, орчин үеийн арьстнууд үүсэн, дэлхийн бөмбөрцөгийн өнцөг булан бүрийн байгал цаг уурын таатай нөхцөл бүхий газар нутгийг эзэмших үйл явц явагджээ. Чухам чулуун зэвсгийн үеийн хүмүүс галыг гарган авч, зөв хэрэглэн сурч, хувцас зохион бүтээн, оромж сууц барих дадал зуршлыг эзэмшин, нум сумыг зохион бүтээж, ан агнуурын олон төрлийн зэвсэг багажийг хийж ашигладаг болсон байна. Чулуун зэвсгийн үеийн төгсгөлд хүн төрөлхтөн
үйлдвэрлэлийн аргын хувьд хувьсгал хийж мал аж ахуй, газар тариаланг эрхлэх болжээ. Чулуун зэвсгийн үе бол хүн төрөлхтний түүхийн үндсэн суурь нь учраас тэр үеийн түүхийн судалгаагүйгээр орчин үеийн соѐл иргэншил, түүхийг төсөөлөхийн аргагүй.
ПАЛЕОЛИТ 
Палеолит гэдэг нь эртний грекийн “палайос”- хуучин, “литос”- чулуу гэсэн үгнээс гаралтай. 1836 онд Данийн эртний эд өлгийн зүйлийн музейн ажилтан К.Ю.Томсен музейн олдворуудаа чулуу, хүрэл, төмөр зэвсгийн үе гэсэн гурван хэсэгт хуваасан нь хүн төрөлхтний түүхийг гурвалсан системээр хуваасан анхны эхлэл байсан төдийгүй археологийг шинжлэх ухаан болон хөгжих эхлэлийг тавьсан. Харин 1865 онд Английн судлаач Ж.Леббок палеолит гэдэг нэр томьѐог анх шинжлэх ухааны эргэлтэд оруулжээ. Францын археологич Буше де Перт (1788-1868) XIX зууны тэргүүн хагаст Европын хэд хэдэн агуйд хийсэн малтлагын дүнд чулуун зэвсгийн хамт олон тооны араатан амьтны яс олдсоныг нарийвчлан судлаж эдгээр хоѐр төрлийн олдворууд нь хоорондоо нарийн холбоотой болох тухай санал дэвшүүлэн тавьсан нь тухайн үеийн шинжлэх ухаанд дуулиан болж, чулуун зэвсгийн дурсгалт газруудыг хайж илрүүлэх, малтлага хийх ажилд том түлхэц болж өгчээ. Чулуун зэвсгийн судалгааны эцэг хэмээн нэрлэгддэг Францын археологич Габриэль де Мортилье (1821-1898) чулуун зэвсгүүд нь хэлбэр, хийцийн хувьд харилцан адилгүй байгааг анхааран, хоорондоо адил төсгүй зэвсгүүдийг олдсон газар нутгийнх нь нэрээр нэрлэж эхэлжээ. Ийнхүү хамгийн болхи хийцтэй эдлэлүүдийг Францын Парис хотын ойролцоох Шелль хэмээх жижиг хотын нэрээр шеллийн гэж нэрлэх болсноор энэ нь хуучин чулуун зэвсгийн доод шатны дурсгалуудыг нийтэд нь нэрлэх нэр болон хувирчээ. Дараагийн үеүүдийг Амьен хотын дүүрэг Сент-Ашелийн нэрээр Ашель, Ля мустье гэдэг газрын нэрээр Мустье хэмээн нэрлэсэн байна. Тэрээр палеолитын төгсгөлийн шатыг ориньяк, солютре гэсэн 2 үед хуваажээ. Палеолитын эдгээр үечлэл дээр А. Брейль мадлен хэмээх нэгэн шатыг нэмснээр хуучин чулуун зэвсгийн үеийг ангилах европын сонгодог ангилал бий болжээ. Энэ үечлэл нь нэгэн үе зөвхөн Францын төдийгүй Баруун Европын дурсгалуудад тохирч байсан боловч палеолитын судалгааны хөгжилтийн явцад Европ, Ази, Америкийн зарим бүс нутгийн хуучин чулуун зэвсгийн ангилал, үечлэлд тохирохгүй болсон тул палеолитын төгсгөлийн гурван үеийг багтаан дээд палеолитын үе гэж нэрлэж, ерөнхийд нь палеолитыг доод, дунд, дээд гэсэн гурван том үед хуваан авч үзэх болсон. Палеолитын үечлэл
Палеолитын үе
Францын сонгодог үечлэл
Дэлхий нийтэд баримталж буй үечлэл
Он цаг (мян. жилээр)
Доод
Олдувай
2 500-2 600
Шелль Ашель
Ашель
Эртний Дундад Хожуу
 500-1 500 
Дунд
Мустье
Мустье
80-100
Дээд
Ориньяк Солютре Мадлен
35-40  10-12

No comments: